| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/00943/И |
| Дугаар | 181/ШШ2023/01277 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/01277
| 2023 04 25 | 181/ШШ2023/01277 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30-р хороо, 10-р хороолол 34А байр 42 тоотод оршин суух Боржигон овогт Х................******* /РД:............./,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 30-р хороо, 10-р хороолол 34А байр 42 тоотод оршин суух Бөөн цагаан овогт Ж...........******* /РД:................./-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бльюмон 9 давхарт байрлах******* ХХК /РД:............92/-д холбогдох
20,563,441 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжинхорлоо, Ж.Урантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
1.Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч нь түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Ганзориг, Ж.Отгонсүрэн бид 2022 оны 7-р сарын 31 өдөр Талын төмер замХХК-ийн ахлах нягтлан бодогч Ичинхорлоогоос утсаар замын ажилд хэрэглэх далангийн доргиурт индүүг Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаанд 1-2 сарын хугацаагаар, сарын 14.000.000 төгрөгөөр түрээслэх хүсэлт гаргасныг хүлээн авч харилцан зөвшөөрөөд, мөн өдөр урьдчилгаанд сарын төлбөрийн 20% буюу 2 800.000 төгрөгийг, ажлын талбайд хүргэх тээврийн зардлын 1,000.000 төгрөг нийт 3,800,000 төгрөгийг Ж.Отгонсүрэнгийн Хаан банкны 5027577367 дансаар авсан. 21-25УБ улсын дугаартай, 20тн доргиурт индүүгээ заасан газар руу хүргэн өгч 8 сарын 1-ний өдрөөс эхлүүлэн өөрийн операторын хамтаар ажиллуулсан. Дараа нь 2022.8.3-ний өдөр тус компанийн ажлын оффис өрөөнд нь очин туслах нягтланг байлцуулан гэрээгээ байгуулсан. Тэгээд 2022.9.28 хүртэл техникээ өөрийн жолоочийн хамт саадгүй ажиллуулсан. Хэдийгээр төлбөр мөнгөө цаг хугацаандаа авч чадаагүй ч техникээ буцаан татах зардлаа гэрээ ёсоор өөрсдөө төлж барагдуулсан Уг ажилласан хугацаанд миний талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Уг компанитай тооцоо нийлснээр түрээсийн төлбөрт 20,563,441 төгрөгийн авлагатай тул хариуцагчаас замын индүүг түрээсээр ашигласан төлбөр 20,563,441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:
Ж.Отгонсүрэн.Х.Ганзориг нарын нэхэмжлэлтэй "Талын Төмөр Зам ХХК-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
Манай компани нь Ж.Отгонсүрэнтэй 2022.08.03-ны өдөр 22/13 дугаартай Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нь 2022.08.02-нимй өдрөөс 2022.09.27-ны өдрийг хүртэл нийт 473 мото.цаг ажилласан нь техникийн ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.
Тус индүүний 1 мото.цагын үнэлгээ нь 38,888 төгрөг байх учир нийт ажилласан 473 мото.цагт үржүүлж бодвол 18,394,024 төгрөгийн түрээсийн төлбөр бодогдохоор байна. Үүнээс урьдчилгаанд өгсөн 2,800,000 төгрөгийг хасвал 15,594,024 төгрөгийг Ж.Отгонсүрэнд түрээсийн төлбөрт төлөх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20,563,441 төгрөгөөс 15,594,024 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 4,969,417 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,22/13 дугаартай гэрээ, техник цагын тооцоо нийлсэн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ж.Отгонсүрэнгийн дансны хуулга,
4. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бичгээр гаргасан тайлбар, итгэмжлэл, техникийн ажлын цагын бүртгэл зэрэг бичгийн баримтыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ганкзориг, Ж.Отгонсүрэн нар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 20,563,441 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрч үлдсэнийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.
3. Нэхэмжлэгч нь Х.Ганзориг нь Ж.Отгонсүрэнд 2023 оны 04 сарын 18-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 3 жилийн хугацаатай олгосон. /х.х-ийн 19 хуу/
4. Хариуцагч******* ХХК нь З.Янжинхорлоо, Ж.Урантуяа нарт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. /х.х-ийн 74хуу/
5. Ж.Отгонсүрэн болон******* ХХК-ний хооронд 2022 оны 08 сарын 03-ний өдөр 22/13 дугаартай Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.
6. Гэрээний 1.1-д Түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн 21-25 УБ улсын дугаартай индүү болох техник тоног төхөөрөмжийг түрээслэгчид гэрээнд заасан хугацааны турш жолоочийн хамт түрээслүүлэхтүрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөх болон тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулна.,
а/ 1.3-т Техник нь операторын хамт Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн төмөр замын өргөтгөлийн ажил хийнэ,
б/ 2.1.2 Ажил эхэлсэн хугацаа 2022 оны 08 сарын 01-ний өдөр,
в/ Талууд техник тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг дараах байдлаар 1 индүү, 30 хоногийн төлбөр 14,000,000 төгрөг байна. Энэхүү үнэд И-баримтын шивэлт хийнэ,төлбөрийг 30 хоног тутам тооцно. Тооцоо нийлснээс хойш ажлын 10 хоногт төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ.,
г/ 3.2-т Урьдчилгаа төлбөрт 2,800,00 олгосон., 3.3-т техник өдөрт ажиллах цаг 12 ба өдрийн хооллолт нэг цаг байна,
д/ 3.4-т Техникийн ажилласан цагын бүртгэлийг түрээслэгчийн томилсон ажилтаны цагын бүртгэлээр тогтоох бөгөөд түрээслүүлэгч нь тус бүртгэлтэй тухай бүрд нь танилцах, алдаатай бол залруулга хийхийг шаардах эрхтэй. гэж талууд тохиролцон гэрээг байгуулжээ. /х.х-ийн 3-4 хуу/,
Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. гэж тус тус хуульчилсан.
6. Нэхэмжлэгч Ж.Отгонсүрэнгийн ХААН банкны 5027577367 дугаартай дансанд 3,800,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 31-ний өдөр индүү, түрээс, тээвэр,******* ХХК гэсэн утгатай шилжүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй харин 2,800,000 төгрөг нь урьдчилгаа, 1,000,000 төгрөг нь тээврийн зардал гэж тайлбарласан. /х.х-ийн 7,20,68 хуу/
7. Нэхэмжлэгч Х.Ганзоригийн өмчлөлийн 21-25УБ улсын дугаартай зам индүүдэгч техникийг түрээслүүлэгчийн ажилтан н.Сайнбилэг нь жолоодон ажилласан болох нь хариуцагчийн тайлбар, техникийн ажлын цагын бүртгэл зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 22-67 хуу/
8. Нэхэмжлэгч нь 8,9 сарын Налайхын индүүний техник цагын тооцоог хариуцагч байгууллагын нягтлантай тооцоо нийлсэн үнийн дүн болох 20,563,441 төгрөгөөр нэхэмжилж байгаа гэж шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч нь тус индүүний 1 мото.цагын үнэлгээ нь 38,888 төгрөг тул нийт ажилласан 473 мото.цагт үржүүлж бодвол 18,394,024 төгрөгийн гарсан үүнээс урьдчилгаанд өгсөн 2,800,000 төгрөгийг хасвал 15,594,024 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 20,563,441 төгрөгийн тооцоог гаргахад цагын бүртгэл ирээгүй байсан гэж тайлбарласан.
9. Талууд индүүдэгч техникийг 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 28-ний өдөр хүртэл түрээслэсэн бөгөөд 30 хоногийн төлбөр 14,000,000 төгрөг, өдөрт ажиллах цаг 12 цаг ба өдрийн хооллолт нэг цаг байхаар тохиролцсон.
Түрээслүүлэгчийн ажилтан болох н.Сайнбилэгийн техникийн ажлын цагын бүртгэлээр нийт 473 цаг ажилласан болох нь тогтоодсон бөгөөд хоногийн 466,666 мото/цаг :12 цаг= 38,888 мото цаг гарч байна. /х.х-ийн 22-67 хуу/
Иймд хариуцагчаас******* ХХК-иас индүүдэгч техникийн түрээсийн төлбөрт 18,394,024 төгрөгнөөс урьдчилгаанд төлсөн 2,800,000 төгрөгийг хасаж 15,594,024 төгрөг /14,000,000:30=466.666:12цаг=38.888 мото/цаг*473цаг18,394,024-2,800,000=15,594,024/ гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн, Х.Ганзориг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,969,417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260,767 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК-аас 15,594,024 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн, Х.Ганзориг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,969,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-иас 235,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонсүрэн, Х.Ганзориг нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 260,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ