Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2023/01347

 

 

 

 

 

 

 

 

 2023        05        02                                              182/ШШ2023/01347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АДБСХ ТББ /8141037/,

Нэхэмжлэгч: ЖУ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗДТГ ТБАГУТҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алдангид 428,347,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Э.Э,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: НЗДТГ болон АДБСХ ТББ, ЖУ ХХК нарын хооронд хоёр удаагийн гэрээ байгуулагдсан бөгөөд бид 229 тоот гэрээний дагуу ямар нэгэн өр авлага, тооцоогүй, гэрээ дуусгавар болсон байгаа. Харин 2022.02.10-ны өдрийн Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын НХААГ-21\228 дугаар гэрээний хувьд маргаан үүссэн. Энэхүү гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нар нь 2022.06.03-ны өдөр Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулан, биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь энэ асуудлыг цаасан байдлаар баримтжуулж өгөөгүй, эрх бүхий этгээдийн албан бичиг, төсвийн хэмнэлттэй холбоотойгоор гацаасан байдаг юм. Тиймээс хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлыг хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч АДБСХ ТББ нь Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч ЖУ ХХК нь уг ажлын сонгосон трассын дагууд зориулсан инеженер-геологийн судалгаа хийж, тайлан гаргасан байдаг юм.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бөгөөд гэрээ хүчин төгөлдөр юм. Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа боловч тендер зохион байгуулсан, эрх олгосон асуудлаараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байна. Бид тендерийн талаар маргаагүй, гагцхүү хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлс, алдангийг Иргэний хуульд заасны дагуу шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл НЗДТ газраас гэрээнд заасан 298,500,000 төгрөгийг төлөх үүргээ одоо болтол биелүүлээгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, холбогдох албан бичгийг хүргүүлсэн юм.

Иймд гэрээнд заасны дагуу хариуцагч нь тусгай нөхцөлийн 6.5-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөх үүрэгтэй болсон. Тиймээс гэрээний үндсэн төлбөр 298.500.000 төгрөг, алданги гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн 2022.06.03-ны өдрөөс 2022.08.29-ний өдрийг хүртэл 87 хоног бөгөөд гэрээний тусгай нөхцлийн 6.5-д зааснаар 129.847.500 төгрөг, нийт 428.347.500 төгрөг болжээ. Үүнээс нэхэмжлэгч АДБСХ ТББ нь гэрээний үүрэгт 288.420.840 төгрөг, гэрээний алданги хоногт 1.442.104 төгрөгийг 87 хоног гүйцэтгээгүй үүрэг 125.463.065 төгрөг, нийт 413.883.905 төгрөгийг, нэхэмжлэгч ЖУ ХХК нь гэрээний үүрэг 10.079.160 төгрөг, гэрээний алданги хоногт 50.395 төгрөгийг 87 хоног гүйцэтгээгүй үүрэг 4.384.435 төгрөг, нийт 14.463.595 төгрөгийг, бүгд 428,347,500 төгрөгийг хариуцагч НЗДТ газраас нэхэмжилсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  НЗД 2021.11.15-ны өдрийн А/900 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад тусгагдсан, “Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний жагсаалт”-д багтсан төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус даалгасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2021.11.30-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/143 дугаар тушаалаар нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулж, уг үнэлгээний хорооны 2022.01.27-ны өдрийн №6 дугаар хурлаар “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ”-г “АДБСХ” ТББ-аар гүйцэтгүүлэх зөвлөмжийг хүргүүлэхээр тогтож, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э-д 2022.01.28-ны өдөр танилцуулсан байна.

Улмаар “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ”-г гүйцэтгүүлэхээр “АДБСХ” ТББ-тай гэрээ байгуулах эрх олгох тухай 2022.01.28-ны өдрийн №02 дугаар зөвлөмжийг НЗДТ газрын даргад, мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/121 дүгээр албан бичгээр Нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус хүргүүлсэн байдаг. Тус зөвлөмжид үндэслэн маргаан бүхий дээрх гэрээ байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна” гээд 45.2.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд” гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь шаардлагатай гэж үзвэл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ хуулийн 45.2.2-т заасан эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заасан.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг тодорхой хуульчилсан бөгөөд НЗДТ газрын дарга нь НЗД-г дангаар төлөөлөх эрх олгогдоогүй, Нийслэлийн засаг даргаас дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд ‘‘АДБСХ” ТББ-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг гаргаагүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрхээ шилжүүлээгүй гэж үзэж байгаа. Иймд маргаан бүхий, НЗДТГ болон “АДБСХ” ТББ-ын хооронд 2022.02.10-ны өдөр байгуулагдсан “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил”-ын НХААГ-21/228 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа, мөн бид гэрээний дагуу ямар нэгэн ажил хүлээн аваагүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гүйцэтгэх захирал томилох тухай тушаал, 2022.08.25-ны өдрийн 208/2022 тоот төслийн санхүүжилт хүсэх, алданги тооцох тухай албан бичиг, 2022.05.27-ны өдрийн 135/2022, 2022.06.03-ны өдрийн 136/2022 тоот эцсийн шатны тайлан хүргүүлэх тухай албан бичгүүд, 2022.05.20-ны өдрийн 131/2022 тоот эхлэлийн шатны тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2022.05.20-ны өдрийн 132/2022 тоот дундын шатны тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2022.06.17-ны өдрийн 140/2022, 2022.06.17-ны өдрийн 141/2022 тоот тайлбар хүсэх тухай албан бичгүүд, 2022.06.27-ны өдрийн 148/2022 тоот санхүүжилт хүсэх тухай албан бичиг, 2022.08.05-ны өдрийн 2/994 тоот зөвлөх үйлчилгээний талаар чиглэл хүсэх тухай албан бичиг, хавсралтууд, Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ, 2021.12.13-ны өдрийн хамтран ажиллах түншлэлийн гэрээ, ЖУ ХХК-ийн тайлбар, 2022.02.20-ны өдрийн инженер-хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.08.20-ны өдрийн ЖУ ХХК-ийн төлбөр хүсэх тухай албан бичиг, Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ /2022 он, 483 хуу/, Улаанбаатар хотын “Нийтийн тээвэр дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгосон трассын дагууд зориулсан инженер-геологийн судалгааны тайлан /2022 он, 139 хуу/, 2022.02.10-ны өдрийн НХААГ-21/228 тоот “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2022.01.31-ний өдрийн 3/121 тоот албан бичиг, хавсралт /75 хуу/, 2022.06.30-ны өдрийн НХААГ-21/229 дугаар гэрээт ажлын эцсийн шатны тайлан хүлээлцсэн акт, ажлын үе шатны хуваарь, ажлын гүйцэтгэл, санхүүжилтын хүснэгт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2022.05.10-ны өдрийн 02-01/2353 тоот албан бичиг, 2022.08.05-ны өдрийн 2/994 тоот албан бичгийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

5.Хариуцагч талаас ямар нэгэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч АДБСХ ТББ /цаашид АДБСХ гэх/, ЖУ ХХК нь хариуцагч НЗДТГ ТБАГУТҮГ /цаашид НЗДТГ гэх/-т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алдангид 428,347,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, ажлын үр дүн буюу ТЭЗҮ-г эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг удаа дараа шаардсан, бид зарлагдсан тендер, гэрээ байгуулах эрх олгосон асуудлаар маргаагүй, нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг, алдангийн хамт шаардсан байгаа гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд НЗДТ газрын дарга нь НЗД-г дангаар төлөөлөх эрх олгогдоогүй, Нийслэлийн засаг даргаас дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулах эрхийг шилжүүлээгүй, гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус, гэрээний дагуу бид ямар нэгэн ажлыг хүлээн аваагүй, нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч АДБСХ, ЖУ ХХК-ийн хооронд 2021.12.13-ны өдөр хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр талууд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил” сонгон шалгаруулах тендерт сонгогдон шалгарсан тохиолдолд түншлэл хэлбэрээр хамтран ажиллах, энэ хүрээнд нэхэмжлэгч АДБСХ нь тулгуурт гүүрэн байгууламж бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх урьдчилсан ТЭЗҮ зөвлөх үйлчилгээний ажлын нийтийн тээврийн өнөөгийн байдлын судалгаа, нийтийн тээврийн эргэлтийн хэтийн төлөвлөлтийн судалгаануудыг боловсруулах, урьдчилсан ТЭЗҮ, тооцоо, төлөвлөлтийн хугацаа, хууль эрх зүйн акт боловсруулах ажлуудыг хийх, захиалагчид тайлан танилцуулах болон бусад ажлуудыг хийж гүйцэтгэх,

Нэхэмжлэгч ЖУ ХХК нь зөвлөх үйлчилгээний бүх хэмжилт, зураглалын ажлыг улсын сүлжээний цэгүүдэд тулгуурлан хийх, геодези, байр зүйн зураглалын ажлыг иж бүрэн тайлагнах, инженер-геодезийн судалгаа, инженер-геологийн судалгаа, сүлжээний трасс огтлолын ажил, инженерийн бэлтгэл арга хэмжээний судалгааны ажил, ажлуудыг хийж гүйцэтгэх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч АДБСХ, ЖУ ХХК нь дээрх гэрээний хүрээнд түншлэл болж, 2022.02.10-ны өдөр хариуцагч НЗДТГ-тай НХААГ-21/228 тоот “Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгуулсан байх ба, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч АДБСХ, ЖУ ХХК нь 2022.02.10-ны өдрөөс 2022.06.10-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээнд заасан зөвлөх үйлчилгээг үзүүлж, Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулан хариуцагч НЗДТГ-т хүлээлгэн өгөх, хариуцагч НЗДТГ нь ажлын хөлсөнд 298,500,000 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Засаг даргын ажлын алба нь Тамгын газар бөгөөд иргэний шүүх дээр дурдсан гэрээ байгуулагдах үндэслэл болсон Засаг даргын захирамж, Худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах эрх олгосон зэрэг захиргааны байгууллагын эрх бүхий субъектын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй, энэхүү субъектын үйл ажиллагаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх баримтгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан “...НЗДТ газрын дарга нь НЗД-г дангаар төлөөлөх эрх олгогдоогүй, Нийслэлийн засаг даргаас дээрх төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулах эрхийг шилжүүлээгүй, гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус...” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээний 4 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гэрээний зүйл болох Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулж, энэхүү ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгосон трассын дагууд зориулсан инженер-геологийн судалгааны тайланг зохих үе шаттайгаар тус тус хийж гүйцэтгэн, гэрээний ерөнхий нөхцлийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар 2022.05.20-ны өдрийн 131/2022 тоот албан бичгээр эхлэлтийн шатны тайланг, 2022.05.20-ны өдрийн 132/2022 тоот албан бичгээр дундын шатны тайланг, 2022.05.27-ны өдрийн 135/2022 тоот албан бичгээр эцсийн шатны тайланг тус тус Нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн байх бөгөөд, 2022.06.03-ны өдрийн 136/2022 тоот албан бичгээр эцсийн шатны тайланг дахин Нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн байна.

 

Ийнхүү гэрээний тал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь 2022.06.03-ны өдөр ажлын тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэхэмжлэгч нар нь тайлангийн эх хувийг хэвлэмэл хэлбэрээр 2%, тайлангийн эх хувийг цахим хэлбэрээр 1% үйлдэн, ажлын үр дүнг хэлэлцүүлж, ажлын хэсгийн хурлаар нэхэмжлэгч нарын ажлын нийт гүйцэтгэлийг 92% болохыг дүгнэж, гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасны дагуу 298,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр шийдвэрлэж, энэ талаар акт үйлдэн гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нараас актад гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан, харин захиалагч буюу хариуцагч талаас НЗДТГ-ын дарга Т.О гэх хүн гарын үсэг зураагүй, байгууллагын тамга дарагдаагүй байна.

 

Хэдий тийм боловч хариуцагч НЗДТГ нь ажлын үр дүнг бодит байдлаар хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2, 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэх бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын 2022.01.31-ний өдрийн 3/121 тоот албан бичиг, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь НЗД 2021 оны А/900 дүгээр захирамжид зааснаар маргааны зүйл болсон тендерийг зохион байгуулсан, Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь захиалагчийн хяналт тавих чиг үүрэгтэй байжээ.

 

5.Нөгөө талаар хариуцагч НЗДТГ нь гэрээний 3 дугаар зүйл, ерөнхий нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.4, тусгай нөхцөлийн 6.4-т зааснаар нэхэмжлэгч талаас эхлэлтийн тайланг ирүүлсний дараа 40%, дунд хугацааны тайланг ирсний дараа 40%, эцсийн тайланг ирүүлсний дараа, ажлыг хүлээн авч, акт үйлдсэний дараа үлдэх 20%-ийн төлбөрийг төлөх үүргээ огт биелүүлээгүй, улмаар нэхэмжлэгч нар нь 2022.06.17-ны өдрийн 140/2022 тоот албан бичгийг хариуцагч НЗДТГ-т, мөн өдрийн 141/2022 тоот албан бичгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус хүргүүлж, ажлыг хүлээн авсан акт үйлдэх, энэ талаар тайлбар авахыг хүссэн, түүнчлэн 2022.06.27-ны өдрийн 148/2022 тоот албан бичгийг НЗДТГ-т хүргүүлж, санхүүжилт авахыг хүссэн, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч хариуцагч НЗДТГ болон Нийслэлийн Нийтийн тээврийн газраас ямар нэгэн хариуг албан ёсоор өгөөгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч НЗДТГ-аас Нийслэлийн Нийтийн тээврийн газарт хүргүүлсэн 2022.05.10-ны өдрийн 02-01/2353 тоот “...НЗД 2021 оны А/900 дугаар захирамжаар Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ хийх... зөвлөх үйлчилгээг Нийслэл хотын авто замын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжүүлсэн... Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн ПОМА-ЭЖИС консорциумаас гэрээний дагуу Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ...-г дахин боловсруулах болсон тул дээрх ажил давхцаж байна. ...Дээрх нэр бүхий зөвлөх үйлчилгээний санхүүжилтийг цаашид Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хөрөнгөөс санхүүжүүлэхгүй болсон, ...2022 оны төсөвт тодотгол хийж, хэмнэлтийн горимд шилжиж байгаа нь энэ үед ...ажлыг үр дүнтэй, давхцалгүй зохион байгуулахыг даалгаж байна...” гэсэн агуулга бүхий албан бичгээс шалтгаалж хариуцагч НЗДТГ нь хүлээн авсан ажлынхаа хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,

350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан. 

 

Өөрөөр хэлбэл, зохигчид хуулийн дээрх зохицуулалтын дагуу хийх ажил, хөлс төлөх арга журам, хугацаа, гэрээгээр хүлээх эрх, үүргийг харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ажлын үр дүн болох 483 хуудас бүхий Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г, 139 хуудас бүхий зөвлөх үйлчилгээний ажлын сонгосон трассын дагууд зориулсан инженер-геологийн судалгааны тайланг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэн 2022.06.03-ны өдөр хариуцагч НЗДТГ-т хүлээлгэн өгсөн байхад хариуцагч НЗДТГ нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд дурдсан үе шаттай төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай болох нь тогтоогдсон тул хариуцагч НЗДТГ нь гэрээний тусгай нөхцлийн 6.5-д зааснаар 0,5%-ийн алданги төлөх нэмэлт үүргийг хүлээнэ.  

 

Улмаар нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хийсэн ажлын хөлс болох 298,500,000 төгрөгийг, гэрээний хариуцлага болох нэмэлт үүрэг алдангид 129,847,500 төгрөг, нийт 428,347,500 төгрөгийг хариуцагч НЗДТГ-аас шаардах эрхтэй бөгөөд энэхүү тооцоолол үндэслэл бүхий байх тул хариуцагч НЗДТГ нь гэрээний төлбөр болох ажлын хөлс, алдангийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагч талын гаргасан “...гэрээний дагуу бид ямар нэгэн ажлыг хүлээн аваагүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

7.Нэхэмжлэгч нар нь 428,347,500 төгрөгийн шаардлагаа:

- нэхэмжлэгч АДБСХ-ийн хувьд гэрээт ажлын хөлс 288,420,840 төгрөг, алданги гэрээний тусгай нөхцлийн 6.5-д зааснаар хоногт 0,5%-иар тооцоход 1,442,104 /288,420,840 төг * 0,5%/ төгрөг, 2022.06.03-ны өдрөөс 2022.08.29-ний өдрийг хүртэл 87 хоногийн 125,463,065 /1,442,104 төг * 87 хон/ төгрөг, нийт 413,883,905 /288,420,840 төг + 125,463,065 төг/ гэж,

- нэхэмжлэгч ЖУ ХХК-ийн хувьд гэрээт ажлын хөлс 10,079,160 төгрөг, алданги гэрээний тусгай нөхцлийн 6.5-д зааснаар хоногт 0,5%-иар тооцоход 50,395 / 10,079,160 төг * 0,5%/ төгрөг, 2022.06.03-ны өдрөөс 2022.08.29-ний өдрийг хүртэл 87 хоногийн 4,384,435 /50,395 төг * 87 хон/ төгрөг, нийт 14,463,595 /10,079,160 төг + 4,384,435 төг/ төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нар нь 2022.02.20-ны өдөр инженер-хайгуулын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ЖУ ХХК нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн, харин нэхэмжлэгч АДБСХ нь ажлын хөлсөнд 10,079,160 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ЖУ ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч АДБСХ-ээс шаардаж байсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын дүн нь энэхүү гэрээ, НХААГ-21/228 тоот гэрээний үүрэгтэй хамааралтай байх тул шүүх нэхэмжлэгч нарын дээрх тооцооллыг үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч НЗДТГ-аас 428,347,500 төгрөгийг гаргуулж, үүнээс 413,883,905 төгрөгийг нэхэмжлэгч АДБСХ-нд, 14,463,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖУ ХХК-нд тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,300,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НЗДТГ-аас 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АДБСХ ТББ болон ЖУ ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.  

 

Нийтийн тээврийн газрын 2023.04.12-ны өдрийн 01/01/831 тоот албан бичиг, хавсралт болох НХААГ-21/229 тоот гэрээтэй холбоотой 22 хуудас баримт нь энэхүү маргаанд буюу НХААГ-21/228 тоот гэрээнд хамааралгүй байх тул уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

                                                                                       

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч НЗДТГ ТБАГУТҮГ-аас 428,347,500 төгрөгийг гаргуулж, үүнээс 413,883,905 төгрөгийг нэхэмжлэгч АДБСХ ТББ-д, 14,463,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖУ ХХК-нд тус тус олгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч АДБСХ ТББ болон ЖУ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,300,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НЗДТГ ТБАГУТҮГ-аас 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АДБСХ ТББ болон ЖУ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА