| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/04363/И |
| Дугаар | 181/ШШ2023/01266 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2023/01266
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2023/01266 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Б оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тэмдэглэл хөтлөв.
Хариуцагч Б.С шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны мэдэгдэх хуудсаар хүргүүлж, хариуцагч шүүх хурлын товыг өөрөө хүлээн авсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 14-56 УАН улсын дугаартай Мазда титан маркын ачаа ачих зориулалттай тээврийг хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр зээлээр худалдсан болно. Хариуцагч нь дээрх төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлөхөөр тохирсон болно. Гэвч хариуцагч бүрэн төлж барагдуулаагүй байх тул үндсэн төлбөр 18,000,000 төгрөг гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги заасан бөгөөд 2021.09.30-ны өдрөөс 2022.11.10-ыг хүртэл хугацаа хэтэрсэн 435 хоног нэг өдөрт 54,000 төгрөг нийт 23,490,000 төгрөг боловч үндсэн үүргийн 50 хувь алданги нийт 9,000,000 төгрөг болно. Үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт гүйцэтгэх ёстой үүрэг 27,000,000 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сард 7,000,000 төгрөгийг төлсөн байх тул талуудын хоорондын үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг байна. Иймд хариуцагчаас Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.С шүүхэд тайлбар гаргаагүй.
Нотлох баримт:
3. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гаргасан.
Хариуцагч талаас баримт гаргаагүй.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Сд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Стай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, эд хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээний дагуу үндсэн төлбөр болон алдангид 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нь ямар нэгэн тайлбар шүүхэд гаргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Д.Д, Б.С нар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, худалдагч тал нь худалдан авагч талыг үнэ төлөхөөс өмнө тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодрхой цаг хугацааны дараа хүүгүйгээр хэсэгчлэн төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
4.2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацаа 2021.03.23 гэж бичсэн байх бөгөөд тээврийн хэрэгслийг хариуцагч тал нь хүлээн авсан эсэхэд маргаагүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан, мөн энэ төрлийн гэрээг бичгээр хийхээр хуульд заасан тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч үнийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч үнийг төлөх үүрэгтэй байна.
5. Гэрээнд талууд хүү тохиролцоогүй. Харин үнийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, алдангид 9,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 7,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Төлөлт хийх сүүлийн хугацаа болох 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 406 хугацаа хэтэрсэн хоног байна. Хариуцагчийн нийт төлөх алдангийн хэмжээг тооцвол: 18,000,000*0,3%*406 хоног=21,924,000 төгрөгийн тооцоо гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн төлөх төлбөр 18,000,000 төгрөгийн 50 хувиар бодож 9,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
7. Хариуцагч Б.Сд шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны мэдэгдэх хуудсаар хүргүүлж, хариуцагч шүүх хурлын товыг өөрөө хүлээн авсан боловч тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сгаас 20,000,000 /Хорин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ