| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2105005580931 |
| Дугаар | 2021/ДШМ/754 |
| Огноо | 2021-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2021/ДШМ/754
2021 8 17 2021/ДШМ/754
Н.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч С.Ж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1243 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч С.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2105005580931 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гадис овгийн .............., .... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр .............. төрсөн, .... настай, ....., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., .....................тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан яллагдагч Н.Н-д холбогдох эрүүгийн 2105005580931 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй яллагдагч Н.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж, яллагдагч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч С.Ж нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Ж нь Н.Н-д гомдолтой байгаа учир Өршөөлийн хуульд оруулахыг татгалзаж байна.
Өршөөлийн хуульд оруулахаас татгалзах шалтгаан нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш одоог хүртэл миний биед учруулсан хохирол болон биеийн байдлын талаар асууж өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, санаатайгаар алахыг завдаж хүн тавьдаг руу хүртэл авч явж байсан билээ. Миний сэтгэл санааны байдал болон толгой байнга өвдөж эм уудаг болсон. Тийм учраас хуулийн хүрээнд би энэ хүнд хариуцлага тооцож хохирлоо барагдуулахыг хүсэж байна. ” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын төлбөр гэх баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгч захирамждаа хохирогчийг хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Н.Н-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах явцад хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөлд үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Н-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, мөн хуулийн 5.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж уг хуулийг хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хэргийн 75 дугаар талд яллагдагч Н.Н нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Н.Нийн хохирогч С.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрджээ.
Харин хохирогчийн гомдол саналтай гэснийг харгалзаж Өршөөлийн хуульд хамруулах эсэхийг шийдвэрлэхгүй бөгөөд гагцхүү хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөлийг хуулиар тогтоосон, үүний дагуу анхан шатны шүүх хохирогч С.Ж нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал болохгүй юм.
Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1243 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч С.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ