Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/913

 

 

   2025         10           17                                     2025/ШЦТ/913

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

          улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /цахим/,

          шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн 2508*** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны *** сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, урьд нь 2024 оны *** дугаар сарын ***-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, И овгийн Д-ийн Х, /РД:***/

        Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Х нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод хамтран амьдрагч болох хохирогч Д.О-тэй маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, алгадах гэх мэтээр биед нь халдаж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод хамтран амьдрагч болох хохирогч Д.О-тэй маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, алгадах гэх мэтээр биед нь халдаж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.О-гийн “Би 2025 оны *** сарын ***-ний өдөр би өөрийн хамтран амьдрагч Х-ын хамт *** дүүргийн *** дугаар хороо ***-р байрны *** тоот гэртээ байхдаа манай хамтран амьдрагч *** захаас нэрийг нь мэдэхгүй ногоон шилтэй 12 ширхэг шилтэй пиво, мөн 2 шил сөжү авсан бөгөөд тус авсан архи согтууруулах ундааны зүйлээсээ Хонгор 6 шил пиво, 2 шил сөжүгээ ганцаараа уусан. Тэгээд байж байтал манай багын найз З над руу залгаад охиныхоо 2 насны төрсөн өдөрт урьсан. Тэгээд бид хоёр З-гийн гэрт 23 цагийн үед очоод байж байгаад Х З-ынд байсан хүмүүстэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд З-тай маргалдаад бид хоёр такси бариад өглөөний 08 цагийн үед гэртээ харьсан. Гэрийн гадаа такситай ирээд Х намайг такси дотор хэл амаар доромжлоод намайг зодож эхэлсэн. Х миний зүүн гарын булчин хэсгээс чанга базсан, зүүн гарын шуу хэсгээс мөн зулгаасан, толгой хэсэг рүү 3 удаа гараараа цохисон, үснээс зулгаасан, зүүн хөлийг таксины хаалгаар 3 удаа хавчиж гэмтээчхээд Х эд зүйлсийг авч үлдээд гэртээ буусан. Тэгээд би тухайн такситай *** дүүргийн цагдаагийн газар ирсэн. Мөн 2025 оны *** сарын ***-ны өдөр гэртээ байхад Х миний баруун гарын 4 хурууг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгаар миний гарыг зүсэж 3 хурууны шөрмөс тасалсан. Энэхүү гэмтлийн улмаас *** дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, Одоо хүртэл эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байгаа.” гэсэн мэдүүлэг /хх 07 ху/, гэрч Д.Х-ын “...Төрсөн ах Д.Х гэрт хүргээд өг гэхээр нь ахыг ***-ын автобусны буудал дээр буулгахад тэнд ахын хамтран амьдрагч О эгч байсан бөгөөд ах машинаас буугаад тэр хоёр шууд маргалдаж эхэлсэн. Тэгээд О эгч ахын нүүрийг маажаад ах болохоор түлхэж унагаагаад байхаар нь би машинаас буугаад салгасан. Удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, хохирогчийн биед зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, шилбэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн ЕГ0725/*** тоот дүгнэлт /хх 15-16 ху/, яллагдагч Д.Х-ын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би их гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг /хх 27 ху/, шүүгдэгч Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гаргасан гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Цаашид дахиж ийм алдаа гаргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Х-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Х-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Нөхөр Д.Х-тэй эвлэрсэн, гомдол байхгүй” /хх 88-89 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч И овгийн Д-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

     4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАЙГАЛМАА