Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1100

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01067 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б, Л.Г нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 2 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Г.Т,

Хариуцагч: Т.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Даваахүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр суман дахь алтны уурхайд ажиллуулахаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Т.Бын экскаватор түрээслэх гэрээ хийж, 12 500 000 төгрөгийг Т.Бын дансанд хийсэн.

Түүнийг тээвэрлэх машины эзэн Л.Гыг Т.Б өөрөө олж ачуулсан. Тээврийн хөлс болох 3 500 000 төгрөгийг Л.Гын дансанд би хийсэн. Тухайн үед экскаваторыг ачиж явах замд осол гарч экскаватор эвдэлсэн. Л.Г надад 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх 2 900 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгнө гэж тохирсон ч өгөөгүй.

Т.Б, Л.Г гэх хүмүүсийн буруугаас болж миний ажил сар зогссон. Би Т.Бтай экскаватор түрээслэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг түрээслүүлэгчид өгсөн. Би энэ хоёр хүний буруугаас болж хохирсон тул үлдэх 2 900 000 төгрөгийг түрээслүүлэгч Т.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Тын нэхэмжилж байгаа 2 900 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Уг механизм нь миний өмчлөлийн зүйл биш, Б.Энхбаатарын өмчлөл хөрөнгө бөгөөд түүний экскаваторыг Г.Тт 12 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.

Миний данс руу хийсэн 12 500 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг Б.Энхбаатарын дансанд шилжүүлж, үлдэгдэл 2 500 000 төгрөгөөр уг механизмд сэлбэг хэрэгсэл авч тавьсан.

Механизмыг тээвэрлэх үед Л.Гын буруутай үйл ажиллагааны улмаас экскаватор унаж засвар хийх шаардлагатай болсон. Тухайн үед Л.Г бүх хохирлыг төлж барагдуулахаа зөвшөөрч, Л.Г Г.Ттай тохиролцож баталгаа бичгийг хийсэн байдаг.

Г.Т нь шүүхэд намайг хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй байхад хариуцагчаар татан оролцуулж байгаа нь хууль зөрчсөн, иймд би хариуцагч биш гэжээ.

 

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г 2018 оны 7 дугаар сард Т.Бын экскаваторыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сум руу 3 500 000 төгрөгөөр тээвэрлэж өгөхөөр тохирч, Г.Таас мөнгийг авсан.

Т.Б, Г.Т нар экскаваторыг 15 хоног түрээслэхээр 12 500 000 төгрөгийн гэрээ хийж Т.Б мөнгийг авсан. Л.Г болон түүний жолоо экскаваторыг тээвэрлэж явах үедээ Архангайн Хотонт сумын ойролцоо унагаасан бөгөөд экскаваторыг авчирч засварын зардлыг төлж дуусгасан.

Л.Г нь өөрт байсан техникээ ломбардад тавьж, Т.Б, Г.Т нарын хохирлыг барагдуулсан,  Г.Тт 10 000 000 төгрөг өгсөн.

Г.Т нь Л.Г нар гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ байгуулсан Т.Баас нэхэмжлэгч хэрэгтэй, Л.Г хариуцагч биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баас 2 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Гт холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч Г.Тын татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 61 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 61 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Тт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Т.Бад шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтээр, түүний эзгүй хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн” гэж дурдсан байдаг. Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ёстой.

Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зүйл байхгүй, удаа дараа зөвшөөрөхгүй гэж илэрхийлсээр байхад түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчид 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулснаас хойш огт хурлын тов мэдэгдсэн зүйл байхгүй, мөн шийдвэрт нэхэмжлэгч нь яагаад нэг хариуцагчаас татгалзсан байдлыг тусгаагүй.

Нэхэмжлэлийн шаардлага зөвхөн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой байх эсэх, өөр бусад гэм хорын хохирлын шаардлага байгаа эсэхийг тодруулаагүй.

Түрээсийн гэрээ, тээвэрлэлтийн гэрээ, тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учирсан эсэх талаар тодруулах ёстой байсан.

Тиймдээ ч Л.Г нь манай жолоочийн буруутай үйлээс болж уг осол гарсан, би хүмүүсийн хохирлыг төлж барагдуулна гэж Г.Ттай гэрээ хийж 10 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 2 900 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгнө гэж тохиролцоо хийсэн байгаа.

н.Энхбаатар болон бусад гэрчийг асуулгах хүсэлтийг шүүхэд удаа гаргасан байхад шүүх хүсэлтийг хангасан хэдий ч биелэгдээгүй.

Гэрч Т.Сугирын “Г.Т нь манай экскаваторыг Архангай аймгийн Цэнхэр сум руу түрээсэлж авч явсан. Л.Г нь тээвэрлэгч бөгөөд 2018 оны 07 дугаар сард ачиж явсан, шавар дээр халтирч экскаватор хоёулаа осолдсон” гэх мэдүүлгээс харахад Т.Бын Г.Ттай экскаваторын түрээсийн гэрээг байгуулж Улаанбаатар хотод хүлээлгэн өгснөөр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Би 2 900 000 төгрөгийг хариуцах үүрэггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Т.Б, Л.Г нарт холбогдуулан гэрээний үүрэгт 2 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Т.Баас 2 900 000 төгөргийг шаардах үндэслэлээ түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбарласан бол хариуцагч Т.Б нь Г.Ттай түрээсийн гэрээг байгуулсан боловч экскаватор өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө биш, экскаваторыг тээвэрлэхтэй холбоотой гарсан хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.

Хариуцагч Т.Б тайлбар, татгалзлалаа нотлохоор экскаваторын өмчлөгч Б.Энхбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2019/00747 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ёстой.

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Л.Гаас татгалзаж, байгаагаа 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан ба энэ тохиолдолд  түүний үр дагаврыг нэхэмжлэгчид тайлбарлан өгөх ажиллагааг шүүхээс хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

Хариуцагч Т.Бын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулснаас хойш огт хурлын тов мэдэгдээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байхаас гадна тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг өөрөө лавлах үүрэгтэй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2019/04762 тоот захирамжийн удиртгал хэсэгт, өөр хэргийн оролцогчийн /нэхэмжлэгч В.Чанцалдулам, хариуцагч Ш.Жаргалмаа гэх/ мэдээллийг тусгасан нь буруу байгааг анхааруулав.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулах замаар алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА