| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/00235 |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 2025/ШЦТ/196 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч*******, түүний өмгөөлөгч Б.Уянга,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Буянтогтох,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох 2528002430247 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн*******гийн интернет банкаар 8 удаа нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,*******гийн данс руу 1,505,000 төгрөгийг, *******ийн данс руу 1,360,000 төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Мөнхөө эгчийн данснаас 8 удаа мөнгө авсан. Нийт 2,865,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол төлбөрийг бага багаар төлсөөр одоо 365,000 төгрөг үлдсэн. Үүнийг төлнө гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Мөнхөө эгчийн аппликейшн рүү нэвтэрч мөнгө авч эхэлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Уг хохирлыг хурдан шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна. Өөр саналгүй. Би өөрөө тэр зээлийн аппликейшн рүү орж чаддаггүй, зээлийн нэмэгдүүлсэн хүүг бас тооцож эдгээр хүмүүсээс гаргуулах ёстой гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өнөөдөр гэртээ байж байсан чинь миний гар утсанд 141518 дугаараас таны зээл 1 хоног хэтэрсэн тул өнөөдөр зээлээ төлнө үү, дүн 109,533 Хаан банкны гүйлгээний утга , таны зээл 4 хоног хэтэрсэн тул өнөөдөр зээлээ төлнө үү. Дүн 69,433 Хаан банкны гүйлгээний утга гэсэн мессеж ирсэн байсан бөгөөд тэгээд өөрийн дүү болох хэлсэн, дүү маань ирээд хартал хэн нэгэн хүн таны интернет банкаар ороод зээл хийсэн юм биш үү гэсэн бөгөөд тэгээд өөрийн Хаан банкны дугаарын дансны хуулгаа авч үзтэл хэн нэгэн хүн миний интернет банкаар ороод баахан зээл хийсэн байсан... 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 305,000 төгрөг, 300,000 төгрөг, 66,207 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 60,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,890,000 төгрөг, 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээл хийсэн байсан бөгөөд би эдгээр зээлүүдийг хийсэн зүйл байхгүй. Эдгээр зээлсэн мөнгө нь , гэсэн хоёр л данс руу мөнгө орсон байсан. Надад нийт 4,821,207 төгрөгийн хохирол учирсан” /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ: Иргэн ******* нь надаас урьд өмнө мөнгө зээлж байсан бөгөөд нээрээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр С.******* нь надаас эгчээ таны нэр дээр зээл хийгээд 1,890,000 авч болох уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би цаг хугацаанд нь төлнө гэвэл болно гэж хэлсэн бөгөөд тэгээд С.******* нь өөрийн хүүгээ дуудсан байгаа. Тэгээд л миний гар утсыг аваад нэг зээлийн аппликейшнээс зээл авсан. Би анх мэдүүлэг өгөхдөө энэ талаараа хэлэхээ мартсан байна. Харин үлдсэн гарсан мөнгийг бол би ямар нэгэн байдлаар *******т зээлээгүй бөгөөд харин одоо бодоход миний данснаас мөнгө гарсан тэр цаг хугацаанд ******* нь надаас зээлсэн гэх мөнгөний төлөлтийг буцааж хийж өгнө гэж хэлээд л авсан байгаа. Надад мөнгөний төлөлт хийнэ л гэж хэлээд гар утас надаас аваад хүүхдэдээ өгдөг байсан. Ер нь бол зээл яаж гарсан талаар бол *******ийн хүү л мэдэж байгаа. Янз бүрийн зээлийн аппликейшнээс авсан байгаа. Яагаад гэвэл би *******т өөрийн гар утсаа өгсөн. Тэгээд ******* миний гар утсыг өөрийнхөө хүүд өгч дамжуулсан. Тэгээд л тэр хүү нь зээл хийсэн байх. ******* нь надаас 1,890,000 төгрөг зээлэх үед миний регистрийн дугаарыг асууж байсан. Тэгээд л миний хувийн мэдээллийг мэдсэн байх гэж бодож байгаа бөгөөд мөн надаар 2,000,000 төгрөгөөр гар утас зээлээр авхуулсан байгаа. Тэр зээлийн гэрээн дээр миний бүх мэдээлэл байгаа бөгөөд уг зээлийн гэрээ *******т байгаа. Мөн ******* нь надаас миний гар утсыг авах үед ******* болон түүний хүү л байсан. Өөр хүн байхгүй байсан. Тэгээд л ээж, хүү хоёр намайг гүжирдэж хулгайгаар хүний өмнөөс мөнгө зээлж авчхаад одоо болохоор намайг өөрөө зээлсэн гэх юм. Мөн манай гэрт ирж надаас мөнгө зээлж авсан асуудал байхгүй бөгөөд харин манай гэрт ******* хүүхдээ дагуулж ирэхдээ миний гар утсыг ахиад аваад мөнгө төлөх гээд ирлээ л гэсэн юм ярьсан. Би бичиг үсэг ер нь мэдэхгүй болохоор уг хоёр хүн намайг залилж миний өмнөөс зээлийн аппликейшнээс мөнгө зээлсэн асуудал байгаа. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 9 сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлгээ дэлгэрэнгүй өгчихсөн байгаа. Би бичиг үсэг мэддэггүй болохоор хамгийн анх Мөнхөө эгчийн утсаар зээл авахдаа хүү *******ийгаа дагуулж яваад цуг Мөнхөө эгчийн гэрт очиж Мөнхөө эгчид хэлж гуйж байгаад 1,890,000 төгрөгийг зээлж авсан Түүнээс хойш Мөнхөө эгчид хэлэхгүйгээр Мөнхөө эгчийн тоот данснаас би өөрийн тоот дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 1,605,000 төгрөг авснаас 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, цалин буусан дараа Мөнхөө эгчээс зээлсэн 100000 төгрөгөө 2-3 хоногийн дараа Мөнхөө эгчид өөрт нь бэлнээр өгчихсөн байгаа. Тэгээд би Мөнхөө эгчийн дансаар яг зөвшөөрөлгүй 1,505,000 төгрөгийг авсан. Манай хүү ******* өөрийнхөө дугаарын дансаар 3 удаа 1,360,000 төгрөгийг авсан байна лээ. Бид хоёр Мөнхөө эгчээс нийт 2,865,000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр зээл аваад, данснаас нь авчихсан. Авсан зээлээсээ 2025 оны 03-р сарын 24-ний өдрийн 14 цаг 19 минутад би өөрийн эзэмшлийн дугаарын данснаас 5124051798 дугаарын данс руу 51446 төгрөгийг, 2025 оны 05-р сарын 27-ны өдрийн 15 цаг 42 минутад 5124051798 дугаарын данс руу 100761 төгрөгийг, 2025 оны 07-р сарын 02-ны 19 цаг 05 минутад 5015399647 дугаарын данс руу 182140 төгрөг зэргийг гүйлгээний утган дээр нь гээд Мөнхөө эгчийн регистрийн дугаарыг бичээд зээлийн аппликейшны данснууд руу нь шууд төлөлт хийсэн, 2025 оны 06-р сарын 19-ний өдөр би өөрийн хас банкны тоот данснаас Мөнхөө эгчийн дугаарын дансанд гүйлгээний утган дээр нь гэж өөрийн утасны дугаараа бичээд 300000 төгрөгийг шилжүүлсэн 2025 оны 08-р сарын 27-ны өдөр би өөрийн Хас банкны данснаас дугаарын дансанд гүйлгээний утган дээр нь Мөнхөө эгчийн дугаарын регистрийн дугаарыг бичээд 69000 төгрөгийг төлсөн байгаа. Би нийт Мөнхөө эгчид хэлэлгүй авсан зээлээсээ 703347 төгрөгийн зээлийн төлөлтөө хийж төлсөн. Гэхдээ манай хүү ******* бид хоёр Мөнхөө эгчийн утсаар нийт 4-5 өөр аппликейшнаар зээл авсан болохоор тэр болгоны зээлийн хугацаа, хэдий хүү болсон зэргийг нарийн мэдэхгүй байна. Нэгэнт хүү бид хоёр Мөнхөө эгчид хохирол учруулсан болохоор өөрсдийн зөвшөөрөлгүй авсан зээлүүдээ бүгдийг нь хүүгийн хамт төлж Мөнхөө эгчийг ойрын 2 сарын хугацаанд хохиролгүй болгоно. Би болон манай хүү, нөхөр бүгдээрээ зун ажилгүй амарчихсан байж байгаад сая 8, 9 сараас манай нөхөр бид хоёр ажилдаа ороод одоо удахгүй хүү ******* маань Гурвантэс сум руу ажилдаа явах учраас 2 сарын дотор төлчихнө. /хавтаст хэргийн 141 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөнхөө эгчийн нэр дээр "Нөмөр нэртэй зээлийн аппликейшнаар" 1,890,000 төгрөгийн зээл авсан. Түүнээс хойш ээж бид хоёр Мөнхөө эгчийн зээлийг төлчихөөд эргүүлж Мөнхөө эгчийн утсаар нэр дээр нь "Нөмөр", "Соно", "Соломон" /зарим зээлийн аппликейшний нэрийг санахгүй байна/ гэх зээлийн аппликейшнуудаас зээл аваад өөрийнхөө данс руу 3 удаа, ээжийн данс руу 5 удаа нийт 8 удаа ээж бид хоёр Мөнхөө эгчийн Хаан банкны тоот данснаас Мөнхөө эгчийн зөвшөөрөлгүй 2,865,000 төгрөгийг шилжүүлж авсан. Авсан зээлүүдээсээ 2025 оны 04-р сарын 02-ны өдөр би өөрийн тоот данснаас дугаарын зээлийн данс руу 704,823 төгрөгийг гүйлгээний утган дээр нь Мөнхөө эгчийн утасны дугаар болох "89250895" гэж бичээд, 2025 оны 05-р сарын 27-ны өдөр би өөрийн данснаас 5015399647 дугаарын зээлийн данс руу 105,707 төгрөгийг гүйлгээний утган дээр нь Мөнхөө эгчийн регистрийн дугаар болох "" гэж бичээд тус бүр 2 удаа төлөлт хийсэн. Ээж бид хоёр ярилцаад нэгэнт Мөнхөө эгчид хохирол учруулсан нь бид хоёрын буруу болохоор Мөнхөө эгчийн нэр дээр авсан зээлүүдээ ойрын 2 сарын дотор ажил хийж байгаад хүүгийн хамт төлж, хааж бүрэн барагдуулахаар шийдсэн байгаа учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсч байна. Би энэ хэргээ хурдан шийдүүлчихвэл ажилдаа явах гээд байгаа юм. Уг нь би шинэ ажилд бүртгүүлээд өнөөдөр ажилдаа явах ёстой байсан. Одоо энэ хэргээ хурдан шийдүүлчихвэл ажилдаа яваад өрөө дарна. /хавтаст хэргийн 150 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/
Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 32-38 дахь тал/,
*******ийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-46 дахь тал/,
*******ийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-98 дахь тал/,
Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 126-127 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 153, 158 дахь тал/
Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 155, 162 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 156, 165 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 157, 161 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн*******гийн интернет банкаар 8 удаа нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******ийн данс руу 1,505,000 төгрөгийг, *******ийн данс руу 1,360,000 төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч*******гийн мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 32-38 дахь тал/, *******ийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-46 дахь тал/, *******ийн Хаан банкны дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-98 дахь тал/,*******гийн Хаан банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 126-127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч*******гийн интернет банкаар нэвтэрч, нийт 2,865,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч интернет банкаар 8 удаа нэвтэрч мөнгөн шилжүүлэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч*******д 2,865,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч*******гийн өмгөөлөгч Б.Уянга шүүх хуралдаанд “...Нийт 2,865,000 төгрөгийн хохирол байгаа. Энэ нь анхны 1,890,000 төгрөгийн зээл болон гар утасны лизинг ороогүй үнийн дүн байгаа. 2,865,000 төгрөгөөс 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөгүүдийг тус тус төлсөн байгаа. Одоо 365,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэх тайлбар, санал,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* шүүх хуралдаанд: “...Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Зээлийн хүүгээ нэхэмжилнэ. Одоогоор тооцоо гаргаагүй байна...” гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргав.
Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч*******д 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч*******д 2,865,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2,500,000 төгрөгийг нийт хохирол төлбөрөөс хасаж үлдэгдэл 365,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч*******д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөс хэтрүүлэхгүйгээр завсарлуулж болно гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Буянтогтох нар санал нэгтэйгээр гаргасан хохирол,төлбөрийг төлөхөөр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл завсарлага авах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******, ******* нар шүүхээс тогтоосон 365,000 төгрөгийн хохирол, хор уршгийн төлбөрийг тогтоосон хугацаандаа төлж барагдуулсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхнө төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд ргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 157 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 155 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 161 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд мөн адил тооцогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нарын байнга оршин сууж байгаа газар болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах бүсчлэлийг тогтоох” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгч ******* уурхайд ажил хийдэг учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал ажлаа хийж чадахгүй болно. 25 настай, эхнэртэй залуу хүн ажил хөдөлмөр хийж чадахгүй болвол амьдралд хүнд нөлөөтэй болно. Гэмт хэрэг үйлдсэн, түүнээс үүсэх үр дагаврыг шүүгдэгч нар сайн ойлгож байгаа. Ямар ч хэлбэрээр хүний өмчлөх эрхэд халдаж болохгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тиймээс шүүгдэгч *******ийн хувьд зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Шүүгдэгч *******ийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар хүртэл хугацаагаар оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөр төлсөн гэж хэлж байна. Дараагийн асуудлуудыг бүгдийг нь төлнө гэдгээ шүүгдэгч нар завсарлага авах үедээ илэрхийлсэн. Тэгэхээр шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч *******т зорчих эрх хязгаарлах ялыг 6 сар хүртэл хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “Хохирогч*******гийн хохирлын төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд” тус тус тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч *******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.
Иймд шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг хумьж шийдвэрлэх нь дээрх хуулийн зорилтод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч *******, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан тэдний оршин суух хаяг болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Баянмөнхийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч *******т 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан тэдгээрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд гарч явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2,865,000 /хоёр сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч*******д төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч*******гийн зээлийн хүүтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ