Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/01513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Т.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч, Ч.Б- т холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 112,603,865 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганчанга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Ч.Б-т холбогдуулан 112,603,865 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд болон төлөөлөгч Д.Ганчанга шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э-, Ч.Б- нар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж Т.Э-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 37 дугаар байрны 1 тоотод байрлах 78 м.кв талбайтай Ү-2204 улсын бүртгэлийн дугаартай гурван өрөө орон сууцны зориулалттай 170,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг Ч.Б-ын 200,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөөсөнцөрийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж харилцан шилжүүлэх гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг харилцан шилжүүлж авсан. Талууд гэрээний зүйлийг харилцан буцаахаар тохирсон боловч Ч.Б- нь Т.Э-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 37 дугаар байрны 1 тоотод байрлах 78 м.кв талбайтай Ү-2204 улсын бүртгэлийн дугаартай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 30,958,865 төгрөгийг төлбөрт битүүмжлэгдсэн байсан тул харилцан тохиролцож Т.Э- нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 30,958,865 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж мөн өдөр Д.Б-ын Капитрон банкинд дахь зээл болох 93,645,000 төгрөг, 124,603,865 төгрөгийг төлж уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 37 дугаар байрны 1 тоотод байрлах 78 м.кв талбайтай Ү-2204 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Т.Отгонбаярт зарсан. Ч.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ш.Нарантуяагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 5 дугаар байрны 24 тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөнд тооцож Ч.Э-ад өгөхөөр тохирч Ш.Нарантуяа, Ч.Э- нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж шилжүүлж өгөхөөр тохирсон боловч Ч.Б- нь уг байрыг дахин бусдад худалдсан байсан. Т.Э- нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ч.Б-ын бусдад төлөх ёстой байсан 124,603,865 төгрөгийг төлсөн ба Ч.Б- нь12,000,000 төгрөгийг буцааж өгсөн тул үлдэгдэл 112,603,865 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Баталгааны гэрээ, Төлбөрийн даалгаврууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000076670 тоот гэрчилгээ, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг, Хариуцагчаас итгэмжлэл, хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан 112,603,865 төгрөг гаргуулахаар шаардаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Баталгааны гэрээ, Төлбөрийн даалгавар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000076670 тоот гэрчилгээ, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Иргэний хуулийн 227 дугаар  зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.

7.Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Ч.Б-тай 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, Т.Э- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 37 байр 1 тоот хаягт байрлах, 78,2 м.кв талбайтай 000076670 гэрчилгээний дугаартай Y-2204026282 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Ч.Б- нь Хөөсөнцөрийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг Т.Э-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр Арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

8.Талууд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээний зүйлийг харилцан буцаахаар тохиролцож Батлагааны гэрээ байгуулж, уг гэрээнд “Т.Э-, Ч.Б- бид 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ буцаахаар харилцан тохиролцов. Үүнд: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, ХД 37 байр 1 тоот хаягт байрлах, 78,2 м.кв талбайтай 000076670 гэрчилгээний дугаартай 3 өрөө орон сууц, Хөөсөнцөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэмэлт Т.Э-аас Ч.Б-т 12,000,000 төгрөг өгөхөөр тохиролцов” гэжээ. /хавтаст хэргийн 6 тал/

 

9.Хариуцагч Ч.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээнд “иргэн Т.Э-тай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэв. Т.Э-ын төлсөн нийт 124,603,865 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг хасч 112,603,865 төгрөгийг иргэн Ч.Б- би өгөхөөр болов” гэж тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 4-5 тал/

 

10.Иймд хариуцагч Ч.Б-аас 112,603,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-ад олгох үндэстэй.

 

11.Хариуцагчийн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,969 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 720,969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-ад олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар  зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас 112,603,865 /нэг зуун арван хоёр сая зургаан зуун гурван мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-ад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,969 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 720,969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-ад олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ