| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0510/З |
| Дугаар | 128/ШШ2023/0306 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0306
2023 03 30 128/ШШ2023/0306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С*******” ХХК /РД:6*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Т*******,
Хариуцагч: Нийслэлийн Нийтийн тээврийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******,
Хамтран хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ү******* нарын хоорондын захиргааны гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******, хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “С*******” ХХК нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17/Н******* дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.
1.2. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 1/440 тоот албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хурлаас “С*******” ХХК-д хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн танай компанитай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 17/Н******* дугаар гэрээг цуцлахыг тус газарт үүрэг болгосон. Иймд дээрх гэрээний 8.3.1, 8.3.3-т заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
1.3. “С*******” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02/256 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргад “Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дүгээр гэрээ цуцалсан тухай хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан
1.4. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/2541 тоот албан бичгээр “Нийслэлийн Нийтийн тээврийн газрын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дүгээр албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэх хариуг өгсөн.
1.5. “С*******” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газарт холбогдуулан “Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дугаар "Гэрээ цуцлах тухай" мэдэгдлийг хүчингүй болгуулж, “С*******” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ"-г үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““С*******” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С*******” ХХК-д учирсан хохиролд нийт 228,031,321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах” гэж өөрчилсөн.
1.7. Мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус “С*******” ХХК нь Нийслэлийн Нийтийн тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 17/Н******* дугаар "Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ"-ний дагуу Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэх ажил үйлчилгээг үзүүлж ирсэн. Гэтэл Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дугаар мэдэгдлээр талуудын хооронд байгуулагдсан 17/Н******* дугаар "Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ"-ний 8.3.1-д заасан “Гүйцэтгэгч тал гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж гүйцэтгүүлэгч талаас үзсэн”, 8.3.3-д заасан “Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шалгагчийн үйл ажиллагааг 1 сар болон түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлэх, зогсоох шийдвэр гаргасан” гэх 2 үндэслэлээр гэрээг цуцалсанд гомдолтой байна.
Нэг. Гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д зааснаар гүйцэтгэгчийн ажлыг дүгнэсэн дүгнэх хуудас нь санхүүжилтийг олгох гол үндсэн баримт болох бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний 8 дахь хэсэгт оруулсан 8.21 заалтаар “Энэхүү гэрээний үүргийн биелэлтийг 90 болон түүнээс дээш хувьтай бол бүрэн хангалттай, 80-аас 90 хүртэл хувьтай бол хангалттай, 70-аас 80 хүртэл хувьтай бол бүрэн бус хангалттай, 70-аас доош бол хангалтгүй гэж дүгнэнэ” гэж заасан. Гэтэл манай компанийн сүүлийн 6 сарын хугацааны гэрээний үүргийн биелэлтийг Нийтийн тээврийн газар доорх байдлаар дүгнэсэн байдаг. Үүнд:
| Д/д | Хамрах хугацаа | Гүйцэтгэлийн үнэлгээ |
| 1 | 2021.10 сар | 84% |
| 2 | 2021.11 сар | 82% |
| 3 | 2021.12 сар | 89% |
| 4 | 2022.01 сар | 88% |
| 5 | 2022.02 сар | 87% |
| 6 | 2022.03 сар | 89% |
| Дундаж үзүүлэлт | 86.5% | |
Үүнээс дүгнэхэд бид сүүлийн 6 сарын байдлаар 86.5 хувийн биелэлттэй буюу хангалттай үнэлгээтэйгээр ажил үүргээ гүйцэтгэсэн байх тул гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй.
Хоёр. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шалгагчийн үйл ажиллагааг 1 сар болон түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлэх, зогсоох шийдвэр гаргасан гэх тухайд:
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын ирүүлсэн гэрээ цуцлах шийдвэрийг гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар төрийн захиргааны байгууллагаас шалгагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн, зогсоосон ямар ч захиргааны акт гараагүй. Хэрэв шалгагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийн улмаас эрх ашиг нь хөндөгдөх манай компани урьдчилан мэдэх учиртай.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 дүгээр тогтоол, уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам” хуулийн хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул шалгагчийн үйл ажиллагааг зогсоосон гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэлгүй болох нь мөн тогтоогдоно.
Гурав. Гэрээ цуцлах тухай мэдэгдэлд “С*******” ХХК-д хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч бидэнд ямар ч санал, дүгнэлт танилцуулаагүй тухайд:
2021 оны 11 дүгээр сард “С*******” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг манай компани дээр ирж ажилласан. Хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь бидэнд ямар чиглэлээр, ямар зорилгоор, ямар хүрээнд хяналт шалгалт хийх тухай удирдамж огт танилцуулаагүй, хяналт шалгалт дууссаны дараа өнөөдрийг хүртэл хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт, тайланг огт ирүүлээгүй, танилцуулаагүй. Зүй нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар хяналт шалгалтын ажлын хэсэг нь шалгуулагч этгээдэд шалгалтын тэмдэглэлийн нэг хувийг хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 5.10-д зааснаар манай компани уг шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн шалгалтын үр дүнг бидэнд танилцуулаагүй, ирүүлээгүй, бид энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад, зөрчил дутагдал илрээгүй гэх хариултыг өгсөөр ирсэн атлаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан гэх мэдэгдлийг бүтэн 4 сар гаруй хугацааны дараа ирүүлсэнд гомдолтой байна.
Дөрөв. Гэрээ цуцлах тухай захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн тухайд:
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болохоор заасан. Гэтэл нийтийн тээврээр зорчигчийн хөлс төлөлт, карт ашиглалт, жолоочийн цахим төлбөрийн хэрэгслийг журмын дагуу ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх чиг үүрэгтэй манай компанийн үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхолд ямар ч ноцтой хор уршиг учрахгүй, эсрэгээрээ нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс үйл ажиллагаа явуулдаг байгууллага атал “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээ цуцлах тухай шийдвэрийг гаргах захиргааны үйл ажиллагаандаа мөн хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмуудыг баримтлах” хууль зүйн зохицуулалттай. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, цаашлаад мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулсны дараа захиргааны шийдвэрийг гаргах, улмаар уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, 40.4 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангасан байх учиртай атал Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэл нь эдгээр шаардлагад нийцээгүй байх тул уг мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эцэст нь “С*******” ХХК-ийн 200 гаруй ажилтны дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг бөгөөд хариуцагч нь манай компанитай байгуулсан гэрээг хууль бусаар цуцалснаар өмнө Автобус базуудад кондуктороор ажиллаж байгаад ажилгүй болж хохирон “С*******” ХХК-д хянагч, шалгагчийн ажил албан тушаал эрхлэн ажил, амьдралтайгаа эргэн залгасан 180 гаруй ажилтан маань ажлын байргүй болох, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэх, эдгээр ажилтнуудад цалин хөлс, тэтгэмж олгоход хүрч маш их хэмжээний хохирол учрахаар боллоо. Бид Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэлтэй танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/2541 дугаартай гомдлын хариуг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дотоод сүлжээнд оруулсан бөгөөд гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. Иймд Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулж, “С*******” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгчийн зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл болон яагаад ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч компанийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн ямар байдлаар дүгнэх талаар нэмэлт өөрчлөлтөөр тодорхойлсон байдаг. Нэмэлт өөрчлөлтөд зааснаар гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч компани сүүлийн 6 сарын байдлаар тооцоход 86,5 хувийн биелэлттэй буюу хангалтай үнэлгээгээр ажил үүргээ гүйцэтгэсэн гэж тогтоогддог. Төрийн захиргааны байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавих шалгагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн эсвэл зогсоосон ямар ч захиргааны акт гаргаагүй. Нэхэмжлэгч компанид шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэдэг тайлбар явдаг. Тухайн дүгнэлтийг өнөөдрийг хүртэл манай компанид танилцуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цугларсан үед л нэхэмжлэгчийн зүгээс тухайн ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Гэтэл тухайн ажлын хэсгийн тайлан өөрөө нийтийн тээврийн газраас гэрээ цуцлах тухай шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12/2252 дугаартай албан тоотоор нийтийн тээврийн газарт хүргэгдэж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. 2021 онд байгуулагдсан ажлын хэсэг сүүлд 2022 онд буюу бүтэн жилийн дараа шалгалт хийгээд дүгнэлт гаргаж байгаа. Гэхдээ ажлын хэсгийг байгуулж байгаа зорилго өөрөө гэрээний биелэлтийг дүгнэж санал гаргах үйл ажиллагааг сайжруулах талаар санал зөвлөмж гаргах гэдэг чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Гэрээ цуцлах санал ингээд гаргаж байна. Нэг талаас ажлын хэсэг зорилгоос хазайсан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл байна.
Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.С*******ын зүгээс захиргааны гэрээ гэдэг байдлаар гэрээнд заасан цуцлах үндэслэл тогтоогдохгүй. Цаашлаад Захиргааны ерөнхий хууль тогтоомжид нийцүүлээд гэрээний харилцааг цуцлах дуусгавар болох асуудал яригдсан уу гэж харахаар захиргааны гэрээ цуцлах онцгой нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт заасан. Манай энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан нийтийн эрх ашгийг ноцтойгоор хор хохирол учрахаас урьдчилан сэргийлж байгаа үйл баримт тогтоогдохгүй. Гэрээний 8.3.1-8.3.3-д цуцлах харилцааг зохицуулж өгдөг. Гэрээг цуцлахдаа нөгөө талдаа ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх журмыг талууд зохицуулсан боловч журмыг мөн адил зөрчсөн байгаа. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлах тухай мэдэгдэлдээ 04 дүгээр сард гэрээг цуцлах талаарх мэдэгдэл өгөх журмаа зөрчсөн. Нийтийн тээврийн газрын чиглэлийг гэрээний дагуу шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгч компани тухайн үеийн байдлаар 200 гаруй ажилтантай байсан. Энэ ажилтнуудын эрх ашгийн асуудлыг бид нар яаж шийдвэрлэх вэ? Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг харахаар хууль тогтоомжийн хүрээнд цуцлахыг үүрэг болгож байгаа. Энэ бол хууль тогтоомжийг зөрчиж гэрээг цуцалсан бас нэг үндэслэл болж өгнө.
...Хариуцагчийн гэрээгээ хууль бусаар цуцалсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавьж байгаа хамтран ажиллах гэрээнд заасан үйл ажиллагаа явуулах боломжгүй, систем хаасны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ажиллаж байсан 149 ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар бөөнөөр халахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.
Гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргаад 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгосон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар ажилтнуудад 30-аас доошгүй хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх үүргээ хэрэгжүүлэх үүднээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдлийг гардуулсан. Гардуулсан бүх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мэдэгдэл авсан ажилтнуудаас 21 ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрсдийн санаачилгаар цуцална хугацааг нөхөх боломжгүй гэсэн учраас цуцлах тухай өргөдлийг хүлээж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан заалтыг үндэслэж тушаалаа гаргаж цуцалсан. Тийм учир 149 ажилтнаас 21 ажилтныг хасаад 128 ажилтны хэмжээнд хохирлын асуудлыг тодорхойлсон байгаа. 128 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж цуцалснаар бид нар хуулийн шинэчилсэн найруулгад орж ирсэн зохицуулалт болох 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж тэтгэмж олгох үр дагаварт хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийх нөхцөл байдлууд үүссэн. Хариуцагч захиргааны байгууллага хэрвээ хууль бусаар гэрээгээ цуцлаагүй дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж тайлбарлаад байгаа бол зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хууль тогтоомжийн хүрээнд гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэсэн бол бид нар компани болон ажлын байраа ажилтнуудын эрх ашгийг хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Цаашлаад энэ ажилтнууд анхнаасаа автобус баазад кондуктороор ажиллаж байсан хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн эрх ашиг сонирхол болон ажлын байраар хангах төр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус нэгдлүүдэд хуваарилсан байсан ажилтнуудыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан учраас гэрээ байгуулагдаад нэхэмжлэгч компани бүх кондуктороор ажиллаж байсан хүмүүсийг өөрсдийнхөө компанид шилжүүлж авсан. Ингээд ажлын байраар хангах чиг үүргээ компаниар дамжуулж хэрэгжүүлээд, үндсэндээ ямар ч үндэслэлгүйгээр гэрээг цуцлах болоод ирэхээр тухайн өөрсдийнхөө ажлын байраар хангах чиг үүргээ компанид шилжүүлсэн зүйлийг умартаад тэр хүмүүсийн гэрээг цуцлах эсэх асуудал цаашлаад гэрээ цуцлагдсанаас үүдээд үүсэх үр дагавар төр захиргааны байгууллагад ямар ч хамаа байхгүй гэсэн ийм өнцгөөр гаргаж ирсэн. Үүгээр 200 гаруй ажилтны дийлэнх хувь нь өрх гэрээ авч явдаг өрх толгойлсон эхчүүд байдаг. Дийлэнх хувь нь эмэгтэй ажилчид байдаг.
Үйлдвэрчний эвлэлээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанид албан шаардлага ирдэг. Удаа дараа дарга нь ирж бөөн бужигнаан болдог. Захиргааны байгууллага нөгөө талдаа хууль бус шийдвэр гаргаад үүнийгээ ухамсарлаж шийдвэрлэхгүй магадгүй хүмүүсийн эрх ашгийг асуудлыг шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлууд байсан. Гэрээ цуцалсны дараа бол Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нийтийн тээврийн газрын дарга нар хамтарсан уулзалт хийгээд хүмүүсийг ажлыг байраар хангана, энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаална компани дээр ямар нэгэн асуудал үүсэх нөхцөл байдлыг бид нар хамтарч шийдвэрлэнэ гэдэг асуудлыг ярьсан мөртлөө өнөөдөр шүүх дээр ирэхээрээ бидэнд хамаагүй та нарын асуудал гэж тайлбарлаж байна. Хуулийн дагуу гэрээ цуцалсан гэдэг үндэслэлгүй тайлбар хэлдэг. 118 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалснаар хуулиар зайлшгүй гарах зардал учраас үүнийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 118 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж нь 122,940,000 төгрөг, 118 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмжид ажил олгогчийн төлбөрт зохих нийгмийн даатгалын шимтгэл нь 15,367,500 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын цалинд олгосон 79,987,840,91 төгрөг байгаа. Мөн 128 ажилтны 2022 оны 05 дугаар сарын цалинд ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь 9,735,980,012 төгрөг байгаа. Нийт 228,031,321,03 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. 118 ажилтан гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 6 сараас дээш ажиллаж байж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үр дагавар үүсдэг учраас бид нар ажилласан хугацаагаар тогтоогоод 118 ажилтан тэтгэмж авах эрхтэй байгаа учраас энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хохирол гаргуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 101.2.1, 106 дугаар зүйлийн 106.3.7 дах хэсэгт заасныг баримтлан учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэхүү шаардлагыг хангах бүрэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Өнөөдөр гаргасан шаардлагын үндэслэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөл орон тооны бус юм. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Засаг даргын чиг үүрэг эрх хэмжээ нь орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах ажиллах журмыг баталж хэрэгжүүлэх эрх хэмжээ олгогдсон. Ингээд эрх хэмжээний хүрээнд байгуулсан ажлыг мэргэжлийн зөвлөлөөс шийдвэр гарсан. Шийдвэр нь зөвлөлийн хуралдааны журмаар тэмдэглэл хэлбэрээр гарахаар зохицуулсан байгаа. Тухайн зөвлөл өөрөө ямар нэгэн байдлаар Нийслэлийн Засаг даргын чиг үүргийн хүрээнд байгуулсан гэрээ хэлцэл эсвэл Нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад хамаарах захиргааны байгууллагын бусад иргэн хуулийн этгээдтэй байгуулсан захиргааны гэрээ дуусгавар болох эрх хэмжээ олгогдоогүй. Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн зөвлөлийн хуралдааны журмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нийслэлийн нутгийн захиргааны ажлын уялдаа холбоог хангаж үр дүнг сайжруулахад туслах чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэтрүүлдэг, өөрсдөө олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан гэж харж байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гэрээ цуцлах шийдвэрийг гаргах болсон үндэслэл Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарладаг. Зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулдаг. Ажлын хэсгийн дүгнэлт яг тэр шугамын орлого жил бүр буурч байна гэтэл нэхэмжлэгч компани ажилтнуудын цалин нэмэгдээд байна. Энэ бол цэвэр шугамын орлого төвлөрүүлэх бууруулахад нэхэмжлэгч компани буруутай гэсэн өрөөсгөл зүйл хэлдэг. Яагаад энэ шугамын жил бүрийн орлого муудаад байгаа вэ гээд үйл ажиллагааны гол судалсан байдал хэсэгт Улаанбаатар смарт компанитай холбоотой зөрчлүүдийг дүгнэдэг. Улаанбаатар смарт компанийн дотоод нийтийн тээврийн картын систем өөрөө хангалтгүй хоорондоо уялдаа холбоогүй нэг цехээс нэгдсэн удирдлага хяналтаар шалгах хянах боломжгүй цаашлаад Улаанбаатар смарт компани нийтийн тээврийн орлого бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилготой хуулийн этгээд юм. Улаанбаатар смарт компани өөрөө нийтийн тээврээр зорчих борлуулах цэгүүдийг ажиллуулдаг. Цаашид картын хангамж нийлүүлэх чиг үүрэгтэй байгууллага мөртлөө карт ажиллуулах цэгүүд нь хаалттай байж байдаг. Картын хангамжийн хэрэгцээ муу Улаанбаатар смарт компанийн үйл ажиллагааны доголдолтой байдлаас болоод шугамын орлого буурсан гэсэн дүгнэлт хийгдсэн мөртлөө эцсийн дүндээ дүгнэлтийн яг гол хэсэг нь нэхэмжлэгч компанийг буруутгаад, хоёр үзүүртэй зүү шиг ямар ч харилцаа хамааралгүй дүгнэлтийг гаргаад байгаа. Гол үндэслэл нь тухайн өмнөх цаг хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан н.О болон нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан н.З, н.О гэх хүмүүст холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлээд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийг гэм буруутай буюу захиргааны гэрээг хууль зөрчиж байгуулсан албан тушаалаар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн байгуулсан гэж дүгнэсэн учраас гэрээг цуцлах томоохон үндэслэл юм гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдаад байгаа ажлын хэсэг өөрөө Засаг даргад үнэн зөв тайлагнах ёстой үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл 2022 оны 04 дүгээр сард ажиллаж байгаа ажлын хэсэг нь 05 дугаар сард ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж өгч байгаа мөртлөө 2021 оны Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хуулийн шүүхийн шийдвэр мөн үү гэдгийг нягталж үзэх боломжтой байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрөө 2021 оны 06 дугаар сард гарсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болсон прокурор луу буцаасан байхад үүн дээр бусад этгээдийг буруутгаад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн ажлыг шууд зогсоох үр дагаварт хүргэсэн шийдвэрийг гаргасан. Эрүүгийн хэргийг сүүлд прокурор шийдвэрлээд Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийн шинжгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргаад байгаа хуралдааны шийдвэрүүд мөн өөрөө Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль, Захиргааны ерөнхий хууль тогтоомжид заасан Засаг даргын зөвлөлийн хуралдааны журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нөхцөлд гарсан шийдвэр байгаа учраас илт хууль бус захиргааны акт гэж тогтоож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Өмгөөлөгчийн зүгээс давхцуулахгүйгээр хууль зүйн дүгнэлтээ хэлье. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих талаар хамтран ажиллах гэрээ байгуулсантай хариуцагч маргахгүй байна. Өнөөдрийг хүртэл сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны гэрээ юм. Энэ захиргааны гэрээ бол хариуцагчийг гэрээ цуцлах хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж явсан гэрээ хэлцэл байгаа. Ингээд захиргааны гэрээнд шаардагдах асуудлаар шалгаад үзэхэд захиргааны гэрээ гэх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа учраас нотлогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах цуцлах тусгай тохиолдлуудыг тусгайлан зааж өгсөн. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй” гэж, 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж тус тус заасан. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг үзэхээр гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй юм шиг асуудлыг хөндөж ярьж байгаа. Хэрвээ цаашид баримтлах боломжгүй гэрээгээ дүгнээд байгаа аргачлал болохгүй байна гээд энэ аргачлалаар явахгүй гээд дээд шатны байгууллага үзэж байгаа бол энэ тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах санал хүсэлтээ өгөх ёстой байсан. Өгсний дараа хэрвээ өөрчлөгдөх боломжгүй гээд нэхэмжлэгч компани хариулаад байгаа бол энэ гэрээг дангаар цуцлах боломжтой байсан. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй.
Хоёрдугаарт, хариуцагчаас захиргааны гэрээг цуцалсан үндэслэлээ гэрээний 8.3.1, 8.3.3 гэж хариулж байгаа. 8.3.1-ээр гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх юм бол цуцлах нэг үүрэг байгаа. Энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохицуулсан зүйл заалтыг баримтлах ёстой байсан. Эрх зүйн хэм хэмжээг хэрхэн хэрэглэх вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан. Гэрээний суурь зохицуулалтыг тохируулж хэрэглэх ёстой. Хариуцагчийн зүгээс гэрээний суурь зохицуулалт гэдгийг хэрэглээгүй. Шууд гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Хуулийн 225.1-д улсын дээд шүүхийн тайлбараар гэрээнээс татгалзах цуцлах аль алин дээр хэрэглэх суурь зарчим юм. Хэрвээ 8.3.1-д зааснаар гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч компани хоёр тал гэрээгээ сар болгон 89 хувьтай дүгнэж байгаа. Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр энэ өөрөө хангалттай гэсэн. Хангалтгүй гэж үзсэн талаар тайлбар тавьж байна. Энэ тохиолдолд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байсан. Мөн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоох ёстой байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээгээ цуцлах үүрэгтэй. Бид нар ингээд нэмэлт хугацаа тогтоогоогүй бол ядаж хуулийн 225.2-т заасаар “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэгч эрхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж Иргэний хуулийг хэрэглэдэг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгснөөс хойшоо нийтийн тээврийн газарт 05 дугаар сарын 05-ны өдөр ирж байгаа. Ингээд ажлын хэсгийн дүгнэлтийг албан ёсоор нэхэмжлэгч компанид огт танилцуулаагүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа захиргааны хэргийн шүүхэд баримт ирснээс хойш мэдсэн. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгч компанийн тодорхой буруутай үйл ажиллагаа гэдгийг тухайлан зааж өгөөгүй, энэ гэрээний үүргээ зөрчсөн учраас ийм хангалтгүй байна гэдэг нэг ч зүйл заалт харагдахгүй байгаа. Зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний орлого багассан байна, орлого багасаж байгаа нь нэлээн олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал нотлох баримт шинжлэн судлахад У өөрөө ерөөсөө систем болохгүй байна, төлбөрөө төвлөрүүлж чадахгүй байна, Киоск мухлаг хангалтгүй гэдэг мөртлөө Улаанбаатар смарттай холбоотой ямар ч арга хэмжээ аваагүй. Орлого төвлөрүүлэлтийн асуудал өөрөө хэрхэн бүдэрч байгаа талаар бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх заалт мөн Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ядаж сонсох ажиллагаа хийх, энэ нь өөрөө эрх ашиг хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэгч компанид урьдчилан сануулж мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож үүргээ шаардаж байж Иргэний хуулийн суурь зарчмуудыг хэрэглэж байж энэ гэрээ цуцлагдах ёстой байсан. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу нэг талд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд нөгөө тал татгалзсан байх юм бол үүнтэй холбоотойгоор учирсан хохирлыг шаардах эрх нэхэмжлэгч компанид байгаа. Ийм учраас Иргэний хуулийн зүйл заалтуудыг ингэж хэрэглэж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэх заалтыг хэрэглэж болно. Гэхдээ энэ нөхцөл байдал огтоосоо тогтоогдоогүй. Нэг өдөр цуцалсан асуудал дээр бид нар Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3-д заасан алийг ч хэрэглэх гээд хэрэглэж болохгүй болж байна. Хуулийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэж заасныг мөн адил зөрчиж байна.
Хоёр дах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага дээр тайлбар хэлэхэд илт хууль бус захиргааны актад тооцуулах буюу Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д зааснаар захиргааны актыг гаргах хуульд заасан үндэслэл байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Яагаад үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ гэхээр Нийслэлийн Засаг дарга ажлын хэсгийг томилох захирамжаар ажлын хэсгийг гаргаад байгаа. Ажлын хэсэг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэхээр гаргаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг зөвхөн зөвлөл танилцуулаарай гэдэг. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байна гэхэд хариуцагч болохоор тус тогтоол дээр нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам гээд тус журмын 2.3-д нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага энэ журмын 2.2-т заасан нийтийн зорчигч тээврийн хөлсөнд хяналт тавих байгууллагатай нийтийн тээврийн үйлчилгээний орлого төвлөрүүлэх хяналт тавих нэмэгдүүлэх ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж ажиллана гэж байгаа. Гэтэл нийтийн тээврийн газар манайх өөрөө авсан гэдэг. Энэ журам өөрөө хүчин төгөлдөр байж байгаа. Тэгэхээр хөлс төлөлтөд хяналт тавих байгууллагатай гэрээ байгуулж биелэлтэд хяналт тавих журмын биелэлтээс тэс өөр үйл ажиллагаа хийгээд явсан гэсэн үг юм. Шалгагч нар авна гэж байгаа боловч үүнтэй холбоотой ямар ч тодорхой ажиллагаа хийгээгүй. Шууд нэхэмжлэгч компани хөдөлмөрийн хуулийг зөрчсөн хэлбэрээр хүмүүсийг ажлаас халах нөхцөл байдал үүсгээд ажлаас 30 хоногийн өмнө ажлын байр байхгүй болж байгаа талаар мэдэгдэх хугацаа олгоогүй шууд цуцалсан. Үүнтэй холбоотой бүх шалгагч нарын эрх зөрчигдөж байна. Шүүх дээр эхнээсээ 5 хүн цалин хөлсний талаар нэхэмжлэл гаргасан.
Тэтгэмж олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч хэлэхдээ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал өөрөө шийдвэр гарсан гэж бид нар ойлгож байгаа гэдэг. Шийдвэрээ баталгаажуулна гэж журамдаа заасан боловч баталсан баталгаажуулсан шийдвэр зөвхөн тэмдэглэлээрээ гарсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ Нийслэлийн Засаг дарга захирамжаараа ажлын хэсэг гаргах захирамж гаргасан бол энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг дарга үнэлж дүгнээд захирамжаа гаргаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах ёстой байсан. Ерөөсөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлээд явж байгаа. Зөвлөлөөс үүрэг болгосон гээд хариуцагч нар нэг ашиг сонирхолтой гэж байгаа боловч хоёр өөр тайлбар гарч байгаа. Нэг нь болохоор манайх шийдвэр гаргаад үүрэг болгосон гээд нэг бол санал гаргасан гэдэг. Шийдвэрийг нь харахаар үүрэг боллоо гэдэг шийдвэр тэмдэглэлээр гарсан. Хуулийн 471.6 дэх заалт хамаараад байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн ажилтнуудын өмнө хүлээж гарсан үйл ажиллагаатай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүлээж байгаа үүргийн хүрээнд 5 сарын цалин нийгмийн даатгалыг бүрэн төлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80 дугаар зүйлд зааснаар зайлшгүй хөдөлмөрийн харилцааг дуусгасан байгаа ажилтнуудад тэтгэмж олгох үүрэг үүссэн. Гэрээг хууль бусаар цуцалснаас үүдээд нэхэмжлэгч компанид учирсан хохирол гэж үзэж байгаа. Иргэний хуульд заасан хохиролд үүрэг гүйцэтгэгчээс гаргасан зардал гэдэгт хамаарч байгаа учраас энэ хохирлыг гаргах хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хэдийгээр тэтгэмжийг олгож эхлээгүй байгаа боловч энэ хохирол шийдэгдээд гараад ирсэн байгаа үед бид нар жагсаалтын дагуу эдгээр хүмүүст тушаалыг гаргаад энэ тэтгэмжийн хөдөлмөрийн хуулийн дагуу заавал олгох ёстой. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газраас бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“2015 оны 07 дугаар сар хүртэл нийтийн тээврийн үйлчилгээний орлого нь өдөр тутмын шугамын үйлчилгээний орлого болон төсвөөс санхүүжүүлж буй нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговроос бүрддэг байсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн цахим төлбөрийн систем нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байсан мөнгө хураагч буюу кондукторын шаардлагагүй болж, хөлс төлөлтөд хяналт тавих ажилтан болох шалгагч ажиллуулж эхэлсэн байдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”, “Машин цагийн зардлын тариф” тус тус батлагдсан. Үүний “Машин цагийн зардлын тариф”-ыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн A/591 дүгээр захирамжаар машин цагийн зардлын тарифын задаргааг баталж, нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөлс төлөлтөд хяналт тавьж ажиллах аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гүйцэтгэлээр нь санхүүжүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг тус газарт даалгасан байдаг.
“С” ХХК нийслэлийн Тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ” байгуулан нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан. “С” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ байгуулсан үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 84 дүгээр шийтгэх тогтоолоор хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд гэрээ байгуулсан үйлдэл нь холбогдох албан тушаалтнуудын гэм буруутай үйлдэл болох нь тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан тус газарт Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06/1666 тоот албан бичгээр “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” мөрдөгчийн мэдэгдэл ирүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/07 дугаар захирамжаар “С” ХХК нийслэлийн Тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Уг ажлын хэсэг санал, дүгнэлтээ нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хурлаас ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх гэрээг цуцлахыг тус газарт үүрэг болгон, гэрээний 8.3.1, 8.3.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талаас гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Маргаан бүхий “С” ХХК нийслэлийн Тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан нь гэрээ болон Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох журмын дагуу явагдсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Нийтийн тээврийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.С*******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/440 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, “С” ХХК нийслэлийн Тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 322 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”, “Машин цагийн зардлын тариф тус тус батлагдсан. Үүний “Машин цагийн зардлын тариф”-ыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/591 дүгээр захирамжаар машин цагийн зардлын тарифын задаргааг баталж, нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөлс төлөлтөд хяналт тавьж ажиллах аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гүйцэтгэлээр нь санхүүжүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг тус газарт даалгасан байдаг. Тус газраас “С” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/HT-06 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байсан. Гэтэл энэхүү гэрээ хууль бусаар байгуулагдсан талаар хууль хяналтын байгууллагуудад хянан шалгагдаж байна. Үүнд:
-Нийслэлийн Тээврийн газрын даргатай холбогдуулан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “С*******” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас төсөвт их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт хянан шалгагдаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 84 дүгээр шийтгэх тогтоолоор хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд гэрээ байгуулсан үйлдэл нь холбогдох албан тушаалтнуудын гэм буруутай үйлдэл болох нь тогтоогдож, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар прокурорт буцаагдаад байна.
-“С” ХХК-тай байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г хууль бус, тендер сонгон шалгаруулалт явуулалгүй байгуулсны улмаас 2017.08.18-2022.05.11-ний өдөр хүртэл хугацаанд 18.7 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс “С” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн 17 дугаар хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байна.
Иймд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр хийсэн “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ” нь хууль бус болох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.
2. Гэрээ цуцалсан нь хууль тогтоомж зөрчөөгүй талаар, үр дагавар:
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/07 дугаар захирамжаар нийтийн тээврийн зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих “С” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, хяналт шалгалтыг хийж, санал дүгнэлтээ Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дунгаар хуралдаанд танилцуулсан. Уг ажлын хэсгийн дүгнэлт хэсэгт “... шалгагчийн үйл ажиллагаа нь үр ашиггүй байгаагаас “С*******” ХХК-тай байгуулсан гэрээний зорилго хэрэгжээгүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж байсан боловч бодитой дүгнээгүй, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн байна” гэж дүгнэсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас ажлын хэсгийн дээрх дүгнэлтийг “С*******” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих үндэслэн дас шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цуцлах”-ыг тус газарт үүрэг болгосон. Үүний дагуу тус газар нь дээрх гэрээний 8.3.1, 8.3.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч талаас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн нь ажлын хэсгийн дүгнэлт, нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын тэмдэглэл, хууль хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газарт маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр эсэх нь хянан хэлэлцэгдэж байгаатай холбоотой юм.
3. Нэхэмжилж буй тэтгэмжийн хохирлын асуудал хамааралгүй:
“С*******” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний 6.1-т заасны дагуу шалгагчийн зардлыг гүйцэтгэгчийн тухайн сарын ажлын тайлан мэдээлэл, гэрээний сарын дүнг нэгтгэсэн хуудсын дагуу баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/591 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Машин цагийн задаргаа”-ны дагуу дараа сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэгчид олгох зохицуулалттай. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих үйл ажиллагааг тодорхой чиглэлийн үйлчилгээнд хэрэгжүүлсний үндсэн дээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам”-д заасны дагуу санхүүжилтийг олгодог байсан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дурдсан тухайн гүйцэтгэгч “С*******” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болон бусад зардлын хохирол гэх 228,031,321 төгрөг нь тухайн аж ахуйн нэгжийн дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор заасан. Иймд тус газар нь тухайн компанийн ажилчдын ажил олгогч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан. Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “нийтийн тээвэр, ачаа, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” бүрэн эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад олгосон бөгөөд уг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/88 дугаар захирамжаар Нийтийн тээврийн газрын дүрмийг баталж, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээг хариуцан зохион байгуулахыг тус газарт даалгасан байдаг. “С” ХХК болон Нийтийн тээврийн газар хооронд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах” гэрээ нь Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 “зорчих тасалбарыг урьдчилан аваагүй буюу жолооч, кондуктор шаардахад тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигч, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах”, 10.1.3 “нийтийн тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчид нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх шаардлага тавих” ажлыг “С” ХХК-иар гүйцэтгүүлэхээр, Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний шинжийг агуулж байна.
Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гээд, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан ба захиалагч нь дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд гэрээг цуцалсан гэж үзэж байна.
Мөн дээрх гэрээг байгуулсан асуудал шүүхийн шатанд шалгагдаж байгаа бөгөөд хэн нэг хүний гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд тус гэрээ нь бүхэлдээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор буюу төрийн байгууллагад учруулсан хохирол гэж үзэх, улмаар уг маргаантай асуудлыг Иргэний хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохигчийн хувиар нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Үйл явдал болон нэхэмжлэгчийн тайлбараар гэрээ байгуулсан цуцалсан асуудал тодорхой яригдаж байгаа учраас үүн дээр маргаад байгаа зүйл байхгүй. Гол нь гэрээ өөрөө захиргааны гэрээ гэдэг асуудал дээр иргэний хооронд ажил гүйцэтгэх гэрээ, захиргааны гэрээ гэж яриад байгаа асуудлыг сайн тодруулахгүй бол бидний хувьд шууд захиргааны актын хэлбэр лүү оруулаад явахад төвөгтэй байна. Захиргааны гэрээ биш гэж байгаа үндэслэлийн тухайд Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д нийтийн тээвэр, ачаа, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах гэж байгаа болохоос биш орлогыг төвлөрүүлэх ажлыг тээвэрлэгч нар орлогоо олох ёстой. Зохион байгуулах ажлыг тээвэрлэгч хийгээд тэр нь өөрөө орлогоо төвлөрүүлж өгдөг зохицуулалттай. А компаниар тээвэрлүүлэх үү, Б компаниар тээвэрлүүлэх үү гэдэг асуудал Засаг даргын бүрэн эрхэд байгаа. Нэхэмжлэгч өмнө нь өгсөн тайлбар дээр орлого төвлөрүүлэх нь өөрөө төрийн үүрэг байгаа. Энэ ажлаа компанид шилжүүлсэн захиргааны гэрээ гэж тайлбарлаж байгаа. Төр өөрийн хийж байсан ажлаа компанид шилжүүлж өгсөн гэдэг нь буруу мэдээлэл. Нотлох баримт дээр угаасаа тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд кондуктороо нэг удирдлагад оруулж ажлын нэг системд оруулах зохицуулалтыг анх хийж гэрээг байгуулсан байдаг. Кондуктор угаасаа уламжлалаараа компанид байсан. Цаашдаа ч компанид байна. Нэхэмжлэгч компанийн маргааныг нэг тийш нь шийдвэрлээд тэгээд адилхан компани руу шилжүүлэх бодлого чиглэлүүдийг нийслэлийн удирдлага онох юм байна гэж ойлгоод байгаа. Орлого төвлөрүүлэлт бол тээвэрлэлт хийх гэрээ байгуулсан, тээвэрлэлт адилхан төртэй байгуулж байгаа захиргааны гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэд зорчих хэрэгцээ шаардлагыг А компаниар хангуулах уу, Б компаниар хангуулах уу гэдэг зүйлээ хийж байгаа болохоос биш тээвэрлэх үүрэг төрийн байгууллага буюу Засаг даргад өөрт нь байхгүй. Иргэний хуульд зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа, иргэн А болон Б компаниар ч тээвэрлүүлж болно. Сонголт нь Иргэний хуульд зааснаар өөрт нь байдаг. Иргэний харилцааг захиргааны хэрэг рүү татаж оруулаад тайлбарлах төвөгтэй болж байна. Гэрээний үр дүнг ажлын хэсэг шалгаад үр дүнгүй байна гэж дүгнэсэн учраас захиалагч гэрээнээс татгалзсан гэдэг тайлбарыг өгч байна. Захиргааны гэрээ гэсэн шийдвэрийг цаашдаа удаа дараа маргалдаад нэг мөр энэ хэргийг шийдвэрлүүлэх талаар зүгээ нэг гаргаад явах байх.
Гэрээний төлбөрийг захиалагч буюу нийтийн тээврийн газар өмнө нь төлж байсан. Ажил гүйцэтгэх хугацаанд 13,000,000 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч компанид өгсөн байдаг. Нэхэмжлэгч ажлаа сайн гүйцэтгэж байсан гэдэг тайлбарыг шүүгч анзаарах байх. Гэмт хэрэгт холбогдоод ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ өгөөд компанитай тэрнийхээ ажлыг өөрсдөө өгсөн байдаг. Дараагийн ажлын хэсэг үр дүнтэй шалгах юм бол ямар ч зүйл байхгүй болно. Ажилгүйдлийн хувьд кондуктор ажиллуулах хэрэгцээ шаардлага нийгэмд байдаг учраас компани руу шууд шилжүүлж ашгийн төлөө компаниуд болоод байгаа. Төр аргагүйн эрхэнд өөртөө аваад тэнд ажиллаж байсан хүмүүс үргэлжлүүлээд өргөдлөө өгөөд орох эрх нь нээлттэй байгаа. Нийтдээ 230 гаруй орон тоогоос 60 гаруй хүн ажиллаж байна. Ажилгүй болсон хүмүүс өргөдөл өгөөд манайд ажилд ороод байгаа зүйл байхгүй. Дараагийн компани руу шилжүүлэх хүртэл төр цалингийн өгнө гээд 3 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа. Нэхэмжлэгчийн асуудал үндэслэлгүй зүйл юм.
Зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх буюу орлого төвлөрүүлэлтийг смарт карт компани бүрэн хариуцна гээд компанигүйгээр шугамын орлого явахаар асуудал яригдаад эхлэхээр өөр менежментийн компани буюу нэхэмжлэгч компани гомдлуудыг нь компанийн өмнөөс танайх хийгээд өгчих гэдэг гэрээ байгуулсан. Тэгэхээр тэр нь өөрөө онц гэж яваад шугамын орлого нь унаад байдаг гэрээний зорилго өөр болж байгаа зүйл юм. Онц гээд дүгнээд байсан хүн нь өөрөө нэхэмжлэгч компанитай ашиг сонирхлын зөрчилтэй эрүүгийн хэрэг дээр шалгагдаад явж байгаа хүн юм. Тус санхүүжүүлэлтийг бүрэн олгосон хүн байгаа. 13 тэрбум төгрөгийг энэ компанид өгөөд өөрийнх нь компанийн эздийн өмч ашиг нь 20 хувьтай гарсан. Эздийн хөрөнгө 2 тэрбум болтол өссөн гэдэг. Энэ асуудал бүгд сонгон шалгаруулалт хийхгүйгээр төрийн худалдан авах хуулиа зөрчөөд төрийн байгууллагыг төлөөлөөд нийтийн тээврийн компанийн удирдлага нэг компанид давуу эрх олгоод өгсөн асуудлын ул мөр юм.....” гэв.
3.5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******тай адилхан тайлбартай, нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “С*******” ХХК-иас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан ““С*******” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С*******” ХХК-д учирсан хохиролд нийт 228,031,321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- шалгагчийн үйл ажиллагаа түдгэлзүүлсэн, зогсоосон ямар ч шийдвэр гараагүй байхад гэрээг цуцалсан,
- нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс дүгнэлт гарсан гэх боловч бидэнд танилцуулаагүй, мэдэгдээгүй,
- Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан үйл баримт тогтоогдоогүй,
- Өмнө манай байгууллагад шилжүүлэн ажиллуулсан ажиллагсдын эрх зүйн байдлыг тодорхойгүй орхисноос ажилтнуудыг бөөнөөр халах, тэтгэмж өгөх нөхцөл үүсгэж, хохирол учруулсан зэргээр тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, журмын 2.1 дэх заалтаар “Нийтийн зорчиг тээврийн үйлчилгээний орлого, төвлөрүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газар, “У” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулах”-аар журамлажээ.
3.2. Нийтийн тээврийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дугаартай тушаалаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч гэрээгээр түр ажиллуулах журам”-ыг баталж, журмын 1.1 дэх заалтаар “... хяналт тавих үүрэг бүхий шалгагчийг түр хугацаагаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр ажиллуулах”-аар заажээ.
3.3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн A/591 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Машин цагийн зардлын тарифын задаргаа”-г баталж, 2 дахь заалтаар нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөлс төлөлтөд хяналт тавьж ажиллах аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гүйцэтгэлээр нь санхүүжүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг тус газарт даалгажээ.
3.4. Дээрх тушаалуудыг үндэслэн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах” 17/Н******* тоот гэрээг “С*******” ХХК-тай байгуулж, уг гэрээнд 2017, 2018, 2019 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.
3.5. Улмаар тус компанийн захирлын 2017 оны 09 болон 10 дугаар сарын Б/14, Б/17, Б/18, Б/19, Б/20, Б/21, Б/22, Б/23, Б/25, Б/26, Б/27, Б/29, Б/30, Б/31, Б/33 дугаартай тушаалуудаар “Т”, “Б”, “Э”, “Д”, “Н”, “А”, “А”, “С”, “Э”, “М”, “М”, “А” компаниудад ажиллаж байсан нийт 214 ажилтныг шалгагчаар томилон ажиллуулжээ.
3.6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 дүгээр тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгэээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тариф”-ыг баталж, журмын 1.2.7-д “Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага” гэж Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн этгээдийг” гэж, 2.1-д “Нийтийн тээврийн үйлчилгээний орлого бүрдүүлэх, төвлөрүүлэх, нэмэгдүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “У” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага нар хамтран зохион байгуулна” гэж, 2.3-т “Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих, байгууллага нь энэ журмын 4.2-д заасан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орлогын доод хязгаарыг төвлөрүүлэх ба “У” ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын доод хязгаарыг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана” гэж, 5.2-т “Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих байгууллага нь энэ журмын 2.3-д заасан нийтийн тээврийн үйлчилгээний орлого төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд орлогын доод хязгаарт хүрээгүй үнийн дүнгийн зөрүүг тухайн байгууллагад олгогдох санхүүжилтээс хасаж олгоно” гэж тус тус журамлажээ.
3.7. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргад хандаж “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “... “С*******” ХХК-ийн ажиллагсдын тоо буурч байгаа боловч цалингийн зардал өссөн, ... шугамын орлого буурч байгаа боловч санхүүжилт өссөн, ... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/14 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэчлэн боловсруулах шаардлагатай, ... Нийтийн тээврийн газрын дарга Д.О нь сонгон шалгаруулалтгүйгээр “С*******” ХХК-тай шууд гэрээ байгуулж, тус компанийн захирал Н.О, Г.З нартай гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдсон, ... гэрээний хэрэгжилт хангагдаагүй” гэсэн дүгнэлт гаргасан.
3.8. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар ““С*******” ХХК нийслэлийн Нийтийн тээврийн газартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж “... Нийтийн Нийтийн тээврийн газар болон “С*******” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах" 17/Н******* дугаар гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгож” шийдвэрлэжээ.
4. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т зааснаар “... нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг байгуулж болох”-оор, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.11-т зааснаар “нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалт” нь нийслэлийн чиг үүрэгт хамаарахаар, 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар “нийтийн тээвэр, ачаа, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” бүрэн эрхийг мөн Засаг дарга хэрэгжүүлэхээр, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар...” гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заажээ.
5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/817 дугаар захирамжаар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дүрэм”-ийн 1.1-д зааснаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “Нийтийн Тээврийн үйлчилгээний газар /цаашид “Газар” гэх/ нь Нийслэлийн хэмжээнд Автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, автотээврийн талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн” байна.
6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон нийслэлийн Засаг даргын 2017 оны А/591 дүгээр захирамжаар “... гэрээ байгуулж ажиллахыг Нийтийн тээврийн газарт үүрэг болгосон”-оос үзвэл Нийтийн тээврийн газар болон “С*******” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах" 17/Н******* дугаартай гэрээ нь нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд байгуулагдсан, мөн Засаг даргаас А/591 дүгээр захирамжаар эрх олгогдсоны дагуу Нийтийн тээврийн газрын дарга гарын үсэг зурсан захиргааны гэрээ байх тул хариуцагч талын “ажил гүйцэтгэх гэрээ юм, ... анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм” зэрэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, харин уг гэрээг цуцлах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэрэгжих шаардлагатай байна.
7. Захиргааны гэрээг цуцлах үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж, 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж, “С*******” ХХК болон нийслэлийн Тээврийн газар нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний 8.3.1-т “Гүйцэтгэгч тал гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж гүйцэтгүүлэгч талаас үзсэн” гэж, 8.3.3-т “Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шалгагчийн үйл ажиллагааг 1 сар болон түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлэх, зогсоох шийдвэр гаргасан” гэж зохицуулжээ.
8. Маргааны тохиолдолд “С*******” ХХК нь гэрээний биелэлтийг “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээний дүнг нэгтгэсэн хүснэгт”-ээр тухай бүр хүргүүлж байсан, хариуцагч Нийтийн тээврийн газраас гэрээний биелэлтийг 80-аас дээш буюу “хангалттай” үнэлгээтэйгээр сар бүр дүгнэж, холбогдох санхүүжилтийг олгож байсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гэрээний дагуу торгууль оногдуулж байгаагүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, гэрээнд заасан “Гүйцэтгэгч тал гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж гүйцэтгүүлэгч талаас үзсэн” гэх гэрээ цуцлах үндэслэл тогтоогдсонгүй.
9. Харин ажлын хэсгээс “... гэрээний зорилго хангагдаагүй” гэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 07 дугаар хуралдаанаас “...үр ашиггүй ажиллаж байгаа, цаашид шалгагч ажиллуулах шаардлагагүй, ...” гэж дүгнэсэн(1хх-125 дахь талд), түүнчлэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар хуралдаанаас “нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”-ын шинэчилсэн төсөл болон тогтоолын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн” зэргээс үзвэл, Захиргааны ерөнхий хуульд заасан нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, арилгах үүднээс гэрээг дангаар цуцлах, 17/Н******* тоот гэрээний 8.3.3-т заасан “эрх бүхий байгууллагаас шалгагчийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан” гэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.
10. Учир нь захиргааны байгууллага нь өөрийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагаар хувийн эрх зүйн этгээдтэй захиргааны гэрээ байгуулах тул тухайн гэрээг үргэлжлүүлэх эсэх, эсхүл цуцлах эсэх захиргааны чиг үүрэг нь нийтийн ашиг сонирхлоор хязгаарлагдах ба маргааны тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч ажиллуулах чиг үүргийг хувийн эрх зүйн этгээдээр гүйцэтгүүлэх нь ашиггүй буюу гэрээний 1.2-т “журмын хэрэгжилтийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх” гэх зорилго хангагдаагүй болох нь “... шугамын орлого тогтмол буурсан” байдлаар тогтоогдож байх тул хариуцагчаас уг гэрээг дангаар цуцалж шийдвэрлэсний хууль бус гэж үзэх боломжгүй юм.
11. Өөрөөр хэлбэл, хариуцагч нийслэлийн Засаг даргын нийтийн тээврийн үйлчилгээ, зохицуулах, зохион байгуулах талаарх хуулиар хүлээсэн үүрэг, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон нийтийн тээврийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ нийтийн эрх, ашгийн үүднээс аль болох үр ашигтай байх шаардлагатай тул нийтэд үр ашиггүй гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна.
12. Нэхэмжлэгч талаас “орлогыг төвлөрүүлэх үүрэг нь “Улаанбаатар смарт” ХХК-д ногдож байгаа гэх боловч дээрх 3.6-д дурьдсанчлан уг үүрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзэх боломжгүй.
13. Нөгөө талаас, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 07 дугаар хуралдаанаас “шалгагчийн чиг үүргийг Нийтийн тээврийн газар өөрсдөө зохион байгуулах чиглэлээр гэрээт ажилтан хэлбэрээр авах”-аар санал гарсан, үүний дагуу өмнө ажиллаж байсан шалгагч нар нь Нийтийн тээврийн газрын Орлого бүрдүүлэлтийн тасагт харьяалагдан ажиллаж байгааг болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/14 дүгээр тогтоолд заасан хөндлөнгийн шалгагчийн чиг үүргийг хэнд хэрхэн хариуцуулах талаар өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан зэргээс үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нийтийн тээврийн үйлчилгээ зохицуулах, зохион байгуулах, санхүүжүүлэх талаарх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхгүйгээр шийдвэрлэсэн буюу шалгагчийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан гэж үзэхээр байна.
14. Нэхэмжлэгч талаас “нийслэлийн Засаг даргын зөвлөл нь гэрээг цуцлахыг үүрэг болгох эрх хэмжээгүй” хэмээн тайлбарлан маргах боловч дээрх 4 дэх хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалтууд болон Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/277 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны журам”-ын 3 дугаар зүйлд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсааж, 7.2-т зааснаар “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэрийг зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргах”-аар, 7.3-т “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гарган батлах, шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн хэлбэрээр шийдвэрлэх” гэж журамласан зохицуулалтуудын хүрээнд гэрээг цуцлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.
15. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга нь 2017 оны А/591 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудлаар захиргааны гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байсан бол Засаг даргын зөвлөлийн 2022 оны 07 дугаар хуралдааны шийдвэрээр уг гэрээг цуцлах үүргийг шилжүүлсэн байх тул гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
16. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж тус тус заасан.
17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл үндэслэлгүй байгаа болон хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгчийн “...228,031,321.03 төгрөгийн хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
18. Хэдийгээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ” байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байсан шалгагч/кондуктор/ нарыг “С*******” ХХК-д шилжүүлэн ажиллуулсан нөхцөл тогтоогдож байх боловч хариуцагч Нийтийн тээврийн газраас гэрээ цуцалсны дараа шалгагч нарыг өөрийн байгууллагад гэрээгээр ажиллуулж байгаа нөхцөл байдал мөн тогтоогдож байх тул хариуцагч нараас гэрээ цуцалсан тохиолдолд ажиллагсдын асуудлыг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь гэрээ цуцалсныг хууль бус гэж үндэслэл болохооргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.11, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан ““С*******” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 17/Н******* дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, гэрээг цуцалсны улмаас “С*******” ХХК-д учирсан хохиролд нийт 228,031,321.03 төгрөгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргуулах, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанаас гарсан нэхэмжлэгч компани болон нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээг цуцлах тухай шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ