| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/04032/И |
| Дугаар | 181/ШШ2023/01264 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2023/01264
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2023/01264 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Б.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ц-А холбогдох
15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тэмдэглэл хөтлөв.
Хариуцагч Ж.Ц 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товын баримт дээр гарын үсэг зурсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц миний бие 2019 оны 10 сарын 15-ны өдөр өөрийн багын найз болох Ж.Ц найман шарга захын ченж валют арилждаг А ББСБ захирал болохоор итгэн 10,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 01 хүртэл хүүгүй барьцаагүй нотариатаар орж бэлнээр өгсөн болно. Дээрхи заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутам 0,5% алданги тооцохоор зээлийн гэрээ хийн нотариатаар батлуулсан. Найз Ж.Цнь миний итгэлийг эвдэн өнөөдөр маргааш өгнө, хашаа байшингаа зарж өгнө гэж өдийг хүртэл хаягандаа байхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд Ж.Ц ас үндсэн зээл болох 10,000,000 төгрөгийн хүрээнд заасны дагуу алданги 5,000,000 нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх дүнгээс хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 сая төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 сая төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5 сая төгрөг нийт 9 сая төгрөг төлсөн тул үлдсэн 6 сая төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөгийн хамтаар гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.А нь Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа Солонгос улсын иргэн Б.Цд 5 сая төгрөг хүүтэйгээр зээлдүүлсэн гээд тэр мөнгөө надаас авахаар Солонгос улсын иргэн Цагаанхүүгийн өмнөөс өргөдөл хүсэлт гаргаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй болно. Миний бие Ц нь найз Ц зээлдсэн мөнгөө харилцан тохиролцож төлж байгаа болно. Холбогдох баримт болох дансны хуулгыг хавсаргав гэжээ.
Нотлох баримт:
3. Нэхэмжлэгч талаас: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /Хх3/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /Хх4/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх5/, 2019.10.15-ны өдрийн зээлийн гэрээ /Хх6/, итгэмжлэл /Хх7/, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх8/-г гаргасан.
Хариуцагч талаас: Хаан банкны дансны хуулга, Хаан банкны орлогын баримтыг гаргасан.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ж.Ц холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ж.Ц зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээний дагуу үндсэн зээлийг алдангийн хамт нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж.Цнь Б.Цгээс мөнгө зээлж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй. Харин зээлсэн төлбөрөө төлж барагдуулсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А зээлийн аливаа харилцаанд ороогүй тул шүүх хуралдаанд очих шаардлагагүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Б.Ц, Ж.Цнар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд тус өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй шилжүүлэхээр, зээлийн хугацааны эцэст зээлийг бэлнээр төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулжээ.
4.2. Зээлийн гэрээний 2.3-т Зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч бэлнээр хүлээн авсан гэж бичсэн байх бөгөөд мөнгөн хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсан эсэхэд маргаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
5. Гэрээнд талууд хүү тохиролцоогүй. Харин зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, алдангид 5,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагч нь 9,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 6,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн төлөлт хийх хугацаа болох 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 963 хугацаа хэтэрсэн хоног байна. Хариуцагчийн нийт төлөх алдангийн хэмжээг тооцвол: 10,000,000*0,5%*963 хоног=48,150,000 төгрөгийн тооцоо гарч байна.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн төлөх төлбөр 10,000,000 төгрөгийн 50 хувиар бодож 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн гаргуулахаар нэхэмжилсэн хариуцагч Ж.Цэнд-Аюушийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу учирсан хохирол гэж үзэж, гаргуулахаар шийдвэрлэв.
9. Хариуцагч Ж.Ц 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товын баримт дээр гарын үсэг зурсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10. Нэхэмжлэгч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Цэ 6,070,200 /Зургаан сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц 232,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ