Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/00288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, 0 баг 0-0 тоотод оршин суух Х овогт Ц-ийн Х- /Регистрийн дугаар: хх0000000, /-д холбогдох

Төрд учруулсан хохирол 1,998,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн, хариуцагч Ц.Х-, гэрч Д.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газар нь хариуцагч Ц.Х-д холбогдуулан Төрд учруулсан хохирол 1,998,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Ц.Х- нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум 0 баг 0-0 тоотод Д.Б-ийг зодож, баруун богтос ясны далд хугарал болох хүндэвтэр гэмтэл хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Х-д холбогдох хэргийг хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн торгуулийн оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Б- нь гэмтлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч амбульторын үзлэгт 9,800 төгрөг, мэс заслын үйлчилгээнд 1,988,460 төгрөг, нийт эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,998,260 төгрөгийн зардал гарсан болох нь Орхон аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Ааа газар болон Орхон аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гэм бүрүүтай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргах тухай хүсэлтийг прокурорт ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно., Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. гэж заасан бөгөөд прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Иймд Ц.Х-гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,988,460 төгрөгийг гаргуулан, Ааа газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Прокурорын нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.4, 41.14-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Х- миний бие 2021.02.25-нд Д.Б-ийн биед гэмтэл учруулсан /гарын богтос ясны далд хугарал/ нь үнэн. Миний бие Д.Б-ийн эмчилгээний зардлыг хувиасаа гаргасан. Бүх төлбөр тушаасан баримт миний хавтаст хэрэгт байгаа болно. Миний бие Ххх газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Х- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Д.Б-ийн эмчилгээний зардлыг бүгдийг нь өөрт нь өгсөн тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна

 

4. Нэхэмжлэгчээс: Ааа газрын 2021.12.08-ны өдрийн 01/1887 дугартай албан бичгийн нотарриатаар баталгаажуулсан хуулбар /хх-2/, итгэмжлэл /хх-3/, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.12.02-ны өдрийн 23/61 дугаартай албан бичгийн хуулбар /хх-4/, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардал /хх-5-6/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-7/, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-8-11/, 2021.03.11-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-12-14/, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-15-18/, шийтгэх тогтоол гардуулсан баримтын хуулбар /хх-19/, өвчний түүх /15 хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /4 хуудас/, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай албан бичиг хавсралтын хамт / 3 хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газар нь хариуцагч Ц.Х-д холбогдуулан Төрд учруулсан хохирол 1,998,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Ааа газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 01/1887 дугаарт албан бичиг/хавтаст хэргийн 2 хуудас/-ээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Ххх газарт гаргажээ.

Уг хүсэлтийн үндсэн дээр Ххх газар нь Ц.Х-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 1,998,260 төгрөг гаргуулж, Ааа газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл /хавтаст хэргийн 2 хуудас/ гаргажээ.

Хариуцагч Ц.Х- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч Нэхэмжилж буй эмчилгээний зардал 1,998,260 төгрөгийг хохирогч Д.Б-ид төлсөн /хавтаст хэргийн 15 хуудас/ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийтгэх тогтоолд дурьдсан гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.

Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заасан байдаг.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 15 хуудас/-оор шүүгдэгч Ц.Х- хохирогч Д.Б-ид хүндэвтэр гэмтэл учруулж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

3. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б- нь S06.2/гэмтлийн гаралтай өвчин/ оношоор 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тусламж үйлчилгээний гэх зардлын жагсаалтын ирүүлсэн боловч, хариуцагч Ц.Х- нь мөн шууны метал ялтсан хадаасны үнэ 350.000 төгрөгийг төлсөн гэдэг ба гэрч Д.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт .... Даатгалын санд бүх бэртэл гэмтлийн зардал бүрэн багтсан ба хариуцагч /шууны метал ялтсан хадаасны үнэ 350.000 төгрөгийг төлөх үндэсгүй/ гэж тайлбарладаг.

Ааа газраас Даваасамбуугийн Батцоожид Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тусламж үйлчилгээний гэх зардлын жагсаалтаар ирүүлсэн 9800 төгрөг, 1988460 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа боловч дээрхи нийт 1998260 төгрөг нь хохирогч Д.Б-ийн ямар эмчилгээ, тусламж үйлчилгээнд, мөн хоол, цахилгаан, ус, эмнэлэгийн ажилтны цалин хөлс зэрэгт хэрхэн зардлыг хувиарласан, зарцуулагдсан гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримтаа нэхэмжлэгч шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газрын нэхэмжлэлтэй Ц.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч Д.Хандсүрэнд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл, 41.1.14 дэх хэсэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ааа газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ххх газрын нэхэмжлэлтэй Ц.Х-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл, 41.1.14 дэх хэсэгт прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхыг дурьдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА