Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/шш2023/00805

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00805

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, Согоот багийн 6-16-03 тоотод оршин суух, Боржигон овогт И-ын Б /РД:***********, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, 3-205 тоотод оршин суух, Бугат овогт Г-ын А /РД:***********, ***********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 350,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 122,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: И.Б,

Хариуцагч Г.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э,

Иргэдийн төлөөлөгч Б.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Б би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орос элчингийн урд талын төв замаар зүүнээс баруун зүгт 1212 ОРН дугаартай автомашинтай явж байхад Г.А хуримын ордны баруун хойд уулзварын туслах замаас орж ирж миний машиныг мөргөж зүүн хойд хаалга хонхойлгож зурсан, хонхойлгосон, хойд гупер зурсан зэрэг хохирол учруулсан. Уг хохирлыг засварын газраар янзлуулах солих зэрэг зардал 1,350,000 төгрөг гарсан. Уг хохирлоос 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 350,000 төгрөг өгөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Г.А миний бие 2023.02.14-ний өдөр Нийгмийн даатгалын урд талын төв замын эсрэг талын туслах зам буюу төв замын машинуудаа өнгөрөөж төв зам руу орох гэж байгаад болгоомжгүй үйлдлээс болж 12-12 ОРА улсын дугаартай авто машиныг зүүн хойд хаалгыг хонхойлгож, босго нь хагарсан байсан. 2023 оны 02 дуаар сарын 15-ны өглөө Ашид билгүүн ХХК-иар машинд үнэлгээ хийлгэж, 878,000 төгрөгийн техникийн эвдрэл хохирлыг үнэлсэн. Сар шинэ болох гэж байгаа бас хот явж машинаа янзлуулна гээд байхаар нь хүнээс хүүтэй 1,000,000 төгрөг зээлээд өгсөн. Болгоомжгүй санамсаргүй үйлдлээс болж хүнд хохирол учруулсан нь үнэн. Нэгэнт үнэлгээний газраас машины эвдрэл хохирлыг үнэлээд 878,000 төгрөг гаргасан. Үнэлгээний мөнгө болох 878,000 төгрөгийг 7-14 хоногийн дараа орж ирнэ гэсэн. Үнэлгээний мөнгө орж ирэхээр нь аваарай гээд орхиж болохоор байсан боловч сэтгэл гаргаад 1,000,000 төгрөгийг болгож өгсөн нь үнэн. И.Б Г.Агаас 350,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн 350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин илүү төлсөн 122,000 төгрөгийг И.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч И.Б сөрөг нэхэмжилд гаргасан хариу тайлбартаа: Г.Агийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн осол, үйл явдал болсны дараа тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулахаар Вьетнам засварын газарт засварлуулсан. Тухайн үед хариуцагчид засварын төлбөр 1,350,000 төгрөг болсон гэдгийг мэдэгдсэн ба өөрөө хүлээн зөвшөөрч урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгч үлдэгдэл 350,000 төгрөгийг дараа долоо хоногт өгнө гэж тохиролцсон. Хэрвээ энэ талаар Г.А мэдээгүй зөвшөөрөөгүй бол надад 1,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөхгүй байсан. Тухайн осол болоход 5 сартай жирэмсэн байсан. Машины хойд талыг маш хүчтэй мөргөж машины бөгс нь хөндөлссөн. Түүнээс болж доргилт, цочрол авч дарамт ихэссэн, тонустай удаа дараа Улаанбаатар хот явж үзүүлж эмчилгээ хийлгэж мөн энд эмчийн онцгой хяналтад ортол бие өвдсөн бас эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл санааны болон эмчилгээний мөнгө нэхэмжлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, И.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Вьетнам засварын зарлагын баримт /хх-5/,

Хариуцагчаас: хариу тайлбар /хх-16/, И.Бд 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-18/, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-19-20/,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Г.Ад холбогдуулан гэм хорын хохирол 350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.А нь машиныг нь туслах замаас ирж мөргөж гэм хорын хохирол учруулсан тул хохиролоо барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гарган 122.000 төгрөг төлөхийг нэхэмжлэгчээс шаардаж байна.

Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Ашид билгүүн ХХК-иар машинд үнэлгээ хийлгэж техникийн эвдрэл хохирлыг 878.000 төгрөгөөр үнэлсэн. Сар шинэ болох гэж байсан бас хол явж машинаа янзлуулна гээд байхаар нь хүнээс хүүтэй 1,000,000 төгрөг зээлж өгсөн, үнэлгээний газраас машины эвдрэл хохирлыг нэгэнт 878,000 төгрөг гэж үнэлсэн, үнэлгээний мөнгө 878.000 төгрөг 7-14 хоногийн дараа орж ирнэ гэсэн. Үнэлгээний мөнгө орж ирэхээр аваарай гээд орхиж болохоор байсан боловч сэтгэл гаргаад 1,000,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Нэхэмжилсэн 350,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин илүү өгсөн 122,000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэж сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийг Орос элчингийн урд талын төв замаар зүүнээс баруун зүгт 12-12 ОРН улсын дугаартай Приус 41 маркийн машинтай явж байхад нь хариуцагч Г.А нь машинаараа хуримын ордны баруун хойд уулзварын туслах замаас орж ирж мөргөсний улмаас нэхэмжлэгчийн машины зүүн хойд хаалга хонхойж, хойд гупер зурагдаж гэм хорын хохирол учирчээ. Талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байх бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Вьетнам засварын газраар засуулсан 1,350,000 төгрөгөөр хохирлыг үнэлэн үүнээс хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцон 350,000 төгрөг нэхэмжилж байгаа бол хариуцагч нь үнэлгээчний гаргасан 878,000 төгрөгөөр тооцож хохирлыг төлнө, иймд илүү төлсөн 122,000 төгрөгийг гаргуулна гэж мэтгэлцэж байна.

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1055 дугаартай шинжээчийн дүгнэлтээр машины эвдэрсэн эд анги, эвдрэлийн зэрэг, үнэлгээ, эд ангийг солих, засах шаардлагатай эсэх, мөн шууд зардал, шууд бус зардал зэргийг тусгасан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирлын нийт дүнг 878,000 төгрөг гэж үнэлжээ.

Хариуцагч нь үнэлгээчний гаргасан 878,000 төгрөгийн хэмжээнд хохирлыг барагдуулна гэж байгаа боловч тэрээр тухайн үед хохиролд 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид төлсөн байх тул буцаан гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн тухайд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр машинаа Вьетнам засварын газарт 1,350,000 төгрөгөөр засварлуулсан баримт байгаа боловч хариуцагч түүнд 1,000,000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Бгийн хариуцагч Г.Агаас 350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Г.Агийн нэхэмжлэгч И.Бгээс 122,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ