Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

 

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                       Дугаар 2025/ШЦТ/195                                     ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000170306 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед ******* аймгийн ******* сумын төвд “Жаргалын эх булаг” нэртэй шүдний эмнэлгийн коридорын сандал дээр тавьсан байсан иргэн *******ийн эзэмшлийн Huawei 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 959,920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед миний шүд өвдөөд архи уусан. Согтуу байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би "Жаргалын Эх булаг” шүдний эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13:00 цагийн үед намайг эмнэлэгтээ ажиллаж байх үед үл таних залуу манай эмнэлгээр үйлчлүүлж, шүдний рентген зураг авахуулаад хариугаа аваад явсан. Тухайн үед миний Huawei 12 маркийн гар утас коридорын сандал дээр байж байсан. Тэгтэл уг залуу нь гарч явахдаа миний гар утсыг аваад гараад явчихсан. Би гар утсаа 800,000 төгрөгөөр үнэлж байгаа. Гар утсаа буцааж авмаар байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хаан банкны 5608348282 тоот данс руу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 49 минутад 5279146912 дугаарын данснаас 959,920 төгрөг шилжүүлж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Санал хүсэлт байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 "Дамно Үнэлгээ" ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Huawei 12” маркийн гар утас 959,920 төгрөгөөр үнэлэв" /хавтаст хэргийн 27 дахь тал/

*******ийн хохирлыг төлсөн баримт /хавтаст хэргийн 90 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд бичигдсэн дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 106 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 13 цагийн үед ******* аймгийн ******* сумын төвд “Жаргалын эх булаг” нэртэй шүдний эмнэлгийн коридорын сандал дээр тавьсан байсан иргэн *******ийн эзэмшлийн Huawei 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 959,920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,  "Дамно Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Huawei 12  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 959,920 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 959,920 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн шинжээчийн “huawei 12 маркийн гар утас нийт 959,920 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27 дахь тал/-ээр тогтоогдсон.  

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 959,920 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн хүсэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд 34 настай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст ”Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 43 дахь тал/, Биргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирлоо төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 98 дахь тал/-ээр шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг оршин суугаа газар болох Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээр тогтоох тухай саналтай танилцан гарын үсэг зурж, эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт гаргаагүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүх улсын яллагчийн санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Ням-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 959,920 /есөн зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ