Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/927

 

 

 

 

 

 

   2025          10          22                                    2025/ШЦТ/927

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Э.Мөнхболд,

Шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х******* овогт Б*******ын Э*******од холбогдох 2509027891352 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Мера” компанид ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо ******* дүгээр байр ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Х******* овогт Б*******ын Э******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо *******а байр ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрээс яв гэх шалтгаанаар өөрийн эхнэр М.Б*******ийн нүүрэн тус газарт цохих, түлхэж унагах зэргээр зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э******* нь “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо *******а байр ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрээс яв гэх шалтгаанаар өөрийн эхнэр М.Б*******ийн нүүрэн тус газарт цохих, түлхэж унагах зэргээр зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2509027891352 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Б*******ийн хохирогчоор өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинэ ажилд ороод 3 дахь өдөр нь болж байсан. Намайг ажлаа тараад гэрт ирэхэд хүүхдүүдэд хоол унд хийж өгөөгүй байдаг. Нэг бол ирж гэртээ хонодоггүй, дуртай үедээ гараад явчихдаг. Тэгээд гэртээ дандаа согтуу орж ирдэг. Тухайн өдөр би 21 цагт ажлаа тараад сэтгэл санаа тааруу байсан болохоор би ажлын гадна байдаг дэлгүүрээс 250 граммын агар гэх архи аваад гэртээ ирээд жоохон уугаад сууж байсан. Тэгээд байж байтал 2025 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед гаднаас согтуу орж ирээд чи одоо ажилтай болчихсон миний хэрэг байхгүй болсон уу, одоо хүртэл зайлаагүй байгаа юм уу гээд гэрээсээ хөөсөн. Тэгж муудалцаж эхэлсэн. Архи уухаараа намайг цохих гээд дайрдаг. Тухайн өдөр би цагдаа дуудна гэхэд миний гар утсыг булааж аваад намайг гэрээс хөөж гаргасан. Манай нөхөр намайг хөөж гаргах гээд би гарахгүй гээд түлхэлцэж эхэлсэн. Тэгж байх үед миний шүд рүү цохих шиг болсон. Тэгээд намайг хаалга онгойлгоод хүчээр гэрээс гаргаад, араас бөгс рүү хүчтэй өшиглөсөн тэгээд хаалга түгжээд хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд би хажуу хөрш айлаасаа гуйгаад цагдаа дуудуулсан. Тэгээд цагдаа ирэхэд хаалга тайлж өгөхгүй байсан. Тэгж байгаад өөрөө орилоод гараад ирсэн. Тэгээд цагдаа нарыг миний хажууд байхад ч над руу дайраад буцаад ирэхэд гэрээс зайлчихсан байгаарай гэж хэлсэн. Ер нь намайг барьж аваад ч нааш цааш түлхэж, газарт түлхэж унагаадаг. Бид хоёр ямар ч харилцаагүй болоод удаж байгаа. Өөр өөр өрөөнд ороод унтчихдаг. Нөхөр дандаа архи уудаг, архи уучихсан гэртээ ирдэг гэр орондоо ямар ч ажил хийдэггүй болохоор надад хэцүү байдаг. 14 хоногийн ажлаа тараад гэртээ ирэхдээ ч согтуу байдаг. Архины хамааралтай хүн. Архины албадан эмчилгээ байдаг бол явуулмаар байна. Согтуудаа хэлсэн үг, хийсэн үйлдлээ мэддэггүй. Намайг зодохдоо гэмшиж байгаа юм байхгүй, уучлалт ч гуйхгүй. Намайг цохиж зодсоныхоо дараа ажилдаа явчихдаг болсон. Манай удамд салж сарнисан хүн байдаггүй болохоор би санаа зовоод хүүхдүүд болон аав, ээж, ах дүү нараасаа нуугаад тэсэж ирсэн. Сүүлдээ биегүй болоод дуусдаг юм байна. Миний бие хөхрөөгүй газар гэж байхгүй. 2024 оны 09 дүгээр сард элгэн дээрх хоргүй хавдар томроод хагалгаанд орох үед миний биеийг ээж, аав хараад тэр үеэс манай нөхөр намайг зоддог гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*******ийн дахин өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүзүү, нуруу бүсэлхийд нийт 504,000 төгрөгөөр томограпп хийлгэсэн. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хулант дент шүдний эмнэлэгт 60,000 төгрөгөөр хугарсан шүдээ авхуулсан. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн сангаас 28,700 төгрөгийн эм тариа авсан. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн гэмтлийн эмнэлэгт үзүүлж 22,500 төгрөгийн эм тариа бичүүлж авсан. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Номин төгөлдөр гэх шүдний эмнэлэгт 700,000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж өр хоногийн мөнгө 160,000 төгрөг төлсөн байсан. Хохирлоо Э*******оос барагдуулж авсан. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй, шаардлагагүй. Одоо гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/8256 дугаартай “М.Б*******ийн биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э*******од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Э******* нь “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо *******а байр ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрээс яв гэх шалтгаанаар өөрийн эхнэр М.Б*******ийн нүүрэн тус газарт цохих, түлхэж унагах зэргээр зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/8256 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

          Шүүгдэгч Б.Э******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Э******* нь “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо *******а байр ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрээс яв гэх шалтгаанаар өөрийн эхнэр М.Б*******ийн нүүрэн тус газарт цохих, түлхэж унагах зэргээр зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч П.Мөнхцэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э******* болон хохирогч М.Б******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн “...тухайн өдөр нөхөр Б.Э******* гаднаас согтуу орж ирээд шууд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э*******, хохирогч М.Б******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.

Хохирогч М.Б******* нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  байна.  

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь “...2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо *******а байр ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэрээс яв гэх шалтгаанаар өөрийн эхнэр М.Б*******ийн нүүрэн тус газарт цохих, түлхэж унагах зэргээр зодож түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, баруун тохой, шуу, зүүн бугалга, бугуйн үе, өгзөгт цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Э*******од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 76 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Э*******од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Э*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Б*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******од оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.   

5. Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шүүгдэгч Б.Э*******оос 169,000 төгрөгийг гаргуулж Эрүүд мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ