Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/740

 

                                                               Г.Б-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/502 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б, шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2108 00000 0331 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Б, ...... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,.. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, .....гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, .... дугаар гудамжны .... тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б  биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, зэвсэг буюу хутгаар хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтэний гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Б 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн эвхэгддэг түгжээтэй, хар бараан өнгийн метал хийцтэй тонгорог хутга нэг ширхэг, цагаан өнгийн фудболк нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 Хохирогч Б.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Г.Б хутгалуулж биедээ хүнд гэмтэл авсан. Г.Б бид хоёр гэр бүлийн найзууд юм. Энэ гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл нөлөөлсөн ба бид хоёрын санамсар болгоомжгүй байдлаас болсон бөгөөд одоо миний бие бүрэн эдгэрсэн. Би Г.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ гэмт хэрэг гарсны дараа Г.Б нь гэм буруугаа бүрэн зөвшөөрч эмчилгээний зардал, надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Г.Б нь гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд миний эрүүл мэндэд байнга санаа тавьж, надаас уучлалт гуйсан. Г.Б нь эхнэр, 4-8 насны хоёр охинтой бөгөөд урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусадтай эвсэг харьцдаг залуу юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Г.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан. Г.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хохирогч Б.Б-г хутгалж хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөдөг бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болох байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргасан нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулийн нөхцөл хангагдаагүй гэж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч миний бие болон Б.Тэнгис бид анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б, гэрч Х.Н нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн Г.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үндэслэл байна гэж мэтгэлцсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулийн нөхцөл хангагдаагүй болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгч нар гэм буруу дээр маргаж байгаа гэсэн үндэслэлээр шүүгдэгчид 5 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчтэй ярьж байгаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэдэг дээр санал нэгдэж давж заалдах гомдол гаргасан. Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадах эсэхийг өөрөө ухамсарлан ойлгох боломжгүй гэх үндэслэлээр нэг зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх Г.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой гэр бүлийн найзуудын харилцаатай байсан зэргийг харгалзаж, түүнд тухай зүйл, хэсэгт заасан ялын хамгийн бага хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, зэвсэг буюу хутгаар хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтэний гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн “... Би орой 21 цагийн үед Б н гэрт очиход манай эхнэр Н, найз Б, түүний эхнэр Н нар байсан ба бид дөрөв нийт 4 шил архи, 3 том савтай шар айраг хувааж уусан. ... Тэгээд нэг мэдэхэд намайг Б-ын гал тогооны өрөөний хөргөгчний урд сандал дээр сууж байсан гэнэт миний гэдэс рүү нэг гар маш хурдан хүрээд буцах шиг болсон. Тэгсэн л миний гэдэс хэсэгт маш их өвдсөн. Хартал миний гэдэснээс цус гараад эхэлсэн. ...” /1 хх 20-21/,

гэрч Д.Н-ны “... Намайг унтаж байхад үүдний өрөөнд Н гэнэт орилохоор нь сэрээд хартал Бо сандал дээр суугаад ёолоод байсан. Харин манай нөхөр Б орж гараад, Н “чи яаж байгаа юм бэ, яагаад Болдоог хутгалж байгаа юм” гээд Б-гээс  асуугаад байсан. ...” /1 хх 24-25/,

гэрч Х.Н-ын “... Тэгтэл Б манай нөхрийн зүүн урд талд урдаас нь харсан байдалтай сууж байснаа гэнэт ухасхийж босоод гараад явчихсан. Тэгтэл л манай нөхөр гэдсээ дараад миний гэдсээр өвдөөд байна гэсэн. Манай нөхрийн өмссөн цагаан подволкны гэдэсний харалдаа хэсгээс цус нэвтрээд гараад ирсэн. Тэгэхээр нь би подволкыг нь сөхөөд хартал маш их цус гарч байсан. Тэр үед Б гаднаас гартаа хутга барьчихсан буцаж орж ирээд “Зулаа уучлаарай, найз нь хутгалчихлаа”  гэж хэлээд гартаа барьсан хутгаа шалан дээр шидээд миний урд сөхөрч суугаад уйлаад эхэлсэн. ...” /1 хх 29-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Б-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтэний гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 1559 дугаартай дүгнэлт /1 хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хагас ханцуйтай цамцны сэмэрдэс химийн ширхэгт материал байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар уг хагас ханцуйтай цамцны гэмтэл үүссэн байж болно. ...” гэх 910 дугаартай дүгнэлт /1 хх 47-48/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-8/, Б.Б-ийн өвчний түүхийн хуулбар /1 хх 139-155/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Г.Б-ын үйлдлийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, зэвсэг хэрэглэн хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлээс “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг хохирогч Б.Б-ийн хэвлий тус газарт нэг удаа хутгалж,  хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтэний гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Гэвч шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон багасгах боломжтой тул энэ талаар гаргасан хохирогч Б.Б-н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хоёр жилийг өршөөн хасахаар хуульчилсан бөгөөд Г.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/502 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ  

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР