Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 427

 

Б.И-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 751 дүгээр магадлалтай, Б.И-т холбогдох 1708028750275 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр өмнөх 1995 оны 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Б-ын И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 09 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй байхдаа удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан ч сүүлд 2000 онд шийтгүүлснээс хойш 17 жилийн хугацаанд дахин ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй, “Нарантуул” худалдааны төв дээр унадаг дугуйн сэлбэг, унадаг дугуйн худалдаа эрхэлж 10 гаруй жил тогтвортой ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Э.Э гэгчтэй хамтран амьдарч хүүтэй болсон ч Э.Э өөр хүнтэй амьдрал холбосноор Б.И нь 6 настай хүү Э.Э-тай нэг настайгаас нь хойш хоёулаа амьдарч байна. Б.И өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, уучлалт гуйсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд Б.И-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байсаар атал давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрх зүйн боломжийг орхигдуулсанд гомдолтой байна. Б.И-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй, хүнд ноцтой хор уршиг бий болоогүй, газар унасан байсан товчлууртай “Нокиа” загварын 15,000 төгрөгөөр үнэлэгдэх утсыг авсан зэргээс түүний үйлдсэн хэргийн нийгэмд учруулсан хор уршгийн хэмжээ тодорхой харагдаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Б.И-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь 6 настай хүүтэйгээ амьдардаг болох нь нотлогдсон. Түүний үйлдсэн энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-37 тоот хашааны гадна насанд хүрээгүй Ч.Э-ийн эд хөрөнгийг авахаар хоолойг нь хүзүүний ороолтоор боож, хүч хэрэглэн довтолж, “Нокиа 206” загварын 2 сим картны оролттой, хар өнгийн товчлууртай гар утсыг авч, 50,000 төгрөгийн хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд Б.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь “Б.И өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, уучлалт гуйсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 751 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН