| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/00104/И |
| Дугаар | 181/ШШ2023/01278 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/01278
| 2023 04 25 | 181/ШШ2023/01278 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, Чандмань төв, 401 тоотод байрлах******* ХХН /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Бага тойруу Ж.Самбуугийн гудамж 32, БльюМон төв, 9 давхарт байрлах******* ХХК /РД:............/-д холбогдох
42,750,697 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Асланбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай******* ХХН нь хариуцагч******* ХХК-тай 2022 оны 01 сарын 14-ний өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь Петро ойл трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчид холбогдох 1,988,642,700 төгрөг гаргуулах арбитрын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
Тодруулбал, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралтын 3 дахь хэсэгт үндсэн хөлсний хэмжээ нь 10,000,000 төгрөг, урамшуулалт хөлсний хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгуулсан үнийн дүнгийн 10% байна гэж харилцан тохиролцсон. Тус арбитрын маргааны хувьд манай нөхөрлөлөөс үзүүлсэн үйлчилгээ, зөвлөгөөний дагуу******* ХХК нь Петро ойл трейд ХХК-д 1,600,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож БГ 22/03 тоот эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус эвлэрлийн гэрээг арбитрын шийдвэрээр баталгаажуулснаас нэхэмжлэлийн үндсэн дүнгээс 388,642,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан******* ХХК-д холбогдох арбитрын ажиллагаа дуусгавар болсон билээ. Хариуцагч нь гэрээнд заасан үндсэн хөлс оолох 10,000,000 төгрөгийг төлсөн боловч урамшуулалт хөлс 38,864,270 төгрөгийг төлөөгүй.
Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралтын 3 дахь хэсэгт заасан ёсоор******* ХХК нь******* ХХН-д нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдсан дүн болох 388,642,700 төгрөгийн 10%-тай тэнцэх хэмжээний төлбөр болох 38,864,270 төгрөгийг үүрэгтэй юм.
Үүнээс гадна Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралтын 6 дахь хэсэгт заасны дагуу******* ХХК-иас Хэруга Партнерс ХХН-д төлөгдөх төлбөрт НӨАТ төлөх үүрэгтэй. Иймд******* ХХК нь урамшуулалт хөлс болох 38,864,270 төгрөг дээр НӨАТ-ын 10% болох 3,886,427 төгрөг нийт 42,750,697 төгрөгийг нэхэмжлэгч******* ХХН-д төлөх үүрэгтэй байна.
Иймд******* ХХК-иас 42,750,697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХН-д олгож өгнө үү.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани ньХэруга Партнерс ХХН-н нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Хэруга Партнерс ХХН нь манай компанийг Арбитрын маргаанд төлөөлж оролцсон байдлыг ойлгомжтой байх үүднээс товчлон тайлбарлая.Херуга Партнерс ХХН-тэй 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж манай компанийг Петро Ойл Трейд ХХК-ийн нэхэмжпэлтэй Арбитрын маргаанд төлөөлж эхэлсэн.
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж Петро Ойл Трейд ХХК-н болон манай компаниас арбитрчаа томилж 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр арбитрын бүрэлдэхүүн бүрдсэн.
2022 оны 06 дугаар сарын 02 болон 07-ны өдрүүдэд урьдчилсан хуралдаан явуулж Арбитрын ажиллагааны журмыг тогтоосон. Арбитрын урьдчилсан хуралдааны үеэр талууд арбитрч нараасаа татгалзсан хүсэлт гаргасан боловч албитрын бүрэлдэхүүн талуудын хүсэлтүүдийг хангахаас татгалзсан.
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны 2022.08.01-ны өдөр товлон эхлүүлсэн гэвч тус хуралдааны үеэр хариуцагч талаас хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч мөн Арбитрын бүрэлдэхүүн тус хүсэлтийг хангахаас татгалзаж Арбитрын бүрэлдэхүүн хуралдааны үеэр санаачилгаараа нотлох баримтуудын орчуулга дутуу, хуралдааны бэлтгэл хангалтгүй болохыг тогтоож 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтээсээ 2022.08.24-ний өдрийн хуралдааны үеэр татгалзсан.Үүнээс харахад Херуга Партнерс ХХН нь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг хойшлуулах ажиллагаа хийж байсан нь харагдаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буйгаар нэхэмжлэгчээс үзүүлсэн үйлчилгээ, зөвлөгөөний дагуу******* ХХК нь Петро Ойл Трейд ХХК-д 1,600,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож БГ/22/03 тоот эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус эвлэрлийн гэрээг арбитрын шийдвэрээр баталгаажуулснаар нэхэмжлэлийн үндсэн дүнгээс 388,642,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй.
Учир нь Херуга Партнерс ХХН-н төлөөлөгч Асланбек нь******* ХХК-ийн гүйцэтгэх Захирал З.Янжинхорлоотой утсаар холбогдож цаашид манай зүгээс хийх ажиллагаа байхгүй болсон шүү гэдгийг мэдэгдэж байсан. Иймээс******* ХХК-ийн Гүйцэтгэх Захирал З.Янжинхорлоо нь өөрийн санаачилгаараа 2022.08.23-ны өдөр Петро Ойл Трейд ХХК-н өмгөөлөгч Б.Баасандоржтой viber/вайбер/-р холбогдож нэхэмжлэлийн үнийн дүн дээр эвлэрэх талаар харилцан тохирч арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны үеэр Петро Ойл Трейд ХХК-н оффис дээр очиж Петро Ойл Трейд ХХК-н Гүйцэтгэх Захирал О.Алтаншагайтай тохирч эвлэрлийн гэрээг баталгаажуулж гарын үсэг зурцгаасан.
Мөн нэхэмжлэгч 388,642,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа боловч арбитрын шийдвэрээр уг үнийн дүнгээр хэрэгсэхгүй болоогүй. Тухайн арбитрын маргааны үндсэн зардал нь 20,334,141.60 төгрөг буюу 1,988,642,700 төгрөгт холбогдох Арбитрын зардал юм. 2022.08.24-ны өдрийн 708 тоот Арбитрын шийдвэрээр уг арбитрын зардал хэвээр үлдсэн.
Өнөөдрийн байдлаар НШШГГазарт манай компани нь Петро Ойл Трейд ХХК-д 1,988,642,700 төгрөгийн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Иймд нэхэмжлэгч нь өмгөөллийн үйлчилгээ буюу зөвлөгөөний дагуу 388,642,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралтын хамт, Арбитрийн шийдвэр, итгэмжлэл,
4. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, бичгээр гаргасан тайлбар, голомт банкны дансны хуулга, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Арбитрийн шийдвэр, 2022.08.22-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, хүсэлт,
5. Шүүх талуудын хүсэлтээр: 2022 оны 08 сарын 24-ний өдрийн Арбитрийн хуралдааны тэмдэглэл, хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хэруга Партнерс ХХН нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэний төлбөр 42,750,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Арбитрын шүүхэд байсан маргаантай хэргийг эвлэрүүлэхэд тус нөхөрлөл үйлчилгээ үзүүлээгүй, гадаад Арбитрч сонгож илүү их зардал гаргасан гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв
3. Хэруга партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал Л.Загдаа нь******* ХХК-тай 2022 оны 01 сарын 14-ний өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулан, талууд гарын үсэг зурж, тамгаа даран баталгаажуулсан байна./х.х-ийн 5-8 хуу/
3.1 Гэрээний 1.2-т Өмгөөллийн нөхөрлөл нь Петро ойл трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй үйлчлүүлэгчид холбогдох газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 1,988,642,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий Арбитрын хэрэгт үйлчлүүлэгчийг төлөөлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ.,
3.2 Гэрээний хавсралт 1-д ...Петро ойл трейд ХХК-ний нэхэмжлэлтэй******* ХХК-ийн нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 1,988,642,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий Арбитрын хэрэгт өмгөөллийн нөхөрлөлийн зүгээс үзүүлэх өмгөөлөлийн үйлчилгээний хөлстэй холбоотой харилцааг зохицуулав., 2-т Өмгөөлөлийн үйлчилгээний хөлс нь үндсэн болон урамшуулалт хөлснөөс бүрдэнэ., 3-т өмгөөллийн үйлчилгээний үндсэн хөлсгий хэмжээ нь 10,000,000 төгрөг, урамшуулалт хөлсний хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгуулсан үнийн дүнгийн 10 хувь байна., Урамшуулалт хөлсийг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх үед буюу арбитрийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 өдрийн дотор төлнө. гэж талууд тус тус тохиролцжээ.
4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор заасан.
5. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Арбитрын шүүхэд байсан маргаантай хэргийг эвлэрүүлэхэд тус нөхөрлөл үйлчилгээгээ үзүүлээгүй, гадаад арбитрч сонгож илүү их зардал гаргасан гэж маргасан боловч нэхэмжлэгч нь гадаад арбитрч сонгох болсон шалтгаан нь үйлчлүүлэгч хугацаа авах шаардлагатай байна гэсэн тул арбитрчаас татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт болон эвлэрлэх санал нөгөө талд тавьж Б.Баасандорж өмгөөлөгчтэй харилцаж байсан гэж тайлбарласан.
5.1 Шүүх талуудын хүсэлтээр Дабьлю Экс Пи ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Янжинхорлоогийн өмгөөлөгч Б.Баасандоржтой /нэхэмжлэгчийн өмгөөлөгч/ вайбераар харилцсан захидалд, С.Асланбекийн өмгөөлөгч Б.Баасандоржтой мессенжирээр харилцсан захидалд үзлэг хийхэд талууд хэн аль эвлэрлийн талаар бичиж байсан нь тогтоогдсон.
5.2 Хэруга партнерс ХХН нь гэрээнд заасан үүргийн дагуу Петро ойл трейд ХХК-ний нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 1,988,642,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий Арбитрын шүүхийн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Асланбек оролцсон болох нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай Монгол Улсын Арбитрын шийдвэр, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Арбитрын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон./х.х-ийн 27-36,65-68 хуу/
6. Арбитрын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт ...төлбөр төлөх хувиар нь 4 сарын хугацаанд тэнцүү төлөлттэйгээр 1,6 тэрбум төгрөг төлөхөөр 2 тал тохирч, заасан хугацаандаа графикийн дагуу төлбөрөө төлвөл нэхэмжлэгч 38,864,270 төгрөгийг хасаж хөнгөлөхөөр талууд эвлэрсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН нь харилцан хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж шүүх үзэв.
7. Нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН нь өмгөөллийн үйлчилгээний үндсэн хөлс болох 10,000,000 төгрөгийг хүлээн авсан энэ талаар талууд маргаагүй. Харин урамшуулалт хөлсний хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгуулсан үнийн дүнгийн 10 хувь байхаар талууд тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 38,864,270 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх үзэв.
7.1 Талуудын хоорнд байгуулсан гэрээний 6-д энэхүү гэрээнд заасан дүн нь НӨАТ ороогүй дүн болно гэж тохирсон тул НӨАТ-ын 10 хувь болох 3,886,427 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН-д олгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Даблью Экс Пи ХХК-иас 38,864,270 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 3,886,427 төгрөг, нийт 42,750,697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН-д олгож шийдэв.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 371,704 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 371,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Даблью Экс Пи ХХК-иас 42,750,697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэруга партнерс ХХН улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даблью Экс Пи ХХК-иас 371,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 5053 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ