Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/01297

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                    2023       04        25

                182/ШШ2023/01297

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: М.А

 

Хариуцагч: “НТ” ХХК

 

тээвэр хийсэн ажлын хөлс 34,821,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Булган,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Хатанбүүвэй,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А нь “НТ” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн 92-92 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Ажил үүргээр ханган ажиллуулах гэрээ”-ний дагуу нүүрс тээвэрлэж ажилласан. Энэхүү гэрээний дагуу ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сараас ажиллахаа больсон бөгөөд ийнхүү ажиллаж байхдаа компаниас түлш авч байгаагүй, бүх зардлыг хувиасаа гаргаж, зөвхөн компаниас суутгадаг замын төлбөр, суутгалыг төлдөг байсан. Одоо 2020 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд явсан 2 удаагийн тээврийн хөлсийг авч чадаагүй бөгөөд компаниас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлйн шаардлагаас хасч тооцсон болно. Тэрээр хийсэн тээврийн хөлсөө компаниас нэхэхээр хариуцагчийн зүгээс тооцоо бодож байна гэх мэт ямар нэгэн шалтгаан хэлдэг, ингэхдээ утсаа авахгүй, утсаа авахаараа тодорхой хариу өгөхгүй шалтаг, элдэв шалтгаан тоочиж, тооцоо нийлэхгүй байсаар шүүхэд хандсан. Хариуцагч компани өөрийнхөө суутгаж авах бүх ашиг, орлогыг бүгдийг нь ажлын хөлс гэж суутгаж авдаг бөгөөд харин бусдын ажлын хөлсийг нь өгөх болохоор маш хойрго ханддаг, энэ ч байдлаасаа болж нэхэмжлэгчийн ажлын хөлсийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлд нүүрс ачсан, буулгасан падааны зургийг хавсаргасан бөгөөд эх хувийг нь хариуцагч хурааж авдаг тул нэхэмжлэгчид байдаггүй. Буулгасан, тээвэрлэсэн нүүрсний тонн, жин, цаг хугацаанд хариуцагч маргахгүй гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 67,21 тонн нүүрс ачсан ба энэ нүүрсний өөрийн авах үнийг тонн тутмаас 60 юаниар бодсон. Ханшийг 380 төгрөгөөр бодож, замын 60,000 төгрөгийг хасахад М.Аын авбал зохих хөлс 1,473,300 төгрөг гэсэн тооцоо гаргасан. Иймд хариуцагч “НТ” ХХК-аас нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 01-02-ны өдөр явсан 2 удаагийн тээвэр хийсэн ажлын хөлс 2,970,540 төгрөг, 2021 оны 2-4 дүгээр сарын хооронд 19 удаагийн тээвэр хийсэн ажлын хөлс 36,850,616 төгрөг болж байгаа ба үүнээс 5,000,000 төгрөгийг хасаад 34,821,156 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 34,861,156 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнээс 11,836,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, 22,984,952 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө гэж байгаа. М.А нь 2020 онд нийт 80 удаагийн тээвэрлэлт хийж, уг тээвэрлэлтийн хөлс 166,528,355 төгрөгөөр бодогдсон. Үүнээс зохих суутгалд 32,280,958 төгрөгийг хасаад үлдэх дүн болох 134,257,370 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх байсан ч манай компаниас 137,017,440 төгрөгийг шилжүүлсэн буюу 2,760,070 төгрөгийг илүү төлсөн байна. Дээрхээс үзэхэд 2020 оны тээвэрлэлтийн хөлс бүрэн төлөгдсөн буюу шаардаж буй 2020 оны 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тээвэрлэлтийн хөлс 2,970,540 төгрөг нь үндэслэлгүй юм. М.А нь 2021 онд 19 удаагийн тээвэрлэлт хийсэн бөгөөд тээвэрлэлт тус бүрийн жин, тонн, тухайн өдрийн юаны ханшийн талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь төдийлөн зөрүүтэй тооцоо өгөөгүй боловч нэхэмжлэгч нь зам ашиглалтын төлбөрийг дутуу тооцсон, компанийн суутгал, хучлагын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг огт тооцолгүй нэхэмжлэснээс үүдэж талуудын хооронд зөрүү үүссэн байна. Тодруулбал 2021 оны 19 удаагийн тээвэрлэлтийн хөлс 43,938,280 төгрөг бодогдсоноос компанийн суутгал 2,746,143 төгрөг, зам ашигласны төлбөр 4,969,195 төгрөг, хучлагын төлбөрт 243,720 төгрөг, нүүрсний хорогдол 87,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын шимтгэл 5,147,200 төгрөг, нийт 13,193,258 төгрөг суутгагдаж, нэхэмжлэгчид олгох ажлын хөлс нь 30,745,022 төгрөг бодогдсон. Нэхэмжлэгчид олгох ажлын хөлс 30,745,022 төгрөгөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2020 оны илүү төлөлттэй 2,760,070 төгрөгийг хасч 22,984,952 төгрөг болж байгаа ба дээрх хөлсийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа  болно гэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Монгол банкнаас зарласан валютын ханшийн лавлагаа, ачилтын падаанууд, “Ажил үүргээр ханган ажиллуулах гэрээ”, дансны хуулга, хариуцагчаас ирүүлсэн “НТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нүүрсний падаанууд, 2020, 2021 оны тээврийн тооцоо тулгалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч “НТ” ХХК-д холбогдуулан тээвэр хийсэн ажлын хөлс 34,821,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            2. Хариуцагч “НТ” ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан тээвэрлэлтийн рейсийн тоо болон жингийн хэмжээ дээр маргаагүй ба харин төлбөр тооцооны суутгал дээр өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зам ашиглалтын төлбөрийг дутуу тооцсон, компанийн суутгал, хучлагын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг огт тооцолгүй нэхэмжилсэн байна гэж маргадаг ба 22,984,952 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

 

3. Нэхэмжлэгч М.А хариуцагч “НТ” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ажил үүргээр хангуулах” гэрээ байгуулж, өөрийн *** дугаарын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэн өгч хөлс аван 2022 оны 02 дугаар сар хүртэл ажилласан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хөлсөөр ажиллах гэрээ байна.

 

4.Нэхэмжлэгч 2020 онд 80 удаа, 2021 онд 19 удаагийн нүүрс тээвэр хийсэн бөгөөд 2020 оны сүүлийн 2 удаагийн тээвэр буюу 2020 оны 05 дугаар сарын 01-02-ны өдөр тээвэр хийсэн ажлын хөлс 2,970,540 төгрөг, 2021 онд хийсэн 19 удаагийн тээвэр хийсэн ажлын хөлс 36,850,616 төгрөг, нийт 39,821,156 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 34,821,156 төгрөгийг нэхэмжилжээ.

 

5. Хариуцагч “НТ” ХХК нь нэхэмжлэгчийн 2021 оны нүүрс тээврийн хөлсний тооцоог хийгээгүй байх бөгөөд 2020 оны нүүрс тээврийн хувьд, сүүлийн 2 нүүрс тээврийн тооцооноос бусад төлбөр тооцоо төлөгдсөн дээр талууд маргадаггүй. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар нүүрс тээвэрлэлтийн рейсийн тоо болон жингийн хэмжээ дээр маргаагүй.

 

6. 2020 оны нүүрс тээврийн ажлын хөлсийг хариуцагч нэхэмжлэгч рүү хэсэг хэсгээр 16 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байх бөгөөд тооцооны баримтаас харахад 15 гүйлгээний шилжүүлсэн дүн, шилжүүлбэл зохих хөлсний дүнтэй тохирч байна. Харин сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр хариуцагч нэхэмжлэгчид 25,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба шилжүүлбэл зохих дүн 19,938,100 төгрөг байна. 2020 оны 05 дугаар сарын 01-02-ны өдөр тээвэр хийсэн ажлын хөлс 2,970,540 төгрөг нь тухайн үед төлөгдсөн хөлсний дүнд ороогүй боловч сүүлийн гүйлгээ болох 25,000,000 төгрөгт тооцогдон орсон байхаар, улмаар хариуцагч нэхэмжлэгчид 2,091,360 /25,000,000-19,938,100-2,970,540/ төгрөг илүү төлсөн байдал харагдаж байна.

 

7.Нэхэмжлэгчийн 2021 оны нүүрс тээврийн тооцооны баримтаас харахад нэг тн нь 80 юанийн үнэтэйгээр нийт 43,938,280 төгрөгийн /1 юанийн ханш 428-430 төгрөг/ үнэтэй 1,285 тн нүүрс тээвэрлэжээ. Үүнээс

компанийн суутгалд 2,746,143 төгрөг,

зам ашигласны төлбөрт 4,969,195 төгрөг, хучлагын төлбөрт 243,720 төгрөг,

нүүрсний хорогдол 87,000 төгрөг,

нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар 5,147,200 төгрөг,

урьдчилж өгсөн 5,000,000 төгрөгийг тус тус ажлын хөлснөөс суутгаж, хариуцагч нэхэмжлэгчид олгох мөнгийг 25,745,023 төгрөг гэж хариуцагч тооцоолсон байна.

 

8.Нэхэмжлэгчийн хувьд компанийн суутгал, зам ашигласны төлбөр, урьдчилгаа төлбөрийг хөлснөөс суутгахыг зөвшөөрдөг, суутгалын бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Тээврийн нүүрсийг хучлагагүй гаргахгүй болсноос нүүрсийг хучиж хучлаганы зардал гардаг болсон гэж хариуцагч тайлбарладаг ба 243,720 төгрөгийг хөлснөөс суутган тооцох, харин нүүрсний хорогдол 87,000 төгрөгийг яаж тооцсон нь ойлгомжгүй тул суутгалаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д Хөлсөөр ажиллагч нь нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлнө. Нийгмийн даатгалын шимтгэлийг Эрдэнэс таван толгойн уурхайгаас Цагаан хадны чиглэлийн нүүрс тээврийн хөлсөөр ажиллагч 800,000 төгрөгөөр, Хил хоорондын нүүрс тээврийн хөлсөөр ажиллагч жолооч нар 1,000,000 төгрөгөөр төлнө гэж заажээ. Нэхэмжлэгч болох хөлсөөр ажиллагчийн 2020 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн нь лавлагаагаар тогтоогдож байх ба дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт хариуцагчийн төлсөн 5,147,200 төгрөгийг нэхэмжлэгчийн ажлын хөлснөөс суутган тооцож буйг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

 

9. Хариуцагчийн нэхэмжлэгчид 2021 оны ажлын хөлсөд төлөх ёстой 43,938,280 төгрөгөөс компанийн суутгалын 2,746,143 төгрөг, зам ашигласны төлбөрийн 4,969,195 төгрөг, хучлагын төлбөрийн 243,720 төгрөг, хөлсөөр ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын 5,147,200 төгрөг, урьдчилж өгсөн 5,000,000 төгрөгийг тус тус хасахад 25,832,022 төгрөг болж байна. Үүнээс 2020 оны ажлын хөлсөнд илүү төлсөн 2,091,360 төгрөгийг хасаж тооцон, 23,740,662 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “НТ” ХХК-аас 23,740,662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ат олгож, нэхэмжлэгчийн 11,080,494 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НТ” ХХК-аас 192,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ат олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД