Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар  2021/ДШМ/763

 

 

        

 

 

 

   2021            8             24                                          2021/ДШМ/763                             

 

 

Л.Н, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол,

шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1018 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Н, Б.У нарт холбогдох эрүүгийн 2011 00740 0663 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х овогтой Лийн Н, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “.........” сэтгүүлийн сэтгүүлч ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, эгч нарын хамт ............. аймгийн .......... сумын .... дүгээр баг, .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

2. Т овогтой Бийн У, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр ..................... хотод төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, “............” сэтгүүлийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

 

Шүүгдэгч Б.У, Л.Н нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” худалдааны төвийн 701 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Грандньюс сэтгүүл” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3/128/ дугаар “Гранд” сэтгүүл, “www.grandnews.mn” вэб сайт, “grandnews.mn” фэйсбүүк хуудсанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц Улсын Их хурлын гишүүн Г.Мийг Солонгос улсад амаржуулсан “үлгэр оршвой” гэсэн гарчиг бүхий “...“бөхийн гэргий, яруу найрагч”, “Бага Удвал” гэхчлэн тодотгуулдаг Г.М эрхэм сайдын хүүхдийг төрүүлсэн гэх бор шувуу нисэж байна...” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Н, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.У, Л.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл яллагдагчаар татах тогтоол үйлдсэн улсын яллагч нь гарын үсэг зураагүй байна. Баримт бичгийн эх боловсруулалтыг зөрчсөн... гэх санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч, мөн улсын яллагч шүүх хуралдаанд техникийн шинжтэй алдаа гарсан байна гэсэн тайлбар зэргээс Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд прокурор Ц.Батбямба нь гарын үсэг зурагдаагүй /1 хх 5-8/ байгаа нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...”, мөн хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл бүхий шийдвэр гаргана...” гэж тус тус заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн /дугаар байхгүй/ тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан бусад санал, дүгнэлтийн хувьд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.У, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар талд байгаа Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолд хяналтын прокурор Ц.Батбямба нь гарын үсгээ зурсан байх ба тогтоолын төгсгөл хэсэгт байх өөрийн нэрийн харалдаа урд талд бус харин түүний доод хэсэгт буюу Б.У гэсний харалдаа урд хэсэгт зурсан байна. Яллагдагч Б.У нь түүний доод талд гарын үсгээ зуржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар Л.Нийг яллагдагчаар татсан тогтоол болон хэргийн бусад материалд зурсан хяналтын прокурор Ц.Батбямбын гарын үсэгтэй харьцуулж үзэхэд түүний гарын үсэг мөн болох нь тогтоогдож байгаа болно.

Хяналтын прокурор нь өөрийн нэрийн өмнө бус доод хэсэгт гарын үсэг зурсан нь техникийн шинжтэй алдаанд тооцогдох бөгөөд уг шийдвэрийг гарын үсэг зурагдаагүй гэх шалтгаанаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1018 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх хуралд прокурор П.Итгэл улсын яллагчаар оролцсон. Прокурор оролцохдоо хавтас хэргийн материалыг шинжлэн судалж, мэтгэлцэж оролцдог. Би анхан шатны шүүх хурал дээр прокурор өөрийн гарын үсгийг зураагүй байгаа талаар хэлсэн. Прокурор зурах ёстой газраа гарын үсэг зурснаар нотлох баримтын шаардлага хангана. Мэтгэлцээний явцад П.Итгэл энэ бол техникийн шинжтэй алдаа хэрхэн яаж шийдэхийг шүүх өөрөө мэднэ биз дээ гэж хэлж байсан. Энэ хэлсэн үг нь шүүх хуралдааны тэмдэглэлд үлдсэн байгаа. Гэтэл энэ мэтгэлцээнд ялагдчихаад өөрийн ажлын үзүүлэлтээ авч үлдэх гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулж байна. Шүүхийн буруу мэт хандлага гаргаж байгаад би харамсаж байна. Прокурор хяналт тавих болон төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй энэ алдааг ноцтой алдаа гэж үзэх хэрэгтэй эс бөгөөс энэ алдаа нь буруу практик тогтох аюултай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүйгээс гадна дугаар тавигдаагүй. Иймд шүүгчийн захирамжид дугааргүй болохыг бичсэн. Дугааргүй байгаа нь процессын алдаа гарсан гэж үзэхэд хүргэсэн. Нэг тогтоолоор 2 хүнийг яллагдагчаар татсан бол ойлгох байсан. Гэтэл нэг он, сар, өдөртэй адилхан тогтоол мөртлөө 2 өөр хүнийг яллагдагчаар татсан хууль бус үйлдэл байна. Иймд шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан тул шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгчийн захирамжид дугаар болон гарын үсгээс гадна өмгөөлөгчийн гаргасан бусад саналыг шийдвэрлээгүй орхисон. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол эсэргүүцлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг учир энэ эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоосон эсэх, хэргийн сэдэл, зорилго, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах эсэх эрүүгийн хэрэг нь нотлогдсон эсэх, УИХ гишүүн жирэмсэн болсон эсэх, үр хөндүүлсэн эсэх олон асуудлыг шалгаагүй. Энэ асуудлыг шүүх хуралдаан дээр ярьсан боловч зөвхөн гарын үсэгтэй асуудлыг ярьж байгааг буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Цын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд гарын үсэг зохих газар зураагүй хэдий ч гарын үсэг зурсан. Анхан шат хэргийг хүлээж авахдаа хуулийн шаардлага хангаж байна, яллах дүгнэлт хуулийн дагуу болсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл өмгөөлөгч гарч ирээд гарын үсэг зурагдаагүй гэж маргаан гаргаж том асуудал болгосон. Төрийн үндэс суурь болсон 2 гэр бүлийг салгасан хэрнээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийг өмгөөлсөн хүн болж жүжиглээд хэрэггүй. Үүнийг чинь шүүхэд нөлөөлөх гэж байгаа нэг хэлбэр гэж үздэг. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх юм бол прокурорт алдаагаа засах боломж нь байгаа. Тамга, тэмдэгтэй зүйл дээр өөр газар гарын үсэг зурсныг гарын үсэг байхгүй гэж үзэхгүй. Ийм хүчин төгөлдөр зүйл дээр шүүх хуралдааныг хийхгүй хагас жил хойшлуулсан. Шүүхээр тоглож шүүх хуралдааныг янз бүрийн аргаар хойшлуулсан. Ийм үл ялих зүйлээс болж ял завшаад яваад байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Л.Н, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1018 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана.” гэж заасныг зөрчсөн, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан ба шүүхээс уг прокурорын тогтоолын яллагдагч Б.У гэх нэрний урд зурсан гарын үсгийг прокурор Ц.Батбямба эсхүл яллагдагч Б.У зурсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, хууль ёсны эрх зүйн акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “техникийн шинжтэй алдаа” гэж “үг, үсэг, тоо, тооцоо”-ны алдаатай, зөрүүтэй байдлыг ойлгохоор хуульчилсан байх тул прокурор П.Итгэлийн бичсэн “техникийн шинжтэй алдаа” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1018 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/1018 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ                                   

                        ШҮҮГЧ                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                     Б.АРИУНХИШИГ