Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1270

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Бд холбогдох

           

          9 090 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн 2-08 АРХ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины урд, хойд гуперыг 120 000 төгрөгөөр янзлуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 хороо, М 3-22 тоотод байрладаг Кузов засварын газрыг ажиллуулдаг Ж.Бд урьдчилгаа 60 000 төгрөгийг төлж, автомашинаа хүлээлгэн өгсөн. Ж.Б “нэг хоногийн дараа автомашиныг засварлаж дуусгана ирж аваарай” гэсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр очиход “дуусаагүй байна, маргааш 11 цагт ир” гэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр очиход миний машиныг хулгайд алдсан, цагдаагийн байгууллагад хандсан боловч одоог хүртэл олдохгүй намайг их хохироож байна.

          Иймд миний автомашиныг хулгайд алдсан, уг автомашин олдохгүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар автомашин янзлуулахаар тохиролцсон хэлцлээсээ татгалзаж, автомашины үнэ 9 000 000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэсэн 30 000 төгрөг, засварын зардалд урьдчилан шилжүүлсэн 60 000 төгрөг, нийт 9 090 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн өмчлөлийн 2-08 АРХ улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн машины урд, хойд гуперийг засуулахаар Баянзүрх дүүргийн 2 хороо, М 3-22 тоотод байрлах засварын газар үлдээсэн боловч машиныг хулгайд алдсан бөгөөд хохиролд 9 090 000 төгрөгийг Ж.Бэс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тухайн хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд Ж.Б цагдаад дуудлага өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 180603330 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байна.

          Тухайн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулж байхад тус дүүргийн шүүхэд Д.Б нэхэмжлэл гаргасан байна. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Д.Б, Б.Баттулга нарын хэн нь хохирогчоор тогтоогдсон нь тодорхойгүй. Нэхэмжлэгч гэх Д.Б нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд Д.Быг хохирогч гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.Бэс 9 030 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 60 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 390 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ж.Бэс 159 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

          Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хариуцагч миний зүгээс нэхэмжлэгчид учирсан хохирол бодитой байх ёстой. Өөрөөр хэлбэл, 9 000 000 төгрөгийг хэрхэн үнэлж гаргасан нь тодорхой байх ёстой гэж үзэж байна. Хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК нь үнэлгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх үнэлгээ хийлгэх гэрээ байгуулагдсан эсэх, үнэлгээний ямар арга, аргачлалаар энэхүү 9 000 000 төгрөгийг гаргасан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу энэхүү үнэлгээ хийгдсэн гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд үнэлгээний тайланд бус тодорхойлолтод үндэслэн хохирол тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 9 090 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн 2-08 АРХ улсын дугаартай, Тоёото приус-20 маркийн автомашины урд, хойд гуперыг янзалж, засуулахаар хариуцагч Ж.Бд хүлээлгэж өгсөн, 2018 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө уг автомашин хулгайд алдагдсан талаар талууд маргаагүй.

 

Хэргийн 7 дугаар талд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн  2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн албан бичиг баримтаар авагдсан байх ба уг баримтад “Д.Бын эзэмшилд байгаа 2-08 АРХ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 оны 6 дугаар сарын 10-нд Монголд орж ирсэн Toyoto prius-20 /NHW-207064277/ аралын дугаартай автомашиныг зах зээлийн дундаж ханш нь 9 000 000 төгрөг болохыг тодорхойлж байна” гэжээ. 

 

Уг баримтаас үзвэл хулгайд алдагдаж алга болсон автомашины зах зээлийн үнийг  “Тэнцвэрт эстимэйт” ХХК нь хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, бодитоор үзэж тодорхойлох боломжгүй эд зүйлийг шууд нэрлэн зааж түүний зах зээлийн үнийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй байна. Иймд эргэлзээтэй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                        ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА