2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2434

 

2025            10             28                                               2025/ШЦТ/2434

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Ариунзул, хохирогч Т.У, түүний өмгөөлөгч Д.О, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305 000000 00000 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо олон нийтийн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 0 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж хд-00/0-р байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Ггийн Ө /РД:**00000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн 000 тоотод хохирогч Т.Утэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гар луу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 670 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг хохирогчийн гар руу санаатайгаар цохиж гэмтээсэн гэсэн бол хохирогч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж оролцсон бол, 

1.2. Харин шүүгдэгч нь хохирогчийг цохиогүй, намайг түлхэж, нуруунаас маажиж гаргахдаа гараа гэмтээсэн гэсэн бол, түүний өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байр сууринаас оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзэхэд: 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн 000 тоотод ******* нь Т.Уийг “ашиглалтын төлбөр төлөх ёстой” гэж Т.У нь “ашиглалтын төлбөр төлөх ёсгүй, хувийн бичиг баримт зөвшөөрөлгүй авсан байна” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан, улмаар маргаан даамжирч Т.У нь *******г өрөөнөөсөө гарахыг шаардаж түлхсэн, энэ үед шүүгдэгч ******* Т.Уийн гар руу нь цохиж “баруун гарын эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Т.Уийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-19/,

            Хохирогч Т.Уийн “******* нь “Х” ХХК-ийн 3 давхрын 308 билүү 309 тоотын өмчлөгч бөгөөд ашиглалтын зардал нэхэмжилдэг юм. ...надаас мөнгө нэхэхдээ эхлээд 455,000 төгрөг, дараа нь 588,250 төгрөг нэхсэн тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “та 200,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би “ус дулаантай гэрээ хийгээгүй болохоор чи хэнээр гэрээ хийсэн бэ, гэрээг чинь харъя, чи энэ “Х” ХХК-ийн нийт төлбөрөөс нь төлөөд байгаа юм биш үү, миний бичиг баримтыг яаж авсан юм бэ, миний өрөөнд нэвтэрч орсон юм уу, ...”Х” ХХК-ийн захирал Бадамханд бид хоёрын хооронд өмчлөх эрхийн маргаан үүссэн байгаа учраас энэ маргааныг дуустал би төлбөр төлөхгүй” гэж хэлэхэд “яаж авдгийг хараараа, ээжээ ээжээ энэ намайг хуулиар далайлгаж шоронд хийнэ гэнэ ээ” гэж хэлээд ээжийгээ аваад ороод ирсэн. ...ээж нь орж ирээд надтай юм яриагүй... Ө нь “чиний нөхөр үхсэн гээд чи 8 сард төлбөрөө өгнө гэсэн биз дээ, нөхөр чинь үхсэн нь хохь чинь” гэж хэлэхээр нь би босоод “үхэл хагацал хэнд ч ирдэг юм, чи өрөөнөөс гар” гэсэн чинь “мөнгөө авч байж гарна” гээд 2 удаа цамцаа тайлж нүцгэлсэн, цамцаа тайлаад гарахгүй гэж байхдаа миний гар руу цохисон. Тэгэхээр нь би “гар хугалчихлаа ш дээ гар” гээд өөрийнх нь гараас зулгаасан чинь ээж нь “болиоч” гэсэн чинь ээжийгээ “битгий хуцаад бай, энэ намайг шоронд хийнэ, мөнгөө өгөхгүй байна” гэж орилоод байхаар нь би зүүн гараараа цамцнаас нь түлхээд гаргасан. Дахиад цамцаа тайлсан чинь ээж нь “чи хүүхдийн нуруу маажсан байна” гэхээр нь би “тийм байна, сая гаргах гээд зулгаахад маажигдсан байна, танай хүүхэд миний гарыг хугалчихсан байна ш дээ” гэж хэлсэн чинь ээж нь охиндоо хандаж “одоо эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод цагдаа дуудсан. Миний эрхий хуруу шууд хавдсан. Одоо миний баруун гарын эрхий хурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан байгаа. энэ нь зүгээр болохгүй, энэ хэвдээ тогтдог гэсэн. Ямар нэгэн эмчилгээ байхгүй гэсэн. Юм болгонд эрхий хуруу оролцдог юм байна, тэгэхэд хөдөлгөөн тодорхой хэмжээнд байнга хязгаалагдаж зовуурьтай байна. хохирол төлбөр огт байхгүй, эмчилгээ хийгдэхгүй болохоор төлбөр мөнгө гарсан асуудалгүй байгаа. энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. *******гийн үйлдэлд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1хх-80-82/, хохирогч Т.Уийн дахин өгсөн “...*******г баруун гараараа гаргах гээд түлхэх үед намайг цохиод миний баруун гарын эрхий хуруу тулж гэмтсэн. Би харин Өг зүүн гараараа түлхэх явцдаа нурууг нь маажсан байсан. Одоо миний баруун гарын эрхий хурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан, зовуурьтай байна” гэсэн мэдүүлэг /1хх-116-117/,

            Гэрч Э.Бгийн “2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагаас Т.У өмгөөлөгчтэй хамт Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хуралд орохоор болсон. Би цайны цагийн дараахан хурал дөхөж байна гэж сануулахаар ярьсан чинь “эгч нь очиж чадахааргүй юм шиг байна, гараа хугалуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “хурал урьд олон хойшилсон болохоор та ямартай ч хүрээд ир” гэсэн чинь “гэмтлийн эмнэлэг явахаар амжихгүй байх, шүүхийн ойролцоо гарынхаа зургийг авхуулах эмнэлэг байгаа болов уу” гэж надаас асуусан. “Грейс” төв дотор гарынхаа зургийг авхуулж байна гэсэн. Тэгээд би тус төвийн 2 давхарт гарахад У өмгөөлөгч “гарынхаа зургийг авхуулсан, хариуг нь хүлээж байна” гээд сууж байсан. “та яасан” гээд асуухад “Х”-нд ашиглалтын зардлаас болж хүнтэй маргалдсан гэж хэлсэн. Тухайн үед “Грейс” төвийн эмч гарч ирээд “гарынх нь зургийг харуулаад баруун гарын эрхий хуруу нь мултарсан байна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-95-96/, хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-43-44, 50-51/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12442 дугаар шинжилгээгээр дүгнэлтэд “...Т.Уийн биед баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /1хх-50-51/, Тус дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Б.Ариунзул “...Т.Уийн биед баруун сарвуун эрхий хуруу алга-хурууны үеэр хагас мултрал гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүсэх боломжтой. Дарах мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. Өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой...” гэж мэдүүлжээ. /1хх-99-100/

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс үйл явдлыг шууд харсан гэрч С.Янжмаад хууль сануулж мэдүүлэг авахад *******гийн зүгээс хохирогч Т.У рүү халдаагүй талаар тодорхой мэдүүлсэн, хохирогч өөрөө өөртөө гэмтэл учруулсан, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд туссан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. 

Шүүгдэгч ******* нь яллагдагчаар /хх109-110/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...“Х” ХХК-ийн 3 давхар байрлах 11 өрөөний хүмүүс бүгд тохиролцоод төрийн бус байгууллага байгуулан ашиглалтын зардлыг авч байхаар болсон. У нь 2023 оны 02 дугаар сараас хойш ашиглалтын зардал төлөхгүй байсан,  тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр материалуудаа аваад ороод ир гэхэд нь өрөөнд нь ороход маргаан болж хэл амаар доромжилсон, тэгээд нуруунаас татаж маажаад намайг түлхэж хөөсөн, тэр үед ээж орж ирээд харж байсан, хохирогчийн биед халдсан зүйл болоогүй, би өөрөө нуруугаа уруулаад гарсан, хувцсаа тайлсан зүйл болоогүй” гэсэн байдлаар мэдүүлсэн бол гэрч С.Янжмаа “...охиныг базаад самардаад түлхээд гаргасан, өөр асуудал болоогүй, манай охин өөдөөс нь гар хүрээгүй, охин цамцаа тайлаагүй...” гэж /хх34-35, 192-194/, гэрч О.А “Өгийн биед нурууны дал хэсэгтээ маажуулсан хумсны сорви, нэлээн гүнзгий орсон 1 шархтай байсан, У нь над руу савчаад хумс хугарчихлаа гэсэн утгатай юм яриад байсан, хуруу тулсан талаар огт юм хэлээгүй, би 1 давхарт дэлгүүртээ байсан, 3 давхарт хэрэлдэж муудалцсан талаар сонсоогүй...” гэжээ. /хх38-39, 197-199/,

Хохирогч Т.У мэдүүлэхдээ гэрч С.Янжмаа охиныхоо талд орж болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэхгүй байна, харин гэрч О.А болон шүүгдэгч ******* нар нь намайг “Х” ХХК-ийн байрнаас гаргахаар ашиг сонирхол нэгтэй хүмүүс, О.А нь  “Х” ХХК-ийн захирлын охин, тэд ашиглалтын зардал авахаар төрийн бус байгууллага хамтран байгуулсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.03-ны өдрийн 102/ШШ2024/04669 дугаар шийдвэрээр *******г ашиглалтын зардал шаардан авах эрхгүй талаар дүгнэсэн, мөн тухайн төрийн бус байгууллага “Чандмань эрдэнийн хур” ТББ-д ашиглалтын зардал төлөхөөр зөвшөөрөөгүй, миний баримт бичгийг хууль бусаар ашигласан, миний өмнөөс гарын үсэг зурсан гэснийг шүүхээс хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь дээр дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.03-ны өдрийн 102/ШШ2024/04669 дугаар шийдвэрт *******г ашиглалтын зардал буюу дулаан, ус, цахилгааны төлбөр нэхэмжлэн авах эрхгүй талаар дүгнэжээ. /хх155-158/

Мөн хохирогчийн “...“Х” ХХК-ийн захирал Бадамханд бид хоёрын хооронд өмчлөх эрхийн маргаан үүссэн байгаа учраас энэ маргааныг дуустал би төлбөр төлөхгүй” гэж хэлэхэд “яаж авдгийг хараараа, ээжээ ээжээ энэ намайг хуулиар далайлгаж шоронд хийнэ гэнэ ээ” гэж хэлээд ээжийгээ аваад ороод ирсэн. ...ээж нь орж ирээд надтай юм яриагүй... Ө нь “чиний нөхөр үхсэн гээд чи 8 сард төлбөрөө өгнө гэсэн биз дээ, нөхөр чинь үхсэн нь хохь чинь” гэж хэлэхээр нь би босоод “үхэл хагацал хэнд ч ирдэг юм, чи өрөөнөөс гар” гэсэн чинь “мөнгөө авч байж гарна” гээд 2 удаа цамцаа тайлж нүцгэлсэн, цамцаа тайлаад гарахгүй гэж байхдаа миний гар руу цохисон...” гэснийг няцаан үгүйсгээх боломжгүй байна. Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гар утсаар хийсэн бичлэгт шүүгдэгч цамцаа өмсөнгөө гүйж байгаа нөхцөл байдал бичигджээ. Хохирогч, шүүгдэгч нарыг маргалдаж байхад хажууд нь байсан ганц хүн болох С.Янжмаа гэрчээр мэдүүлэхдээ өөрийн охин *******г цамцаа тайлж хэрүүл хийгээгүй, тийм зүйл болоогүй гэх боловч хохирогчийн мэдүүлэг, түүний гар утсаар хийсэн бичлэгээр гэрчийн мэдүүлэг няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрч С.Янжмаа нь өөрийн төрсөн охин холбогдсон асуудалд бодитойгоор мэдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Харин гэрч О.А нь хэрэг болох цаг хугацаанд байгаагүй талаар түүний мэдүүлгээс тодорхой байгааг дурдах нь зүйтэй.

6. Хохирогч Т.У нь шүүгдэгч *******г түлхсэн, нурууг нь маажсан үйл баримттай маргаагүй ба *******гийн биед учирсан зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээч дүгнэсэн. /хх43-44/  Харин энэхүү түлхсэн, нуруу маажсантай холбоотой гараа гэмтээсэн гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь хохирогч миний баруун гар дээр цохиод гэмтээчихсэн харин зүүн гараараа түлхэж байхдаа хумсаа хугалсан энэ талаар хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээс харагдаж байгаа буюу зүүн гарын хумс хугарсан, баруун гарын эрхий хуруу хавдсан байдалтай гэснийг няцаан үгүйсгэх боломжгүй, хөнгөн гэмтлийг хэн хэрхэн учруулсан талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн гэж дүгнэлээ.  

Иймд хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн гар руу гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

7. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Хохирогч Т.Уийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлээр нэхэмжилж байна гэжээ.  

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.

Тус хэрэгт шинжилгээний байгууллагын шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр зэрэглэл тогтоосноор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Улмаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Шүүгдэгч *******д холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил байхаар заасан.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******гийн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан цаг хугацаа нь 2023.09.21-ний өдөр байх ба түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах прокурорын тогтоол 2024.09.20-нд гарчээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна” гэж заасан бөгөөд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2023.09.21-ний өдөр дууссанаар дуусахаар байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс яллагдагчаар татсан тогтоол танилцсан цаг хугацааг авч үзэх ёстой гэсэн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуульд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар заасан. Энэ нь тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоол гарч хууль зүйн үр дагавар үүссэнээс хөөн хэлэлцэх хугацаа зогсох, харин тухайн тогтоолыг танилцуулах, гардуулах, мэдүүлэг авах процесс ажиллагаанууд хуульд зааснаар хийгдэх нь хөөн хэлэлцэх хугацааны дотор хийгдсэн байх агуулгагүй болно. Иймд хэрэг гарснаас 1 жилийн хугацааны дотор танилцуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага яригдахгүй гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйг дурдаж байна. 

10. Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчээс “...болсон явдлын талаар үнэнээ хэлсэн, цаашид яахаа сайн мэдэхгүй байна. Бодит байдлыг үнэн зөвөөр хэлсэн” гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл, журмыг үндэслэн торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр нөхөн төлөөгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

11. Шүүгдэгч нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

13. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ггийн Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХБААТАР