Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэг, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

Сурган хүмүүжүүлэгч М.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Оюунцэцэгийн Отгончимэгт холбогдох эрүүгийн 201726020911 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, халх, суурь боловсролтой, 55 дугаар сургуулийн 8/а ангийн сурагч, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 08-886 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  УК99112745 регистрийн дугаартай,  Боржигон овогт Оюунцэцэгийн Отгончимэг.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэг нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах ЗН-ийн 13-380 тоотод иргэн И.Сонормаагийн цүнхнээс Хаан банкны картыг нь  хулгайлан авч 3,000,000 төгрөг аван бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэг мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хүүхдүүдтэй хамт явж байгаад тэр хүүхдүүдэд мөнгийг алдсан. Би Андуудаас гараад Жуков орсон. Талбай дээр сууж байхдаа хэдэн хүүхдүүдтэй найзалсан. Тэр хүүхдүүд пиво авч өгсөн. Тэндээсээ караокед ороод тэр хүүхдүүд намайг архиар шахаад би согтсон байсан. Маргааш өглөө нь дэлгүүрийн хажууд сэрээд гэртээ харьсан. Картыг нь хэтэвчнээс нь авсан. Кодыг нь мэдэж байсан. Эхлээд автобусны картаа цэнэглэе гэж бодож авсан. Тэгээд теллерээс нь яаж мөнгө авдаг юм бэ гэхэд өнөөдөртөө 3 сая төгрөг  гарна авах уу гэхээр нь авсан. Хохирлоо ажил хийж барагдуулна. Хулгай хийснээ зөвшөөрч байна. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Эгчийнхээ үгэнд орно гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Хохирогч И.Сонормаа нь миний багын найз юм. Отгончимэг тэднийд очиж хүүхдийг нь хардаг байсан. Энэ зун ажил хийж байгаад хохирлыг төлнө. Манай дүү ийм хүн биш. Ийм гэмт хэрэгт холбогдсоныг сонсоод итгээгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт сурган хүмүүжүүлэгч М.Гантулга мэдүүлэхдээ:

Манай сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, хоцрогдсон хүүхдүүд байдаг. Отгончимэгийн хувьд хөнгөн хэлбэрийнд ордог. Сэргэлэн, хөдөлгөөнтэй, хичээлээ таслаад байдаггүй, ямар нэгэн асуудал үүсгээд байдаггүй. Нэг анги 10 хүүхэдтэй бөгөөд гайгүй хүүхдийн тоонд ордог. Архи уудаг, хулгай хийсэн гэхэд гайхаж байна гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

     

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгийн өгсөн:

            “... 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонормаа эгчийнд очиж хоносон бөгөөд маргааш нь гарах гэтэл намайг хүүхэд харж өгөөд, дахиад нэг хоночихооч гэхээр нь “агаа уурлаад ир гээд байна” гэхэд Сонормаа эгч “тэгвэл хоёулаа гадагшаа хамт гаръя, хүүхэд тэврээд явчихаа” гэсэн.  Тэгэхээр нь би зөвшөөрөөд         бид нар хамтдаа Андууд Хаан банк орсон.     Сонормаа эгч АТМ-д өөрийн картандаа мөнгө хийсэн, би хажуу талд нь хараад зогсож байсан. ... Номин дэлгүүр ороод Сонормаа эгч ахуйн хэрэглээний зүйлүүд авсан бөгөөд тэр үед Сонормаа эгч хэтэвчиндээ худалдан авсан зүйлийнхээ баримтыг хийх гэж байгаад картаа газар унагаасан. Тэгээд уг унасан картыг аваад халаасандаа хийсэн бөгөөд хамтдаа  гэр рүү нь очсон. ... Тэгээд би автобусанд суух гээд автобусны картаа цэнэглэх гээд халаасаа уудалтал Сонормаа эгчийн карт гараад ирэхээр уг картнаас мөнгө авч картаа цэнэглэе гэж бодоод Андууд төвийн хажуу талд байдаг Хаан банк руу ороод “теллер эгчээс энэ картыг шалгаад өгөөч” гэхэд шалгаж өгөөд “өнөөдөртөө 3,000,000 төгрөг гарна авах уу” гэхээр нь “за” гэтэл тэр теллер АТМ-с авч өгсөн.    Сонормаа эгч АТМ-д мөнгөө хийхэд нь хараад зогсож байсан. тэгээд 0311 гэсэн пин кодыг нь цээжилсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Сонормаагийн өгсөн:

           “... Би 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны картандаа 4,200,000 төгрөг хийх гээд гарахдаа найзын дүү Отгончимэгт хүүхдээ тэврүүлээд хамт гэрээс гарсан. Тэгээд Хаан банкны АТМ дээр ирээд картандаа мөнгөө орлого болгон хийсэн бөгөөд энэ үед хажуу талд Отгончимэг манай хүүхдийг тэврээд зогсож байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад Хаан банкны картаа хайтал карт алга болсон байсан. Тэгэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад Хаан банкнид хандан бэлнээр мөнгө авах гэтэл миний үлдэгдэл 1,200,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд би гайхаад миний дансанд 4,200,000 төгрөг байх естой гэтэл банкны ажилтан та 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг зарлага гаргаад авсан байна, тэрийг Андууд Хаан банкны АТМ-аас авсан байна гэсэн.  ... Би Отгончимэгт картныхаа пин копыг хэлээгүй бөгөөд түүнийг харж байхад дансандаа мөнгө хийсэн учраас хажуунаас хараад цээжилсэн байх. ... Отгончимэгийг манайд байхад цүнхээ орон дээр тавиад орж гараад юм хийгээд явж байх хооронд Отгончимэг нь миний картыг хулгайлсан байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхжаргалын өгсөн:

“... 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Отгончимэг нь Сонормаа эгчийнд ирж хоносон. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонормаа эгч гадагшаа гарна гээд эхлээд надаар хүүхдээ тэврүүлээд авч явах гэхээр нь би хамт яваагүй, Отгончимэг хамт явсан. Тэгээд Сонормаа эгч Отгончимэг манай дүү нар үдээс хойш гэртээ ирсэн. Тэр хооронд Отгончимэгийн ар гэрийнхэн залгаад байхаар нь Отгончимэг гэр рүү явахаар болж би түүнийг замын гэрлэн дохио хүртэл гаргаж өгөөд, эргээд гэр рүүгээ явсан. Тэгтэл хэд хоногийн дараа Сонормаа эгч Хаан банкны карт алга болчихлоо, танай найз охиноос чинь гарцаагүй, дууд гэхээр нь эхэндээ би итгээгүй. Тэгээд дуудаж уулзаад асуутал тэр Хаан банкных нь картыг аваад, тэр картнаас 3,000,000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. Отгончимэг нь уг авсан 3,000,000 төгрөгөө авч яваад хэсэг хүүхдүүдтэй тааралдаад, хамт зах руу явсан гэсэн. Гэхдээ тэр хүүхдүүдээ танихгүй гэж ярьсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

          

- Хохирогч И.Сонормаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ зэрэг болон,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч М.Гантулгийн өгсөн:

“... Отгончимэг нь ухаан санаа эрүүл, сургуульд сураагүй завсардсан учраас хоцрогдолтой гэж явдаг. ... Отгончимэг нь ангийхан дундаа сэргэлэн, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн хүүхэд бөгөөд үе үе худлаа ярьдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Отгончимэгийн хувьд хулгай хийх хүүхэд биш гэж боддог ... Отгончимэг нь их хөдөлгөөнтэй бөгөөд хичээл тасалдаггүй байж байснаа Энхүүш гэдэг бандитай найзлаад хичээлээ үе үе тасалж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Оюун-Эрдэнийн өгсөн:

“... Отгончимэг нь миний төрсөн дүү бөгөөд миний асрамжинд байдаг. Манай ээж өнгөрөөд 2012 оноосхойш хамт амьдарч байгаа. Манай дүү дуу цөөнтэй, хүнд халамжтай, манай 2 хүүхдийг өсгөж өгсөн. Сургууль дээрээ нэр хүндтэй, цана болон даам, ширээний теннис зэрэг уралдаанд ороод шагнуулж байсан. ... 2017 оны цагаан сараар жирэмсэн болсон байсныг нь насанд хүрээгүй 15 настай гээд өрхийн эмнэлэгт хүсэлтээ өгөөд эмч нарын зөвлөгөөнөөр оруулж үр хөндүүлж байсан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Отгонборын өгсөн:

“... Отгончимэг багаасаа дуу цөөнтэй, сургууль гэр хоёрын хооронд явж байдаг. Нэлээд шалж байж хэдэн үг сольдог. Гадуур хононо энэ тэр гэсэн асуудал байхгүй. Ширээний теннис, даам сонирхдог. Мөн энэ спортоор сургууль дээрээ тэмцээн уралдаанд оролцоод байдаг. Дуу хөгжим сонирхдог  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/

 

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/

- Нийслэлийн Баянгол зүрх дүүргийн 55 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/

- Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэг нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах ЗН-ийн 13-380 тоотод иргэн И.Сонормаагийн түрийвчнээс Хаан банкны картыг нь авч, АТМ-д уншуулж 3,000,000 төгрөг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:     

           шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад насан хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгийн мэдүүлсэн “...2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонормаа эгчийнд очиж хоносон бөгөөд маргааш нь гарах гэтэл намайг хүүхэд харж өгөөд, дахиад нэг хоночихооч гэхээр нь “агаа уурлаад ир гээд байна” гэхэд Сонормаа эгч “тэгвэл хоёулаа гадагшаа хамт гаръя, хүүхэд тэврээд явчихаа” гэсэн.  Тэгэхээр нь би зөвшөөрөөд        бид нар хамтдаа Андууд Хаан банк орсон.     Сонормаа эгч АТМ-д өөрийн картандаа мөнгө хийсэн, би хажуу талд нь хараад зогсож байсан. ... Картыг нь хэтэвчнээс нь авсан. Кодыг нь мэдэж байсан. Эхлээд автобусны картаа цэнэглэе гэж бодож авсан. Тэгээд теллерээс нь яаж мөнгө авдаг юм бэ гэхэд өнөөдөртөө 3 сая төгрөг  гарна авах уу гэхээр нь авсан. Хохирлоо ажил хийж барагдуулна. Хулгай хийснээ зөвшөөрч байна. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Эгчийнхээ үгэнд орно ...” гэх

мөрдөн  байцаалтад хохирогч И.Сонораагийн мэдүүлсэн “... Би 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны картандаа 4,200,000 төгрөг хийх гээд гарахдаа найзын дүү Отгончимэгт хүүхдээ тэврүүлээд хамт гэрээс гарсан. Тэгээд Хаан банкны АТМ дээр ирээд картандаа мөнгөө орлого болгон хийсэн бөгөөд энэ үед хажуу талд Отгончимэг манай хүүхдийг тэврээд зогсож байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад Хаан банкны картаа хайтал карт алга болсон байсан. Тэгэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад Хаан банкнид хандан бэлнээр мөнгө авах гэтэл миний үлдэгдэл 1,200,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд би гайхаад миний дансанд 4,200,000 төгрөг байх естой гэтэл банкны ажилтан та 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг зарлага гаргаад авсан байна, тэрийг Андууд Хаан банкны АТМ-аас авсан байна гэсэн.  ... Би Отгончимэгт картныхаа пин копыг хэлээгүй бөгөөд түүнийг харж байхад дансандаа мөнгө хийсэн учраас хажуунаас хараад цээжилсэн байх. ... Отгончимэгийг манайд байхад цүнхээ орон дээр тавиад орж гараад юм хийгээд явж байх хооронд Отгончимэг нь миний картыг хулгайлсан байна ...” гэх,

гэрч Ц.Энхжаргалын “... хэд хоногийн дараа Сонормаа эгч Хаан банкны карт алга болчихлоо, танай найз охиноос чинь гарцаагүй, дууд гэхээр нь эхэндээ би итгээгүй. Тэгээд дуудаж уулзаад асуутал тэр Хаан банкных нь картыг аваад, тэр картнаас 3,000,000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. Отгончимэг нь уг авсан 3,000,000 төгрөгөө авч яваад хэсэг хүүхдүүдтэй тааралдаад, хамт зах руу явсан гэсэн. Гэхдээ тэр хүүхдүүдээ танихгүй гэж ярьсан ...” гэх мэдүүлгүүд,  хохирогч И.Сонормаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/215 дугаар захирамжаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгийн асран хамгаалагчаар түүний төрсөн эгч Энхбаярын Оюун-Эрдэнийг тогтоосон, Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу тэрээр одоо харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж байх тул гэмт хэргийн улмаас учирсан 3,000,000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч /харгалзан дэмжигч/ Э.Оюун-Эрдэнээс гаргуулж хохирогч И.Сонормаад олгох нь зүйтэй.

 

Шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал буюу өнөөдрийн байдлаар шүүгдэгч О.Отгончимэг нь 17 нас 6 сар 11 хоногтой, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаараа маргаагүй, хувийн зан байдлаар төлөв, харгалзан дэмжигчийн хяналтад хүмүүжих боломжтой зэргийг харгалзан түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 294 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Отгончимэгийг  бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Отгончимэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар О.Отгончимэгт 01 /нэг/ жилээр тогтоож, засарч хүмүүжихийг даалгаж,

мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар О.Отгончимэгийг түүний харгалзан дэмжигч  Э.Оюун-Эрдэний хяналтад байлгасугай.

4. Энэ  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Отгончимэгийн харгалзан дэмжигч Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг, баатархайрхан гудамж 886 тоотод оршин суух Боржигон овогт Энхбаярын Оюун-Эрдэнээс 3,000,000 /гурван сая/  төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, ЗН-ийн 12-99 тоотод оршин суух Боржигон овогт Ивааны Сонормаад олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Отгончимэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Отгончимэгт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ