| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ........, улсын яллагч ........, шүүгдэгч ....... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ....... холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1...... оны ......... дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, охины хамт амьдардаг, Завхан аймгийн ............. тоотод оршин суух хаягтай, урьд ..............аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ......... оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж байсан ...........овогт................. регистрийн дугаар: /РД:............../
Шүүгдэгч ......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын орчимд Завхан аймгийн У............. багийн нутаг гэрлэн дохиотой гүүрний урд талын зам дээр “Приус-11” маркийн ............маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ........... холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч ......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн .......... оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ............ дугаартай шийтгэврээр болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
......... нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасагдсан үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ............багийн нутаг гэрлэн дохиотой гүүрний урд талын зам дээр “Приус-11” маркийн ......... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч ...... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар шууд тусган мэдүүлсэн гэрч ............ын “...Би 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 00 цаг 40 минутад Завхан аймгийн ....... багийн нутаг гэрлэн дохиотой гүүрний урд талд хяналт шалгалт хийж байх хугацаанд ......... баг талаас Ногоон өнгийн ........ улсын дугаартай Приүс-11 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үед тухайн тээврийн хэрэгслийг ......... гэх иргэн жолоодож явсан ...тээврийн хэрэгсэлд 5 согтуу хүн зорчиж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ......... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар үлээлгэн шалгах үед 2,57 бүхэлтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан юм. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч ........... “...уулзахаар ........ руу яриад ........ багийн ..........ын тэнд уулзаад клонк бензин өгөхгүй байхаар нь .........баруун талын зогсоол руу орж зогсоод ............. нарын хамт 2 том пиво хувааж уугаад .......... нар аймгийн төвд буудалд байрласан гэхээр нь тэр хоёрын хүргэж өгөх гээд ........ тээврийн хэрэгсэл жолоодоод хөдлөөд .......... багийн гэрлэн дохиотой гүүрний урд талын асфальтан зам дээр цагдаа зогсоон шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд аваад явсан юм. ... Тухайн үед ........ гэх манай дүүгийн Приус загварын тээврийн хэрэгслээр манай найз ........ хөдөлгөөн үйлдсэн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлгээр болон Завхан аймгийн Цагдаагийн газрын З................. нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “...Alcotest багаж ашиглан шалгахад 2,57 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн хэсгээр, түүнийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр,
............. холбогдох Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ............. дугаартай шийтгэврийн хуулбараар,
Завхан аймгийн ..........................гийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч .......... үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
............ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ........ оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ......... дугаартай шийтгэвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинж болгон хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болно.
Шүүгдэгч ............ нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасагдсан гэдгээ мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн дахин 2025 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн ........... багийн нутаг гэрлэн дохиотой гүүрний урд талын зам дээр “Приус-11” маркийн ............ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч ........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч .......... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ........ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ..............д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ........... оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 225,000/хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..........ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
6.Шүүгдэгч ...........д 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч .............. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА