Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар  2021/ДШМ/766

 

 

 

 

 

          

   2021             8             24                                         2021/ДШМ/766                             

 

 

Ц.Б-От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат,

хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батням, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

шүүгдэгч Ц.Б-О, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат, хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Б-От холбогдох эрүүгийн 1809 04136 0020 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овогт Цны Б-О, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай байсан гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ............... дүүргийн ...... дугаар хороо, ...................... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:........................./;

Шүүгдэгч Ц.Б-О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д ББСБ” ХХК-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай “Тоёото ланд крузейр 200” загварын автомашиныг 57.000.000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Цны Б-Оыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Цны Б-Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Б-Ооос 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөгийг гаргуулж Д ББСБ” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 загварын автомашиныг худалдан борлуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат нар давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шийдвэрлэсэн хэсгийг хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч бид эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргав.

1. Хохирогч “Д ББСБ” ХХК болон шүүгдэгч Ц. Б-О нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн болон 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр юм. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч нар маргадаггүй, шүүхээс мөн уг гэрээг хүчин төгөлдөр бус гэх хуулийн үндэслэлийг зааж, дурдаагүй. Эдгээр гэрээгээр шүүгдэгч нь хохирогч байгууллагад хэргийг прокурорын газраас шүүхэд шилжүүлэх өдрийн байдлаар нийтдээ 140.674.100 төгрөгийг, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэх өдрийн байдлаар 150.113.300 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Хохирогч нь шүүгдэгчтэй байгуулсан дээрх хүчин төгөлдөр гэрээний дагуу дээрх мөнгөн төлбөрийн үүргийг шүүгдэгчээс шаардах эрхтэй, шүүгдэгч төлөх үүрэгтэй. Шүүгдэгч болон хохирогч байгууллагын хооронд байгуулсан эхний гэрээнд /2017.6.30/ эд мөрийн баримтаар хураагдсан 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70 сая төгрөгөөр, сүүлийн гэрээгээр /2018.3.30/ 65 сая төгрөгөөр үнэлсэн. Үүнээс үзвэл шүүгдэгч нь хохирогч байгууллагад 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулж чадахааргүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог.

2. Шүүгдэгч нь хохирогч байгууллагын өмнө дээр дурдсан үнийн дүн бүхий мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн учир 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх хохирогч байгууллагад үүсэх буюу энэ ч утгаараа 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчийг хохирогч “Д ББСБ” ХХК гэж үзнэ. Харин шүүгдэгч нь хууль ёсны өмчлөгчийн буюу хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуурамч баримт, бичиг үйлдэн өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч, хохирогч байгууллагад дээрх тээврийн хэрэгслээр буюу /тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр 80 сая төгрөгөөр үнэлсэн/ 80 сая төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

3. Анхан шатны шүүхээс “шүүгдэгч нь хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн авто машин гэж хуурч, дараагийн байгууллагын хохироосон” гэх дүгнэлтийг хийсэн атлаа дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээж хохирогч “Д ББСБ” ХХК-д нэр дээр буцаан шилжүүлээгүй нь үндэслэл бүхий биш байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” ойлгохоор заасан, мөн Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд... эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж тус бүр заасныг баримтлан 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч болох хохирогч “Д ББСБ” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлж шийдвэрлээгүйгээрээ анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлийнх, өмчлөх эрхийг сэргээж, тээврийн хэрэгслийг тус байгууллагын нэр дээр шилжүүлж өгөх талаар мэдүүлдэг. Мөн шүүгдэгч болон хохирогч нар нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эвлэрлийн гэрээг” байгуулж, 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогч “Д ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар заасан байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх,...ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нь хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар шилжүүлэн авснаар үүний үр дагаварт хохирогч байгууллага өмчлөх эрхээрээ хохирсон байна. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй, хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус байгууллагын өмчлөлд буцаан шилжүүлж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл гэж үзэж байна.

Иймээс, анхан шатны шүүхийн хохирол, хор уршгийн талаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус байгууллагын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдолдоо: “...Тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Учир нь 73-77 УНБ улсын дугаартай автомашин нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон “Т” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл “Т” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн автомашиныг гэмт хэрэг үйлдсэн Ц.Б-Оын өмчлөлд байсан эд хөрөнгө мэтээр дүгнэсэн нь хэрэгт авагдаагүй, байхгүй баримтаар шийдвэрлэсэн.

Мөн “Д ББСБ” ХХК нь тус автомашины өмчлөгч биш болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Б-О, “Д ББСБ” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр фидуцийн гэрээ /хх 7/ байгуулахдаа Н.Бүжидмаагийн хамт байгуулсан бөгөөд тус гэрээний 3.4.3, 5.1, 5.2-т тус тус заасны дагуу тухайн автомашины өмчлөл 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Б-Оын нэр дээр шилжих ёстой байтал “Д ББСБ” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж түүнд автомашиныг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл “Д ББСБ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн фидуцийн гэрээ дуусгавар болсон байтал хүчингүй болсон гэрээний дагуу автомашиныг нэхэмжилж болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний дагуу өмчлөл нь шилжсэн мэтээр хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй баримтаар хэргийг шийдвэрлэсэн байна.

“Д ББСБ” ХХК нь 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Б-От шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйн төлөө өнөөдөр “Т” ХХК хохирч болохгүй юм. Нэгэнт “Д ББСБ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасан зохицуулалтын дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд аваагүй учир Ц.Б-О нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинээр байгуулсан 57 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 73-77 УНБ улсын дугаартай автомашинаар хангуулах боломжгүй юм. Харин “Т” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу байгуулсан гэрээ бөгөөд гэрээ байгуулагдах үед “Т” ХХК нь Ц.Б-Оыг автомашиныг хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглаж шилжүүлэн авсан болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, зээл олгож, түүний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн автомашины өмчлөгч нь хэвээр байх ёстой тул анхан шатны шүүх Ц.Б-Отой байгуулсан хэлцлийг хүчингүй болгох эрхгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээрх зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч би гэм буруугийн шүүх хуралдаанд дээрх дүгнэлтийг гаргахад улсын яллагч болон шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч огт тайлбар, няцаалт гаргаагүй юм. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ДШМ/615 дугаартай магадлалын 18 дахь талд тухайн автомашины өмчлөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв хэрэглэж зохих өмчлөгчид шилжүүлэхийг даалгасан бөгөөд давж заалдах шатны шүүх “Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Энэхүү магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байсаар байгаа. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчиж автомашин өмчлөгч бус этгээдэд шилжүүлсэн нь хууль бус байна.

Харин мөрдөн байцаалтын шатанд уг тээврийн хэрэгслийг үнэлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Б-Оын бусад хөрөнгө орлогоос албадан гаргуулж, хохирогч “Д ББСБ” ХХК-д учирсан хохирлыг мөнгөн дүнгээр төлүүлэх ёстой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг буруутай этгээдийн хөрөнгө, орлогоор албадан гаргуулж төлөх нь зөв юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 2021/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх тул хохирогч, өмчлөгч “Т” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг үлдээхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч Ц.Б-Оын холбогдсон гэмт хэргийн хувьд шүүхээс оногдуулсан хорих ял хэрэгтний хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байна. Үүнд:

Анхны буюу “Д ББСБ” ХХК-иас анх 50.000.000 төгрөгийн зээл авахдаа өөрийн өмчлөлийн машинаа барьцаалсан байна. Зээлийн гэрээнд зааснаар 3 сарын хүүгээ төлж гэрээг хоёр удаа 2 болон 3 сараар сунгаж зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна. Улмаар зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй байсан учраас ББСБ-ын санаачлагаар зээлийн хүүг нэмж 4.5 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Ингээд зээлээ төлөөгүй учир 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлдөг хүнээр зээлийг хаалгуулсан байна. Ийм учраас Ц.Б-О дээрх ББСБ-д төлөх төлбөргүй болсон байна. Харин Ц.Б-О зээлийг чөлөөлж өгсөн хүнд төлөх төлбөртэй болсон баймаар юм. Гэтэл уг ББСБ дахин зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг түүнд олгосон байна. Хэрэв зээлийг төлж дуусгасан бол машиныг барьцаанаас чөлөөлөх ёстой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл ББСБ-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энд зээлийг хэрхэн яаж төлж барагдуулсан болохыг шалгаж тодруулах шаардлагатай байна. Энэ зээлтэй холбоотой асуудалд Ц.Б-Оын 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий машин хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн байгаа бөгөөд хохирлыг төлж барагдуулаад /шүүхийн шийтгэх тогтоолоор төлөх 52.000.000 төгрөгийг төлөөд/ цаана нь 28.000.000 төгрөг үлдэж байгааг анхан шатны шүүх огт анзаарч үзсэнгүйд гомдолтой байна. Шүүгдэгч Ц.Б-О өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авахаас өмнө залилан мэхлэх санаа төрсөн байх учиртай тэгвэл шүүгдэгч Ц.Б-От ийм санаа бодол огт байгаагүй бөгөөд зээлийн хүүгээ зохих ёсоор төлж зээлийг төлөх хугацаагаа хоёр удаа сунгаж байсан нь залилан мэхлэх санаа зорилгогүй байсныг давхар нотолж байна.

2. “Т” ХХК-иас бичиг баримт хуурамчаар үйлдэн өөрийн машиныг барьцаанаас чөлөөлсөн гэж төөрөгдөлд оруулан залилан мэхэлж 41.439.030 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б-О энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 41.439.030 төгрөгийг төлж барагдуулжээ. Энэ хэргийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоор тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. “Т” ХХК нь шүүгдэгчийн машиныг авна гэж удаа дараагийн шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь шүүгдэгч мөнгө зээлж авахдаа машинаа хуурамч бичиг баримт ашиглан барьцаанд тавиад мөнгө авсан бөгөөд авсан мөнгөө одоогоос 2 жил 5 сарын өмнө төлж барагдуулж хохиролгүй болгосон байна. Гэтэл яагаад Ц.Б-Оын эзэмшлийн машиныг авна гээд байгаа нь ойлгомжгүй хууль бус байна.

Ер нь энэ барьцаанд тавьсан машины жинхэнэ шударга өмчлөгч нь Ц.Б-О болохыг хохирогч нар ойлгохгүй байгаа нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй юм. Шүүгдэгч Ц.Б-О машинаа барьцаалж зээл авахдаа машинаа түр шилжүүлж барьцаанд тавьсан бөгөөд энэ газруудад бүр мөсөн шилжүүлж өгөөгүй байгаа шүү дээ.

3. Шүүгдэгч Ц.Б-От холбогдох гэмт хэргийн хувьд шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг анхаарч үзээгүй нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Ц.Б-Оын холбогдсон гэмт хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дор дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Үүнд: Шүүгдэгч Ц.Б-О нь анх удаа удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэгт “Д ББСБ” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагаа зохих ёсоор нөлөөлсөн зэрэг болно.

Гэтэл шүүх энэ бүх хөнгөрүүлэх нөхцөл байхад огт анхаарч үзээгүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний хувийн байдал эрүүл мэндийн болон ар гэрийн байдал, 6 сар цагдан хоригдсон зэргийг анхаарч үзээгүй юм.

4. Мөрдөн байцаах болон прокурорын шатанд хэтэрхий хойрго хандаж 2018 оны 11 дүгээр сард гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хуульд заасан 2 сарын хугацаанд шалгасан бол мөн шүүх анхнаасаа хэргийн харьяаллаа зөрчиж хэргийг хоёр удаа /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх/ шийдвэрлээгүй бол шүүгдэгч маань хоёр жилийн хугацаагаар хорих ялыг бүрэн эдлээд дууссан байх хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүгдэгч Ц.Б-О “Ковид-19” өвчнөөр өвчилсөн удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эрүүл мэндээрээ хохироод байгаа юм.

5. Шүүх Ц.Б-Оын холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн заалт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг онцгойлон харгалзан үзэж шүүгдэгч Ц.Б-Оын холбогдсон гэмт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Билэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайхаас зээлийн гэрээний дагуу 57.000.000 төгрөг зээлж, фидуцийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний барьцаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээгээр тогтоогдсон 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёото ланд крузейр-200” маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдсэн. Өмчлөх эрх нь туйлын эрх тул тухайн үед манай өмчлөлд байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед зээлийн гэрээний дагуу тооцоо үлдсэн байсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс танай дээр өмчлөх эрх шилжсэн байсан тул машиныг 80.000.000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нэмж 15.000.000 төгрөг өгнө гэж хохирол барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс эрүүгийн хэрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ манайд учирсан хохирлыг 57.000.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг хамгаалах буюу буцаан сэргээх ёстой. Иймд манай машины өмчлөх эрхийн гэрчилгээ сэргэх ёстой. Хэрэв ингэж өмчлөх эрх сэргэх юм бол шүүгдэгчийн зүгээс хохирлыг барагдуулах хүсэл сонирхол биелэгдэнэ. Манай зүгээс өмчлөх эрх сэргэснийг 80.000.000 төгрөгөөр тооцож байгаа. Иймд бодит хохирлыг 80.000.000 төгрөг гэхээс илүүтэй үнэлгээний явцад машин 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Өмчлөх эрх нь манай дээр байгаа тул өмчлөх эрхийг сэргээж хохирол барагдуулах асуудлыг шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг буруу шийдсэн гэж үзэж байна. Ц.Б-О болон “Д ББСБ” ХХК нар 2 удаа зээлийн гэрээ байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан. Сүүлийн гэрээ нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Гэрээг дуусгавар болох үед Ц.Б-О нь 140.674.100 төгрөгийг хохирогч байгууллагад төлөх үүрэгтэй байсан. Гэрээний дагуу эд мөрийн баримтаар хуурагдсан тээврийн хэрэгсэл нь хохирогч “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Гэтэл Ц.Б-О хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр хууль бусаар авсан. Үүнийг анхан шатны шүүхээс зөв тогтоосон. Хохирогч байгууллагын өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн. Иймд өмчлөх эрхийг сэргээж “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх ёстой байсан. Гэмт хэргийн шууд учирсан хохирлыг 57.000.000 төгрөг биш харин 80.000.000 төгрөг гэж үзэж байна. Хохирогч байгууллагын эд хөрөнгө 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. 80.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учир 80.000.000 төгрөгийн эд хөрөнгийг Ц.Б-О хууль бусаар шилжүүлэн авч дараагийн хохирогчийн барьцаанд тавьсан. Иймд 80.000.000 төгрөгийн хохирол “Д ББСБ” ХХК-д учирсан тул өмчлөх эрхийг сэргээх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хохирогч байгууллагын нэр дээр сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

Хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батням “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтыг анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэж байна. 73-77 УНБ улсын дугаартай “Тоёото ланд крузейр-200” маркийн автомашин Авто Тээврийн Үндэсний Төвийн албан бичиг /хх-26/, “Т” ХХК-ийн албан бичиг /хх-19/, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээнд заасны дагуу “Т” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 73-77 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Б-Оын өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр хэрэгт байхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Мөн “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр шийдвэр гаргасан байсан. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр фидуцийн гэрээ байгуулсан /хх-7/. Энэ гэрээ нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Ц.Б-О нь тухайн компаниас авсан 50.000.000 төгрөгийг төлж дуусгавар болсон. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ дуусгавар болсон. Гэрээний 3.4 дүгээр зүйлийн 3, 5.1, 4.2 дугаар зүйлд гэрээ дуусгавар болбол Ц.Б-Оын тээврийн хэрэгслийг “Д ББСБ” ХХК буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй.  Гэтэл “Д ББСБ” ХХК дуусгавар болсон гэрээ буюу 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр энэ машин манай өмчлөлийн машин юмаа гэх байдлаар тайлбарлаж байна. Үүнийг нь анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл энэ гэрээ нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө төлж дуусгавар болсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон гэрээгээр “Д ББСБ” ХХК-ийг өмчлөгч гэж үзэх болохгүй. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Ц.Б-Ооос “Д ББСБ” ХХК-руу тээврийн хэрэгсэл шилжээгүй байсан. Хэрэгт авагдсан баримтаар “Д ББСБ” ХХК руу тээврийн хэрэгсэл шилжсэн гэх баримт байхгүй. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Тухайн автомашин хууль ёсны гэрээ хийсэн хүнд шилжих ёстой гэж үзэж байна. Ц.Б-Ооос “Т” ХХК руу шилжин ирэхдээ хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу гэмт хэргийн замаар олсон гэдгээ мэдэх боломжгүй байх үедээ шилжүүлж өмчлөлдөө авсан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний хугацаа дууссан. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хуулийн байгууллагаас авсан. Гэрээ хүчин төгөлдөр болж өмчлөлд нь шилжиж дууссаны дараа хуулийн байгууллагаас хязгаарлалт авсан. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 615 дугаартай магадлалын 18 дахь талд зохих өмчлөлд нь тухайн автомашины өмчлөлийг шилжүүлэхийг шийдвэрлэсэн. Энэхүү магадлалыг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүх үүнийг орхигдуулж шийдвэр гаргасан. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар “Т” ХХК тухайн автомашиныг хуулийн дагуу олж авсан эсэх, гэмт хэргийн замаар олж авсан эсэхийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Хуулийг уншиж үзэхэд гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр хураан авдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ машин хэний өмчлөлд байсан бэ гэхээр хохирогч “Т” ХХК-ийн өмчлөлд байсан гэдэг нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан мэтээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

Хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Хавтаст хэргийн 235 дугаар талд “Д ББСБ” ХХК-ийн Гэрэлийн өгсөн мэдүүлэгт “2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болсон” гэж хэлдэг. Гэрээнд зааснаар бол төлбөрөө төлж дуусгасан бол нэрийг шилжүүлэх байсан. Шүүх дээр маргаж байгаа тул хуульд юу гэж заасан, хуульд заасныг биелүүлсэн эсэх талаар маргах ёстой. Өмгөөлөгч Төгсгэрэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг хэрэглэсэн нь зөв гэж байгаа нь ойлгомжгүй байна. Манайд фидуцийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Мөнгөө төлөөгүй орхисон тул машин манай нэр дээр байгаа. Ц.Б-Оын машин биш “Д ББСБ” ХХК-ийн машин ч биш. Хуулийн дагуу гэрээ хийж аваад зээл төлөхгүй болохоор нь манай өмчлөлд шилсэн. Үүний дараа гэмт хэргийн замаар орж ирсэн машин гэдэг нь мэдэгдсэн. Иймд “Т” ХХК-ийн хувьд буруутай зүйл байхгүй. Хохирол төлбөрийн асуудлыг шийдэх ёстой юм бол машиныг манайд шилжүүлж мөнгийг буцаан өгөх шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Б-О “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б-О нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Д ББСБ” ХХК-иас 50.000.000 төгрөг зээлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүүгийн хамт 57.000.000 төгрөг болсон. “Т” ХХК-иас төлсөн гэж байгаа нь “Д ББСБ” ХХК таны зээлийг чинь хүнээр чөлөөлүүлж байна гэж хэлээд 57.000.000 төгрөгөөр шинээр гэрээ хийсэн. Ц.Б-О нь өөрийн өмчлөлийн машиныг “Д ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьсан нь үнэн. Энэ гэрээ нь одоо болтол үргэлжилж байгаа гэж үзэж байна. “Д ББСБ” ХХК-ийн барьцаанд байсан автомашины баримт бичгийг хуурамчаар үйлдэж “Т” ХХК-д тавьж 41.439.030 төгрөгийг авсан. Энэ мөнгийг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төлсөн. Иймд “Т” ХХК-д ямар нэг өр төлбөр байхгүй. Бодит хохирлыг тооцсон гэж үзэж байна. Энэ хоёр компани машиныг авна гэж маргаж байгаа. Машин Ц.Б-Оын өмч хэвээр байгаа. Тухайн үед фидуцийн гэрээгээр барьцаанд тавьсан байсан. Аль ч компанийн нэр дээр шилжээгүй барьцаанд байсан. Одоо Ц.Б-Оын төлөх төлбөр нь “Д ББСБ” ХХК-д төлөх 57.000.000 төгрөг үлдсэн. Үүнээс 5.000.000 төгрөгийг төлсөн. Уг машин “Д ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа. Үүнийг төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлтэй. “Т” ХХК машиныг авна гэж нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Д ББСБ” ХХК нь хохиролд машин дээрээс нь нэмж мөнгө авна гэж эвлэрлийн гэрээ хийсэн. Мөн хурал болохоос өмнө уулзахад машинаа авна нэмж 50-60 сая төгрөг өг гэж нэхэж Солонгос компани хүмүүсийг шоронд оруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг барагдуулсан, “Д ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Ц.Б-О энэ хэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлж 215 хоног цагдан хоригдсон. Энэ хүнийг 40.000.000 төгрөгийн төлөө хорьж байснаас торгож улсад орлого оруулах нь зөв байх. 80.000.000 төгрөгөөр үнэлсэн машиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж “Д ББСБ” ХХК-д учирсан бодит хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн хууль хэрэглээнд алдаа гарсан гэж үзэж байна. “Д ББСБ” ХХК нь залилах гэмт хэргийн хохирогч биш. Залилах гэмт хэргийг иргэний харилцаанаас ялган зүйлчлэх улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар байдаг. Үүнээс үзэхэд залилах гэмт хэрэг нь нэгдүгээрт  хохирогчийг төөрөгдүүлдэг, хоёрдугаарт хохирогч төөрөгдсөний үндсэн дээр хохирогч өөрийн эд хөрөнгийг сайн дураар шилжүүлж өгдөг, ил аргаар үйлдэгддэг. Гэтэл энэ 3 шинж “Д ББСБ” ХХК-д огт байхгүй. 2017 оны 6 дугаар сард анх гэрээ байгуулсан гэдэг. Энэ үед хууль зөрчсөн хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт байхгүй. Энэ бол цэвэр иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Иргэн банк бус санхүүгийн байгууллагаас Иргэний хуульд заасны дагуу зээл авсан. Тухайн зээлийг 9 болон 11 дүгээр сард сунгасан. Сүүлд нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүүгээ тооцож 57.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдөр хүртэл гэмт хэргийн үйлдэл сэдэл байхгүй. Харин Ц.Б-Оын буруутай үйлдэл нь тухайн автомашиныг ашиглаж дахин зээл авах хүсэл зориг байсан. “Д ББСБ” ХХК-д мэдэгдээгүй тухайн байгууллагын албан бичгийг хуурамчаар үйлдэж барьцааны зүйлийг шилжүүлж авсан. Үүний зорилго нь “Т” ХХК-иас зээл авах зорилготой байсан. “Т” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 31.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл эрхийн зөрчилтэй байхад миний автомашин юм гэж зээл авсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Цаг хугацааны хувьд гэмт хэрэг эхэлсэн үргэлжилсэн төгссөн цаг хугацаа гэж байдаг. Эхэлсэн цаг хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу мөнгө шилжүүлэн авахаас хойш үйлдэгдсэн. “Д ББСБ” ХХК нь 2018 оны 10 дугаар сард манай компани барьцаанд байсан машин шилжсэн гэдгийг сүүлд мэдсэн. Хохирогчид мэдэгдэлгүйгээр хохирогчийг нууцаар далд залилна гэх гэмт хэргийн шинж байхгүй. Үүнийг зөв зүйлчилснээр машины өмчлөгчийн асуудал зөв шийдэгдэнэ. “Д ББСБ” ХХК-тай иргэний эрх зүйл харилцаа үүссэн. Үүний үр дүнд үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах эрхтэй. “Т” ХХК нь гэмт хэргийн хохирогч тул тухайн автомашин шилжихгүй. “Д ББСБ” ХХК-ийн хохирлыг 57.000.000 төгрөгөөр үнэлэх боломжгүй. Яагаад гэхээр “Д ББСБ” ХХК нь хохирогч биш. 57.000.000 төгрөгөөр үнэлж байгаа нь эд хөрөнгийн эрхийг зөрчинө. Иймд “Д ББСБ” ХХК нь иргэний шүүхээр нэхэмжлэлээ гаргаж хүү алдангаа тооцуулах бүрэн эрхтэй. Хэргийг бүхэлд нь хянахдаа эдгээр асуудлыг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д ББСБ” ХХК-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай “Тоёото ланд крузейр-200” маркийн автомашиныг 57.000.000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан Автотээврийн үндэсний төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Энэ үйлдлийг нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. “Д ББСБ” ХХК-тай дахин зээлийн гэрээ байгуулж байгаа нь урьдын харилцааны улмаас олж авсан итгэлийг ашиглаж байна гэж үзэж зүйлчилсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн байсан. Мөрдөн байцаалтын шатанд “Т” ХХК-д 41.439.030 төгрөгийн хохирлыг дансанд тушаасан. Тухайн байгууллагын дансанд тушаасныг хохирол төлөгдсөн гэж үзэж байна. “Д ББСБ” ХХК-д 57.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 52.000.000 төгрөгийг шүүгдэгчийг гаргуулахаар тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байсан. Гэтэл хохирол төлбөрийг барагдуулаагүй зөвхөн гэрээ байгуулаад яваад байсан. Бодит хохирлыг барагдуулаагүй тул хийсэн үйлдэлд нь тохирсон ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат, хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б-О нь:

1. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д ББСБ” ХХК-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай “Тоёото ланд крузейр 200” загварын автомашиныг 57.000.000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч “Д ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэгийн “ ...73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” загварын автомашиныг анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Б-О, Н.Бүжидмаа нар нь манай ББСБ-д барьцаалан 50 сая төгрөгийн зээл авсан. ...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авахаар гэрийнх нь гадаа очоод ачигч машин дуудаад машиныг нь ачуулах гэж байхад хэн нь юм бүү мэд нэг нь тэр машиныг унаад зугтчихсан байсан. Тэгээд унаад зугтаад явчихаар нь Автотээврийн үндэсний төвийн лавлах 1900-1234 дугаарт залгаж тус машиныг эзэмшигчийн мэдээллийг шалгуулахад тэр машин нь манай байгууллагын нэр дээр биш “Т” ХХК буюу “Сайн” авто ломбардны нэр дээр шилжсэн байсан юм. ...Одоо ойролцоогоор 72 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...57.000.000 төгрөгийг Б-Оын дансанд шилжүүлэн өгсөн. ...Хохирол хор уршгийг “Тоёота ланд круйзер 200” загварын автомашинаар барагдуулах хүсэлтэй байна...” /хх 39-44/,

гэрч Г С Х /K S H/-ы “... 2018 оны 4 сард манай компанийн нэр дээр байсан 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” загварын автомашиныг Сайн ломбард руу шилжүүлсэн байсан. Бид түүнийг нь 2018 оны 8 сард мэдсэн юм. Ц.Б-О нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг “Сайн” ломбард руу шилжүүлж тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 30.000.000 төгрөгийн зээл авсан байсан. ...Гэтэл яг энэ өдрөө Ц.Б-О нь “Сайн” авто ломбард дээр очоод зээлийг 50.000.000 төгрөг болгож өсгөж авсан байсан юм...” /хх 65/,

гэрч М.Пийн “...Миний бие Автотээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би энэ 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” загварын автомашиныг “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлөөс иргэн Ц.Б-От шилжүүлэх бүртгэлийг хийсэн. ...Би энэ машиныг иргэн Ц.Б-Оын нэр дээр шилжүүлэхдээ “Д ББСБ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай албан бичгийг үндэслэж шилжүүлж өгсөн. ...Энэ албан бичгийг хуурамч гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Харин одоо энд ирээд мэдэж байна. Тэр машины архивын материалыг шүүж үзэхэд Ц.Б-О нь өөрийн нэр дээр тэр машиныг шилжүүлж аваад, богино хугацааны дотор дахин өөр ББСБ буюу “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна...” /хх 73-74/,

гэрч Х.Гийн “...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бүжидмаа, Ц.Б-О нар 091828 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл манай ББСБ-аас авсан. Зээлийн хүү 3.5% байсан. Тэгээд зээлийн гэрээ 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусаад зээлийн хүү 4.5 хувь болдог журамтай. Тэгээд анх зээл авсан өдрөөс зээл, зээлийн хүү төлөөгүй болохоор 56.650.000 төгрөг болсон. Тэгээд өндөр хүүтэй зээлийн гэрээний дагуу мөнгөө төлж барагдуулж чадахгүй байсан болохоор зээлийг дуусгавар болгох шаардлага тавьсан. Тэгээд Бүжидмаа, Ц.Б-О нар мөнгөгүй байсан болоод зээл чөлөөлдөг хувь хүмүүс өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг хааж өгдөг. Энэ хүмүүст мөнгө байхгүй байсан болохоор манай байгууллагын захирал өөрийн таньдаг хүнээр 0.5 хувийн хүү 56.650.000 төгрөгийг хааж өгсөн. Тэгээд 091828 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон. Тэгээд зээл чөлөөлсөн хүний төлбөр гаргаж өгөхийн тулд Ц.Б-О манайхаас 092077 дугаартай зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээл авсан...” /хх 235/,

шүүгдэгч Ц.Б-Оын “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Д ББСБ” ХХК-тай шинэчилсэн гэрээ хийж нийт 57.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дээрх 57.000.000 төгрөгөөс төлөлт хийсэн зүйл байхгүй. Машин анхнаасаа “Д ББСБ” ХХК-ийн нэр дээр байх ёстой байсан боловч одоо машин “Т” ХХК-ийн нэр дээр байгаа. Учир нь би 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Д ББСБ” ХХК-ийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахад татгалзах зүйлгүй өр төлбөр дууссан гэсэн албан тоотыг БНХАУ-д үл таних хүнээр хийлгэсэн. Би тэр хүнийг танихгүй. Өмнө нь би БНХАУ-аас гар утас оруулж ирж зардаг байсан.  Ингээд ажлаар явж байхдаа бичиг баримт хуурамчаар хийдэг хүн байдаг талаар сонсож байсан. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад би өөрийн машиныг тавьсан байсан “Д ББСБ” ХХК-ийн бичгийг хуурамчаар хийлгэсэн. Тухайн үед би “Ви чат” ашигладаг байсан ба “Ви чат”-аар надад “Д ББСБ” ХХК-ийн бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү “Д ББСБ” ХХК-ийн тамга, тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3-4 хоногийн дараа “Д ББСБ” ХХК-ийн албан бичиг нь Замын-Үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан. Тэгээд би тэр бичгийг аваад хуучин 22-ын товчоон дээр байдаг автотээврийн төв дээр очоод машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад “Т” ХХК дээр очиж эхлээд 31.000.000 төгрөгийн барьцаанд тавиад, дараа нь машинаа “Т” ХХК-ийн зогсоолд байршуулахаар тохироод 9.000.000 төгрөг нэмж аваад 50.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа өмнө авсан хоёр зээлийн хүү алдангийг тооцоод байгуулсан гэрээ. Гэхдээ би уг гэрээний бодит хохирол болох 41.439.3030 төгрөгийг “Т” ХХК-ийн дансанд байршуулсан байгаа...” /2 хх 115-118/ гэх мэдүүлгүүд,

“Д ББСБ” ХХК-иас Ц.Б-От 57.000.000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх 46-47/,

“Д ББСБ” ХХК болон Ц.Б-О нарын байгуулсан гэрээний хуулбарууд /хх 200-210/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн “...Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй ШхСХШ 0868-0946, 2018.04 сар гэсэн хавтаст материалын 012 дугаар хуудсанд авагдсан Damao capital 2018.04.24 гэсэн огноотой №004/.. “Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст” гэсэн баримтын доод хэсэгт “ЗАХИРАЛ” гэсний ард, /SUNG-HYUN, KWAK/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Гуаг Сон Хёоны гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Харин дээрх баримтын доод хэсэгт байх улаан өнгийн тэмдэгийн дардас гэх зүйлийн гадна хүрээг тэмдэгийн бараар дарж, дотор бичгүүдийг хэвлэсэн хуурамч тэмдэгийн дардас байна. Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг “Үзлэг ба шинжилгээ “Хүснэгт №1, 2”, Гэрэл зургийн үзүүлэлт” хэсгүүдээс дэлгэрэнгүй үзнэ үү.” /хх 83-94/ гэх дүгнэлт,

2. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн “...Манай “Т” ХХК-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 10-1А тоотод хаягтай “Сайн” авто ломбардын 8 дугаар салбар дээрээс Ц.Б-О нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай, 01946206 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, РЭТХГ09Р7Б5О67173 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, мөн ондоо Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн “Тоёота ланд круйзер 200” загварын автомашиныг манай байгууллагад барьцаалан, зээлийн гэрээ байгуулан 31.000.000 төгрөгийг зээлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр унах нөхцөлтэй зээлийн гэрээгээ шинэчлээд машинаа манай зогсоолд байршуулан, зээлийн гэрээг 50.000.000 төгрөгийн дүнтэй болгож, зөрүү 10 орчим сая төгрөгийг бэлнээр нь аваад явсан. ...Хураан авч явах үед Ц.Б-О нь тус машиныг өөр ББСБ-ын нэр дээр барьцаанд тавьчихаад хуурамч бичиг баримт ашиглан манай байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэн зээл авч залилсныг мэдсэн. Манай байгууллагад 57.302.000 төгрөгийн хохирол учирсан байна. Задаргааны хувьд үндсэн авсан мөнгө нь 50.000.000 төгрөг, 7.302.000 төгрөг нь өнөөдрийн байдлаар хүү, алданги, бусад зардлын төлбөр байгаа. ...Манай байгууллагын дансанд Ц.Б-О нь өөрөө 41.439.030 төгрөгийг биднээс асуухгүйгээр хийсэн байна лээ. Энэ манай дансанд орж ирсэн байгаа юм...” /хх 56-62/,

гэрч Д.Дын “...2018 оны 9 дүгээр сарын үед байх манай зээлийн эдийн засагч Сайнбилэгээс иргэн Ц.Б-О нь автомашинаа барьцаалан унаж явах нөхцөлөөр зээл авсан ба зээлийн эргэн төлөлт огт хийхгүй байсан тул Ц.Б-Оыг дуудан уулзахад тэрээр бидэнд хандан миний хувьд зээлийн төлөгдөөгүй дүн дээр эргэн төлөлт хийгээгүйн улмаас үүссэн хүү алдангийн дүнг нэмээд тус дүнд нь барьцаат зээлийн гэрээ байгуулан машинаа танайд байршуулъя гэдэг санал тавьсан. Энэ саналыг нь хүлээн авч төлөгдөөгүй дүн дээр хүү алданги нэмэхэд 39.560.970 төгрөг болсон бөгөөд Ц.Б-О нь өөрөө нэмж мөнгө аваад дүнгээ тэгшлээд 50.000.000 төгрөгийн зээл болгоё гэхээр нь мөн зөвшөөрч 10.439.030 төгрөгийг нэмж бэлнээр өгөөд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаад машиныг зогсоолд байршуулсан юм...” /хх 75/,

гэрч Ш.Сийн “...Миний бие “Сайн” авто ломбардад 2018 оны 2 дугаар сараас эхлэн одоог хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Б-О нь зээл авахаар манайд хандсан юм. Түүний дагуу тэрээр манай байгууллагын нэр дээр шилжүүлэх албан бичгийг нотариатаар батлуулан түүнд бэлнээр 31.000.000 төгрөгийг гарган өгсөн. ...Ингээд эргэн төлөлт хийхгүй явсаар 2018 оны 9 дүгээр сард манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаалсан машинаа манай байгууллагын хашаанд байршуулж тавьдаг нөхцөлөөр дахин зээл нэмж авсан” /хх 76-77/,

шүүгдэгч Ц.Б-Оын “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Д ББСБ” ХХК-тай шинэчилсэн гэрээ хийж нийт 57.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дээрх 57.000.000 төгрөгөөс төлөлт хийсэн зүйл байхгүй. Машин анхнаасаа “Д ББСБ” ХХК-ийн нэр дээр байх ёстой байсан боловч одоо машин “Т” ХХК-ийн нэр дээр байгаа. Учир нь би 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Д ББСБ” ХХК-ийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахад татгалзах зүйлгүй өр төлбөр дууссан гэсэн албан тоотыг БНХАУ-д үл таних хүнээр хийлгэсэн. Би тэр хүнийг танихгүй. Өмнө нь би БНХАУ-аас гар утас оруулж ирж зардаг байсан.  Ингээд ажлаар явж байхдаа бичиг баримт хуурамчаар хийдэг хүн байдаг талаар сонсож байсан. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад би өөрийн машиныг тавьсан байсан “Д ББСБ” ХХК-ийн бичгийг хуурамчаар хийлгэсэн. Тухайн үед би “Ви чат” ашигладаг байсан ба “Ви чат”-аар надад “Д ББСБ” ХХК-ийн бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү “Д ББСБ” ХХК-ийн тамга, тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3-4 хоногийн дараа “Д ББСБ” ХХК-ийн албан бичиг нь Замын-Үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан. Тэгээд би тэр бичгийг аваад хуучин 22-ын товчоон дээр байдаг автотээврийн төв дээр очоод машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад “Т” ХХК дээр очиж эхлээд 31.000.000 төгрөгийн барьцаанд тавиад, дараа нь машинаа “Т” ХХК-ийн зогсоолд байршуулахаар тохироод 9.000.000 төгрөг нэмж аваад 50.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа өмнө авсан хоёр зээлийн хүү алдангийг тооцоод байгуулсан гэрээ. Гэхдээ би уг гэрээний бодит хохирол болох 41.439.3030 төгрөгийг “Т” ХХК-ийн дансанд байршуулсан байгаа...” /2 хх 115-118/ гэх мэдүүлгүүд,

“Т” ХХК-иас Ц.Б-От 31.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх 28/,

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Т” ХХК-д шүүгдэгч Ц.Б-О нь 41.439.030 төгрөг шилжүүлсэн баримт /хх 157/,

 “Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн СБ1-19-02 дугаартай “73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг 80.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 80-81/,

“Т” ХХК болон Ц.Б-О нарын байгуулсан гэрээний хуулбар /хх 20-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-Оыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ц.Б-Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-От 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү...”,

 хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү “...мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвшөөрөлгүйгээр манай байгууллагын дансанд 41.439.030 төгрөгийг хийсэн. Хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр тус 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашин нь манай байгууллагын өмчлөлд шилжсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “Т” ХХК-ийн өмчлөлд үлдээж өгнө үү...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нь шүүх хуралдааны явцад давж заалдсан гомдлоосоо татгалзаж, тэрээр “...“Ц.Б-О болон “Д ББСБ” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Ц.Б-О нь “Д ББСБ” ХХК-ийг залилах сэдэлт байгаагүй. Ц.Б-О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээний биелэлтийг дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.

Шүүгдэгч Ц.Б-О нь “Д ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2021 оны 6 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлж, зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгаж, гэрээг шинэчлэн байгуулсан байх хэдий ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулж, 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг хуурамч баримт бичиг ашиглан буцаан өөрийн өмчлөлд шилжүүлж, өөр байгууллагаас зээл авсан нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хүсэл эрмэлзэл үгүй байсныг харуулна.

Анхан шатны шүүхээс Ц.Б-О нь “Д ББСБ” ХХК-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж, 57.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 52.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Б-Ооос гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасны дагуу 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг худалдан борлуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гэмт хэргийн улмаас 80.000.000 төгрөг буюу автомашиныг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн үнийн дүнгээр бодит хохирол шууд учирсан гэж үзэн хохиролд 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг “Д ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Ц.Б-О нь хуурамч баримт бичиг ашиглан, зээлийн гэрээний харилцаагаар халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Б-О болон хохирогч “Т” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Т” ХХК-иас шилжүүлэн авсан 41.439.030 төгрөгийг шүүгдэгч нь тус компанийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг “Т” ХХК-д төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Ц.Б-О нь бусдыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг зээлийн гэрээгээр халхавчилж, уг автомашиныг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-Оын өмчлөлийн “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр “Т” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Хэдийгээр хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршгаа мөнгөн дүнгээр нэхэмжлээгүй зөвхөн автомашин нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжилдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчээс иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тооцоогүй нь үндэслэлтэй.

Харин хохирогч “Д ББСБ” ХХК болон “Т” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр хор уршиг учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь зөв байна.

Хуурамч бичиг баримт ашиглан барьцааны зүйлийг хууль бусаар барьцаанаас чөлөөлж, барьцаалагчийг хуурч, мэхэлсэн үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл биш бөгөөд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулахдаа ашигласан залилах гэмт хэргийн арга хэрэгсэл гэж үзэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн шүүгдэгч Ц.Б-Оын үйлдлийг буруу зүйлчилсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-Ооос 52.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Д ББСБ” ХХК-д олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг худалдан борлуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шатанд хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал давж заалдах шатны шүүхийн шатанд өөрчлөгдөөгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлсөн гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаж байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат, хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Д ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат, хохирогч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ                                              

 

                               ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                               ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ