Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/923

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          10           22                                          2025/ШЦТ/923

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч С.Бат-Орших,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 240609091277 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *** оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** тоотод оршин суух, урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

*** овогт ***ийн *** (РД:***);

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *** байрны *** орцонд хохирогч ***ын эзэмшлийн айфоне 15 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 2,590,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), хохирогч ***ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-32 дахь тал), таньж явуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 33-36, 49-51 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-44 дэх тал),  “Дамно” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 534 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 80-83 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч нь хохирогчид гар утсаа өгөхийг шаардаж, авсны дараа зугтан холдсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагджээ.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь хохирогчид учирсан 2,590,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь эд үйл хүлээн авсан тэмдэглэл, “...гомдол, саналгүй...” гэх баримтуудаар (хавтаст хэргийн 92-93 дахь тал) тогтоогдсон шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил 5 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***ыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ