Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 109/ШШ2023/0007

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч А.Түвшинтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:  “Ц” ХХК,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдох  ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах”,

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Т, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц” ХХК, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарын хооронд  ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах”, “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 225 тоот шийдвэрээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын нутаг дахь ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болсон. Манай компанийн тухайд өнөөдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд заасан хууль бус, хуулиар хориглосон үйл ажиллагааг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Бидний зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасны дагуу үүргээ биелүүлж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт албан бичгээр ханддаг байсан. Гэвч тус сумдын Засаг дарга нар ямар нэгэн тодорхой шалтгаангүй, хуульд заасан үндэслэлгүйгээр бидний ирүүлсэн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэж заасны дагуу баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэнгүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ" гэж заасны дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн хүргүүлсэн боловч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нар нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн л хянан батлах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй. Үүнээс шалтгаалж Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хайгуулын талбайн хилийн дотор ашигт малтмал эрэх, хайх; 21.1.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл үүссэн ба өнөөдрийг хүртэл тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бусад зардлууд үнэгүйдэж, цаашид хэрэгжих хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч, уг хууль бус үйлдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуульд заасан эрхийг хязгаарлаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-т заасны дагуу Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт тус тус холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. ... Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан  “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 онд шилжүүлж авсан. Тухайн үед төрийн захиргааны байгууллага ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй, тусгай зөвшөөрлийг олгосон. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу манай компани удаа төлөвлөгөөгөө батлуулахаар орон нутагт хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдсаны дараа тухайн байгууллага үйл ажиллагаагаа явуулах эрх үүсдэг. Манай компани 2020 оноос хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө жил болгон хүргүүлж байсан боловч хариуцагч нар өдөөг хүртэл ямар нэгэн шалтгаанаар батлахаас татгалзаж ирсэн. Тийм учраас манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Бидний зүгээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө сумдын Засаг дарга нараар батлуулаад цаашаа үйл ажиллагаагаа явуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Ц” ХХК нь Ж нэртэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2016 онд худалдаж авсан. Энэ тусгай зөвшөөрлийн төрийн захиргааны байгууллага олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу орон нутгийн санал буюу сумын Засаг даргаас саналыг нь авдаг юм билээ. Тухайн үед Ашигт малтмалын газар аймгийн Засаг даргын саналыг асуухад 30 хоногийн дотор албан ёсны хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцож тусгай зөвшөөрөл олгогддог. Тэгэхээр анх санал асуухад Өвөрхангай аймаг саналаа өгөөгүй юм билээ. Тийм учраас хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгогдсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь тусгай дансанд төлбөр төлөх ёстой учир төлбөрөө төлөөд 300 гаран сая төгрөг төлөгдсөн байгаа. Энэ төлбөрийн тодорхой хувь нь Сангийн яамаар дамжаад Орон нутгийн хөгжлийн санд ордог гэж ойлгодог. Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал нь шаардлагатай санхүүжилтээ баталдаг юм байна лээ. Иймд хариуцагч Баян-Өндөр, Есөнзүйл сумууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой төлсөн төлбөрөөс тодорхой хувийг хэрэглэсэн байх. Тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш манай компаниас жил болгон хамтарч ажиллах талаар, орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажил хийх талаар санал авч байсан. Гэвч жил болгон орон нутгийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй гээд дандаа татгалздаг байсан. Та нар орон нутгаас санал аваагүй хууль бусаар лиценз авсан гэдэг тайлбар өгдөг. Бидний зүгээс төлөвлөгөөгөө танилцуулаад, хайгуул судалгааны ажлын үед байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэх юм бол тэр нөлөөллийг хэрхэн яаж багасгах талаар арга хэмжээ авч ажиллана. Тухайн санал 2 талаасаа нийлж төлөвлөгөө батлагдсаны дараа байгаль орчныг нөхөн сэргээх барьцаа хөрөнгийг сумын тусгай дансанд байршуулдаг. Төлөвлөгөө батлаагүй байхад барьцаа хөрөнгийн сумын тусгай дансанд байршуулах боломжгүй. Мөн дараагийн нэг асуудал нь манай компанийг хайгуулын ажлыг хулгайгаар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөвлөгөө батлагдсаны дараа хайгуулын ажил хийх эрх нь нээгдэж байгаа. Гэтэл 2020 оноос хойш жил болгоныг батлуулахаар хүргүүлсэн төлөвлөгөөг уншиж танилцдаггүй юм уу, ямар ажлууд байгаа юм, хэдэн төгрөгөөр юу хийх гээд байгаа талаар бүх ажлаа тусгасан байгаа. Гэтэл хариуцагч тал ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй байна, сум орон нутгаас зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр л менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа. Тухайн үед та нар саналаа өгөхгүй яасан юм бэ. Манай компани нь Сингапур нь хөрөнгө оруулалттай компани, өөр олон төсөл дээр ажиллаж байгаа. Геологи, уул уурхайг дэмжих талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга, Ерөнхий сайд нартай ч хүртэл уулзаж байсан шүү дээ. Манай аймгийн хувьд нийгэм эдийн засгийн байдал нэлээдгүй хүнд байдаг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байж орон нутаг ажлын байртай болох талаар хүртэл ярилцаж байсан шүү дээ. Гэтэл сумын Засаг дарга та жижиг улс төр яриад биднийг эсэргүүцээд байх юм. Энэ бол болохгүй асуудал шүү дээ. Хуульд та нарыг хянах эрх байгаа, зөвшилцөх эрх нь байгаа. Түүний дагуу та нар ажлаа хийх ёстой шүү дээ. Мөн тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар ярьж байна. Бидний зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулж ажлаа л хийх гэж байгаа. Мөн жил болгон ашигт малтмалын хайгуулын талаарх хийсэн ажлаа төрийн албаны 2 байгууллагад хүргүүлдэг байгаа.” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгээд, өнөөдөр 2023 оны 4  дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд хоёр Засаг даргын эс үйлдэхүйгээс болж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тийм учраас 2020, 2021, 2022 онуудын байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хуульд заасан үүргийнхээ дагуу манай компани 2020, 2021 онуудын байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч сумын Засаг даргын зүгээс малчид зөвшөөрөхгүй байна, биднээс зөвшөөрөл аваагүй байна гэсэн хууль бус татгалзлуудыг өгсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу бидний зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг өгнө, харын сумын Засаг дарга бидний баримтыг үндэслээд 10 хоногийн дотор хүлээн аваад хянан батлах ёстой. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тусгасан. Бид хуульд заасан үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөндөө бүх ажлаа тусгаад сумын Засаг даргад өгсөн. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нар хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална, 9 дүгээр зүйлийн 9.8-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална. Мөн 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 2.1-т Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно гэснийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг биечлэн боловсруулж батлуулах үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Бидний зүгээс 2020, 2021 онуудад ажлаа хийх гээд хуулийн хүрээнд баримт бичигтэй бүх ажлын төлөвлөгөөгөө тусгаад өгсөн. Тийм учраас энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Ц” ХХК-ийн 2020, 2021, 2022 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэгч байгууллага нь хайгуулын төлөвлөгөөний зардалд 360 сая орчим төгрөг гаргасан байгаа. Хариуцагч сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болоод манай байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдаж байна. ... Хэрвээ та нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад нь хандах боломжтой. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг хулгайгаар хийсэн гэж байна. Үүнтэй холбоотой мөн нотлох баримтыг 2021, 2022 онуудын төлөвлөгөөг хугацаа дуусах шахуу өгсөн, 5 хоногийн дотор батлах боломжгүй байсан учраас татгалзсан гэж байна. Хуульд зааснаар 10 хоногийн дотор гэж батална. Тав хоногийн өмнө өгсөн гэдэг нь хянахгүй, хугацаа дөхсөн гэж үзэхгүй. Хариуцагч Есөнзүйл сумын Засаг дарга тайлбартаа танай тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын ямар эрхийн актыг үндэслэж манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж тайлбарлаад байгаа юм. Эдгээр тайлбарууд нь үндэслэлгүй байна. Тайлбараа нэгтгэж гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлахтай холбоотой асуудлаар 2 сумын Засаг дарга нартай уулзсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр батлахаас татгалзаад байгаа нь манай компанийн эрх, хууль ёсыг зөрчиж байна.  2021 оноо сунгахдаа 2022 оноо шинэчлэн батлуулах шаардлагатай байдаг. Сунгахад төлөвлөгөө байх ёстой байтал бид төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй байсаар байгаад сунгалтаа хийлгэж чадаагүй, шүүхийн маргаан дуусгавар болсны дараа сунгах эсэх асуудал шийдэгдэх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “... 100 хувь Сингапурын хөрөнгө оруулалттай компани гэх “Ц” ХХК-ийн ХҮ-019676 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 225 тоот шийдвэрээр шилжүүлэн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эзэмшиж геологийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар нэхэмжлэлээс олж мэдлээ. Нэхэмжлэгч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2016, 2017, 2019 онуудад сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан болох нь Засаг даргын Тамгын газрын тухайн жилүүдийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд бүртгэл байхгүй, тогтоогдохгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл болон 38.1.1 тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; 42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. 48.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж байхаар заасан. “Ц” ХХК Байгаль орчныг хамгаалах, Газрын тухай, Усны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсангүй, батлахыг шүүхээр даалгуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1,1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрших сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, мөн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. Мөн 48 дугаар зүйлийн 48.1.2.-т хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж дараа оныхоо 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж байхаар тус тус заасан. Гэтэл энэ хугацаанд тус Есөнзүйл суманд “Ц” ХХК ямар ч хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан болон ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д уурхайн талбайн хэлийг тогтоож байнгын шав, тэмдэг тавьсан акт 35.3.7-д газар ус ашиглах тухай гэрээ байгуулж ямар нэгэн төлбөр төлсөн баримт байхгүй. Тус “Ц” ХХК нь 2016,2017,2018,2019 оны хайгуулын ажлын тайлан гаргасан гэх боловч тус Есөнзүйл суманд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан талаарх сумын Засаг даргын тамгын газар болон сумын иргэдийн Хуралд ирсэн ямар нэгэн албан тоот баримт бичиг байхгүй. Иймд “Ц” ХХК-ний гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Тус компани нь Байгаль орчныг хамгаалах, Ашигт малтмалын тухай хууль, Усны хууль, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байж байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталсангүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

8. Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний зүгээс нэхэмжлэгч “Ц” ХХК –ий байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг ямар ч үндэслэлгүйгээр батлахгүй байгаа асуудал байхгүй. “Ц” ХХК нь анх 2016 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлж аваад тухайн орон нутагтаа мэдэгдээгүй, мөн хуульд заасны дагуу 2019 он хүртэл байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж байгаагүй, 2018 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр “Ц” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж нэг хүн ирсэн нэрийг нь санахгүй байна. Хугацаа нь дуусах гэж байсан тусгай зөвшөөрлөө сунгуулахаар дараа оныхоо менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж байсан. Үүнээс хойш мөн сураггүй алга болсон. Ингээд 2020 оны 5 сард миний өмнө ажиллаж байсан сумын Засаг даргад төлөвлөгөө батлуулах хүсэлт ирүүлсэн байсан боловч өмнөх Засаг дарга ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл би 2020 оны 11 сарын 20-ны өдөр ажил хүлээж аваад албан тоотын хариуг хүргүүлсэн. Тухайн үед өмнөх Засаг даргын нэрээр албан тоотоо ирүүлсэн байсныг өөрчлөөд миний нэрээр албан тоотоо явуул гэсэн хариу өгөхөд хариу нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахиад төлөвлөгөө батлуулах албан бичиг ирсэн. Хугацаа тулж албан бичиг ирсэн учраас миний хувьд төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн. Үүний дараа 2021 оны 02 дугаар сард “Ц” ХХК-ийн төлөөлөгч нар манай сумын нутаг дэвсгэрт ямар ч төлөвлөөгөөгүй, зөвшөөрөлгүй хайгуулын ажил хийхийг оролдсон. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргын бүрэн эрх, үүргийг тусгасан. Тухайлбал: Уг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх; 59 дүгээр зүйлийн 59.1.18-д нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах эрхийг сумын Засаг дарга надад хуулиар олгосон байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг л тусгасан байгаа болохоос биш, заавал сумын Засаг дарга хүсэлтийг хүлээж аваад 10 хоногийн дотор хянан батлах, батлахгүй байх эрхийг ч олгосон заалт гэж байна. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цаашид хамтран ажиллах боломжгүй талаарх албан бичгээ өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  хугацаан дээр буруу ойлгосон байна. Надад анх өгсөн хүсэлт нь 12 сарын 25-ны өдөр өгсөн, би хүсэлт авсны дараа батлаад явууллаа гэхэд 2020 оны менежментийн төлөвлөгөөг хийх хугацаа байхгүй байсан шүү дээ. Ер нь бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцалдаг хуультай. Ашигт малтмалын газар нь хэрэгжүүлээгүйн төлөө гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг байнга дэмжээд явна гэсэн үг биш биз дээ. Тухайлбал танайх ямар үүргээ биелүүлэхгүй байгаагаа ойлгох хэрэгтэй. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана гэсэн нь манай суманд баримт бичгээ байлгах ёстой. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах гэж байхад 1 удаа батлуулаад 3 жилийн хугацаанд алга болдог. 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан боловч танай байгууллага хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлдэггүй, их том толгой байгууллага.. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 48 дугаар зүйлийн 48.1.3-д энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаарх мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 48 дугаар зүйлийн 48.2.-т Энэ хуулийн 48.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна гэсэн ажлуудыг хийсэн юм уу гэдгийг л асуугаад байгаа. Үүнтэй холбоотой нотлох хавтаст хэрэгт байхгүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

9. Хариуцагч Есөнзүйл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн ярьж байгаа шиг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэсэн байхад нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн байдлаар сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, шууд батлах ёстой гэдэг зүйл яриад байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 3 жилийн хугацаанд 1 удаа хийдэг. Уг төлөвлөгөөний биелэлтийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх, 38 дугаар зүйлийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн нь хариуцагч тал нь төлөвлөгөөг заавал батлах ёстой гэсэн заалт биш. Анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан боловч түүнээс хойш байгаль орчны нөхөн сэргээлт болон байгаль орчныг хамгаалах, байгаль орчныг хамгаалах тусгай дансанд мөнгө байршуулах, жил бүр тайлагнах гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж 2021, 2022 оны төлөвлөгөө батлуулна гэсэн хууль бус шаардлагуудыг тус тус гаргадаг.  Тийм учраас “Ц” ХХК-ий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

10. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй байсан юм яригдаж байна. Миний байр сууринаас харахад үндэслэл багатай гэж бодож байна...” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:  

 

1.1. Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 1134 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4., 19.6. дахь хэсэгт заасныг үндэслэн “ ...NE2026664 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Есөнзүйл сумын Ж нэртэй 24805.61 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. 

 

1.2. Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 225 тоот шийдвэрээр “Т” ХХК-иас нэхэмжлэгч “Ц” ХХК-д  Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр сумдыг хамарсан Ж нэртэй газарт XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэсэн байна. (1 дүгээр  хавтаст хэргийн 79 дэх тал)

 

1.3. Ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6/1849 дугаар албан бичгээр “Ц” ХХК-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийснийг мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн  79 дэх тал)

           

1.4. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Есөнзүйл сумын Ж нэртэй 24805.61 га талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9019073062 дугаар гэрчилгээтэй “Ц” ХХК-д 2018 оныг дуустал “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал)

1.5. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хандсан бөгөөд тухайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас сумдын Засаг дарга нар татгалзжээ.

 

1.6. Ийнхүү “Ц” ХХК-иас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумдын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба  Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

1.7. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 121/ШШ2022/0025 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 116-128 дахь тал)

 

1.8. Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал)

 

1.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 561 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийтийн шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 518 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 152-157, 174-175 дэх тал)

 

1.10. Улмаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ЕШ2023/0002 дугаартай захирамжаар уг маргаан бүхий хэргийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлж ирүүлсэн болно. (1 дүгээр хавтаст хэргийн 178-182 дахь тал)

 

1.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ц” ХХК-иас “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох,  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.  (1 дүгээр хавтаст хэргийн 185-187 дахь тал)

 

1.12. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө “Ц” ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан  “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн Хv-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн ХV-019676 тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал)

 

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарын ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1.  “Ц” ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 003/08 дугаар албан бичгээр “Өвөрхангай аймгийн  Баян-Өндөр сумын Засаг даргад 2020 онд хэрэгжүүлэх Байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12, 47-51 дахь тал)

 

2.2. Улмаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын  2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1/64 дугаар албан бичгээр: “... менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтийг авч хэлэлцээд өмнөх онуудад менежментийн төлөвлөгөө батлуулсан боловч “Ц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул төлөвлөгөөг батлах боломжгүй талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал)

2.3. “Ц” ХХК-иас  дахин  2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Чд 2020 оны төлөвлөгөө батлуулахаар дахин хүсэлт гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал)

2.4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/75 дугаар албан бичгээр: “Ц” ХХК-д “... төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан хийгдэхэд цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Баримт бичгүүд нь хугацаа оройтож ирснээс шалтгаалан мөн ондоо багтаж геологийн судалгаа хийгдэх боломжгүй болсон тул 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулах боломжгүй талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал)

2.5. “Ц” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 003/12 дугаар албан бичгээр: “Танай 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1/64 дүгээр  албан бичигт дараах тайлбарыг гаргаж байна. ХV-019676 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г  холбогдох хуульд заасны дагуу баталж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

2.6. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаярт “Ц” ХХК-иас  2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 дугаар албан бичгээр “2020 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал)

2.7. 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 02/12 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга Т.Б-д “... 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан баталгаажуулж өгнө үү ...” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал)

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 32 дугаар зүйлийн 32.1., 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын тамгын газрын бичгийн баримтуудад үзлэг хийсэн бөгөөд “.. 2020 ... оны Засаг даргын Тамгын газрын ирсэн, явуулсан бичгийн бүртгэл”-д “Ц” ХХК-ий төлөвлөгөө батлуулах тухай хүсэлт бүртгэгдээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал)

2.9. Мөн 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тамгын газарт үзлэг хийж “.. 2020 ... оны Ц ХХК-ий байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэсэгчлэн хуулбарлан хэрэгт хавсаргасан болно. (2 дугаар хавтаст хэргийн 47-51 дэх тал)

3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарын ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.  “Ц” ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 07/06 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргад “...2021 оны  төлөвлөгөө батлуулахаар хүргүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/68 дугаар албан бичгээр “Ц” ХХК-д “... нутгийн иргэдтэй санал солилцоход эсэргүүцэж байгаа хүсэлт ирүүлсэн гэж тус талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 19, 203,205, 207, 208 дахь тал)

 

3.2. “Ц” ХХК-иас 2021 оны 9 дугаар сарын 7-ны өдрийн 02/09 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад “...2021 оны  төлөвлөгөө батлуулахаар хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал)

 

3.3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/103 дугаар албан бичгээр, “...2021 оны 9 дүгээр сарын 21-нд ирүүлсэн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй... 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирсэн санал, зөвшөөрөлгүй хайгуул хийсэн үйлдэл зэргээс шалтгаалан баталж өгөхгүй талаар мэдэгдсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 23-31 дэх тал)

3.4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/136 дугаар албан бичгээр “... байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021, 2022 онуудаар хамтад нь батлах боломжгүй.” гэх хариуг хүргүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал)

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 32 дугаар зүйлийн 32.1., 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын тамгын газрын бичиг баримтуудад үзлэг хийж  2021 оны Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл “Ц” ХХК-ий байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах тухай хүсэлт, албан бичгийг хуулбарлан авсан. (1 дүгээр хавтаст хэргийн 204-208 дахь тал)

3.6. Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тамгын газарт үзлэг хийж  2021 оны ирсэн, явуулсан бичгийн дэвтэр, 2021 оны “Ц” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэсэгчлэн хуулбарлан хэрэгт хавсаргасан болно. (2 дугаар хавтаст хэргийн 23-32, 57-60 дэх тал)

3.7. Дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нар нь 2020, 2021 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй талаар албан бичгээр хариу өгч байсан ба тухайн албан бичгүүдийг нэхэмжлэгч компани хүлээн авч байсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

 

3.8. Нэхэмжлэгч  “Ц” ХХК  нь 2020 он, 2021 онд байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй, татгалзалд холбогдуулан хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон болно.

 

3.9. Түүнчлэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2020, 2021 оны төлөвлөгөөг батлуулах гэж тодруулан маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.8. дахь заалтыг зөрчиж байна.

 

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.3. дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 14.4. дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтэрсэн гэж үзэж  нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.11. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх зорилгоор тухайн жилд хийгдэх нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан баримт бичиг юм. 

 

3.12. Нөгөөтээгүүр 2020, 2021, онд хийх ёстой арга хэмжээг тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөн хянан батлах нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гагцхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор хэлбэрийн төдий батлуулах нь тухайн төлөвлөгөөний ач холбогдол, зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/22 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргад 2022 онд гүйцэтгэх хайгуулын ажлын үед хэрэгжүүлэх “Байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж, хянан батлуулахаар хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал)

 

4.2.  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 7-ны  өдрийн 1/104 дүгээр албан бичгээр 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/22 дугаар албан бичгийн хариуг өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал)

 

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 32 дугаар зүйлийн 32.1., 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт үзлэг хийж  “Ц” ХХК-иас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад 2022 онд  гүйцэтгэх хайгуулын ажлын үед хэрэгжүүлэх “Байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г боловсруулж, хянан батлуулахаар хүргүүлсэн баримтууд, хариу өгсөн албан бичгүүдийг хуулбарлан баталгаажуулж хэрэгт хавсаргасан болно. (1 дүгээр хавтаст хэргийн 213-246, 2 дугаар хавтаст хэргийн 61-69 дэх тал)

 

4.4. Ашиг малтмал, газрын тосны газрын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/1454 дугаар албан бичигт XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан шийдвэрлэх шаардлагатай шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй, тус асуудалтай холбоотой захиргааны хэрэг хэлэлцэгдэж байгааг үндэслэн тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар тал)

 

5.  Дээрх баримтуудаас дүгнэхэд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт  “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”,  9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэгт  “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”, 9 дүгээр зүйлийн  9.8. дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж,

 

5.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.1.-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

 

5.2. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэгтэй байна.

 

5.3. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсгийн 38.1.1.-д зааснаар “тусгай зөвшөөрөл авснаас 30 хоногийн дотор...”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа...” тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг хүлээлгэсэн гэж ойлгох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална.” гэж заасан нь сумын Засаг даргад уг төлөвлөгөөг хянан батлах эсэхийг шийдвэрлэх эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.

 

5.4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”  22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсгийн 22.1.3.-т  “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж,

 

5.5. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

5.6. “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мөн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 106 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

 

5.7. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэг Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно: 53.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан ... тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор зохицуулсан байна.

 

5.8. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 106 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан үүнээс хойш дахин сунгасан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй бөгөөд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон гэж үзнэ.

 

5.9. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2- дахь хэсэгт “... сум, дүүргийн Засаг дарга ... /байгаль орчныг хамгаалах/ төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”,40 дүгээр зүйлийн  40.3. дахь хэсэгт  “... хуулийн 40.1, 40.2.-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд хэрэгжинэ.  

 

5.10. Дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хувьд сумын Засаг даргад үүрэг үүсэхгүй тул хариуцагч нарыг энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

 

5.11. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: “..Тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй байсан юм яригдаж байна. Миний байр сууринаас харахад үндэслэл багатай гэж бодож байна..” гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримт, бусад бичгийн баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн болно.

 

5.12. Иймд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдуулан  “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарын “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

5.13. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2/174 дугаар албан бичигт дурдсан Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар  тогтоолоор  Төрөөс  эрдэс  баялгийн  салбарт  баримтлах  бодлогын  

баримт бичгийг дурдсан боловч Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй. (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал)

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсгийн тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.8. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК -ий нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт холбогдох ”Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт “Ц” ХХК-ийн XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020, 2021 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсгийн 22.1.3., 40 дүгээр зүйлийн 40.1., 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсгийн 53.1.1., Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК -ий нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдох “Ц” ХХК-ий XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Есөнзүйл сумын Засаг дарга нарт “Ц” ХХК-ий XV-******* тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ОДОНТУЯА

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА

                      ШҮҮГЧ                                   А.ТҮВШИНТУЛГА