| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/1032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/937 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/937
2025 10 24 2025/ШЦТ/937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,
улсын яллагч Б.Мөнгөншагай /цахим/,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2411**** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны *** сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** хотхон *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Б-гийн Б /РД:**********/,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** тоот өөрийн гэртээ төрсөн хүү Б.Ч-г гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, хамар, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д заасан "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж", 2.8-д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хороо *** тоот өөрийн гэртээ төрсөн хүү Б.Ч-г гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, хамар, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д заасан "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж", 2.8-д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ийн “2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр гэртээ аав дүү нарын хамт амарч байгаад би аавтай ноцолдож тоглож байгаад аав гараараа хацар луу 1 удаа цохиод зүүн гуя руу гараараа 1-2 удаа цохиод тэгээд байж байсан чинь ээж эгч нар ирээд эгч эмээгийн руу явна гэхээр нь би дагаад эмээгийнд очсон” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, гэрч Б.У-ын “2024 оны 07 дугаар сарын 30-ний өглөө 08 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тэгээд орой 16 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ шууд орсон чинь манай том хүү Ч аав надтай ноцолдож байгаад намайг цохисон. Тэгээд дүү М өмөөрч над руу орилоод байсан гэхээр нь би Ч-д хандаж чи дүүтэйгээ битгий маргалдаад бай гэж хэлсэн чинь надад Ч миний дотор муухай оригоод байна гээд байхаар би юу идсэн гэж асуусан чинь аав надад шарсан өндөг өгсөн гээд хэлсэн. Тэгээд байж байсан чинь том охин Н гэрт ирээд эмээ рүүгээ явна гэсэн чинь Ч дагаад явна гээд явсан. Тэгээд орой ээ хадам ээж рүү залгаад Ч-г авч явж эмнэлэгт үзүүл гээд хэлсэн гэсэн. Тэгээд манай дүү О авч явж эмнэлэгт үзүүлээд хоолны хордлого болсон байна гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 24 ху/, гэрч Б.О-ын “2024 оны 07 сарын 30-ны орой 19-20 цагийн үед манай ахын эхнэр У гэх хүний ээж нь манай ээж болох Н рүү яриад Баасандагва, Уянга нар согтуу архи уучихсан байна, өдөр Чинзоригийг төрсөн эгч Н болон нагац ах М нар авч ирсэн гэж хэлсэн бөгөөд авч ирэхэд хүүхдээ зодоод нүдийг нь хөхрүүлсэн байна гэж хэлэхээр нь би У-ын ээжийнхээс очиж Ч-г аваад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би Ч-г зодуулах үед нь бол хамт байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 30 ху/, насанд хүрээгүй хохирогчийн биед баруун нүдний зовхи, хацар, хамар, гуянд, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн ЕГ0725/*** тоот дүгнэлт /хх 39-40 ху/, яллагдагч Б.Б-ын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Х нэртэй 0.75 гр архи уусан байсан учир тухайн үйл явдлыг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 103 ху/, шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж энэ төрлийн гэмтлийг гаргахгүй. Өөртөө дүгнэлт хийж байгаа, харамсаж байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс “Учирсан гэмтэл нь эдгэрсэн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 107 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА