| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0958/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/898 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/898
2025 10 14 2025/ШЦТ/898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,
Өсвөр насны шүүгдэгч: А.Б*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б*******, тэдгээрийн өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт А*******ийн Б*******д холбогдох эрүүгийн 2503006760922 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Бэлмонтэ ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт А*******ийн Б******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Б******* нь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүүнжавын хөшөөний зүүн талын авто замд 2025 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг 40 минутын орчим Yamaha R-6 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. В “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас боржур мөргөж, мотоциклд зорчиж явсан хохирогч Э.А******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч А.Б******* нь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүүнжавын хөшөөний зүүн талын авто замд 2025 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг 40 минутын орчим Yamaha R-6 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. В “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас боржур мөргөж, мотоциклд зорчиж явсан хохирогч Э.А******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Баттулгын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2503006760922 дугаартай хэргээс:
*******үүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 05 дугаар тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А******* хохирогчоор өгсөн “...Намайг 2025 оны 06 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед гэртээ байх үед манай гэрийн ойролцоо манай ангийн найз А.Б******* ирээд надтай уулзсан бөгөөд тухайн үед манай найз аавынхаа Yamaha R-6 маркийн мотоциклыг унаад ирсэн байсан. Ингээд би мотоциклынх нь ард суугаад хорооллын эцэст байх эмээгийнхээ гэр лүү очихоор тэндээс бид хоёр 10 дугаар хороололд найзууд дээрээ очиж уулзчихаад 08-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз А.Б******* бид хоёр манай эмээгийнд очиж хонохоор болоод 25 дугаар эсийн сангаас хойш Өргөө кино театр чиглэн явж байгаад Чингүүнжавын хөшөөний зүүн талын авто замд хурдтай явж байгаад авто замын боржурыг урд дугуйгаараа мөргөөд онхолдсон. Ослын дараа би ухаан алдсан байсан бөгөөд нэг мэдэхэд авто зам дээр хэвтэж байсан, манай найз А.Б******* хөшөөний хажуугийн сандал дээр эвгүй амьсгалсан сууж байсан бөгөөд дахин ухаан алдаад ухаан орох үед би эмнэлгийн машин дотор хэвтсэн, манай найз миний хажууд сааж байсан бөгөөд бид хоёр Гэмтлийн эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Нас тоолсон мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 30 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4297 дугаартай “спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7906 дугаартай “Э.А******* биед цээжний баруун талын 5 дугаар хавирганы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, шингэн хуралдалт, сээрний 4,5,6,7 дугаар нугалмын их биеийн хугарал, мултрал, нугас дарагдал, эрүү яс, хоншоор ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн шанааны цус хуралт, зүүн сарвуу, цээж, зүүн тохойны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.7, 4.1.15-д тус тус зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр тал/,
2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1036 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 67-70 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.А*******ийн өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, мотоциклдоо үнэлгээ хийлгэхгүй. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 93 дугаар тал/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 394 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-101 дүгээр тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Баттулгын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 92 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч ******* хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхаар хуульчилсан.
Тээврийн прокуророос өсвөр насны шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Дээрх үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч А.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Өсвөр насны хохирогч Э.Анар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв..
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Өсвөр насны шүүгдэгч А.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 146 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг өсвөр насны шүүгдэгч А.Б*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд А.Баттулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч А.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5,7,8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт А*******ийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч А.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ