Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/01385

 

 

 

 

 

 

 

 

 

  2023      05        08                                           181/ШШ2023/01385

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж 18, Монре импекс, 405 тоот хаягт байрлах, Ө Л К ХХН /РД:5999111/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, дугаар 39, G center, 4 давхарт байрлах, М д ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Бум-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө Л К ХХН нь хариуцагч М д ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай “Ө Л К” ХХН нь “Голомт банк” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г байгуулан JTAMUCBJ404000219 арлын дугаартай Toyota Landcruiser 300 маркийн автомашиныг “Голомт банк” ХХК-ийн зээлээр худалдан авсан. Энэхүү барьцааны гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг "Голомт банк” ХХК-д шилжүүлсэн боловч манай компани эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Иймд эзэмшиж, ашиглах эрхийнхээ хүрээнд манай байгууллага нь “М д” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 0436411651462222 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр манай нөхөрлөл нь өөрийн компанийн эзэмшлийн 0440 УАТ /гэрээ байгуулагдах үед 4464 УНО улсын дугаартай байсан бөгөөд улсын дугаар солигдсон. Энэ тухай даатгалын компанид мэдэгдэж байсан/ улсын дугаартай, JTAMUCBJ404000219 арлын дугаартай Toyota Landcruiser 300 маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд даатгуулж, уг даатгалын үнийн дүнд заасан төлбөр төлөх, хариуцагч "М” ХХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хохирол төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн билээ.

Даатгуулагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж “М д” ХХК-нд 2,430,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлэн тээврийн хэрэгслээ даатгуулсан.

Манай компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох Э.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дээрх Toyota Landcruiser 300 маркийн автомашиныг ашиглаж байхад тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрч автомашины багажийн хэсэг усанд автаж хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон. Тухайн үед талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ болон холбогдох журмын дагуу “М д” ХХК-д мэдэгдэн, дуудлага өгч бүртгэлжүүлсэн. Улмаар “Таван богд” ХХК-нд автомашины норсон чийгийг хатаалгах үйлчилгээг хийлгэсэн бөгөөд “Таван богд” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр автомашинаа хүлээн авч 780,000 төгрөгийн төлбөр төлсөн.

Дээрх дурдсан даатгалын тохиолдол нь манай “Ө Л К” ХХН болон “М д” ХХК нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1.3.9 дэх хэсэгт “Усанд автах, ус чийгийн нөлөөлөл" гэх даатгалын тохиолдолд хамаарч байсан тул “М д” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн.

Гэвч “М д” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/12-1028 дугаартай “нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай” албан бичгээр “... зөвхөн сантехникийн гэмтлийн улмаас үүссэн ус чийгийн хохирлыг даатгагч хариуцахаар заасан учир тус тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.1.5-т "... Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй ...” гэх хариуг өгсөн.

Манай байгууллагын зүгээс “М д” ХХК-ийн гаргасан хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдлыг гаргасан. Бидний гаргасан гомдлыг хянаад, Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9/4088 тоот албан бичгээр “... иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой ...” гэх хариуг өгсөн.

Даатгуулагчид учирсан хохирол нь ус чийгийн нөлөөллийн улмаас автомашины сантехникийн гэмтэл учирсан бөгөөд энэ нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамааралтай юм. Гэтэл даатгагчийн зүгээс гэрээний дээрх заалтыг илт өөрт ашигтайгаар худал тайлбарлан даатгалын нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1.1 дэх хэсэгт “... даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй ..." гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, "М д” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич: Хэдийгээр 0440 УАТ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр “Голом г банк" ХХК нь бүртгэлтэй боловч “даатгалын гэрээ” нь манай “Ө Л К” ХХК болон “М д” ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний нэг тал болохын хувьд шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул “Голомт банк" ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл болон зөвшөөрөл авах шаардлагагүй болно” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч "Ө Л К" ХХН нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 0440 УАТ улсын дугаартай Toyota landcruiser 300 маркийн тээврийн хэрэгслийг 0436411651462222 дугаартай гэрээний дагуу манай компанид 1 жилийн хугацаатай даатгуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ ... 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрч автомашины багажийн хэсэг усанд автаж хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон... дээрх тохиолдол нь ... даатгалын гэрээний 1.3.9 дэх хэсэгт “Усанд автах, ус чийгийн нөлөөлөл гэх даатгалын тохиолдолд хамаарч байсан ..." гэж дурдан даатгалын нөхөн төлбөрт 780,000 төгрөгийг шаардсан байна.

Даатгуулагчтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт “Даатгалын эрсдэл”-үүдийг нэрлэн заасан. Үүний 1.3.9 дэх заалтад “Сантехникийн гэмтлийн улмаас учрах эрсдэл /усанд автах, ус чийгийн нөлөөлөл/” гэж тодорхой заасан бөгөөд даатгалын зүйл нь сантехникийн эрсдэлийн улмаас усанд автаж хохирол учрах, сантехникийн эрсдэлийн улмаас ус чийгийн нөлөөллөөр хохирол учрах тохиолдол үүссэн бол түүнийг даатгалын зүйлд гэрээний 1.3.9 дэх хэсэгт заасан даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл үүснэ гэж тодорхой байдлаар даатгалын зүйлийн хамгаалагдах эрсдэлийг нэрлэн заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд заасан тус эрсдэлийн 1.3.9 дэх “сантехникийн гэмтлийн улмаас учрах” бүлэг эрсдэлийг нарийвчлан “усанд автах, ус чийгийн нөлөөлөл” гэж тодорхойлсон хэсгийг тухайн бүлэг эрсдэлээс тусдаа эрсдэл мэтээр ерөнхий байдлаар авч үзэж даатгалтай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрснээс багаж хэсэг усанд автсаныг даатгалын гэрээний эрсдэлд хамаарна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Аливаа даатгалын гэрээгээр даатгалын зүйлд учрах бүхий л эрсдэлийг ерөнхий байдлаар томьёолон бүхэлд нь даатгах боломжгүй байдаг. Энэ утгаараа нэхэмжлэгчтэй байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3 дахь хэсэгт нэрлэн заасан эрсдэлүүдийг хүрээ хязгаарыг тодорхойлж, тэдгээрт нийцүүлэн эрсдэлийн тооцоолол, хураамжийн тооцоолол хийгдэж даатгалын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч олон нийтэд борлуулдаг.

Мөн, даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл, замын хөдөлгөөнд оролцох эрсдэл, зогсоолын эрсдэл зэрэг бусад эрсдэлийг авч үзэхэд тэдгээрт ямар ямар тохиолдлууд хамаарч байгааг тайлбарлах, нарийвчлах байдлаар заасан байгаа. Сантехникийн гэмтлийн улмаас учрах эрсдэлийг ч мөн адил тэдгээртэй адил байдлаар нарийвчлан 2 нөхцөлийг заасан гэж ойлгоно.

Түүнчлэн, даатгуулагч нь өөрийн эд хөрөнгийг даатгалын гэрээний үндсэн дээр даатгуулж байгаа боловч өөрийн зүгээс байнга арчлан хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг санаатай болон болгоомжгүйгээр бий болгох нөхцөлийг бүрдүүлээгүй байх зэрэг үүрэг хүлээж байдаг.

Дээрх тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байдал, даатгалын гэрээний эрсдэл, даатгуулагчийн үүрэг зэрэг нөхцөлүүдээс харахад “тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрч ус алдсанаас хохирол учирсан” гэх тохиолдол нь даатгалын гэрээнд нэрлэн заасан аль нэг эрсдэлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, мөн тухайн тохиолдлыг даатгуулагчаас үл хамаарах гэнэтийн шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайн тохиолдлын талаар даатгуулагч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 9/4088 дугаартай албан бичгээр даатгагчийн татгалзсан хариу үндэслэлтэй буюу дээрх тохиолдол нь даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол тул даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж урьдчилан шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн даатгалын зүйлд учирсан хохирол нь сантехникийн эрсдэлийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд нэрлэн заасан аль нэг эрсдэлд хамаарахгүй учир даатгалын гэрээний 9.1.5-д “Даатгалын гэрээнд заагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Эргэн төлөлтийн график, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 780,000 төгрөг төлсөн баримт, 2205964 дугаартай Засварын хуудас, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9/4088 тоот албан бичгийг, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нотлох баримтаар өгч, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “М д” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний зүйл болох автомашинд 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрч, багажийн хэсэг усанд автаж хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон тул даатгалын гэрээний 1.3.9 дэх хэсэгт “Усанд автах, ус чийгийн нөлөөлөл” гэж заасны дагуу нөхөн төлбөрт 780,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Даатгалын зүйлд учирсан хохирол нь сантехникийн эрсдэлийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй, даатгалын гэрээнд нэрлэн заасан аль нэг эрсдэлд хамаарахгүй учир даатгалын гэрээний 9.1.5-д “Даатгалын гэрээнд заагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр даатгуулагч нь JTAMUCBJ404000219 арлын дугаартай Toyota Landcruiser 300 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж хураамж төлөх, даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

 

2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын зүйл болох Toyota Landcruiser 300 маркийн автомашинд тээвэрлэж явсан савтай усны цорго эвдэрч автомашины багажийн хэсэг усанд автсан гэж нэхэмжлэгчээс тайлбарласан ба 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Таван богд” ХХК-ийн засварын төвөөр хатаалга үйлчилгээ хийлгэж 780,000 төгрөг төлсөн болох нь 2205964 дугаартай засварын хуудсаар тогтоогдож байна.

 

5. Даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд 780,000 төгрөгийн хатаалга үйлчилгээ хийлгэх болсон шалтгаан буюу тээвэрлэж явсан усны савнаас ус асгарсан нь даатгалын тохиолдолд хамаарах эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Нэхэмжлэгч “Ө Л К” ХХН нь хариуцагч “М д” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2030 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаатай, 0436411651462222 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн JTAMUCBJ404000219 арлын дугаартай Toyota Landcruiser 300 маркийн автомашиныг 243,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан. Улмаар даатгуулагч даатгалын хураамж 2,430,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн жилийн эхэнд төлөхөөр үүрэг хүлээсэн бол даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг даатгагч хүлээжээ.

 

9. Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гол нөхцөлийг бүрэн тусгасан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

10. Нэхэмжлэгч даатгалын зүйл болох автомашины багажид тээвэрлэж явсан усны савны цорго эвдэрсэн нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3 дахь хэсгийн 9-д заасан “Сантехникийн гэмтлийн улмаас учрах эрсдэл /усанд автах, ус чийгийн нөлөөлөл/” гэсэн эрсдэлд хамаарах тул асгарсан усыг хатаалгахад гарсан зардал болох 780,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл даатгалын зүйлд учирсан хохирол бус даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авсан арга хэмжээний зардлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

12. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 9.1.8-д “даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх” гэж зааснаар даатгуулагч нь даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор авсан арга хэмжээний өртгийг даатгагчаас нэхэмжлэх эрхтэй ч гэрээнд заасан даатгалын эрсдэл учирч, даатгалын тохиолдол бий болсон байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

13. Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заасан ба даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрх даатгуулагчид үүснэ.

 

14. Харин маргаан бүхий тохиолдлоос үзвэл даатгалын гэрээний зүйл болох Toyota Landcruiser 300 маркийн автомашинд ямар нэгэн хохирол учраагүй байх бөгөөд багажид асгарсан усыг хатаалгаж 780,000 төгрөг төлсөн нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3 дахь хэсгийн 9-д заасан “Сантехникийн гэмтлийн улмаас учрах эрдэл /усанд автах, ус чийгийн нөлөөлөл/”-д хамаарахгүй.

 

15. Тодруулбал, “сантехникийн гэмтлийн улмаас учрах эрсдэл” гэдэгт барилга байгууламжийн бохир, цэвэр ус, дулаан, ариутгал ц‎‎эвэрлэгээний угсралт, тогтвортой үйл ажиллагааг хангах техник хэрэгслийн гэмтэл, түүний улмаас даатгалын зүйлд учирсан хохирол хамаарах ба харин автомашин дотор байсан усны савнаас ус алдсаныг сантехникийн гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

16. Иймд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 780,000 төгрөг гаргуулах тухай “Ө Л К” ХХН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө Л К” ХХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан 780,000 төгрөг гаргуулах тухай “Ө Л К” ХХН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө Л К” ХХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ