Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/02180

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/02180

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, *** овогт ***гийн ***,

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн *** тоотод оршин суух, *** овогт ***ийн ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

 

Нэхэмжлэгч Д.***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э***

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*** нь Б.***т холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцааж авах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие анх иргэн Б.***аас байрны үлдэгдэл мөнгө 25,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон. Дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэх болсон тул миний бие нэхэмжлэлээ өөрчлөх хүсэлт гаргаж байна. Б.***тай хийсэн анхны аман гэрээ маань хуулийн шаардлага хангахгүй гэрээ болсон учир амаар хийсэн гэрээг минь хүчингүйд тооцож миний байрыг буцаан суллаж чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргаж байна. Миний бие урьдчилгаанд авсан 25,000,000 төгрөгөө буцааж өгөх болно.

*** ХХК-ийн мэдэгдэл нь миний байрыг худалдан авах аман гэрээ иргэн Б.***тай хийснээс хойш 6 сарын дараа ирсэн бөгөөд би хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үед би Б.*** нь уг компанитай холбоотой болохыг мэдсэн бөгөөд Б.*** нь энэ компанид өгсөн мөнгөө авч өгөх талаар ярьж эхэлсэн. Анх надтай аман гэрээ хийхдээ тус компанийн менежер ***тэй эгч дүүс болон намайг хуурсан болно гэжээ.

 

2. Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр *** барилгын компанитай гэрээ байгуулан 2 өрөө байр захиалан урьдчилгаа болох 25 сая төгрөгийг бэлнээр төлсөн ба тухайн байгууллага цаг хугацаандаа байраа бариагүй алга болсон түүнээс хойш удаа дараа урьдчилгаа болох 25 сая төгрөгөө буцаан авахаар байнга уулзаж нэхэж байсан ба тэдэнд өгнө гэсээр хугацаа хожиж 1 жил гаруй хойшлуулж байсан. Тэгээд 25 сая төгрөгөө залилуулсан болохыг мэдээд *** компанийн оффисын өрөөнд хэдэн хүүхдийн хамт хөнжил гудастайгаа очиж 3 хоног байрласан тул 3 хоногийн дараа ***, *** нар 1 өрөө байр танд олж өгнө, та 25 сая төгрөгөө одоо ***д өг, манай найзын аав нь байгаа юм. Манай компани 25 сая төгрөгөө 1 сарын дараа өгөхөөр болсон гээд намайг оффисоос аваад 28-19 тоот байрыг цуг ирж үзээд авхаар болсон ба маргааш нь байранд орсон. Манай зүгээс 50 сая төгрөгөө өгсөн ба тухайн үед *** гэдэг хүнийг танихгүй энэ хүнтэй наймаа хийгээгүй ***, *** нар хоорондоо тохиролцож наймаа хийгээд намайг энэ байранд оруулсан. *** надтай тухайн үедээ гэрээ хийгээгүй байж тухайн компаниас 25 сая төгрөгөө авч чадаагүй юм шиг байгаа юм. Тэгээд нэхээд байгаа. Миний хувьд *** компани надад 25 сая төгрөгтөө өгсөн байр юм. *** гэдэг хүн би 25 сая төгрөгөө авч чадахгүй байна, чи ***, *** нараас шаардаад өгөөч гэхээр нь та нар ямар сонин хүмүүс вэ *** гэдэг хүндээ 25 сая төгрөгөө өгөөч гэж шаарддаг байсан. Ийм учраас *** *** ХХК-ийн захирал болох ***аас 25 сая төгрөгөө авах юм. Гэрээ, тоот зэргийг хавсаргасан болно. *** констракшн ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот мэдэгдлээр Д.***д захиалагч тал Б.***аас урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гүйцэтгэгч тал *** констракшнаас иргэн Д.***д 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлэх болно гэж мэдэгдсэн байдаг. Иймд миний зүгээс 25,000,000 төгрөгийг Д.***д өгөх ёсгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-6/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 35/, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хх 92/, *** констракшн ХХК-ийн мэдэгдэлд тайлбар гаргах нь /хх 95/,

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 13, 17/, *** констракшн ХХК-ийн *** тоот иргэн Д.*** танаа албан бичиг /хх 18/, Орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээний хуулбар /хх 19-21/, хавсралтаар өрөөний зохион байгуулалт, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх 22-23/, Орон сууц хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалах гэрээний хуулбар, хавсралтаар өрөөний зохион байгуулалт /хх 24-30/, Н.Х*** төрсний гэрчилгээний хуулбар /хх 31/, Н.Н***төрсний гэрчилгээний хуулбар /хх 32/, Н.Э*** төрсний гэрчилгээний хуулбар /хх 33/, Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 42/, Мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх 88/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын *** тоот албан бичиг /хх 89-90/, Мөрдөгчийн санал /хх 91/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх 92-93/, итгэмжлэл /хх 130/,

 

5. Дараах баримтуудыг шүүхийн санаачилгаар гаргуулсан. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 142-144/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.*** нь хариуцагч Б.***т холбогдуулж 2019 оны 9 дүгээр сард Б.***тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээний үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*** нь 2019 оны 9 дүгээр сард Д.*** болон Б.*** нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах тухай аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг буцааж авах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

Нэхэмжлэгч Д.*** болон хариуцагч Б.*** нарын хооронд 2019 оны 9 дүгээр сард Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр *** тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдагч тал болох Д.*** худалдан авагч тал Б.***т шилжүүлэх, үүний хариуд 50,000,000 төгрөгийг Д.***д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Д.*** нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...***тай хийсэн анхны аман гэрээ маань хуулийн шаардлага хангахгүй гэрээ болсон учир амаар хийсэн гэрээг минь хүчингүйд тооцож, миний байрыг ...буцааж чөлөөлж өгөх ...урьдчилгаанд авсан 25,000,000 төгрөгөө буцааж өгнө гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч ...Манай зүгээс 50 сая төгрөгөө өгсөн ба тухайн үед *** гэдэг хүнийг танихгүй энэ хүнтэй наймаа хийгээгүй ***, *** нар хоорондоо тохиролцож наймаа хийгээд намайг энэ байранд оруулсан. ...Миний хувьд *** компани надад 25 сая төгрөгөндөө өгсөн байр юм гэсэн агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч Д.*** нь маргааны зүйл болж буй эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг хариуцагч бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаараа маргаагүй.

 

Талуудын маргааны зүйл нь 2019 оны 9 дүгээр сард байгуулагдсан гэх Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч талаас зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг аман гэрээ учир төгөлдөр бус хэлцэл гэж, хариуцагч талаас тус орон сууцны үлдэгдэл төлбөрийг бусдад буюу гуравдагч этгээдэд төлсөн гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог хэдий ч зөвхөн өмчлөх эрх шилжснээр бус тухайн эд хөрөнгийн эзэмшил мөн адил шилжснээр худалдагч гэрээний үүргээ биелүүлсэнд тооцогдоно.

 

Зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сард байгуулагдсан гэх Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээгээр нэхэмжлэгч Д.*** нь маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр хариуцагч Б.***т худалдаж, хариуцагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлсэн байна. Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5990089382 тоот данснаас орон сууц гэсэн гүйлгээний утгатайгаар 9,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас ***аас байрны мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 16,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх боловч талууд дээрх гэрээг бичгээр үйлдээгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Хуулийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүрэг үүсэх боломжгүй.

 

Нэгэнт Д.*** болон Б.*** нарын хооронд 2019 оны 9 дүгээр сард байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч Д.***ы дээрх гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцааж авах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Түүнчлэн хариуцагч Б.*** нь Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээний аль нэг тал биш *** констракшн ХХК-ийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, тус компанид байр захиалж 25,000,000 төгрөг төлсөн учир дээрх гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч Д.*** нь анх шүүхэд гаргасан Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах тухай аман гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан авахаар өөрчилсөн учир Д.***ы нэхэмжлэлтэй, Б.***т холбогдох иргэний хэрэгт *** констракшн ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.***ы эзэмшилд буцаан өгөхийг хариуцагч Б.***т даалгаж, хариуцагч Б.***т 25,000,000 төгрөг буцаан өгөхийг нэхэмжлэгч Д.***д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН