Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Нямжав,

Шүүгдэгч Б.Мөнх-Од, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Мөнх-Одод холбогдох эрүүгийн 201726020680 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Их Өсөх” сервист жолооч ажилтай, Булган аймаг, Булган 5 дугаар баг, Жаргалант 5а-12 гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, найз н.Жавхлантөгсийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-148 тоот нийтийн байрны 5 тоот өрөөг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй, ГЗ94010218 регистрийн дугаартай, Боржигон овогт Батсайханы Мөнх-Од. 

 

Шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-148 тоот нийтийн байрны 5 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Б.Эрхэмбилэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэнд маргалдаж, улмаар түүний бие махбодид зүүн 5 дугаар хурууны хумстай шивнүүрийн түвшин дэх тасрал, цээжинд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Од мэдүүлэхдээ:

  Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохиролд 500,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед их уусан байсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мөнх-Одын өгсөн:

“...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн түрээсэлж амьдарч байсан  Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-148 тоот нийтийн байрны 5 тоот өрөөнд хамт ажилладаг найз Эрхэмбилэгтэй хамт пиво ууж байсан чинь Эрхэмбилэг согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь ороо засах гээд сэрээсэн чинь босч ирээд намайг цохиод авахаар нь бид 2 барьцалдаад харилцан зодолдсон. Зодолдож байхдаа би Эрхэмбилэгийн хурууг хазаж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрхэмбилэгийн өгсөн:

“... Би гэрт нь байж байсан чинь Мөнх-Од гаднаас орж ирээд чи яах гээд байгаа юм гээд яг юунаас маргаан болсныг би сайн санахгүй байна, юу ч гэсэн Мөнх-Од бид 2 барьцалдаж аваад ноцолдож байхад Мөнх-Од миний цээжний баруун хэсгээс хазахаар нь би зүүн гараараа амнаас нь татаж байхад миний чигчий хурууг хазчихсан.   ... Мөнх-Од гаднаас сүүлд орж ирэхдээ л зан ааш нь сонин болчихсон, намайг хэл амаар өдөөд, хоргоогоод хэрүүл өдсөн. Бид 2 харилцан 2 талаасаа босож барьцалдаад заамдалцаж аваад, бие биенээ тонгорч, орон дээр унаад, харилцан цохилцсон ... Мөнх-Од намайг шүдээрээ цээжний баруун хэсгээс хазаж байхад нь би салгах гээд зүүн гараараа түлхэж байхад миний зүүн гарын чигчий хурууг давхар хазаж тасалж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Жавхлантөгсийн өгсөн:

“... Эрхэмбилэгийг унтаж байхад нь Мөнх-Од гарнаас нь татаад босгосонд Эрхэмбилэг Мөнх-Одын нүүр рүү нь цохисонд Мөнх-Од заамдаж аваад тэр хоёр харилцан цохилцож зодолдож, дээр доороо орж ноцолдож зодолдсон. Мөнх-Од Эрхэмбилэг 2 ноцолдож зууралдаж байгаад Мөнх-Од Эрхэмбилэгийг түлхсэнд Эрхэмбилэг хальтарч унахдаа ширээ түшиж унасанд хурууных нь хумс махтайгаа салсан ...” гэх /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Эрхэмбаярын өгсөн:

“... Эрхэмбилэг газар дэвссэн матрас дээр унтсан байсан. Мөнх-Од Эрхэмбилэгийг босч бай ороо засъя гээд татсан чинь эргэж хараад үгийн зөрүүгүй нүүр рүү нь 1 удаа цохисонд Мөнх-Од Эрхэмбилэгийг заамдаад, тэр 2 зууралдаад Эрхэмбилэг Мөнх-Одыг доороо оруулж зодсонд би болиулах гэсэн чинь салахгүй байсанд нь би татсаар байгаад босгоод салгасан ... Эрхэмбилэгийн 2 гар нь цус болсон байсан. Тэгэхээр нь гайхаад зогсож байтал Эрхэмбилэг надаас тамхи аваад гараад явсан. Тэгсэн чинь Ану наадах чинь хуруу байна шүү дээ гээд Жавхаагийн гарыг цохиж харагдсан. Тэгэхээр нь унасан юмыг амаад харсан чинь хурууны тасарсан үзүүр байсан ... Эрхэмбилэг, Мөнх-Од 2 л зууралдаж зодолдсон. Тэгэхдээ л тасарсан байх. Тэгэхээс өөр ямар нэгэн асуудал болоогүй  ...” гэх /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэнгэлийн өгсөн:

“... 2017 оны 02 дугаар сарын 23-ны орой ... Эрхэмбилэг хувцас хунар нь цус болчихсон, нүүр нь шалбарсан байсан. Тэгэхээр нь гарыг нь харсан чинь зүүн гарынх нь чигчий хуруу хумс нь байхгүй болчихсон нилээн цус болчихсон байхаар нь би цэвэрлээд лентээр ороогоод, эмнэлэгт очих уу гэсэн чинь хэрэггүй гайгүй байна гээд унтаж амарсан  ...” гэх /хавтаст хэргийн 22-р хуудас/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч У.Анугийн өгсөн:

“... 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... Мөнх-Од найз Эрхэмбилэг, Эрхэмбаяр нарын хамт пиво ууцгаасан нилээн согтоцгоосон байсан. ... би шал арчиж байсан чинь Эрхэмбилэг шалаар нааш цааш хөрвөөгөөд байсанд нь Мөнх-Од босоочээ хүн шал арчиж байна гэсэн чинь босч ирээд сууж байснаа Мөнх-Одын нүүр рүү нь гараараа цохисонд тэр 2 зууралдаад, ноцолдоод шалаар нэг зууралдаад харилцан зодолдоод байсан. Тэгж байсан чинь шалаар нил цус болчихсон. Тэгээд Эрхэмбаяр салгасанд Эрхэмбилэг хуруу тасарчихлаа гээд хувцасаа өмсөөд гараад явчихсан ...” гэх /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3293 дугаартай:

            1. Б.Эрхэмбилэгийн биед зүүн гарын 5 дугаар хурууны хумстай шивнүүрийн түвшин дэх тасрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Зүүн гарын 5-р хурууны хумстай шивнүүрийн түвшин дэх тасрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5% алдагдуулна гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 30-р хуудас/,

 

  - Хохирол төлсөн баримт /хх-н 45-46-р хуудас/

  - Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-н 11-12-р хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Б.Мөнх-Одын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батжаргалын өгсөн:

“... Миний эхнэрийн төрсөн ах Мөнх-Од 1994 онд Булган аймагт айлын бага хүү болж мэндэлсэн. Одоогоор Улаанбаатар хотод Их Өсөх Сервис ХХК-д дуудлагын жолооч ажилтай. Улаанбаатар хотод ганцаараа байр түрээсэлж амьдардаг. Төлөв даруу зантай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 42/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Мөнх-Од нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-148 тоот нийтийн байрны 5 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Б.Эрхэмбилэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэнд маргалдаж, улмаар түүний бие махбодид зүүн гарын 5 дугаар хурууны хумстай шивнүүрийн түвшин дэх тасрал, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Мөнх-Одын “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн түрээсэлж амьдарч байсан  Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-148 тоот нийтийн байрны 5 тоот өрөөнд хамт ажилладаг найз Эрхэмбилэгтэй хамт пиво ууж байсан чинь Эрхэмбилэг согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь ороо засах гээд сэрээсэн чинь босч ирээд намайг цохиод авахаар нь бид 2 барьцалдаад харилцан зодолдсон. Зодолдож байхдаа би Эрхэмбилэгийн хурууг хазаж гэмтээсэн. ... Хохиролд 500,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед их уусан байсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна  ...” гэх,

            мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрхэмбилэгийн “... Би гэрт нь байж байсан чинь Мөнх-Од гаднаас орж ирээд чи яах гээд байгаа юм гээд яг юунаас маргаан болсныг би сайн санахгүй байна, юу ч гэсэн Мөнх-Од бид 2 барьцалдаж аваад ноцолдож байхад... Мөнх-Од намайг шүдээрээ цээжний баруун хэсгээс хазаж байхад нь би салгах гээд зүүн гараараа түлхэж байхад миний зүүн гарын чигчий хурууг давхар хазаж тасалж гэмтээсэн ...” гэх,

            гэрч Э.Жавхлантөгсийн “...Эрхэмбилэгийг унтаж байхад нь Мөнх-Од гарнаас нь татаад босгосонд Эрхэмбилэг Мөнх-Одын нүүр рүү нь цохисонд Мөнх-Од заамдаж аваад тэр хоёр харилцан цохилцож зодолдож, дээр доороо орж ноцолдож зодолдсон. Мөнх-Од Эрхэмбилэг 2 ноцолдож зууралдаж байгаад Мөнх-Од Эрхэмбилэгийг түлхсэнд Эрхэмбилэг хальтарч унахдаа ширээ түшиж унасанд хурууных нь хумс махтайгаа салсан...” гэх,

гэрч Г.Эрхэмбаярын “...Мөнх-Од Эрхэмбилэгийг босч бай ороо засъя гээд татсан чинь эргэж хараад үгийн зөрүүгүй нүүр рүү нь 1 удаа цохисонд Мөнх-Од Эрхэмбилэгийг заамдаад, тэр 2 зууралдаад Эрхэмбилэг Мөнх-Одыг доороо оруулж зодсонд би болиулах гэсэн чинь салахгүй байсанд нь би татсаар байгаад босгоод салгасан ... Эрхэмбилэгийн 2 гар нь цус болсон байсан ... Эрхэмбилэг, Мөнх-Од 2 л зууралдаж зодолдсон. Тэгэхдээ л тасарсан байх. Тэгэхээс өөр ямар нэгэн асуудал болоогүй  ...” гэх

насанд хүрээгүй гэрч У.Анугийн өгсөн “... 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... Мөнх-Од найз Эрхэмбилэг, Эрхэмбаяр нарын хамт пиво ууцгаасан нилээн согтоцгоосон байсан. ... би шал арчиж байсан чинь Эрхэмбилэг шалаар нааш цааш хөрвөөгөөд байсанд нь Мөнх-Од босоочээ хүн шал арчиж байна гэсэн чинь босч ирээд сууж байснаа Мөнх-Одын нүүр рүү нь гараараа цохисонд тэр 2 зууралдаад, ноцолдоод шалаар нэг зууралдаад харилцан зодолдоод байсан. Тэгж байсан чинь шалаар нил цус болчихсон. Тэгээд Эрхэмбаяр салгасанд Эрхэмбилэг хуруу тасарчихлаа гээд хувцасаа өмсөөд гараад явчихсан ...” гэх        мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3293 дугаар дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Мөнх-Одыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Эрхэмбилэг нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Мөнх-Одыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Одод ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

      

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Мөнх-Одыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Одыг 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Одод оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Б.Мөнх-Од бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Одод оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мөнх-Одод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнх-Одод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ