Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0275

 

2023 03 23 128/ШШ2023/0275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:5*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.М******* /ШТҮД:1/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.У*******

Гуравдагч этгээд: Б******* ХХК /РД:2*******/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б

Маргааны зүйл: Эд хөрөнгийн улсын бүртгэл

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Г******* ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах гэжээ.

1.1.Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: 1.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, 2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 3.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г******* ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

1.2.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: 1.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, 2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох гэж багасгажээ.

1.3.Дээрх нэхэмжлэлийн шаардлагад шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон ба нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах хэмээн эцсийн байдлаар тодорхойлон маргаж байна.

2.Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 12а тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр анх удаа бүртгэж, 0 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.Нэхэмжлэгч Г******* ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт өргөдөл гомдол гаргасан байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хариу өгөх тухай 2/5240 дугаартай албан бичгээр ... Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 12а тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн бүртгэлийн нотлох баримтыг хянахад улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандана уу. гэх хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч Г******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 2/5240 хариу өгөх тухай шийдвэрт шийдвэрийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандана уу гэснийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай Г******* ХХК нь 3 хувьцаа эзэмшигч хуулийн этгээдтэй болно.

Г******* ХХК-ийн нийт гаргасан хувьцааны тоо хэмжээ 1000 төгрөгийн үнэ бүхий 346 072 ширхэг хувьцаатай дүрмийн сан нь хөрөнгө оруулагчдын оруулсан хувь хөрөнгөөс бүрдсэн нийт 346 072 000 төгрөг болно.

ХБНГУ-ын иргэн Фын хамаарал бүхий гадаадын G компани болон E 3 KG компаниуд Г******* ХХК-ийн .823 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 63.23 хувийг эзэмшдэг бөгөөд Б******* ХХК нь 36.77 хувийг эзэмшдэг болно.

Г******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 20 давхар А, Б блок бүхий суурийн нэгдсэн зохион байгуулалттай 2 давхрыг оролцуулбал нийт 22 давхар аялал жуулчлал, сургалт мэдээлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор шийдэлтэй барилгыг Б******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Г******* ХХК-ийн 63.23 хувийг эзэмшигч ХБНГУ-ын иргэн Фын хамаарал бүхий G компани болон E 3 KG компаниуд Г******* ХХК-д 4 сая еврогийн хөрөнгө оруулалт оруулж босгосон барилга юм. Б******* ХХК нэг төгрөгийн ч хөрөнгө оруулалт хийгээгүй болно. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар Б******* ХХК-д удаа дараа и-мэйл болон бусад цахим шуудангаар мэдэгдэж байсан боловч утсаа авахгүй зугтааж 3-4 сар болсон бөгөөд ковид цар тахал гарч Монгол Улс хилээ хаахаас өмнө тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ф Герман улс руу явсан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 20 давхар А, Б блок бүхий суурийн нэгдсэн зохион байгуулалттай 2 давхрыг оролцуулбал нийт 22 давхар аялал жуулчлал, сургалт, мэдээлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор шийдэлтэй барилгыг Б******* ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан гэж худал мэдүүлэг бөглөн өөрийн хөрөнгөөр барьсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, зөрчилтэй, бүрдэл дутуу атал Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс илтэд хууль бусаар улсын бүртгэлд бүртгэл хийж гэрчилгээ олгожээ.

1.Жинхэнэ хууль ёсны өмчлөгч хөрөнгө оруулагч болон Г******* ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндөж Б******* ХХК-ийн нэр дээр бүртгэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан.

2.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд хууль бусаар бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох гэсэн хуулийн зохицуулалтын дагуу тухайн барилгын гол хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Ф, Г******* ХХК-аас нотлох баримт тайлбар, лавлагааг гаргуулан аваагүй сонсгох ажиллагаа хийлгүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4.үнэн зөв, бодитой байх гэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг зөрчин бүртгэсэн.

3.Г******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 14.1.Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй. гэсэн хуулийн зохицуулалтын дагуу өөрийн хөрөнгө оруулалтаар босгосон хөрөнгө өөрийн өмч болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гэх газарт, Үндсэн хуулийн цэцийн барилгын зүүн урд талд 20 давхар А, Б блок бүхий суурийн нэгдсэн зохион байгуулалттай 2 давхрыг оролцуулбал нийт 22 давхар аялал жуулчлал, сургалт мэдээлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор шийдэлтэй А, Б хоёр блок барилгын бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлт мэдүүлгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст гаргасан.

4.Г******* ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай өргөдөл гомдол гаргасан боловч 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2/5240 тоотоор Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн бүртгэлийн нотлох баримтыг хянахад улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариу өгчээ.

Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч Ж.У******* нь Б******* ХХК өөрийн хөрөнгөөр барьсан гэх өргөдөл мэдүүлгээ нотолсон хөрөнгийн эх үүсвэр нотлох баримтаа гаргаж өгөөгүй, зөрчилтэй бүрэн бус байхад хууль бус бүртгэл бүртгэсний улмаас Г******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоолгүй, мөн хуулийн 19.4.3, 19.4.10, 20.1.3, 20.1.9-д заасан хуулийн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн зарчим 4.1.3.хараат бус байх, 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх нь хуулийн зохицуулалтад нийцнэ.

Харин ХБНГУ-ын иргэн Фын хамаарал бүхий компаниуд Г******* ХХК-ийн .823 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 63.23 хувийг эзэмшдэг бөгөөд маргаан бүхий дээрх объект барилгыг барихад 4 сая еврогийн хөрөнгө оруулан босгож өөрийн хөрөнгөөр барьж бий болгосон үл хөдлөх хөрөнгө тул хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ гаргуулах нь шударга ёсонд нийцнэ. Б******* ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэснээр Г******* ХХК нь барилгаа барих, хөрөнгөө эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд Г******* ХХК-ийн өмчлөх эрхэнд халдаж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анхны удаа бүртгэсэн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн өмчлөх эрхийн 0 тоот гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгоно уу. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Б******* ХХК-ийг бүртгэсэн маргаан бүхий бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Гол асуудлын тухайд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийх, түүнийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх, гаргах зэрэг ажиллагаануудыг хууль ёсны дагуу хийгдсэн эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон ялангуяа хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд мэдүүлгээс авхуулаад хавсаргасан баримт бичиг, түүнийг хянасан үйл явц бүхэлдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэл хөтлөх журмыг тус тус холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Хоёрдугаарт хүсэлт гаргагчийн мэдүүлэгтээ гаргасан баримтууд нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байх бөгөөд барилгын захиалагч гэдэг нэр томьёо нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэхэд чухал ач холбогдолтой байгаа бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэл нь зөрүүтэй тэр тусмаа Б******* ХХК-аас гадна Г******* ХХК нь захиалагч гэсэн хэд хэдэн бичиг баримтууд авагдсан байхад улсын бүртгэгч үүнийг хянан шалгаагүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад хариуцагч нь хуулиар тогтоосон өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Үүнээс шалтгаалаад энэхүү маргаан үүсэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Тухайн үед Г******* ХХК-д мэдэгдээд үүнтэй холбоотой асуудлыг дахин шалгасан бол 2 компани асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлаас харахад хариуцагчийн үйлдлээс гадна мэдүүлэг гаргаж буй гуравдагч этгээдийн үйлдэл анхнаасаа улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ улсын бүртгэгчтэй зохицох буюу хууль бус замаар мэдүүлгийн баримтуудыг гаргаж өгсөн гэж ойлгож байна. Мэдүүлэг нь засвартай, өгсөн мэдээлэл нь дутуу бөглөгдсөн, хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй субъект гэдгийг тодруулаагүй байна. Иймд тухайн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б******* ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус хэлтэст ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* хаяг бүхий аялал жуулчлалын зориулалт бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байна.

Бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа Б******* ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б******* ХХК-д олгосон газрын гэрчилгээ, гэрээ, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилгын техникийн нөхцөл, барилга байгууламжтай холбоотой бичиг баримтууд, барилгын албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, барилгын ажлын зураг, барилгын тодорхойлолт, барилгын фото зураг зэрэг материалыг хавсаргасан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэж, 13.5.4-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар гэж, 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, эд хөрөнгийн фото зураг гэж, 13.5.7-д ... өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэж, 13.5.8-д бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гэж, 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заасан байна.

Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтаас харахад дээрх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлд заасан Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Г******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, 22 давхар, 2 блок барилгыг Б******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллагын 4 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж босгосон гэсэн байна.

Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд Б******* ХХК нь албан бичигтээ дээрх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн гэж тодорхойлсон, мөн Хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах тухай бусад нотлох баримтыг хавсаргаагүй тул улсын бүртгэгч хөрөнгө оруулагчийн тухай мэдэх боломжгүй юм.

Б******* ХХК-ийн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас харахад уг төсөл нь 2 блок барилга бөгөөд өнөөдрийн байдлаар 2 блок барилгын 1 блокийг бүртгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 11и-З/2125 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн байна.

Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тогтоогдвол уг эд хөрөнгийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулах боломжтой тул хөрөнгө оруулалтын маргааныг Иргэний хэргийн шүүхээр хянуулах шаардлагатай байна. гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ******* блок бүхий объектыг бүртгэхдээ нотлох баримтын хүрээнд үндэслэж үнэлгээ дүгнэлт хийсэн. Мөн тухайн барилгыг бүртгэхэд шаардлагатай бүх нотлох баримтыг бүрдсэн гэж үзсэн. Г******* ХХК гэж байсаар байхад энэ талаар тодруулаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Үүнд тодруулсан бөгөөд тодруулсны үндсэн дээр Б******* ХХК нь манай компани өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн гэж үзээд шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд уг бүртгэлийг хийхэд нотлох баримт дутуу болон ямар нэгэн асуудал байгаагүй учраас Б******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. Б******* ХХК-аас мэдүүлэг гаргаж өгөхдөө шаардлагатай нотлох баримтуудын хамт гаргаж өгдөг. Нотлох баримт дээр өөрийн хөрөнгөөр барьсан гэдгийг тодорхойлсон. Манай байгууллагын зүгээс компанийн дотоод үйл ажиллагаанд оролцоод дахин хөрөнгө оруулагч байгаа эсэхийг тогтоох боломж байхгүй. Нотлох баримт гаргахдаа өөрсдийн хөрөнгөөр барьсан гэдгийг тогтоогоод холбогдох баримтуудыг гаргаж өгсөн тохиолдолд үнэн, зөв гэж үзнэ. Мэдүүлэг гаргагч нь нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөх ёстой бөгөөд тухайн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд өмчлөх эрхийн гэрчилгээг олгодог. гэв.

6.Гуравдагч этгээд Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Б******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

6.1.1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд орших ашиглах эрх бүхий 0.5 га талбайн ашиглах эрх зөвхөн Б******* ХХК-д олгогдсон бөгөөд хууль ёсны газрын эзэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан байдаг бөгөөд тус барилга нь газраас салгагдах эд зүйлс биш болно. Энэ ч утгаараа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

6.1.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу газар ашиглах эрх зөвхөн Монгол Улсын хуулийн этгээд Б******* ХХК-д хамаатай. Түүнээс биш газар ашиглах эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хууль зөрчүүлэн ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай ойлголт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно. Энэ ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж дээр бүртгэх хууль зүйн үндэслэлгүй.

6.1.3.Г******* ХХК болон Б******* ХХК хоёрын дунд хийгдсэн гэрээ цуцлагдсан бөгөөд гэрээнээс улбаатай эд хөрөнгийн маргаан үүсгэх эрх тухайн компанид байгаа. Өөрөөр хэлбэл энэ эд хөрөнгийн маргааныг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлэх бөгөөд гэрээнд тухайлан заасан шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

6.1.4.Энэхүү захиргааны маргаан үүсгэх болсон үндэслэл буюу Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагч Ө.Налжирмаатай хийсэн Эвлэрэл гэсэн бичиг нь Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох УБЕГ-ын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад Г******* ХХК-ийн өмгөөлөгч П.******* болон төлөөлөгч Ж.А******* нарын хууль бусаар айлган сүрдүүлж хийлгэж авсан хүчин төгөлдөр бус гэрээ байх бөгөөд энэ хэрэгт огт хамааралгүй болно. Гэвч үүнийг ашиглан захиргааны хэрэг үүсгэн яваа нь хуульд нийцэхгүй бөгөөд дахин судлах шаардлагатай ноцтой алдаа бүхий баримт болно. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

6.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн зайсангийн аманд байрлах ашиглах эрхтэй 0,5 га газрын талбайн ашиглах эрхийг Б******* ХХК-д олгосон. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Өөрөөр хэлбэл баригдаж буй барилга нь газраас салгах боломжтой зүйл биш бөгөөд энэ утгаараа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах зүйл байна.

Хоёрдугаарт газар нь энгийн зориулалттай газар биш бөгөөд өөрөөр хэлбэл энгийн зориулалттай газар дээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид ашиглуулж болдог. Гэтэл энэхүү газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн Монгол улсын иргэн ,аж ахуйн нэгж тусгагдсан байдаг тул энэ нь Б******* ХХК-д хамааралтай эд зүйл яригдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу Г******* ХК-д ямар нэгэн байдлаар ашиглуулах болон дамжуулан ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай асуудал яригдах боломжгүй. Энэ утгаараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх Г******* ХХК-ийг Б******* ХХК болон Герман улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан. Германы хувьцаа эзэмшигч нь сангаас хөрөнгө татуулаад энэ барилгад хөрөнгө оруулъя тэгэхээр сангийн хөрөнгийг тодорхой хэмжээнд үнэлэх хэрэгтэй болсон тул хувьцаанд өөрчлөлт оруулъя гэдэг байдлаар Г******* ХХК-ийн хувьцааг 3 хуваалгаад 24%-ийг нь тухайн санд олгосон байдаг. Тухайн хувьцааг олгох үедээ хоорондоо ярилцаад тухайн газар нь тусгай хамгаалалттай газар учраас гадаадын хөрөнгө оруулалттай компани оролцох боломжгүй байх тул эд хөрөнгийг бүгдийг нь Б******* ХХК өмчилж, эзэмшиж, ашиглах нь хуульд нийцэх юм байна гэж үзсэн.

Гуравдагч этгээд талаас гэрээний дагуу ашиг олох зорилготой учраас тухайн гэрээгээ Монголын шүүхээр бус Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж гэрээ байгуулсан. Үүнээс хойш хувьцаа эзэмшигчийн сангаас оруулсан мөнгийг тухайн барилгад хөрөнгө оруулсан. Б******* ХХК тухайн газраар хөрөнгө худалдаа хийсэн бөгөөд холбогдох хөрөнгүүдийг оруулж байсан. Ингээд бий болсон эд хөрөнгөөр Б******* ХХК болон Г******* ХХК нарын нийлбэр буюу хувьцаа эзэмшиг болсон. Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрөө ашиг олох зорилготой байсан учраас Монгол улсын шүүхээр бус Арбитрын шүүхэд хандсан бөгөөд арбитрын шийдвэр гарсан. Арбитр өөрөө Монгол Улсын хуулийг мэдэхгүй учраас үл хөдлөх хөрөнгө бүртгэхэд дэмжлэг үзүүлэх тухай зүйлсийг шийдвэртээ тусгасан. Үүнийг нь үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө болон тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах зорилготой байх тул шууд утгаар нь хэлэхэд хуульд нийцэхгүй зүйл яригдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХХК-аас Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах[1] шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 12а тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр анх удаа бүртгэж, 0 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

3.Нэхэмжлэгч Г******* ХХК-аас ...Г******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 20 давхар А, Б блок бүхий суурийн нэгдсэн зохион байгуулалттай 2 давхрыг оролцуулбал нийт 22 давхар аялал жуулчлал, сургалт мэдээлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор шийдэлтэй барилгыг Б******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Г******* ХХК-ийн 63.23 хувийг эзэмшигч ХБНГУ-ын иргэн Фын хамаарал бүхий G компани болон E 3 KG компаниуд Г******* ХХК-д 4 сая еврогийн хөрөнгө оруулалт оруулж босгосон;

3.1. ... Б******* ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан гэж худал мэдүүлэг бөглөн өөрийн хөрөнгөөр барьсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, зөрчилтэй, бүрдэл дутуу атал Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс илтэд хууль бусаар улсын бүртгэлд бүртгэл хийж гэрчилгээ олгосон;

3.2.Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч Ж.У******* нь Б******* ХХК өөрийн хөрөнгөөр барьсан гэх өргөдөл мэдүүлгээ нотолсон хөрөнгийн эх үүсвэр нотлох баримтаа гаргаж өгөөгүй, зөрчилтэй бүрэн бус байхад хууль бус бүртгэл бүртгэсний улмаас Г******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоолгүй, мөн хуулийн 19.4.3, 19.4.10, 20.1.3, 20.1.9-д заасан хуулийн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн;

3.3. ... хүсэлт гаргагчийн мэдүүлэгтээ гаргасан баримтууд нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байх бөгөөд барилгын захиалагч гэдэг нэр томьёо нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгүүлэхэд чухал ач холбогдолтой байгаа бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэл нь зөрүүтэй тэр тусмаа Б******* ХХК-аас гадна Г******* ХХК нь захиалагч гэсэн хэд хэдэн бичиг баримтууд авагдсан байхад улсын бүртгэгч үүнийг хянан шалгаагүй гэж,

4.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтаас харахад дээрх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд хуулийн 14 дүгээр зүйлд заасан Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

4.1. ... Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд Б******* ХХК нь албан бичигтээ дээрх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн гэж тодорхойлсон, мөн Хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах тухай бусад нотлох баримтыг хавсаргаагүй тул улсын бүртгэгч хөрөнгө оруулагчийн тухай мэдэх боломжгүй юм; гэж,

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу газар ашиглах эрх зөвхөн Монгол Улсын хуулийн этгээд Б******* ХХК-д хамаатай. Түүнээс биш газар ашиглах эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хууль зөрчүүлэн ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай ойлголт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно. Энэ ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж дээр бүртгэх хууль зүйн үндэслэлгүй; гэж тус тус тайлбарлан маргаж байна.

6.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.1.Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирцтэй холбоотой хүсэлт гаргахдаа хариуцагч байгууллага зөв эсэхийг тодруулах, Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг тодруулахыг тус тус хүссэн.

6.2.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:8.3.9.агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах;, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ., 15.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай болохын хувьд хуульд заасны дагуу агентлагийн дарга буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас олгосон итгэмжлэлээр энэхүү хэрэг маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжтой тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.3.Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтдээ Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б******* ХХК-д холбогдох арбитрын хэрэг маргаанд орсон өмгөөлөгч А.Энхтүвшинг гэрчээр асуулгахыг хүссэн бөгөөд шүүх хүсэлтийг хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.Үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг, тайлбар авах, энэ хуулийн 20.3-т зааснаас бусад тохиолдолд нууц задруулахгүй байх баталгаа гаргуулахыг хориглоно. гэж заасныг баримтлан түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.4.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахын тулд үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөх хугацаа шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

6.4.1.Шүүх хүсэлтийг хэлэлцээд, шүүх хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүргээ биелүүлж удаа дараа асууж тодруулсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, санал, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн эцсийн байдлаар тодруулсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

6.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.1.Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. гэж заасны дагуу хэргийн оролцогчдын дээрх хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар хэрэг маргааныг хэлэлцэн шийдвэрлэх явцад гаргасан бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй тул тусгайлан бичгээр захирамж гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тус тус тусгасан болно.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Б******* ХХК нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/419 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг/хэргийн 4 дүгээр хавтас, 92 дахь тал/, Б******* ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичиг/хэргийн 4 дүгээр хавтас, 94 дэх тал/, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар/хэргийн 4 дүгээр хавтас, 95-99 дэх тал/, Б******* ХХК-д газар ашиглах эрх олгосон газрын гэрчилгээ, түүний хавсралт, гэрээ болон холбогдох бусад баримт бичиг/хэргийн 4 дүгээр хавтас, 100-110 дахь тал/, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ/хэргийн 4 дүгээр хавтас, 111-112 дахь тал/, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, техникийн нөхцөл/хэргийн 4 дүгээр хавтас, 113-122 дахь тал/, хаягийн тодорхойлолт, хаяг байршлын зураг/хэргийн 4 дүгээр хавтас, 123-124 дэх тал/, газрын кадастрын зураг/хэргийн 4 дүгээр хавтас, 123-126 дахь тал/, барилгын ажлын зураг/хэргийн 4 дүгээр хавтас, 127-159 дэх тал/, барилгын фото зураг/хэргийн 4 дүгээр хавтас, 160-165 дахь тал/ -ийг хавсарган ирүүлжээ.

8.Хариуцагч байгууллага дээрх баримтуудад үндэслэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:8.1.3.хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;, 8.1.4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй;, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд дор дурдсан дэс дарааллаар тодорхойлно:9.1.1.газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд тухайн хөрөнгийн захиалгын гэрээнд заасан үнэ, захиалгын гэрээнд заасан үнэ байхгүй бол батлагдсан төсөвт өртгөөр тодорхойлогдсон үнэ;, 10 дугаар зүйлийн 10.6.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт., 10.10.Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ. гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

8.1.Өөрөөр хэлбэл хариуцагчаас бүртгэл хийхдээ Б******* ХХК-ийн гаргасан өргөдөл, түүнд хавсарган ирүүлсэн баримтыг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг бүрэн шалгаагүй, тодруулбал эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлсон баримт байхгүй, зөвхөн Б******* ХХК-ийн мэдүүлэгт бичсэн үнийн дүнг үндэслэсэн, барилгын ажлын зураг/хэргийн 4 дүгээр хавтас, 127 дахь тал/-ийн захиалагч хэсэгт Г******* ХХК болон Б******* ХХК-уудын нэр аль аль нь бичигдсэн атал энэ талаар тодруулаагүй буюу захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтыг гаргуулж авахгүйгээр гагцхүү Б******* ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 75/20 дугаартай албан бичигт үндэслэж, зөрүүтэй мэдээллийг шалгахгүйгээр бүртгэл хийснээс нэхэмжлэгч Г******* ХХК-ийн улсын бүртгэлийн байгууллагад хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж, шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

8.2.Дүгнэвэл хариуцагч бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг бүртгэл хийхдээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-нд анх удаа бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;, 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; гэж тус тус заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

8.2.1.Дээрх тохиолдолд улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Улсын бүртгэгч нь дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:29.1.3.мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн; гэж заасны дагуу Б******* ХХК-ийн гаргасан мэдүүлэг, баримт бичгийг буцаах ёстой байжээ.

8.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч байгууллагын бүртгэл хуульд нийцээгүй талаарх хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоолгүй, мөн хуулийн 19.4.3, 19.4.10, 20.1.3, 20.1.9-д заасан хуулийн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн гэж хуулийн тодорхой заалтуудыг дурдсан боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмын дагуу тухайн харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан болно.

9.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргахдаа ... Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ хөрөнгө оруулалтын болон хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тогтоогдвол уг эд хөрөнгийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулах боломжтой тул хөрөнгө оруулалтын маргааныг Иргэний хэргийн шүүхээр хянуулах шаардлагатай байна ... гэснийг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага 2020 оны 08 дугаар сард бүртгэл хийхдээ хуульд заасны дагуу зөрүүтэй мэдээллийг тодруулж, холбогдох баримтуудыг шаардан авах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд хожим үүссэн гэрээний маргааныг үндэслэн иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж дүгнэх боломжгүй байна.

10.Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно. Энэ ч утгаараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж дээр бүртгэх хууль зүйн үндэслэлгүй. гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маргаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтыг хамааруулан хэрэглэхгүй гэж үзлээ.

11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.6.8, 10.10, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г******* ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, ******* тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б******* ХХК-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр анх удаа бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2 дугаар бүхий бүртгэл болон 0 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан орчуулагчийн зардал 695,112/зургаан зуун ерэн таван мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж төсөвт төлүүлсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА