| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2008015981583 |
| Дугаар | 2021/ДШМ/767 |
| Огноо | 2021-08-24 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2021/ДШМ/767
2021 8 24 2021/ДШМ/767
Б.Сод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
хохирогч Д.Тунгалаг,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Сод холбогдох эрүүгийн 2008 01598 1583 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х Т овогт Бын С, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр .................. төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “....................” ХХК-д тогоочоор ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт .................. дүүргийн .... дугаар хороо, .................... дугаар гудамжны ....... тоотод байнга, ................ дүүргийн .... дугаар хороо, .......................... гудамжны ..... тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Шүүгдэгч Б.С нь:
1. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээний дагуу явуулж өгнө виз чинь найдвартай хурдан гарна, бичиг баримтын орчуулгын зардал хэрэгтэй байна” гэж иргэн Т.Бтгийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 7.200.000 төгрөг шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Манай “Суварга-Өндөр хайрхан” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улс руу олон жил виз гаргаж байгаа одоо явах хүмүүсээс бүртгүүлсэн 2 хүн мөнгөө өгөөгүй байна, чи мөнгөө өгчих юм бол 2 хоногийн дараа виз чинь гарна, шинжилгээ өгөх, хураамжийн мөнгө хэрэгтэй” гэж иргэн О.П-Оыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 5.000.000 төгрөг, 144.000 төгрөгийг шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан нийт 5.144.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн В.Алтансувдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТДБ андууд” төвийн Хаан банкны АТМ-ээс 7.344.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 7.344.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана” гэж иргэн Н.Оүүг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн хашаанд гар утаснаас 7.860.000 төгрөг дансаар шилжүүлснийг өөрийн болон нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 7.860.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг надад бичиг баримт эрх нь бий” гэж иргэн С.Хг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн Д.Тгийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 36.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 95 дугаарын лангуун дээр байхдаа дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Эмыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.380.000 төгрөгийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хорооллын эцэст байхдаа бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 7.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу ажлын гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана, хүүхдийн чинь визийг мөн гаргана” гэж иргэн Д.Ббг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбараар үйлчлүүлж бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Солонгос улс руу ажлын гэрээгээр виз гаргана” гэж иргэн Б.Бмааг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минж плаза”-д бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 7.500.000 төгрөгийг хохирол учруулсан,
10. 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр “улсаас хувийн компанид Солонгос руу гэрээгээр явуулах тоо өгсөн, манай компанийн 12 хүн явуулна визийг чинь гаргаж өгнө” гэж иргэн Т.Лг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.344.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрийн орчимд явж байхдаа дансаар шилжүүлснийг нөхөр С.Эбын банкны дансаар дамжуулан авч залилан 7.344.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х Т овогт Бын Сыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Соос 100.600.600 /зуун сая зургаан зуун мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж, хохирогч С.Хд 1.800.000 төгрөгийн, Н.Охүүд 7.860.000 төгрөгийн, Д.Ббд 13.200.000 төгрөгийн, Б.Энхмандахад 7.284.000 төгрөгийн, Б.Баатармаад 7.404.500 төгрөгийн хохирол, 19.600 төгрөгийн хор уршиг, В.Асд 7.344.500 төгрөгийн, Г.П-От 5.144.000 төгрөгийн, Д.Тт 36.000.000 төгрөгийн, Т.Лнд 7.344.000 төгрөгийн, Т.Бтт 7.200.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Сын эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлчлүүлэгч Б.Сод холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн 700 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх хэсэгт “...Бын Сыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хэм хэмжээг хэрэглэсэн байна.
Ингэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ олон удаагийн үйлдлээр, удаан хугацаанд, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, амьдралын талаар бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хоёр нөхцлийг аль алиныг нь бүрэн хангасан байхыг шаарддаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь цаг хугацааны хувьд эхний үйлдлээс сүүлийн үйлдлийн хоорондох нийт хугацаа нь 7 сар хүрэхгүй байгаа бөгөөд энэ хугацаанд өдөр бүр гэмт үйлдэл хийж байгаагүй. Харин хохирогч болох хүмүүсийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөө олон удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байх боломжтой. Амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцлийн хувьд шүүх миний үйлчлүүлэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Б.С нь хохирогчидтой уулзаж мөнгө авах үедээ буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхдээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан. Энэ талаар хохирогч Н.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 онд Эмээлт дээр С гэдэг хүнтэй танилцаж байсан ба тухайн үед Б.С нь цайны газар түрээслэн ажиллуулдаг байсан. Дараа нь 2019 оны 5 дугаар сарын үед Кино урлагийн дээд сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулж байгаад надаар агааржуулалтын мотороо засуулж байсан...” гэх мэдүүлэг /1 хх 159/, хохирогч С.Хувьзаяагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “Би Б.С гэдэг хүнтэй 2 удаа л уулзаж байсан ба надтай уулзах үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КУДС-ын хажууд цайны газар ажиллуулдаг байсан” гэх мэдүүлэг /1 хх 163/ өгсөн зэргээс тэрээр цайны газрын үндсэн үйл ажиллагаа эрхэлж орлого олдог бөгөөд энэ талаараа ч Б.С өөрийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Б.С нь Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн бусдаас мөнгө авч үйлдлээ өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгоогүй байхад анхан шатны шүүхээс зөвхөн тоонд дүгнэлт хийсэн болохоос яг амьдралын эх үүсвэр болсон эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг хэрэглэсэн.
Хоёр. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тухайд:
2.1. Яллагдагчийн хувийн байдлыг хангалттай нотолж, тогтоогоогүй тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг. Гэвч өмнө дурдсанчлан миний үйлчлүүлэгч Б.С нь цайны газар ажиллуулдаг талаар холбогдох хүмүүс болон өөрийнх нь мэдүүлэгт тодорхой дурдагдсан байхад энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг явуулж нотлох баримтыг цуглуулаагүй. Үүнээс болж шүүх Б.Сыг эрхэлсэн тодорхой ажилгүй тул бусдыг залилж, түүгээр амьдардаг зан үйлийн хэвшмэл шинжтэй этгээд гэж буруугаар дүгнэсэн.
Мөн миний үйлчлүүлэгч Б.Сын мэдүүлэгт тодорхой дурдагддаг Солонго улсын визний материал хүлээн авч элчин сайдын яаманд хүргүүлдэг “Хөтөч төв” ХХК, “Монгол ньюс хөтөч” виз мэдүүлгийн төлөөлөгчийн газарт холбогдох хүмүүсийн визний материалыг бүрдүүлэн өгсөн эсэх, “Хөтөч төв” ХХК-иас визний материалуудыг буцаасан эсэх үйл баримтыг шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Эб, Б.С нарын хамтран эзэмшдэг Хаан банкин дахь 5027525761 тоот данснаас Х.Баттөмөр гэх хүний эзэмшлийн Хаан банкин дахь 5501043846 тоот дансанд 4.200.000 төгрөг “МИАТ тийз Б” гэх утгатай шилжин орсон байна. Энэ нь хохирогч нарын тийзийг захиалах зорилгоор шилжүүлсэн мөнгө байх магадлалтай нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй.
2.2. Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэл, холбогдлыг шалгаж тогтоогоогүй тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж зааснаас гадна мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн,
хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлж өгсөн байдаг. Уг хэрэгтэй холбоотой Б.Жаргалсайхан гэх хүний үйлдэл холбогдлыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон В.А, Д.Т, Т.Л, Т.Бт нар Б.Стой Б.Жаар дамжуулж танилцсан байх бөгөөд Б.Соос бага бус хэмжээний мөнгийг бэлнээр авсан гэж миний үйлчлүүлэгч Б.С ярьдаг. Тухайлбал,
- Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2019 оны 11 сард ... Ж гэдэг хүнээс анх Б.С гэдэг хүн Солонгос Улс руу гурван жилийн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан гаргана гэж байна” гэсэн мэдээг сонссон. 2019 оны 12 дугаар сард Ж нь “... миний виз гарсан” гэж надад хэлсэн” /1 хх 34, 2 хх 141-142/,
- Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Д.Гантөмөрийн танил болох Ш.Жаргалсайхан 2019 оны 11 дүгээр сарын дунд үед надтай уулзаад “Б.С гэдэг хүн Солонгос улсад 3 жилийн хугацаатай ажиллах виз гаргадаг юм байна. 7.200.000 төгрөг зээлээч” гэхэд нь...” /1 хх 218/,
- В.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сард Б.С гэдэг хүнийг найз Жагаагаар дамжуулж танилцсан...” /1 хх 99-100/ гэх мэдүүлгүүдээр тогтоогддог.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн тухайд:
Хохирогч Д.Ббийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч Тэмүүжин зээлийн гэрээ байгуулах ёстой гэж хэлсний үндсэн дээр гэрээ байгуулсан” /2 хх 37/ талаар дурдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй субъект юм. Гэтэл хэргийг мөрдөн шалгаж байгаа мөрдөгч нь хэргийн оролцогчдыг зуучлах, хооронд нь гэрээ байгуулуулах замаар хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ олгогдоогүй байхад өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа өмгөөлөгчгүй байсан тул хаана яаж хандахаа мэдэхгүй байсан. Анх байцаагч Энхчулуунд Б.Ж 30 гаран сая төгрөг авсан гэдгийг хэлж байсан. Энэ талаарх баримтаа байцаагч Энхчулууны хувь чат руу явуулдаг байсан. Байцаагч Тэмүүжин зээлийн гэрээ хий гэсний дагуу байцаагч Батсайхан, өмгөөлөгч Отгончулуун нар миний 2 айлын газрын гэрчилгээг зээлийн гэрээний дагуу гэж хэлж намайг зодож авсан. Би тухайн үед зодуулаад үлдсэн тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж байсан. Энэ талаар байцаагч Энхчулуунд хэлж байсан. Б.Ж 30 гаран сая төгрөг авсан гэж хэлсээр байхад утсаар надаас байцаалт авдаг байсан. Намайг дуудахаар ирж гарын үсэг зураарай гэж хэлсэн тул би анх гарын үсэг зурахдаа хэргийн материалтайгаа танилцаагүй гарын үсэг зурсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилсэн болохыг би мэдээгүй. Визний хугацаа хойшилсон тул нотариат дээр очоод 90 хоног мөнгийг чинь хэрэглэж байя гэж хэлцэл хийсэн. Ятгах тусам нягтал гэдэг арга хэмжээгээр намайг шалгахад байцаагч Отгоннямд 20 хуудас баримтыг өгсөн. Гэтэл надаас хурааж авсан баримтыг хавтас хэрэгт өгөөгүй. Би энэ баримтын талаар байцаагч Энхчулуунд удаа дараа хэлж байсан боловч намайг үл тоож аваагүй. Улсын өмгөөлөгч авахад “таны хэлж байгаа материал дутуу байна. Би энэ хэрэгт орж чадахгүй. Та надаас татгалз” гэж хэлээд би татгалзсан. Өмгөөлөгчгүй хуралд орсон тул би ийм байдалд орж байна. Наранчимэг нь 6.600.000 төгрөгийг өрөөндөө Б, Эм, Ба нарын хажууд авсан гэдгээ хэлдэг. Надад 1.000.000 төгрөг өгөөд үлдсэн 5.600.000 төгрөг авсныг мэдэх гэрч нар байгаа. Мөн би 5.000.000 төгрөгийг Наранчимэгийн данс руу хийж байсан. Би энэ талаар байцаагч Энхчулуунд хувь чатаар нь хэлж байсан. Байцаагч Отгоннямд 20 хуудас баримтаа өгсөн гэж хэлэхэд намайг өөрөө “Хүч” төв дээр оч гэж хэлсэн. Би “Хүч” төв дээр ирчихлээ гэхэд хувь хүнд утасны дугаарыг нь өгөхгүй гэж байна. Цагдаагийн газар өөрөө албан тоот явуулаад энэ материалыг авдаг юм байна гэж хувь чат руу явуулж байсан. Гэтэл энэ талаар миний хавтас хэрэгт нэг ч тусгагдаж ороогүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ асуудлыг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Тунгалаг “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.С нь 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд 10 удаагийн үйлдлээр 26 удаагийн дансны гүйлгээгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан. Үйлдэж байгаа арга нь давтамжтай, нэг хэв шинжтэй, нэг зүйлээ олон хохирогч нарт хэлж уг гэмт хэргийг үйлдсэн. Иймд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Хохирогч нараас өгсөн мөнгийг тухайн өдөртөө данснаас бэлнээр авдаг. Хохирогч нараас виз гаргуулахаар өгсөн мөнгийг виз гаргуулахад зарцуулаагүй, өөртөө ашигласан. Өөрийн амьдралын хэрэгцээг хангах үүднээс өөртөө авсан. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Нөхөртэйгөө хамт “Суварга-Өндөр хайрхан” ХХК-ийг байгуулсан. Энэ нь ажил хийж байгаа мэт дүр эсгэж байгаа боловч энэ компанийнхаа нэрээр бусдын бичиг баримтыг авсан. Цайны газар ажиллуулаад амьдралын эх үүсвэр болгож байсан зүйл байхгүй. Жаргалсайхан нь хохирогч нарыг Б.Стой холбож өгсөн болохоос биш мөнгө авсан талаар хавтас хэрэгт авагдсан зүйл байхгүй. 144.000 төгрөгийг нэг хохирогч Жаргалсайханд өгсөн гэх боловч “би тэр мөнгийг Сод өгсөн” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Иймд бусадтай бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Байцаагч Батсайханд 2 газрын гэрчилгээ өгсөн гэх боловч нэр дээр нь бүртгэлтэй гэх баримт хэрэгт авагдаагүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх зөрчил байхгүй гэж үзэж байна. Хувь чатаар хэрэв баримт явуулсан бол тэр баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар чатаар явуулсан эсэхийг тогтоох боломж байхгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон 10 хохирогчид хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу шүүгдэгч О.Сын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Сод холбогдох хэргийг шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь “...хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог...” бөгөөд уг зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүр /мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх/-т тус хуулийг хэлбэрэлтгүй сахих ёстой.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно.”, 6 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.” гэж тус тус заасныг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.С нь өмгөөлөгч А.Очбадралаас татгалзах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа шүүгдэгч О.Сыг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсхүл өөрийгөө өмгөөлөн оролцох эсэх талаар амаар болон бичгээр ямар нэг хүсэлт гаргаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.” бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй юм.
Түүнчлэн хэрэгт авагдсан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 700 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, шүүх хуралдааны ажиллагааг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулаад, уг өдрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн мэт бичигдсэн байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхдээ энэ зөрчлийг анхаарвал зохино.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдсан гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сод холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Сод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ