Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар  109/ШШ2023/0008

 

 

                                      Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн 

                           эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Д.Э,

           Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нарт холбогдох “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь миний бусдаас хууль ёсоор худалдан авсан гражийн зогсоолыг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс маргаан бүхий эд хөрөнгийг бүртгэхээс татгалзсан нөхцөл байдал арилсан учраас бүртгэх боломжтой гэсэн. Иймд хариуцагч талтай эвлэрэх боломжтой.” гэв.

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий эд хөрөнгийг бүртгэхээс татгалзсан үндэслэл арилсан тул иргэн Д.Эийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой болсон.” гэв.

3. Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Архангай аймгийн Улсын хэлтэс нь нэхэмжлэгч Д.Эийн иргэн Ч.Наас худалдан авсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 32 дугаар байрны доор байрлах 180 м.кв хэмжээ бүхий Ү-***********,  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй гражийн зориулалтай талбайн 5 номерын 15 м.кв хэмжээтэй зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байсан бөгөөд одоо дээрх хоригийг цуцалсан байх тул Д.Эийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд Д.Э нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь миний бусдаас хууль ёсоор худалдан авсан гражийн зогсоолыг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Анх нэхэмжлэгч Д.Э нь иргэн Ч.Нтай 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр “Өмчлөгч өөрт ноогдох хэсгээс худалдах” гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, 32 дугаар байрны зоорины давхарт байрлах 180 м.кв-ийн 15 мкв /№5 граж/-ийг гражийн зориулалтаар худалдан авч, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авагч талын ногдох хэсгийн үнэлгээ 3 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. (Хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3. Улмаар иргэн Ч.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нас барж,  Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 16 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. (Хавтаст хэргийн 112 дахь тал)

 

4. Түүнчлэн өв залгажлалаар өмчлөгч өөрчлөгдөж, Архангай аймаг, Эрдэнэбулган сум 1 дүгээр баг, 32 дугаар байрны зоорины давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, гражийн зориулалттай 180 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Н.Нт шилжжээ. (Хавтаст хэргийн 104 дэх тал)

 

5. Иргэн Б.Б нь “Наран тээл” ХХК, Ц.Дар, Н.Н нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2020/00956 дугаар шүүгчийн захирамжаар Б.Бын нэхэмжлэлтэй, “Н” ХХК, Ц.Д, Н.Н нарт холбогдох “Н” ХХК-д ажил гүйцэтгэсэн хөлс болох, 14.770.200 төгрөг, хүнээс зээлүүлсэн 2.500.000 төгрөгийн хүү болох 1.050.000 төгрөг, Н.Ныг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт “Н” ХХК-иас 15.890.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. (Хавтаст хэргийн 168-172 дахь тал)

 

6. Улмаар тус шүүхийн  2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01578 дугаар шийдвэрээр “Н” ХХК, Ц.Д, Н.Наас 14.770.200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэжээ.

 

            7. Нэхэмжлэгч Б.Баас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01578 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2020/08268 дугаар шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01578 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6.-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

 

            8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 134/09 дугаар “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01578 дугаар шийдвэртэй гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Н.Нын өмчлөлийн Архангай аймаг Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, 32 дугаар байрны зоорины давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байна. (Хавтаст хэргийн 116 дахь тал)                                                                                                                                                                                                               

 

            9. Улмаар нэхэмжлэгч Д.Э нь иргэн Ч.Нтай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Өмчлөгч өөрт ноогдох хэсгээс худалдах” гэрээний дагуу, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, 32 дугаар байр, зоорины давхарт байрла 180 м.кв-ийн 15 мкв /№5 граж/-ийг гражийн зориулалтаар худалдан авсан зогсоолыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 565 дугаар албан бичгээр, “...бүртгэл хийн бүртгэх боломжгүй, урьдчилсан тэмдэглэл хийлгэх эрхтэй.” талаар мэдэгджээ. (Хавтаст хэргийн 18 дахь тал)

 

10. Иймд нэхэмжлэгч Д.Э нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай хүсэлт гаргаж, тус хүсэлтдээ: “... Д овогтой Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг 32 дугаар байрны доор байрлах 15 мкв /№5/ гражийн зогсоолыг иргэн Ч.Наас 2014 онд худалдаж авсан ба 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан болно. Уг зогсоолыг өөрийн нэр дээр өмчлөх гэрчилгээ гаргуулах гэсэн боловч тухайн зогсоолуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан ба худалдагч иргэн Ч.Н нь удахгүй битүүмжлэлээс гаргаж танай гражийг өмчлөлд нь шилжүүлж өгнө гэсэн. Ингэж явсаар 2019 онд худалдах, худалдан авах гэрээгээ хийлгэж авсан бөгөөд тэр жил иргэн Ч.Н нь нас барсан болно. Ингээд өдий болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэлтэй байсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сэргээгдэж өв залгамжлалаар нь хүү Н.Нын нэр дээр шилжсэн байна. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр дахин тусгай тэмдэглэлээр битүүмжилсэн байсныг миний бие мэдээгүй болно. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.1-д заасны дагуу урьдчилан тэмдэглэл хийлгэх хүсэлттэй байна.” гэжээ.

 

            11. Тус захиргааны хэрэгт хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын ахлах бүртгэгч Д.Оийг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлж, хэрэг хянан шийдвэр ажиллагаанд оролцуулахаар томилсон байна. (Хавтаст хэргийн 49 дэх тал)

           

            12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Өмчлөгч Ч.Н 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нас барсны улмаас түүний хүү Н.Ныг хууль ёсны өвлөгч нь мөн болохыг тогтоож 0197 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 22-ны 03/1252 тоотоор хоригийг цуцалж эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээн өв хүлээн авагч Н.Нын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон. Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4-134/420 тоотоор эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд иргэн Д.Э 2022 оны 2 дугаар сард бүртгүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн. Эд эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзаж иргэн Д.Эийн гаргасан хүсэлтийг хүлээн авч бүртгэлийг хийх боломжгүй болохыг хэлж албан ёсны хариуг өгсөн. Худалдан авагч Д.Эийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийсэн болно.” гэжээ.

 

            13. Шүүх гуравдагч этгээдээр Н.Ныг татсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “.. тухайн гражийн талаар худалдсаныг мэдээгүй, надад өвлөгдсөн гражуудийг зарж борлуулж бүртгэхгүй гэж Улсын бүртгэлийн хэлтсээс хэлж байсан. Аав маань иргэн Д.Этэй гэрээ байгуулсан юм байна. 4 граж байгаа үүний 1 нь  иргэн Д.Эийн гражийн асуудал байгаа, шүүх хуулийн дагуу шийднэ биз ээ...” гэж,

 

14. Мөн нэхэмжлэгч Д.Э нь  2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээд Н.Нтай утсаар ярьсан тэмдэглэлдээ: “ ... Би таныг мөнгө өгч граж хуралдан авсан асуудлыг мэдэж байгаа учраас улсын бүртгэл бүртгэнэ биз ... ” гэж,

 

15. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд Н.Н нь тухайн гражийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

17.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаар “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолоор, төлбөр төлөгч Н.Нын өмчлөлийн Архангай аймаг Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, 32 дугаар байрны зоорины давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 134/10 дугаар тогтоолоор улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээсэн байна. (Хавтаст хэргийн 185 дахь тал)

 

18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Д.Эийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан хоригийг сэргээсэн тухай 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01-134/3591 дүгээр “Хөрөнгийн эрх сэргээх тухай” албан бичиг болон тогтоол тус хэлтэст 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр цахимаар ирсэн байх тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-д заасан нөхцөл байдал арилсан болно.” гэжээ.

 

19. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасныг зөрчөөгүй, хуулинд нийцсэн.

20. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийн гэрээг байгуулсан, харилцан буулт хийж, “Архангай аймгийн Улсын хэлтэс нь нэхэмжлэгч Д.Эийн иргэн Д.Наас худалдан авсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 32 дугаар байрны доор байрлах 180 м.кв хэмжээ бүхий Ү-***********,  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй гражийн зориулалтай талбайн 5 номерын 15 м.кв хэмжээтэй зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байсан бөгөөд одоо дээрх хоригийг цуцалсан байх тул Д.Эийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэсэн нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

17. Иймд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж, хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсгийн 29.1.1., 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар “..иргэн Д.Наас худалдан авсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 32 дугаар байрны доор байрлах 180 м.кв хэмжээ бүхий Ү-***********, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй гражийн зориулалтай талбайн 5 номерын 15 м.кв хэмжээтэй зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориг тавьсан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байсан бөгөөд одоо дээрх хоригийг цуцалсан байх тул Д.Эийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зүйлгүй.” гэсэн нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ОДОНТУЯА