Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01152 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Т.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Бд холбогдох,

 

284 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний автомашин түлш их зарцуулаад байхаар нь аппаратураа үзүүлэхээр .... автозасварын газрын хашаанд байрлах аппаратур засварын газар байж байтал Ц.Б “би автомашиныг чинь 100 км-т 8 литр түлш иддэг болгоод өгье, энэ аргыг өөр хүн мэдэхгүй” гэж итгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн хашаанд аваачиж форсунк, аппаратур цэвэрлэнэ гээд төмөр хайчилж хийсэн, явдаг байсан автомашиныг явдаггүй болгосон.

Тэр үед хашаанд нь үлдээгээд явсан бөгөөд 33 500 төгрөгөөр хөөх помп болон сальник авч тавьсан боловч асаагүй. Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинэ аккумулятор авсан байсан. Форсунк солино гээд өөрөөсөө 4 форсунк авч тавьсан бөгөөд н.Лхагвасүрэн ирж тусалсан ч автомашин хэвийн байдалдаа ороогүй учир н.Доржнамжин гэх хүнээр засвар хийлгэж зүгээр болгосон. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараараа засаж чадаагүй гэдгээ нотолсон байдаг.

Тухайн үед ажлын хөлс гэж 80 000 төгрөг, асгасан түлшний үнэ 93 850 төгрөг, авах шаардлагагүй сэлбэгийн үнэ 33 500 төгрөг, хугалсан түлшний трубаны үнэ 5 000 төгрөг, эвдсэн автомашиныг анхны байдалд хүргэсэн засварын хөлс 72 500 төгрөг, нийт 284 850 төгрөгийн хохирол учирсан. Иймд Ц.Баас 284 850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Агийн Галлопер маркийн автомашин анх ирэхдээ вагон шиг хар утаа хаядаг, хүчгүй, 100 км-т 25 литр түлш иддэг байсан.

Тухайн үед би аппаратурыг нь цэвэрлэж, сальник сольж, 4 ширхэг форсунк тавьж утаагүй хаядаггүй болгож өгсөн. Тэгээд дахин хүрээд ир, сайн тохируулга хийж өгье гэж хэлсэн боловч ирээгүй. Хэд хоногийн дараа утасдаж хороололд автомашин болохгүй байна гэж хэлэхэд нь очиж засаж өгсөн. Аккумулятор нь муу тул автомашин асахгүй байсан.

Миний бие өвдөж, даралт ихдээд Т.Аг гуйж автобусанд суулгуулсан ба 50 000 төгрөгийн үнэтэй багажийг авч явсанд гомдолтой байна. Түүнээс гадна 1 ширхэг нь 20 000 төгрөгийн үнэтэй. 4 ширхэг форсункыг автомашинд нь тавьж өгсөн.

Би Т.Агийн машиныг утаа хаядаггүй, түлш идэхгүй болгож өгсөн болохоос эвдээгүй, түлхүүр багаж, 4 ширхэг форсункаа авмаар байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ц.Бд холбогдох 284 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цитрус” ХХК-ийн аппаратурчин н.Доржнамжин, хот тохижуулах газрын ажилтан н.Лхагвасүрэн, н.Ганболд, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Улаанхуаран гудамжны 1018 тоот хаягт байрлах “Дэлгэрбатмөнх” дэлгүүрийн эзэн гэх нэр бүхий 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн надад гэм хорын хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байхад шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэлгүй, дангаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

          

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 284 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

            Нэхэмжлэгч Т.А нь засвар хийлгүүлэхээр шилжүүлсэн автомашинд учруулсан хохирлыг гаргуулахаар шаардсан бол харилцагч Ц.Б нь эс зөвшөөрсөн үндэслэлээ автомашинд хэлэлцэж тохирсон үйлчилгээг хийсэн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ц.Быг зохих ёсоор ажил үйлчилгээ үзүүлээгүй гэдгийг нотлох үүднээс гэрч “Цитрус” ХХК-ийн аппаратурчин н.Доржнамжин, Сүхбаатар дэвшил ОНӨҮГ-ын ажилтан н.Лхагвасүрэн, 2 дугаар эмнэлгийн түргэний жолооч, засварчин н.Ганболд, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Улаанхуаран гудамжны 1018 тоот хаягт байрлах “Дэлгэрбатмөнх” дэлгүүрийн эзэн нарыг асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх24, 50/

 

Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/06270 дугаар захирамжаар “хүсэлтэд дурдсан 1 иргэний нэр тодорхойгүй, нийт 4 иргэний овог, эцгийн нэр болон холбогдох оршин суугаа хаяг тодорхойгүй байна, шүүх гэрчүүдийг дуудаж ирүүлэхээр ажиллагаа явуулах боломжгүй” /хх 53/ гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан нэхэмжлэгчийн эрхийг хангасан гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өгсөн мэдээллийн хүрээнд гэрчийг дуудах арга хэмжээ авах, уг арга хэмжээг авсан боловч тэдгээр гэрчүүдийг тодруулах боломжгүй тохиолдолд хүсэлтийг хангахгүй орхих байсан.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ц.Баас хохирол учирсан гэж тайлбарлан 284 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж тодорхойлон шаардаж байгаа, эсхүл Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардаж байгаагийн аль нь болохыг тодорхойлсны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүн асуудлыг шийдвэрлэх байжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Бд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан гэж үзэн баримтад гарын үсэг зуруулсан байгаа хэдий ч огноог тодорхойлоогүйгээс эрх, үүрэг хэрэгжүүлэх боломжит хугацаа олгосон эсэх нь эргэлзээтэй байна. /хх 13/

 

Анхан шатны шүүхийн хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/01152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                          

                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА