Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2023/0006/З |
Дугаар | 110/ШШ2023/0018 |
Огноо | 2023-03-31 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 110/ШШ2023/0018
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Д
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Х.М нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Сагсай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Күнсулу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Х.Д нь Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, “иргэн Х.М зөвшөөрөлгүй барьсан хашаа хороо байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Желди хавирга” гэх газраас албадан нүүлгэж, хууль бус эзэмшсэн газрыг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.М тухайн газарт барьсан хашаа, хороо байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах“-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Х.М эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт хашаа, хороо, байшин барьсан үндэслэлээр албадан нүүлгэх тухай шийдвэр гаргахыг хүсэж Сагсай сумын Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан, удаа дараа биечлэн хандсан байх боловч эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг нь шийдвэрлээгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1. Миний бие Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хар уул” гэх газрыг 2009 оноос эхэлж хууль ёсоор эзэмшиж өвөлжөө, хаваржааны зориулалтаар бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, тухайн бүс нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа билээ. Миний хувьд мал аж ахуй эрхэлж амьжиргааны эх үүсвэр болгох амьдрах бөгөөд тус аймагт зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжтой учир жилийн дөрвөн улирал малыг бэлчээрийн аргаар малладаг юм. Тийм учраас малын бэлчээрийн бүс нутаг бол бидний амин чухал үйлдвэрийн хэрэгсэл юм.
3.2. Х.М нь миний эзэмшилд байгаа өвөлжөө, хаваржааны эзэмшил газрын зэргэлдээ бэлчээрийн нутаг дэвсгэр дур мэдэн хашаа хороо барьж, одоогоор өвөлжиж байна. Х.М тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхдээ сумын Засаг дарга хууль зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүй, хууль бус шийдвэр гаргасныг өөрөө зөвшөөрч, Сагсай сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/143 дугаартай захирамжаар хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байдаг.
3.3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй байж Х.М Сагсай сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай А/16 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байсан юм. Гэвч тухайн хууль зөрчиж гарсан Сагсай сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай А/16 дугаартай захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг зөрчсөн учир Сагсай сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/143 дугаартай захирамжаар хүчингүй болгосон учир Х.Мтухайн газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар дуусгавар болсон байна.
3.4. Х.М нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар газрыг сайн дураар чөлөөлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлэхгүй байж, тухайн газрыг бэлчээрийн зориулалтаар эзэмшиж байгаа нь малчид ард бидний эрх ашгийг хөндөж байгаа учир Газрын тухай хуулийн 41 дүгээр 41.4, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Засаг дарга албадан нүүлгэх шийдвэр гаргах ёстой юм.
3.5. Миний бие Сагсай сумын Засаг даргад хандаж, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт зааснаар Х.М хашаа хороо, үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх, өөрийн бэлчээр ашиглахад саад болж буй үйлдлийг арилгах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл, гомдол гаргасан 2022 оны 12 дугаар сард мөн хэд хэдэн удаа биеэр очиж Засаг даргад шаардлага тавьсан боловч, огт хариу өгөхгүй, энэ маргааныг шийдвэрлэж өгөхгүй байна.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хасаг, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.М хууль бус барьсан хашаа, хороо, байшинг албадан нүүлгэх шийдвэр гаргахгүй байгаа Сагсай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.М хууль бус барьсан хашаа, хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Сагсай сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэгч тухайн үед Засаг даргын захирамжаар Х.М газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, албадан нүүлгэх тухай асуудлыг Засаг даргад хөндөж тавьсан боловч энэ тухай шийдвэр гаргаагүй. Тийм учраас шүүхэд албадан нүүлгэхийг даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ хооронд Засаг дарга Х.М газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгосон захирамжийг дахин хүчингүй болгосноор Х.М газар эзэмшсэн эрх нь нээгдсэн байна. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэл гаргаснаас хойш болсон явдал.
4.2. Гэтэл хариуцагчаар татагдсан одоогийн Засаг дарга К.Б нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай тайлбар гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” зааснаар шийдвэрлэх боломжтой хэдий ч гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа учраас хариуцагчийн тайлбараар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
5. Хариуцагч Сагсай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
5.1. Иргэн Х.Д нэхэмжлэлд дурдагдсан “Желди хаварга” гэх газраас иргэн Х.М өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг сумын Засаг даргын 2022 оны захирамж хүчингүй болгох тухай А/143 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч тус захирамжийг хянасан мэргэжлийн байгууллага аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс өгсөн чиглэл болон сумын газрын даамал дахь материалыг үндэслэн тус газар нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байсан тул сумын Засаг даргын 2023 оны А/02 дугаар захирамжаар 2022 оны А/143 дугаар захирамжийг хүчингүй болгож 3 дугаар багийн иргэн Х.М “Желди хаварга” гэх газраас 700 м.кв газрыг эзэмших эрхийг сэргээж гэрээ, гэрчилгээ олгосон.
Тухайн Х.М хаваржаа, өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Х.Д өвөлжөө, хаваржаанаас 1 км зайд оршдог гэжээ.
6. Хариуцагч Сагсай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газар орсон. Засаг даргын шийдвэрээр тус газрыг Х.М эзэмшүүлсэн. Миний хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.Д өвөлжөөний газраас маргаан бүхий газар нь 1км зайтай учир хууль бус гэж үзэхгүй байна гэв.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар:
7.1. Х.М нь Сагсай сумын 3 дугаар багт оршин суудаг, олон жилийн турш мал аж ахуй эрхэлж байгаа учраас Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хар уулын орчим буюу “Желди хаварга” гэх газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хүсэж, Сагсай сумын Засаг даргад хүсэлт гаргасан.
7.2. Сагсай сумын Засаг даргаас Х.М хүсэлтийг судалж үзээд, Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн буюу 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олгохоор тусгасан байсан тул сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/16 дугаар захирамжаар Х.М Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.4-т зааснаар газар эзэмшүүлсэн байна. Энэ үед иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон гэрээ байгуулсан юм.
7.3. Гэтэл Сагсай сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжаар иргэн Х.М эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч иргэн Х.М Сагсай сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар тус аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар тус аймгийн Засаг даргаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-01/1673 тоотоор Сагсай сумын Засаг даргад маргаан бүхий захирамжийг хүчингүй болгохыг үүрэг болгожээ. Ингээд Сагсай сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон. Иймээс гуравдагч этгээд маргаан бүхий гэх газрыг Газрын тухай хуулийн дагуу хууль ёсны эзэмшилдээ авсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Х.Д Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Х.М зөвшөөрөлгүй барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Желди хавирга” гэх газраас албадан нүүлгэж, хууль бус эзэмшсэн газрыг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.М тухайн газарт барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах“ нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь “... Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Хар уул” гэх газрыг 2009 оноос хойш мал аж ахуй эрхлэх зорилгоор бэлчээрийн зориулалтаар ашиглаж ирсэн. Уг газраас гуравдагч этгээд Х.М сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/16 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг эзэмшүүлсэн байх ба уг шийдвэрийг сумын Засаг дарга өөрөө “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдэж шийдвэр гараагүй” үндэслэлээр хууль бус гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Гуравдагч этгээд нь зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө барьснаар нэхэмжлэгчийн бэлчээр ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргажээ.
3. Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/31 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр нэхэмжлэгчид Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Хар уул” гэх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улмаар түүнд иргэний газар эзэмших эрхийн 000006437 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
4. Гуравдагч этгээд Х.М Сагсай сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/16 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх мөн “Хар уул” гэх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших эрхийн ...... дугаартай гэрчилгээ олгож, 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх ба дараа нь буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/02 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар дээрх А/143 дугаар захирамжийг дахин хүчингүй болгосноор гуравдагч этгээдэд анхны олгогдсон газрыг эзэмших хууль ёсны эрх үүсжээ.
6. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
5. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгогдсон газруудад шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийхэд, нэхэмжлэгчид олгогдсон газар болон гуравдагч этгээдэд олгогдсон газрын хоорондын зай 1094.7 буюу 1 км 94 метр болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд заасан бэлчээр ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг”, 52 дугаар зүйлийн 52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, мал, амьтныг бэлчээх зориулалттай хөдөө аж ахуйн газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзаж, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваариар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлах ба үүнээс зуслан, намаржаа, отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглахаар, харин өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуульд заасан нөхцөлүүдийг харгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг, бүлгээр ашиглуулахаар байна.
7. Гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн маргаан бүхий газрыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдэд өвөлжөө, хаваржааны бэлчээр болгон ашиглуулах талаар хэлэлцэгдээгүй болох нь, мөн сумын Засаг даргаас иргэдэд тухайн газрыг гэрээний дагуу өвөлжөө, хаваржааны бэлчээр болгож ашиглуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Сагсай сумын 3 дугаар багийн Засаг дарга Х.Т мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тухайн газрыг “бэлчээрийн зориулалтаар ашиглаж байсан” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
8. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 59 дүгээр зүйлийн 59.1.1-т “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус зааснаас үзэхэд, сумын Засаг дарга нь хуульд заасан дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тохиолдолд албадан нүүлгэх шийдвэр гаргах эрхтэй.
9. Гуравдагч этгээдэд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн газрын нутаг дэвсгэрийн харьяалал, байршил, нэгж талбар нь Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтын “10109003: өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх” хэсгийн 3-т тусгагдсан, уг төлөвлөгөөг үндэслэж эрх бүхий этгээдээс 2022 онд тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан, уг шийдвэр нь хүчинтэй байх тул түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй.
10. Иймээс гуравдагч этгээдийн 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа нь нэхэмжлэгчийн тухайн газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гуравдагч этгээдийг тухайн газраас албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаагүй сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн “иргэн Х.М зөвшөөрөлгүй барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Желди хавирга” гэх газраас албадан нүүлгэж, хууль бус эзэмшсэн газрыг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.М тухайн газарт барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах“ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Х.М зөвшөөрөлгүй барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Желди хавирга” гэх газраас албадан нүүлгэж, хууль бус эзэмшсэн газрыг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.М тухайн газарт барьсан хашаа хороо, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг даалгах“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША