| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/04361/И |
| Дугаар | 182/ШШ2023/01514 |
| Огноо | 2023-05-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2023/01514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Т.Н- /регистрийн дугаар ФД69051208/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, М ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Н-,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Пагамсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Т.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-д ажиллаж байгаад 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, надад өндөр насны тэтгэвэрт гарах боломж олгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Пагамсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажилтан Т.Н-ийн 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрнө. Гэхдээ Нийгмийн даатгалын хэлтсээс ажилд томилсон нөхөн тушаалыг шаардсан. Уг тушаалд гарын үсэг зурах эрхтэй захирал Л.Төмөр нас барсан. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг шилжүүлэх гэхээр компанийн бүх данс хаагдсан бөгөөд нас барсан захирлын эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй. Надад төлөөлөх эрх олгогдоогүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтыг шүүхэд өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч М ХХК /регистрийн дугаар 2076292/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Лувсаннамжилийн Төмөрийн нас барсны лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тус компани нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч М ХХК нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Захирал Л.Төмөр нас барсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх гэхээр компанийн бүх данс хаагдсан. Нас барсан захирлын эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр, М ХХК /регистрийн дугаар 2076292/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Лувсаннамжилийн Төмөр нас барсны лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Т.Н- нь 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өндөр насны тэтгэвэрт гарах боломж олгохыг хүссэн гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа шүүх хуралдааны үед тодорхойлж байна.
8.Хариуцагч М ХХК нь ажилтан Т.Н-ийн 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч, харин зохигч нас барсан зохигчийн эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.
9.Тухайн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШТ2023/04416 дугаар тогтоолоор “...хариуцагч М ХХК татан буугдсан байдал байхгүй байна. М ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Б.Пагамсүрэн бүртгэгдсэн байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11.“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.в. хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ гэж заажээ. Захирал Л.Төмөр нас барсан боловч хуулийн этгээд татан буугдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа болохыг зохигч тайлбарлаж байх ба М ХХК-ийн эцсийн өмчлөгч, үр шим ашиг орлогыг хүртэж байгаа этгээд байх атал хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/04416 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
10. Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заажээ. Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх ба хуульд заасан дээрх үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй гэж үзэхээр байна.
11.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь Т.Н-ийн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх жирэмсний болон амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй байсан дээрх хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй болох нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагчийн тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
12.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул ажилтны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт жирэмсний болон амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй байсан 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгах үндэслэлтэй.
13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын дэвтэрт жирэмсний болон амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй байсан 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Т.Н-ийн нэхэмжлэлийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ