2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2445

 

2025           10               29                                             2025/ШЦТ/2445

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Жамъяндорж, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Буур хээр, 0 дүгээр хэсэг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо “Э” хотхоны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Гийн И /РД:**0000000/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэрэлт өргөө хотхоны 00/0 байрны 0 тоотод салсан нөхрийнхөө гэрээс Самсунг галакси эс-22 загварын гар утсыг хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утсаар Лэнд.мн аппликейшнд нэвтэрч 25,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч уг мөнгөнөөс 9,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Соно аппликэйшн ашиглан 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид нийт 11,600,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 581 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч *******.

1. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээс ******* нь  хохирогч Ж.Этай гэр бүлийн харилцаатай байсан байх ба 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэрэлт өргөө хотхоны 47/6 байрны 8 тоотод салсан нөхрийнхөө гэрээс Самсунг галакси эс-22 загварын гар утсыг хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утсаар Лэнд.мн аппликейшнд нэвтэрч 25,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч уг мөнгөнөөс Хаан банкны 5022***781 тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, Соно аппликэйшн ашиглан 1,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч мөн өөрийн 5022****781 тоот дансаар, Голомт банкны 52751***93 тоот данснаас Хаан банкны 5022***781 тоот дансаар 4,800,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид 11,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ж.Эын өгсөн “...Би 2017 онд Гантөмөрийн И гэж хүнтэй танилцаж 2022 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч байсан бөгөөд 2024 онд бид хоёр гэрлэлтээ цуцлаад тусдаа амьдарч эхэлсэн юм. Ингээд энэ оны буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болж байхад ******* нь миний утас руу 8592**52, 7211**13 дугаарын утсаар залгаж "Уулзъя, төрсөн өдөрт чинь очъё" гэж ярьсаар байгаад надтай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-н Сөүл плазад уулзсан. Тэгээд тухайн өдрийнхөө орой надад "Хоёулаа буцаад нийлье, цуг амьдаръя" гэж ярьж байгаад манай гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Өргөө хотхоны 47/Б дүгээр байрны 8 тоотод цуг очиж хоносон. Ингээд тухайн өдрөөс хойш манай гэрт 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цуг байж байгаад. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр надад "Хоёулаа салхинд гаръя, би гэртээ очоод машинаа авъя гэж хэлээд надтай цуг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхон руу явсан ба Энхжин хотхонд очсон чинь И нь машины түлхүүрийг танайд мартчихсан байна, гараашны чип байхгүй байна" гэх зэрэг шалтаг шалтгаан хэлээд байхаар нь би худлаа юм байна гэж бодоод буцаад гэртээ харьсан. Тэгэхэд ******* нь манай гэрт ирээд "Би чамд худлаа яриагүй, би чамд нотолж үзүүлье" гэх зэрэг зүйлс яриад байхаар нь би гэрээсээ явуулах гэж зөндөө оролдсон боловч явж өгөхгүй байсан юм. Ингээд би залхаад түрүүлээд унтсан бөгөөд өглөө сэрэхэд ******* манай гэрт байхгүй, миний Самсунг Галакси Эс-22 загварын гар утсыг аваад явчихсан байсан. Тэгээд би тэр өдрөө гарч банк орж дансныхаа интернэт банкнуудыг хаалгаад зээлийн аппликейшнүүдийн хандах эрхээ хаалгаад явж байсан чинь Лэнд.мн нартай газар надад "Та өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манайхаас 25,000,000 төгрөгийн зээл авсан байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад Худалдаа хөгжлийн банканд очоод дансаа шүүлгэсэн чинь миний данс руу 25,000,000 төгрөг ороод түүнээс 5,000,000 төгрөгийг нь ******* өөрийнхөө Хаан банкны 50228***81 тоот данс руу шилжүүлж авсан байсан. Ингээд би тухайн өдрөө Тэди төвөөс утас худалдаж аваад *******ийн 8592**52 дугаарын утас руу залгаад "Чи миний гар утсыг авч ирээд өгчих, тэгвэл би ядаж цагдаад хэлэхгүй байя гэж хэлсэн чинь ******* "За, очиж байна" гэж хэлсэн бөгөөд төд удалгүй миний дугаар дээр Голомт банкны 5275121793 тоот данснаас 4,800,000 төгрөгийн зарлага гарчихсан ба намайг шүүгээд үзэхэд *******ийн Хаан банкны 5022***781 тоот данс руу шилжиж орсон байсан. Тэгэхээр нь би *******ийн утас руу нь залгаад "Чи яагаад дахиад мөнгө авчхав аа?" гээд асуусан чинь "Би чиний утсыг чинь байрны чинь доод талын үсчинд үлдээчихсэн шүү" гэж хэлэхээр нь үсчин рүү ороод асуухад миний утсыг үлдээчихсэн байсан. Тэгээд би *******ийн утас руу залгаад "Чи ингэж байгаа бол цагдаагийн байгууллагад хандлаа" гэж хэлсэн чинь "Би бие муутай болохоор хагалгаанд орох гээд мөнгийг чинь авчихсан шүү" гэж хэлсэн. Тэгээд би *******ээс буцааж авсан утсаа шалгахад миний утсанд олон төрлийн зээлийн аппликейшн суулгасан байсан бөгөөд Соно гэх нэртэй зээлийн аппликейшнээс 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны 5601***627 тоот данс руу аваад буцаагаад өөрийнхөө Хаан банкны 5022***781 тоот данс руу шилжүүлж авсан байсан. ******* нь миний зөвшөөрөлгүйгээр миний данснаас нийтдээ 10,800,000 төгрөгийг авчихсан байсан болохоор миний хувьд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Бид хоёр 2022 онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болоод 2024 онд цуцлуулсан байдаг...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №2516 дугаартай “...зах зээлийн үнэ цэнийг 800,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн дүгнэлт /хх27-30/, дансны хуулганууд /хх55-57/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 11,600,000 төгрөгийн хохирол учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эад 11,600,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, мөн хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч бичгээр хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн тайлбарыг гаргасан болно.

7. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

10. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

11. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гийн Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР