| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/03997/И |
| Дугаар | 182/ШШ2023/01518 |
| Огноо | 2023-05-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2023/01518
2023 05 17 182/ШШ2023/01518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ч нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЗДТГ,
Хариуцагч: СЗД тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ЗД нарын хууль бус захирамжуудын улмаас учирсан хохиролд нийт 778,947,817 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ч,
Нэхэмжлэгч Б.Ч-н төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Ц.Н,
Хариуцагч СЗД, СБДЗТГ төлөөлөгч Г.З, Н.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З,
Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгч Б.Э, хариуцагч НЗД-н төлөөлөгч Ц.Н нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Ч нь СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38 тоотод байрлах, 500 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газрыг СД-н Засаг даргын 2011.06.22-ны өдрийн 213 тоот захирамжийн үндсэн дээр, 2011.08.08-ны өдрийн 354940 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр, Б.Ч нь СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38а тоотод байрлах, 324 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газрыг СД-н Засаг даргын 2011.06.22-ны өдрийн 212 дугаартай захирамжийн үндсэн дээр 2011.08.08-ны өдрийн 354946 газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус эзэмшиж байсан юм. Гэтэл СЗД нь 2013.07.03-ны өдөр 261 дугаартай захирамж гаргаж Б.Ч, Б.Ч нарт газар эзэмших эрх олгосон тухай 2011.06.22-ны өдрийн 243 дугаартай захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон. Улмаар СЗД 2013.12.02-ны өдөр 473 дугаартай захирамж гаргаж иргэн Б.Хд 700 м.кв газрыг, түүний эхнэр Ж.От 129 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамж гаргахдаа өөрийн урьд гаргасан буюу 2013.07.03-ны өдрийн 261 дугаартай захирамжийг үндэслэж илтэд нэг талд үйлчилсэн. Мөн НЗД 2014.04.14-ний өдрийн А/286 дугаартай захирамжаар иргэн Б.Хд бүртгэгдсэн 700 м.кв газрыг, түүний эхнэр Ж.Оийн нэр дээр бүртгэгдсэн 129 м.кв газрыг тус тус эзэмших эрхийг өмчлөх эрх болгон өөрчилж шийдвэрлэсэн. Ийнхүү СД-н Засаг даргын тамгын газар 2014.12.31-ний өдөр Б.Х, Ж.О нартай “Нөхөх олговортойгоор иргэний газар эргүүлэн авах тухай” гэрээ байгуулж цаашлаад СД-н Засаг даргын 2015.02.13-ны өдрийн А/32 дугаартай “Нөхөх олговортойгоор газар эргүүлэн авах тухай” захирамж гарган газрыг төрд буцаан авсан.
Уг асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Б.Ч, Б.Ч нарын нэхэмжлэлтэй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон СД-н Засаг даргын захирамжууд, мөн НЗД-ын өмчлөх эрхийг Б.Х, Ж.О нарт олгосон захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай маргаан олон жил захиргааны хэргийн шат шатны шүүхээр хянагдаж сая буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15-ны өдрийн 91 дугаартай шүүхийн шийдвэр гарч тэрхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болоод байна. Тус шийдвэрээр дээр дурдсан СД-н Засаг даргын 2013.07.03-ны өдөр 261 дугаартай захирамж, 2013.12.02-ны өдөр 473 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014.04.14-ний өдрийн А/286 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нар нөхөх олговор болон учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан.
Нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэлтэй байсан СД-н ** дүгээр хороо, Рашаант ** дугаар гудамжны 38 тоотод байрлах 500 м.кв газар, 38а тоотод байрлах 324 м.кв газрын зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ, төслийн “Л” ХХК гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Чийн нэр дээр байсан 500 м.кв газрыг 472,662,455.91 төгрөгөөр, нэхэмжлэгч Б.Ч-н нэр дээр байсан 324 м.кв газрыг 306,285,362.3 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоогоод байна. Өөрөөр бид газартайгаа байсан бол бусдад зарж орлого олж болох байсан, нөгөө талаар хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас газар үгүй болж эд хөрөнгийн алдагдалд орсон. Энэхүү газрууд нь дахин төлөвлөлтөд орсон, барилгажих боломжтой талбай бөгөөд өнөөдрийн байдлаар эргэн тойрны бүх газарт нь орон сууцны хотхон боссон байна. Иймд хариуцагч ЗД нараас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 498 дугар зүйлийн 498.2-т зааснаар нийт 778,947,817 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин хариуцагч ЗД нарын Тамгын газруудад холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тамгын газрууд нь Засаг даргыг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй оролцдог бүтцийн нэгж байна. Иймд хариуцагч ЗД нарт холбогдох нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Засаг даргын тамгын газар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан газрын гэрээ, гэрчилгээг үндэслэн НЗД нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар 2014 оны А-286 дугаар захирамжийг гаргасан. Тухайн захирамжийг гаргаж байх үед Б.Х, Ж.О нарын газрын гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас НЗД хууль зөрчөөгүй юм. Гэсэн хэдий ч маргаан бүхий А-286 дугаар захирамж нь Захиргааны хэргийн шүүхийн 2022.02.15-ны өдрийн 0091 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон байгаа. Мөн эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасны дагуу СД-н Засаг даргын Тамгын газрын дарга 2014 онд Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах 362,364 дугаар гэрээг иргэн Б.Хтэй байгуулан 162,846,803 төгрөгийн нөхөн олговор олгосон байна. НЗД нь СД-н ** дүгээр хороо Рашааны ** дугаар гудамж 38 тоот газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээний хүрээнд нөхөх олговортойгоор эргүүлэн авах ажлыг СЗД хэрэгжүүлсэн бөгөөд төрийн захиргааны байгууллага дахин нөхөн олговор олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч СЗД болон Засаг даргын тамгын газар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрүүдээр захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоосон ч гэсэн тухайн газрын эзэмшигч нь өнөөдрийн байдлаар өөр иргэн байгаа бөгөөд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт, шүүхийн шийдвэр одоогоор байхгүй. Нэхэмжлэгч нарын хохирол нэхэмжилсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайлангаас харахад 3 газрыг хооронд нь харьцуулсан байх бөгөөд нэг газар нь иргэнд өмчлүүлсэн газар, нөгөө газар нь барилгажих байршилд орсон барилгажих боломжтой барилгын А даалгавар гарсан газар байгаа. Нэг газар нь эзэмших, өмчлөх нь тодорхойгүй харагдаж байгаа. Тэгэхээр эзэмших газар, өмчлөх газрын зах зээлийн үнэлгээ гэдэг зүйл өөр байгаа юм.
Хуульд зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна. Тухайн хоёр иргэний газар бол газар эзэмших эрхтэй, эзэмших газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно гэж Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан байгаа. Энэ тогтоолын дагуу маргаан бүхий газрын 2011 оны байсан газрын үнэлгээ бол Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 тогтоолоор үнэлэхэд газрын үнэлгээний нэгдүгээр бүсэд хамаарч байсан байна. 2011 онд газрын суурь үнэлгээний м.кв нь 44,000 төгрөг, иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгдүгээр бүсийн айлууд бол Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар нэг м.кв газрын үнэ 15,840 төгрөгөөр үнэлэгдэж байсан байна. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоолоор бол Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолоор дээрх иргэдийн хоёр газар нь хоёрдугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарч байна. Ингээд хоёрдугаар зэрэглэлийн бүсчлэлд иргэний ахуйн зориулалттай дуудлага худалдааны анхны үнийг бодоход Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу нэг м.кв-ын үнэ 68,760 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар барилгажих талбайд хамаарахгүй байгаа юм. Тийм учраас Л ХХК-ийн үнэлгээ үндэслэлгүй, харьцуулсан 3 газрын нэг нь өмчлөх эрхтэй газар, нөгөө нь барилгажих газар, үлдсэн нь эзэмшил, өмчлөл нь тодорхойгүй газар байхад зах зээлийн ханшаар үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй байна. Харин 2011 оны газрын суурь үнэлгээг үндэслэн хохирлыг тооцох боломжтой учраас нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгч тал иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15‑ны өдрийн 0091 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.25‑ны өдрийн 919 дүгээр шүүгчийн захирамж, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК‑ийн 2022 оны үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.
5.Тус шүүхийн 2023.03.24‑ний өдрийн 93 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Нэхэмжлэгч нарын 2022.05.30‑ны өдрийн СД-н иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, СД-н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07‑ны өдрийн 7908 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, СД-н Засаг даргын 2015.02.11‑ний өдрийн А/52 тоот захирамж, СД-н Засаг даргын тамгын газрын даргын 2015.02.13‑ны өдрийн А/32 тоот тушаал, 2014.12.21‑ний өдрийн иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015.02.10‑ны өдрийн 260 дугаар тушаал, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, Орон сууцны бодлогын газрын 2023.04.11‑ний өдрийн 01/297 тоот албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2023.04.21‑ний өдрийн 01-06/1636 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.05.08‑ны өдрийн 10/990 тоот албан бичиг, хавсралт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
6.Хариуцагч талууд шүүхэд ямар нэгэн бичгийн баримтууд ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нь хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НЗДТГ, СЗД, СД-н Засаг даргын тамгын газарт тус тус холбогдуулж ЗД нарын хууль бус захирамжуудын улмаас учирсан хохиролд нэхэмжлэгч Б.Ч 472,662,455 төгрөг, нэхэмжлэгч Б.Ч 306,285,362 төгрөг, нийт 778,947,817 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЗД нарын тамгын газруудыг “...Засаг даргыг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй оролцдог бүтцийн нэгж байна...” гэсэн үндэслэлээр хариуцагч НЗДТГ болон СД-н Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болно.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нар дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бидний эзэмшиж байсан СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38 тоотод байрлах, 500 м.кв, 38а тоотод байрлах, 324 м.кв талбай бүхий газруудын эзэмших эрхийг СД-н Засаг даргын 2011 оны 243 дугаартай захирамжаар хүчингүй болгож, 2013 оны 473 дугаартай захирамжаар иргэн Б.Хд 700 м.кв, түүний эхнэр Ж.От 129 м.кв газрыг тус тус эзэмшүүлж илтэд нэг талд үйлчилсэн, улмаар НЗД нь 2014 оны А/286 дугаартай захирамжаар иргэн Б.Хд бүртгэгдсэн 700 м.кв газар, Ж.Оийн нэр дээр бүртгэгдсэн 129 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өмчлөх эрх болгон өөрчилж шат шатандаа хууль бус шийдвэр гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч нар газаргүй болсон бөгөөд ЗД нарын дурдсан захирамжууд хууль бус болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 91 дугаартай шийдвэрээр тогтоосон, иймд бид газрын эзэмших эрхээ зах зээлийн ханшаар үнэлүүлсэн ба, хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч НЗД нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа ЗД тухайн үед 2014 оны А/286 дугаартай захирамжаар иргэн Б.Хд бүртгэгдсэн 700 м.кв газар, түүний эхнэр Ж.Оийн нэр дээр бүртгэгдсэн 129 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өмчлөх эрх болгон өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд энэ үед СД-н Засаг даргын захирамж хүчинтэй, хууль бус байгаагүй, тиймээс бид хохирол хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж,
Хариуцагч СЗД нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр ЗД нарын захирамжийг хууль бус болохыг нэгэнт тогтоосон учраас 2011 оны газрын суурь үнэлгээг үндэслэн хохирол төлөх боломжтой, Л ХХК‑ийн үнэлгээгээр хохирлын хэмжээ их байна, харьцуулсан 3 газрын нэг нь өмчлөх эрхтэй газар, нөгөө нь барилгажих газар, үлдсэн нь эзэмшил, өмчлөл нь тодорхойгүй газар байхад зах зээлийн ханшаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус марган мэтгэлцсэн.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15‑ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
СД-н Засаг даргын 2013.07.03-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсэг, СД-н Засаг даргын 2013.12.02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014.04.14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож,
Б.Ч, Б.Ч нараас СЗД, НЗД нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 192,857,143 төгрөг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба,
гуравдагч этгээд Б.Х уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.25-ны өдрийн 919 дүгээр шүүгчийн захирамжаар “...гуравдагч этгээд Б.Х 2022.04.25-ны өдөр давж заалдах гомдлоосоо татгалзсан...” үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүйд тооцсоноор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15‑ны өдрийн 91 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмшүүлэх захирамжаа хүчингүй болгох үндэслэл тусдаа зохицуулалттай, ...СД-н Засаг даргын 2011.06.22‑ны өдрийн 212, 213 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч нарт тус тус газар эзэмшүүлсэн байхад маргаан бүхий 2013 оны 08 дугаар сарын 261 дүгээр захирамжаар 2011.06.22‑ны өдрийн 243 дугаар захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлүүдэд хамаарахгүй, ...ЗД хууль зөрчсөн гэх шийдвэрээ хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байх тул СД-н Засаг даргын 2013.07.08‑ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв...
СД-н Засаг даргын 2013.07.08‑ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт эзэмшүүлсэн гэх захирамжаа хүчингүй болгосны дараа гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн СД-н Засаг даргын 2013.12.02‑ны өдрийн 473 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2014.04.14‑ний өдрийн А/286 тоот захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг мөн хууль бус байна. ... Учир нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдсон тул гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1‑т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаагүй ...
Иймд СД-н Засаг даргын 2013.12.02‑ны өдрийн 473 дугаар болон Нийслэлийн Засаг даргын 2014.04.14‑ний өдрийн А/286 тоот захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ...газар эзэмших эрх нэхэмжлэгч нарт хадгалагдаж байсан гэж үзвэл газрын үнэлгээг хэрхэн хийх нь газар эзэмшигч, өмчлөгчөөс хамаарахаар байна, ...нэхэмжлэгч нар нөхөх олговор болон учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...” талаар тус тус дүгнэжээ.
Түүнчлэн СД-н Засаг даргын 2015.02.11-ний өдрийн А/52 тоот захирамжаар 2014 оны 362, 363 дугаар гэрээг үндэслэн Б.Х, Ч.Мөнх-Очир нарт газрын нөхөн олговорт шаардагдах 192,857,143 төгрөгийг тус дүүргийн Засаг даргын тамгын газраас санхүүжүүлэхийг даалгасан СД-н Засаг даргын тамгын газрын даргын 2015.02.13-ны өдрийн А/32 дугаар тушаал болон 2015.02.16-ны өдрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтээр Ч.Мөнх-Очирт 12,004,136 төгрөг, Б.Хд 65,138,721 төгрөгийг СД-н Засаг даргын тамгын газраас тус тус олгосон байна.
4.Өөрөөр хэлбэл, зохигчдын маргааны зүйл болсон, нэхэмжлэгч Б.Чийн эзэмшлийн СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38 тоотод байрлах, 500 м.кв газар, нэхэмжлэгч Б.Ч-н эзэмшлийн мөн хаягт байрлах 38а тоот, 324 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, Б.Х, Ж.О нарт эзэмших эрх олгосон, газрыг нөхөн төлбөртэйгөөр буцаан авсан, нөхөн төлбөр олгосон, Б.Х, Ж.О нарт газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн зэрэг үйлдэл, СД-н Засаг даргын 2013.07.03-ны өдрийн 261, 2013.12.02-ны өдрийн 473, Нийслэлийн Засаг даргын 2014.04.14-ний өдрийн А/286 дугаар захирамжууд хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх талаарх үйл баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэж, хариуцагч ЗД нарын гаргасан захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар эдгээр үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй юм.
Тодруулбал, СД-н Засаг даргын 2013.07.03-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсэг, СД-н Засаг даргын 2013.12.02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014.04.14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг тус тус хууль бус байсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.15‑ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул хариуцагч ЗД нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй, харин хариуцагч ЗД нарын дээр дурдсан захирамжууд хууль бус байсны улмаас нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарт учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
5.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна”, 102 дугаар зүйлийн 102.2-т “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нь өөрт учирсан хохирлыг тухайн үедээ нэхэмжилсэн байх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзжээ.
Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар иргэний журмаар хохирлоо шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нь “...бид газартайгаа байсан бол бусдад зарж орлого олж болох байсан, нөгөө талаар хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас газар үгүй болж бид эд хөрөнгийн алдагдал хүлээсэн, энэхүү газрууд нь дахин төлөвлөлтөд орсон, барилгажих боломжтой байсан, өнөөдрийн байдлаар эргэн тойрны бүх газарт нь орон сууцны хотхон боссон байгаа...” гэж тайлбарлан өөрт учирсан хохирол болох нийт 778,947,817 төгрөгийг хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК‑ийн 2022 оны үнэлгээний тайлангуудыг үндэслэн шаардсан.
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК‑ийн 2022.05.20‑ны өдрийн тайлангуудаар үнэлгээний харьцуулсан арга болон зах зээлийн аргыг үндэслэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн сэргээх өртгийн зах зээлийн үнэ тогтоох зориулалтаар, нэхэмжлэгч Ч.Ч-н эзэмшилд байсан СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38а тоотод байрлах 324 м.кв газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнийг 2022.05.23‑ны өдрийн байдлаар 306,285,362 төгрөг гэж,
нэхэмжлэгч Б.Чийн эзэмшилд байсан СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38 тоотод байрлах 500 м.кв газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнийг 2022.05.23‑ны өдрийн байдлаар 472,662,455 төгрөг гэж тус тус тогтоожээ.
Харин Орон сууцны бодлогын газрын 2023.04.11‑ний өдрийн 01/297 тоот албан бичигт “...СД-н 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” баталж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 07/29 дүгээр тогтоолын дагуу орон сууцны VII хороолол буюу СД-н 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх байршлаар тогтоосон...” гэж,
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.05.08‑ны өдрийн 10/990 тоот албан бичиг, хавсралтаар “...СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38а тоотод байрлах газарт барилга барих хүсэлт албан ёсоор ирүүлээгүй, уг байршил нь 56б, 55, 39 тоот хаягийн дугаартай газруудад батлагдсан барилгажих талбайд хамаарахгүй болно...” гэдийг дурдсан байна.
7.Дээрх албан бичгүүд, хавсралт болох зураг, нэхэмжлэгч нарын тайлбараас үзвэл, зохигчдын маргаан зүйл болсон нэхэмжлэгч Б.Ч-н эзэмшилд байсан СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38а тоотод байрлах, 324 м.кв газар, нэхэмжлэгч Б.Чийн эзэмшилд байсан СД-н ** дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны 38 тоотод байрлах 500 м.кв газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх байршлаар тогтоогдсон, уг байршил нь 56б, 55, 39 тоот хаягийн дугаартай газруудад батлагдсан барилгажих талбайтай зэргэлдээ оршиж байгаа, хэрэв барилга барих хүсэлтийг албан ёсоор эрх бүхий байгууллагад гаргавал барилгажих талбайд хамрагдах боломжтой газрууд байсан болох нь нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарын эзэмшилд байсан, маргааны зүйл болсон 38 болон 38а тоотод байрлах газрыг хариуцагч СЗД хууль бусаар захирамж гарган хүчингүй болгож, гуравдагч этгээд Б.Х нарт эзэмших эрхийг олгож, тэднээс газрыг нөхөн төлбөртэйгээр буцаан авч, үүний үндсэн дээр НЗД тэдэнд газрын эзэмших эрхийг өмчлөх эрх болгосон үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар газраа буцаан авах бодит боломжгүй болж хохирсон, энэхүү газар нэхэмжлэгч нарт байсан бол бусдад худалдаж орлого олох боломжтой байсан, нөгөө талаар газрууд нь үгүй болсноор нэхэмжлэгч нар эд хөрөнгийн алдагдал хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3‑т заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарна.
Тодруулбал, дээр дурдсан хохирол бий болоход хариуцагч ЗД нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3‑т зааснаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй, тэдний гаргасан 261, 473, А/286 тоот захирамжууд хууль бус байсны улмаас нэхэмжлэгч нар газаргүй болж, уг газруудын эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон нийт 778,947,817 төгрөгөөр хохирсон, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар уг хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2‑т зааснаар хариуцагч ЗД нараас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч ЗД нар хохирлыг нэхэмжлэгч нарт хариуцан төлөх үүрэгтэй болно.
8.Хэдийгээр хариуцагч СЗД нь Газар зохион байгуулалтын албаны 2023.04.21-ний өдрийн 01-06/1636 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг 2011 оны газрын суурь үнэлгээгээр тооцон төлөх боломжтой гэж тайлбарласан бөгөөд уг албан бичигт “...маргаан бүхий газрын 2011 онд байсан үнэлгээ нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор газрын үнэлгээний 1 дүгээр зэрэглэл /бүс/-д хамаарч байсан. 2011 онд газрын суурь үнэлгээ 1 м.кв нь 44,000 төгрөг, Иргэний гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалтаар 1 дүгээр зэрэглэл /бүс/-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар 15,840 төгрөг байсан болно...” гэжээ.
Уг албан бичгийн дагуу 2011 оны газрын суурь үнэлгээгээр хохирлыг тооцох хууль зүйн боломжгүй бөгөөд хариуцагч нарын гаргасан “.... НЗД нь 2014 оны А/286 дугаартай захирамжаар иргэн Б.Хд бүртгэгдсэн 700 м.кв газрыг, түүний эхнэр Ж.Оийн нэр дээр бүртгэгдсэн 129 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өмчлөх эрх болгон өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд энэ үед СД-н Засаг даргын захирамж хүчинтэй, хууль бус байгаагүй, ...2011 оны газрын суурь үнэлгээг үндэслэн хохирол төлөх боломжтой, Л ХХК‑ийн үнэлгээгээр хохирлын хэмжээ их байна, харьцуулсан 3 газрын нэг нь өмчлөх эрхтэй газар, нөгөө нь барилгажих газар, үлдсэн нь эзэмшил, өмчлөл нь тодорхойгүй газар байхад зах зээлийн ханшаар үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1‑д зааснаар хариуцагч нар нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК‑ийн үнэлгээний тайланг няцаасан, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, СЗД нараас 472,662,455 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чэд, 306,285,362 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чад тус тус олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч НЗДТГ, СД-н Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5‑д зааснаар нэхэмжлэгч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
9.Нэхэмжлэгч Б.Ч нь 2022.05.30-ны өдөр СЗД, Б.Х нарт холбогдуулан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 24,403,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг СД-н иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.05.31-ний өдөр хүлээн авч, 2022.06.07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагч СД-н Засаг даргын 2013 оны 261 дүгээр захирамжтай холбоотойгоор Б.Ч-н эзэмшлийн газар дээр баригдаж байсан барилгыг иргэн Б.Х нураасантай холбоотой эд хөрөнгийн хохирол шаардсан маргаан нь энэ маргаанд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлд хамааралгүй, тусад нь шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
10.Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,210,638 /2,521,262 төг + 1,689,376 төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, СЗДас 2,521,262 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чэд, 1,689,376 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чад тус тус олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, СЗД нараас 472,662,455 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чэд, 306,285,362 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чад тус тус олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5‑д зааснаар нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нь хариуцагч НЗДТГ, СД-н Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.д-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,210,638 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, СЗДас 2,521,262 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чэд, 1,689,376 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Чад тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Х.ДАШДЭЧМАА