Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 117/ШШ2023/0004

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.С даргалж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Г, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ц нарын бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймаг дахь П захирал Ю.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т

Хариуцагч: Дундговь аймаг дахь Т газар,  Ч.Б нарын хоорондын төлбөрийн акт болон албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Ц, өмгөөлөгч С.Т, хариуцагч Ч.Б, иргэдийн төлөөлөгч Д.Л, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ю.Ц нь Дундговь аймаг дахь Т газрын  Ч.Бд холбогдуулан “... тус газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2. “... Дээрх төлбөрийн акт, албан шаардлагууд, гомдолд дурдсан асуудлуудыг шалгахад Дундговь аймаг дахь Т газар санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар сургуулийн захирал, нягтлан бодогч, сургалтын менежер нарт танилцуулж, холбогдох тайлбар, тодруулга, нэмэлт нотлох баримтуудыг гаргуулж байсан байна. Мөн захиргааны актын сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, зөрчлийн талаарх асуудлын бүртгэл, аудитын явцад харилцаж байсан асуулт, тайлбар, тодруулгыг нэгтгэн тэмдэглэл болгон 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургуулийн нягтлан бодогчоор хүргүүлсэн боловч таны зүгээс хариуг ирүүлээгүй, уг ажиллагаанд оролцоогүй байна. Иймд Дундговь аймаг дахь Т газраас тогтоосон төлбөрийн акт, хүргүүлсэн албан шаардлагуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг авчээ. 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Дундговь аймаг дахь Т газрын Ч.Б нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын нэр дээр хандан гаргасан байх бөгөөд тус сургуулийн нэршил П  хэмээн өөрчлөгдсөн.

Уг захиргааны актуудыг эс зөвшөөрч Дундговь аймаг дахь Т газрын дарга Р.Мд хандан уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар тайлбар хүргүүлсэн боловч тэрээр улсын ахлах аудиторын гаргасан актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн болно. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Дундговь аймаг дахь Т газрын  2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А1260314 дугаар бүхий албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Татгалзлаа бичгээр  гаргасан, үр дагаврыг ойлгож байгаа. 

Дундговь аймаг дахь Т газрын ахлах аудитор Ч.Бы гаргасан төлбөрийн актын “захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж авсан” гэх 1-р заалтыг  хүчингүй болгуулах 2 болон 3, 4 дэх заалтаас татгалзсан. Үүнд:

1. Аймгийн Т газрын  2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын 1-р заалтаар тогтоогдсон гэх  зөрчлийн тухайд:

  Захирал Ю.Ц өөрийн тушаалаар 5,974,900 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж өөртөө авсан гэж буруутгах боловч Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д: “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна, түүнд 5 жил тутамд 1 удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэсэн заалт болон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д: “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.а-д “... сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль цэцэрлэгийн эмч” гэж зааснаас харвал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах П захирал Ю.Ц нь тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг хуульд заасны дагуу авсан нь дээрх хуулиудад нийцэж байгаагаас гадна эдгээр хуульд заавал удирдах дээд байгууллагын албан тушаалтны шийдвэрээр дээрх тэтгэмжийг олгож байхаар хуульчлаагүй байна. Дээрх тэтгэмжийн зардал нь байгууллагын 2022 оны төсөвт тусгагдан ирсэн ба төсвийн шууд захирагчийн хувьд Ю.Ц  хуваарилагдсан төсвийг захиран зарцуулах шийдвэрийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан: “... Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.Хариуцагч  Ч.Б нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 97/А126034 дугаар бүхий албан шаардлагыг гаргаж П захирал Ю.Ц надад хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам” болон Захиргааны Ерөнхий хуулийг баримтлан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Ю.Цд “Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын 213 тоот өрөөнд уулзалт зохион байгуулах хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл хөтлөн оролцогч талуудыг оролцуулан санал, хүсэлт тайлбар, гомдлыг авсан мэтээр хуурамч бичгийн баримт бүрдүүлэн, төлбөрийн акт тогтоож албан шаардлагыг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдэл болсон.

3.Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд: “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4-р зүйлийн 4.2.1-д: “хуульд үндэслэх”, 4.2.5-д: “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д: “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.7-д: “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах” гэсэн зарчмуудыг зөрчиж улмаар Захиргааны Ерөнхий хуулийн 22-27-р зүйлүүдэд заасанчлан: “... захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулалгүй өөртөө зориулж тэмдэглэл хөтлөн, талуудад танилцуулсан мэтээр хууль бус акт гаргасанд гомдолтой байна.

4. 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314  дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг гаргаж хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-д заасан “... цалин хөлс, шагнал урамшуулал тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон” гэж буруутгахдаа энэ журмын 2.1-д: “... Аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийн шинж байдлыг үнэлж, албан шаардлага, төлбөрийн акт бэлтгэх, шалгагдагч этгээдэд танилцуулж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэж, тайлагнах харилцааг энэ журмаар зохицуулна”, 3.1-д: “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохдоо: Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал,  мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” 4-р зүйлийн 4.2-д “... Аудитын баг алдаа зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг аудитын алдаа зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна” гэсэн заалтыг зөрчиж Ю.Цд танилцуулаагүй, мөн журмын 5-р зүйлийн 5.1-д “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна”, 5.2-д: “...Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал тайлбар ирсэн тохиолдолд аудитор, аудиторын менежер судлан хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн шалгагдагч этгээдийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн тул төлбөрийн акт болон албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгосон байна.

5.Ахлах аудитор нь 97/А260314 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагадаа: “... Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546.211 төгрөгийн цалингийн нэмэгдэл урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно. ЗГ-ын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382-р тогтоолын 1, 4, 5-р хавсралт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07-р зөвлөмжийн 8-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллагад зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, ... Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.6-д: “... төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгаж, зөрчил арилгах тухай албан шаардлага хүргүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь П зүгээс хичээлийн жилийн дундуур багш тэтгэвэрт гарах үед сургалтын үйл ажиллагаанд тасалдал үүсгэхгүй байх үүднээс тэтгэвэрт гарсан багшийг эргүүлэн авч ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглоогүй бөгөөд ер нь Төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын эрх зүйн байдал болон цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан зөвлөмжийн заалтаар дээрх ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул ахлах аудиторын 97/А1260314 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.Нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж татгалзлаа бичгээр  гаргаж байна.Намайг албан ёсоор сонсох ажиллагаанд дуудаж мэдэгдэл хүргүүлсэн, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай сургалтын албаны менежер, нягтлан бодогч хоёртой уулзсан сураг сонсоод би 2 дугаар сарын 16-ны өдөр утсаар залгахад таныг дуудаагүй гэхдээ ирвэл ир гэсэн. Би 2 удаа уулзсан, энэ асуудлуудтай танилцаад 2 дугаар сарын 17-ны өдөр хамгийн хурдан гарах боломжтой баримтуудыг өгсөн. Ч.Бы өрөөнд нь очиж уулзахад энэ алдаа зөрчилд дурдсан асуудлыг бол ярилцсан. Харин ийм шийдвэр гарах талаар хэлээгүй. Ийнхүү 2022 оны 03 сарын 09-ний өдөр тайлбаруудаа гаргаж өгөхөөр бэлдээд байж байтал Р нягтланд аль хэдийн албажуулаад ерөнхий аудитораар баталгаажуулсан акт, албан шаардлагуудыг ирүүлсэн. Миний хувьд тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болсон гэж үзээд гомдол гаргасан.

Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтад тусгагдсан зүйлүүд дутуу болохоос үнэн бичигдсэн байна. Миний сүүлд нэмж нотлох баримт болон тайлбар өгье гэж хэлсэн зүйл бичигдээгүй байна.  Тэтгэмжийн зардал байгууллагын төсөвт нэртэйгээ суугдаж ирсэн учраас олгосон. Яамнаас бол тэтгэмжийн тушаал гараагүй. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 а/д сумын сургуулийн  захиралд тэтгэмж олгоход  ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан авна гэх заалт байдаг. Энэ нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагдахгүй. Би багш мэргэжилтэй боловч багшаар ажиллаагүй, сургуулийн захирал ажилтай. 2020 онд хүсэлтээ явуулахад өвчтэй байсан хугацааг хасч 2021 оныг алгасаад 2022 оны 6 сард тэтгэмж авах эрх үүсч 2021 оны төсөвт суулгасан. Манай байгууллага Дундговь аймагт харьяалагддаг ч  Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа Боловсролын тухай хуульд зааснаар тэтгэмж авах эрхтэй

Ер нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинг бууруулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргадаг байсан учраас бид өмнө нь авч байсан цалингаар цалинжуулсан. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж энэ асуудалд огт хамааралгүй. Энэ албан шаардлагуудаас ирээдүйд үр дагавар үүснэ. Хөдөлмөрийн гэрээгээр  ажиллуулдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлбөр тогтоосон  акт болон 3 албан шаардлагыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж өөрчилж  байна. Тодруулбал  төлбөр барагдуулах тухай актын 2,  3, 4-р заалтыг  шийдүүлэхээс  татгалзаж, 95/А1260314., 96/А1260314 албан шаардлагуудыг мөн хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Төрийн аудитын тухай хуулийг хэрэглэхдээ  Захиргааны ерөнхий хуулийг тухайн хуулийн үндэслэл болгож шалгах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулах талаар заасан. Энэ хуулийн заалтын хүрээнд хариуцагч холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлд оролцогч нар яагаад гарын үсэг зураагүй вэ? нягтлан бодогчийн нэр байгаа боловч гарын үсэг байхгүй байна вэ?. Улсын байцаагч бол Төрийн аудитын тухай хууль болон Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан журмаа баримтлах ёстой. Нотлох баримтыг шаардаж авах эсхүл өөрөөр нь гаргуулах үүрэгтэй. Гэвч энэ ажиллагааг явуулаагүй. Энэ хүн өөрөө өөртөө тэмдэглэл үйлдсэн ч  бусад  хүмүүст танилцуулаагүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймээс төлбөр барагдуулах актын  зөвхөн 1-р заалтыг хүчингүй болгуулах болон 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус аудитаар захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 /Таван сая өсөн зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан: /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а.-д /сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, төлбөрийг барагдуулах төлбөрийн акт тогтоосон.

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”, мөн оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээ” Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны А/01 дугаар тушаалын 3-р хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэн буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Иймд үндэслэлтэй.

 97/А1260314 дугаартай албан шаардлагын талаар: 

Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546,211.00 /Арван нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн цалингийн нэмэгдэл, урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно/, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382 дугаар тогтоолын 1, 4, 5 дугаар хавсралт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжийн 8-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах талаар албан шаардлага хүргүүлсэн. Тус захиргааны акт нь тухайн тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг бууруулах тухай бус зөвхөн гэрээний үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллах тухай албан шаардлага юм.

... Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын 1-р заалт болон  болон 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  97/А1260314 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан хариу тайлбарт дэлгэрэнгүй заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/214 дүгээр тушаалаар П ангилалд шилжин сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа боловч Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв нэршлээр акт, албан шаардлагыг гаргасан гэдэг. Тус газраас нэршил өөрчлөгдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манайд аудит хийлгэх хүсэлтээ албан бичгээр мэдэгдэхдээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн нэртэйгээр ирүүлсэн. Нэршил өөрчлөгдсөн талаар болон улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй. Манайд ирүүлсэн бүх санхүүгийн тайлангууд нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв гэсэн нэршилтэй байсан тул тухайн нэршлээр авч үзсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөн нь тухайн акт, албан шаардлагын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Манайхаас хүргүүлсэн 4 захиргааны актыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр авсан, огт танилцуулаагүй, уулзаагүй гэж нэхэмжлэлээ гаргадаг. Аудитын явцад нягтлан бодогчтой нь олон удаа уулзсан. Уулзах бүрдээ захиралдаа хэлээрэй гэдэг ба захирал над руу утсаар ярьж ирж уулзсан. Энэ үед  асуудлууд болон хуулийн үндэслэлээ танилцуулж тодруулга бүх зүйлийг нэгтгэж сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлдээ оруулсан. Эхний уулзалтын дараа захирал нэмэлт нотлох баримт авчирч өгөхөөр болсон. Нэмэлт нотлох баримтаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, эхний хагас жилийн ажлын үр дүнг үнэлсэн тухай тэмдэглэл зэргийг 2 дахь уулзалтаар өгсөн. Энэ нь захиргааны актыг баталгаажуулахаас өмнө уулзсаныг нотолж байна. Сонсох ажиллагааны мэдэгдлээ 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр нягтлангаар дамжуулж хүргүүлэхэд 2 дугаар сарын 25-ны өдөр Ц Улаанбаатар явлаа гэж хэлээд танилцаагүй юм билээ. Захиралтай 2 удаа уулзсан. Уулзалт бүрд яригдсан асуудлаа тухайн үед нь тэмдэглэн хөтлөөгүй, сүүлд нэгтгэн нөхөж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн. Хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг 1-т өөрөө өөртөө тушаал гаргасан. 2-т Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг. Гэвч энэ хүн багшаар ажилладаггүй болохоо хүлээн  зөвшөөрсөн. Иймд захиралд Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д сум, тосгон багийн сургууль, сургуулийн захирал гэж заасан. П нь босоо тогтолцоотой, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг, Сайнцагаан суманд хамаарахгүй байгууллага тул энэ заалтаар тэтгэмж олгогдохгүй.

Тэтгэвэрт гарсан ажилтнуудын цалинг бууруулахгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан бусад нэмэлт баталгаагаар хангахгүй байх талаар албан шаардлага хүргүүлсэн. Одоо маргаад байгаа тушаал шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал хэрэгт авагдсан байгаа сайдын шийдвэрүүдтэй хамааралгүй.

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийн зөв  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчээс аймгийн  аудитын газрын ахлах аудитор Ч.Бд  хариуцуулан Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар акт[1], мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг[2] хүчингүй болгуулахаар нэхэмжлэл[3]  гаргасан.

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу  Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актыг хүчингүй болгуулахаас  2, 3, 4-р заалтаас татгалзах, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаартай албан шаардлагуудыг  хүчингүй болгуулах шаардлагаас тус тус татгалзаж татгалзлаа бичгээр[4]  шүүх хуралдаанд  илэрхийлсэнг  хүлээн авч үр дагаврыг танилцуулан, эдгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэхэмжлэгчийн татгалзсан хэсэгт  татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иймд нэхэмжлэгчийн татгалзсан уг шаардлагад хамаарах маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

3. Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, тус газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/1260 дугаар албан бичгээр[5] хариу ирүүлсэн байна. 

 4. Нэхэмжлэгч Ю.Ц, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагаанд албан ёсоор дуудсан мэдэгдлийг ирүүлээгүй, сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, нэмэлт нотлох баримт, тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй, ирүүлсэн баримтыг дутуу шалгаж, сүүлд өгөх баримтыг хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан, сургууль байршлын хувьд хаана байх, удирдлагыг хэн томилохоос үл хамааран Боловсролын тухай хуулийн 43.1.7.а, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-д заасны дагуу тэтгэмж авах эрхтэй гэж үзэж Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 1-р заалт, мөн өдрийн 97А/1260314 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлана. 

5.Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актын Тогтоох хэсгийн  1-р заалтаар  “Захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 /Таван сая есөн зуун далан дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан” гэж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маргаж шүүхээр хүчингүй болгуулахыг  хүсчээ.  

5.1 Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Ю.Ц нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг[6] болон хувийн өргөдлөөр[7] тэтгэмж авах эрх үүсч байгаа, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байна.

Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/166 дугаар албан бичгийн төсвийн хуваарь хүргүүлэх хавсралтаар[8] хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 50.026.600 төгрөгийг баталж, улмаар энэ хуваарьт[9] үндэслэн Дундговь аймаг дахь П захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар[10] нэр бүхий багш нарт болон захирал Ю.Ц өөртөө тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний эрх бүхий албан тушаалтны зүгээс Ю.Цд тэтгэмж олгохоор тухайлан бичгээр гаргасан шийдвэр, зөвшөөрөл байхгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн  баримтуудаар[11] тогтоогдож байна.

П захирал нь төсвийн шууд захирагчийн хувьд нийтийн албан тушаалтан болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, уг хуулиар тогтоосон аливаа хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тодорхойлогдож буй маргааны үйл баримтаас үзэхэд Боловсролын тухай хуульд заасан тэтгэмж авах эрх түүнд үүсээгүй, дээд шатны эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаагүй зэрэг тохиолдолд Ю.Ц нь өөрийн эрхэлж буй захирлын албан тушаалыг гүйцэтгэх хүрээнд өөртөө тэтгэмж олгосон тушаал гаргасан нь тус хуулиар тогтоосон хориглосон үйл ажиллагаа болох учраас энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

5.2 Хариуцагч нь “Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг боловч энэ хүн багшаар ажилладаггүй. Иймд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж, нэхэмжлэгч нь сумын сургуулийн захиралд энэ  тэтгэмж хамаарна гэж тус тус  тайлбарлаж маргах ба  нэхэмжлэгч Ю.Ц тус сургуулийн захирлаар 2015 оноос эхлэн ажилласан[12] болон коллежийн  гэрчилгээнд[13] захирлаар бүртгэгдсэн байх бөгөөд  энэ хугацаанд багшаар ажиллаагүй гэж шүүх хуралдаанд өөрөө мэдүүлдэг.

 Дундговь аймаг дахь П баримт бичигт[14] аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Насанд хүрэгчдийн ба бусад  боловсрол олгох  үйл ажиллагаа 8549 кодоор үндсэн үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлж Дундговь аймаг дахь П болгон өөрчилсөн ба хуулийн этгээдийн албан ёсны хаяг байршлыг Дундговь, Сайнцагаан, 7-р баг гэж тогтоож өгснөөр Дундговь аймаг дахь П харьяаллыг Сайнцагаан сумын сургууль гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн томилгооны хувьд Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 08-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар  томилогдсон ч  уг сургууль “сумын сургууль” гэдэгт хамаарах тул тэтгэмж авах эрхийг тодорхойлсон гэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тайлбарласан нь  Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасан “5 жил тутамд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж” хэмээх сум, тосгоны сургуулийн багшийн нийгмийн баталгаа гэж заасанд нийцэхгүй, П захиралд үйлчлэхгүй, энэ үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагчийн зөв” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын нэр, ангилал өөрчлөгдсөн нь төлбөр тогтоосон  актын  хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хийгээд Дундговь аймаг дахь П нь насанд хүрэгчдийн болон бусад сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага болох нь тогтоогдож байна. 

5.3 Хариуцагчаас аудитын үйл ажиллагааны хүрээнд сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгч нь уг тэмдэглэлд гарын үсэг зураагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тэдгээрийн тайлбар, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул “сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмыг зөрчсөн” гэх агуулга бүхий нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актыг дангаар хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгийг тэмдэглэв.

6. Дундговь аймаг Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 97/А1260314 дугаар албан шаардлагаар “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах ...” гэж шийдвэрлэжээ.

 Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар  зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байх ба  нэхэмжлэгч хариуцагч нарын маргаж буй 97/А1260314 албан   шаардлагад хуулийн дээрх шаардлага хангагдахгүй буюу  захирамжилсан шинжгүй, нэхэмжлэгчид төлбөр төлөхийг үүрэг болгосон, дарамт үзүүлэх зэргээр эрх зүйн ямар нэг үр дагавар үзүүлээгүй нь  захиргааны актын  шинжийг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй тул  шүүхэд маргах захиргааны акт биш юм. Иймд энэ хэсэгт хамаарах шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Дундговь аймаг дахь П захирал Ю.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Дундговь аймаг дахь П захирал Ю.Цийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Т газрын ахлах аудитор Ч.Бд хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 2, 3, 4 дэх заалт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлагуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь П захирал Ю.Цийн гаргасан “Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр  зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан “Дундговь аймаг дахь Т газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 4. Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

        Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С

                                                                                    ШҮҮГЧ                          З.Г

                                                                                    ШҮҮГЧ                           М.Ц

[1] 1-р хавтаст хэргийн 31-32, 90-92

[2] 1-р хавтаст хэргийн 22-24

[3] 1-р хавтаст хэргийн 1-6

[4] 2-р хавтаст хэргийн 82

[5] 1-р хавтаст хэргийн 7-8

[6] 1-р хавтаст хэргийн 119

[7] 1-р хавтаст хэргийн 120

[8] 1-р хавтаст хэргийн 238-239

[9] 1-р хавтаст хэргийн 240

[10] 1-р хавтаст хэргийн 37-38

[11] 2-р хавтаст хэргийн 39, 77-78

[12] 2-р хавтаст хэргийн 66

[13] 2-р хавтаст хэргийн 41, 79

[14] 2-р хавтаст хэргийн 41 хуудасны ар талд, 79

  2023         03          14                                     117/ШШ2023/0004

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Ганзориг, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмон

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар, ахлах аудитор Ч.Бэрхсайхан нарын хоорондын төлбөрийн акт болон албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Цолмон, өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагч Ч.Бэрхсайхан, иргэдийн төлөөлөгч Д.Лхамсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ю.Цолмон нь Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханд холбогдуулан “... тус газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2. “... Дээрх төлбөрийн акт, албан шаардлагууд, гомдолд дурдсан асуудлуудыг шалгахад Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар сургуулийн захирал, нягтлан бодогч, сургалтын менежер нарт танилцуулж, холбогдох тайлбар, тодруулга, нэмэлт нотлох баримтуудыг гаргуулж байсан байна. Мөн захиргааны актын сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, зөрчлийн талаарх асуудлын бүртгэл, аудитын явцад харилцаж байсан асуулт, тайлбар, тодруулгыг нэгтгэн тэмдэглэл болгон 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургуулийн нягтлан бодогчоор хүргүүлсэн боловч таны зүгээс хариуг ирүүлээгүй, уг ажиллагаанд оролцоогүй байна. Иймд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон төлбөрийн акт, хүргүүлсэн албан шаардлагуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг авчээ. 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын нэр дээр хандан гаргасан байх бөгөөд тус сургуулийн нэршил Политехник коллеж хэмээн өөрчлөгдсөн.

Уг захиргааны актуудыг эс зөвшөөрч Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.Мөнхтогтоход хандан уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар тайлбар хүргүүлсэн боловч тэрээр улсын ахлах аудиторын гаргасан актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн болно. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А1260314 дугаар бүхий албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Татгалзлаа бичгээр  гаргасан, үр дагаврыг ойлгож байгаа. 

Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханы гаргасан төлбөрийн актын “захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж авсан” гэх 1-р заалтыг  хүчингүй болгуулах 2 болон 3, 4 дэх заалтаас татгалзсан. Үүнд:

1. Аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын 1-р заалтаар тогтоогдсон гэх  зөрчлийн тухайд:

  Захирал Ю.Цолмон өөрийн тушаалаар 5,974,900 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж өөртөө авсан гэж буруутгах боловч Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д: “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна, түүнд 5 жил тутамд 1 удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэсэн заалт болон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д: “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.а-д “... сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль цэцэрлэгийн эмч” гэж зааснаас харвал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах Политехник коллежийн захирал Ю.Цолмон нь тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг хуульд заасны дагуу авсан нь дээрх хуулиудад нийцэж байгаагаас гадна эдгээр хуульд заавал удирдах дээд байгууллагын албан тушаалтны шийдвэрээр дээрх тэтгэмжийг олгож байхаар хуульчлаагүй байна. Дээрх тэтгэмжийн зардал нь байгууллагын 2022 оны төсөвт тусгагдан ирсэн ба төсвийн шууд захирагчийн хувьд Ю.Цолмон  хуваарилагдсан төсвийг захиран зарцуулах шийдвэрийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан: “... Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.Хариуцагч  Ч.Бэрхсайхан нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 97/А126034 дугаар бүхий албан шаардлагыг гаргаж Политехник коллежийн захирал Ю.Цолмон надад хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам” болон Захиргааны Ерөнхий хуулийг баримтлан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Ю.Цолмонд “Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын 213 тоот өрөөнд уулзалт зохион байгуулах хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл хөтлөн оролцогч талуудыг оролцуулан санал, хүсэлт тайлбар, гомдлыг авсан мэтээр хуурамч бичгийн баримт бүрдүүлэн, төлбөрийн акт тогтоож албан шаардлагыг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдэл болсон.

3.Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд: “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4-р зүйлийн 4.2.1-д: “хуульд үндэслэх”, 4.2.5-д: “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д: “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.7-д: “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах” гэсэн зарчмуудыг зөрчиж улмаар Захиргааны Ерөнхий хуулийн 22-27-р зүйлүүдэд заасанчлан: “... захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулалгүй өөртөө зориулж тэмдэглэл хөтлөн, талуудад танилцуулсан мэтээр хууль бус акт гаргасанд гомдолтой байна.

4. 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314  дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг гаргаж хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-д заасан “... цалин хөлс, шагнал урамшуулал тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон” гэж буруутгахдаа энэ журмын 2.1-д: “... Аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийн шинж байдлыг үнэлж, албан шаардлага, төлбөрийн акт бэлтгэх, шалгагдагч этгээдэд танилцуулж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэж, тайлагнах харилцааг энэ журмаар зохицуулна”, 3.1-д: “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохдоо: Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал,  мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” 4-р зүйлийн 4.2-д “... Аудитын баг алдаа зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг аудитын алдаа зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна” гэсэн заалтыг зөрчиж Ю.Цолмонд танилцуулаагүй, мөн журмын 5-р зүйлийн 5.1-д “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна”, 5.2-д: “...Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал тайлбар ирсэн тохиолдолд аудитор, аудиторын менежер судлан хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн шалгагдагч этгээдийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн тул төлбөрийн акт болон албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгосон байна.

5.Ахлах аудитор нь 97/А260314 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагадаа: “... Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546.211 төгрөгийн цалингийн нэмэгдэл урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно. ЗГ-ын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382-р тогтоолын 1, 4, 5-р хавсралт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07-р зөвлөмжийн 8-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллагад зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, ... Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.6-д: “... төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгаж, зөрчил арилгах тухай албан шаардлага хүргүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Политехник коллежийн зүгээс хичээлийн жилийн дундуур багш тэтгэвэрт гарах үед сургалтын үйл ажиллагаанд тасалдал үүсгэхгүй байх үүднээс тэтгэвэрт гарсан багшийг эргүүлэн авч ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглоогүй бөгөөд ер нь Төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын эрх зүйн байдал болон цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан зөвлөмжийн заалтаар дээрх ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул ахлах аудиторын 97/А1260314 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.Нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж татгалзлаа бичгээр  гаргаж байна.Намайг албан ёсоор сонсох ажиллагаанд дуудаж мэдэгдэл хүргүүлсэн, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай сургалтын албаны менежер, нягтлан бодогч хоёртой уулзсан сураг сонсоод би 2 дугаар сарын 16-ны өдөр утсаар залгахад таныг дуудаагүй гэхдээ ирвэл ир гэсэн. Би 2 удаа уулзсан, энэ асуудлуудтай танилцаад 2 дугаар сарын 17-ны өдөр хамгийн хурдан гарах боломжтой баримтуудыг өгсөн. Ч.Бэрхсайханы өрөөнд нь очиж уулзахад энэ алдаа зөрчилд дурдсан асуудлыг бол ярилцсан. Харин ийм шийдвэр гарах талаар хэлээгүй. Ийнхүү 2022 оны 03 сарын 09-ний өдөр тайлбаруудаа гаргаж өгөхөөр бэлдээд байж байтал Рэнцэн нягтланд аль хэдийн албажуулаад ерөнхий аудитораар баталгаажуулсан акт, албан шаардлагуудыг ирүүлсэн. Миний хувьд тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болсон гэж үзээд гомдол гаргасан.

Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтад тусгагдсан зүйлүүд дутуу болохоос үнэн бичигдсэн байна. Миний сүүлд нэмж нотлох баримт болон тайлбар өгье гэж хэлсэн зүйл бичигдээгүй байна.  Тэтгэмжийн зардал байгууллагын төсөвт нэртэйгээ суугдаж ирсэн учраас олгосон. Яамнаас бол тэтгэмжийн тушаал гараагүй. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 а/д сумын сургуулийн  захиралд тэтгэмж олгоход  ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан авна гэх заалт байдаг. Энэ нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагдахгүй. Би багш мэргэжилтэй боловч багшаар ажиллаагүй, сургуулийн захирал ажилтай. 2020 онд хүсэлтээ явуулахад өвчтэй байсан хугацааг хасч 2021 оныг алгасаад 2022 оны 6 сард тэтгэмж авах эрх үүсч 2021 оны төсөвт суулгасан. Манай байгууллага Дундговь аймагт харьяалагддаг ч  Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа Боловсролын тухай хуульд зааснаар тэтгэмж авах эрхтэй

Ер нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинг бууруулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргадаг байсан учраас бид өмнө нь авч байсан цалингаар цалинжуулсан. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж энэ асуудалд огт хамааралгүй. Энэ албан шаардлагуудаас ирээдүйд үр дагавар үүснэ. Хөдөлмөрийн гэрээгээр  ажиллуулдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлбөр тогтоосон  акт болон 3 албан шаардлагыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж өөрчилж  байна. Тодруулбал  төлбөр барагдуулах тухай актын 2,  3, 4-р заалтыг  шийдүүлэхээс  татгалзаж, 95/А1260314., 96/А1260314 албан шаардлагуудыг мөн хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Төрийн аудитын тухай хуулийг хэрэглэхдээ  Захиргааны ерөнхий хуулийг тухайн хуулийн үндэслэл болгож шалгах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулах талаар заасан. Энэ хуулийн заалтын хүрээнд хариуцагч холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлд оролцогч нар яагаад гарын үсэг зураагүй вэ? нягтлан бодогчийн нэр байгаа боловч гарын үсэг байхгүй байна вэ?. Улсын байцаагч бол Төрийн аудитын тухай хууль болон Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан журмаа баримтлах ёстой. Нотлох баримтыг шаардаж авах эсхүл өөрөөр нь гаргуулах үүрэгтэй. Гэвч энэ ажиллагааг явуулаагүй. Энэ хүн өөрөө өөртөө тэмдэглэл үйлдсэн ч  бусад  хүмүүст танилцуулаагүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймээс төлбөр барагдуулах актын  зөвхөн 1-р заалтыг хүчингүй болгуулах болон 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус аудитаар захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 /Таван сая өсөн зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан: /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а.-д /сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, төлбөрийг барагдуулах төлбөрийн акт тогтоосон.

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”, мөн оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээ” Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны А/01 дугаар тушаалын 3-р хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэн буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон. Иймд үндэслэлтэй.

 97/А1260314 дугаартай албан шаардлагын талаар: 

Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546,211.00 /Арван нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн цалингийн нэмэгдэл, урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно/, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382 дугаар тогтоолын 1, 4, 5 дугаар хавсралт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжийн 8-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах талаар албан шаардлага хүргүүлсэн. Тус захиргааны акт нь тухайн тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг бууруулах тухай бус зөвхөн гэрээний үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллах тухай албан шаардлага юм.

... Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын 1-р заалт болон  болон 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  97/А1260314 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан хариу тайлбарт дэлгэрэнгүй заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/214 дүгээр тушаалаар Политехник коллежийн ангилалд шилжин сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа боловч Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв нэршлээр акт, албан шаардлагыг гаргасан гэдэг. Тус газраас нэршил өөрчлөгдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манайд аудит хийлгэх хүсэлтээ албан бичгээр мэдэгдэхдээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн нэртэйгээр ирүүлсэн. Нэршил өөрчлөгдсөн талаар болон улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй. Манайд ирүүлсэн бүх санхүүгийн тайлангууд нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв гэсэн нэршилтэй байсан тул тухайн нэршлээр авч үзсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөн нь тухайн акт, албан шаардлагын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Манайхаас хүргүүлсэн 4 захиргааны актыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр авсан, огт танилцуулаагүй, уулзаагүй гэж нэхэмжлэлээ гаргадаг. Аудитын явцад нягтлан бодогчтой нь олон удаа уулзсан. Уулзах бүрдээ захиралдаа хэлээрэй гэдэг ба захирал над руу утсаар ярьж ирж уулзсан. Энэ үед  асуудлууд болон хуулийн үндэслэлээ танилцуулж тодруулга бүх зүйлийг нэгтгэж сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлдээ оруулсан. Эхний уулзалтын дараа захирал нэмэлт нотлох баримт авчирч өгөхөөр болсон. Нэмэлт нотлох баримтаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, эхний хагас жилийн ажлын үр дүнг үнэлсэн тухай тэмдэглэл зэргийг 2 дахь уулзалтаар өгсөн. Энэ нь захиргааны актыг баталгаажуулахаас өмнө уулзсаныг нотолж байна. Сонсох ажиллагааны мэдэгдлээ 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр нягтлангаар дамжуулж хүргүүлэхэд 2 дугаар сарын 25-ны өдөр Цолмон Улаанбаатар явлаа гэж хэлээд танилцаагүй юм билээ. Захиралтай 2 удаа уулзсан. Уулзалт бүрд яригдсан асуудлаа тухайн үед нь тэмдэглэн хөтлөөгүй, сүүлд нэгтгэн нөхөж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн. Хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг 1-т өөрөө өөртөө тушаал гаргасан. 2-т Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг. Гэвч энэ хүн багшаар ажилладаггүй болохоо хүлээн  зөвшөөрсөн. Иймд захиралд Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д сум, тосгон багийн сургууль, сургуулийн захирал гэж заасан. Политехник коллеж нь босоо тогтолцоотой, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг, Сайнцагаан суманд хамаарахгүй байгууллага тул энэ заалтаар тэтгэмж олгогдохгүй.

Тэтгэвэрт гарсан ажилтнуудын цалинг бууруулахгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан бусад нэмэлт баталгаагаар хангахгүй байх талаар албан шаардлага хүргүүлсэн. Одоо маргаад байгаа тушаал шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал хэрэгт авагдсан байгаа сайдын шийдвэрүүдтэй хамааралгүй.

5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийн зөв  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгчээс аймгийн  аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханд  хариуцуулан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар акт[1], мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг[2] хүчингүй болгуулахаар нэхэмжлэл[3]  гаргасан.

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу  Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актыг хүчингүй болгуулахаас  2, 3, 4-р заалтаас татгалзах, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаартай албан шаардлагуудыг  хүчингүй болгуулах шаардлагаас тус тус татгалзаж татгалзлаа бичгээр[4]  шүүх хуралдаанд  илэрхийлсэнг  хүлээн авч үр дагаврыг танилцуулан, эдгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нэхэмжлэгчийн татгалзсан хэсэгт  татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иймд нэхэмжлэгчийн татгалзсан уг шаардлагад хамаарах маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

3. Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, тус газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/1260 дугаар албан бичгээр[5] хариу ирүүлсэн байна. 

 4. Нэхэмжлэгч Ю.Цолмон, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагаанд албан ёсоор дуудсан мэдэгдлийг ирүүлээгүй, сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, нэмэлт нотлох баримт, тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй, ирүүлсэн баримтыг дутуу шалгаж, сүүлд өгөх баримтыг хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан, сургууль байршлын хувьд хаана байх, удирдлагыг хэн томилохоос үл хамааран Боловсролын тухай хуулийн 43.1.7.а, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3-д заасны дагуу тэтгэмж авах эрхтэй гэж үзэж Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 1-р заалт, мөн өдрийн 97А/1260314 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлана. 

5.Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актын Тогтоох хэсгийн  1-р заалтаар  “Захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 /Таван сая есөн зуун далан дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан” гэж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маргаж шүүхээр хүчингүй болгуулахыг  хүсчээ.  

5.1 Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Ю.Цолмон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг[6] болон хувийн өргөдлөөр[7] тэтгэмж авах эрх үүсч байгаа, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байна.

Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/166 дугаар албан бичгийн төсвийн хуваарь хүргүүлэх хавсралтаар[8] хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 50.026.600 төгрөгийг баталж, улмаар энэ хуваарьт[9] үндэслэн Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар[10] нэр бүхий багш нарт болон захирал Ю.Цолмон өөртөө тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний эрх бүхий албан тушаалтны зүгээс Ю.Цолмонд тэтгэмж олгохоор тухайлан бичгээр гаргасан шийдвэр, зөвшөөрөл байхгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн  баримтуудаар[11] тогтоогдож байна.

Политехник коллежийн захирал нь төсвийн шууд захирагчийн хувьд нийтийн албан тушаалтан болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, уг хуулиар тогтоосон аливаа хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тодорхойлогдож буй маргааны үйл баримтаас үзэхэд Боловсролын тухай хуульд заасан тэтгэмж авах эрх түүнд үүсээгүй, дээд шатны эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаагүй зэрэг тохиолдолд Ю.Цолмон нь өөрийн эрхэлж буй захирлын албан тушаалыг гүйцэтгэх хүрээнд өөртөө тэтгэмж олгосон тушаал гаргасан нь тус хуулиар тогтоосон хориглосон үйл ажиллагаа болох учраас энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

5.2 Хариуцагч нь “Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг боловч энэ хүн багшаар ажилладаггүй. Иймд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж, нэхэмжлэгч нь сумын сургуулийн захиралд энэ  тэтгэмж хамаарна гэж тус тус  тайлбарлаж маргах ба  нэхэмжлэгч Ю.Цолмон тус сургуулийн захирлаар 2015 оноос эхлэн ажилласан[12] болон коллежийн  гэрчилгээнд[13] захирлаар бүртгэгдсэн байх бөгөөд  энэ хугацаанд багшаар ажиллаагүй гэж шүүх хуралдаанд өөрөө мэдүүлдэг.

 Дундговь аймаг дахь Политехник  коллежийн баримт бичигт[14] аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Насанд хүрэгчдийн ба бусад  боловсрол олгох  үйл ажиллагаа 8549 кодоор үндсэн үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлж Дундговь аймаг дахь Политехник коллеж болгон өөрчилсөн ба хуулийн этгээдийн албан ёсны хаяг байршлыг Дундговь, Сайнцагаан, 7-р баг гэж тогтоож өгснөөр Дундговь аймаг дахь Политехник коллежийн харьяаллыг Сайнцагаан сумын сургууль гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн томилгооны хувьд Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 08-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар  томилогдсон ч  уг сургууль “сумын сургууль” гэдэгт хамаарах тул тэтгэмж авах эрхийг тодорхойлсон гэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тайлбарласан нь  Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасан “5 жил тутамд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж” хэмээх сум, тосгоны сургуулийн багшийн нийгмийн баталгаа гэж заасанд нийцэхгүй, Политехник коллежийн захиралд үйлчлэхгүй, энэ үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагчийн зөв” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын нэр, ангилал өөрчлөгдсөн нь төлбөр тогтоосон  актын  хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хийгээд Дундговь аймаг дахь Политехник коллеж нь насанд хүрэгчдийн болон бусад сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага болох нь тогтоогдож байна. 

5.3 Хариуцагчаас аудитын үйл ажиллагааны хүрээнд сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгч нь уг тэмдэглэлд гарын үсэг зураагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тэдгээрийн тайлбар, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул “сонсох ажиллагааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмыг зөрчсөн” гэх агуулга бүхий нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актыг дангаар хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгийг тэмдэглэв.

6. Дундговь аймаг Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 97/А1260314 дугаар албан шаардлагаар “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах ...” гэж шийдвэрлэжээ.

 Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар  зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байх ба  нэхэмжлэгч хариуцагч нарын маргаж буй 97/А1260314 албан   шаардлагад хуулийн дээрх шаардлага хангагдахгүй буюу  захирамжилсан шинжгүй, нэхэмжлэгчид төлбөр төлөхийг үүрэг болгосон, дарамт үзүүлэх зэргээр эрх зүйн ямар нэг үр дагавар үзүүлээгүй нь  захиргааны актын  шинжийг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй тул  шүүхэд маргах захиргааны акт биш юм. Иймд энэ хэсэгт хамаарах шаардлагыг  хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмонгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханд хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 2, 3, 4 дэх заалт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаартай зөрчил арилгуулах тухай албан шаардлагуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмонгийн гаргасан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаар актын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр  зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 97/А1260314 албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.