| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/2265/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2473 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2473
2025 11 03 2025/ШЦТ/2473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Хурмандах, хохирогч Б.Б, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гранд усны үйлдвэрт ус түгээгч ажилтай, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Малчны 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Өндөр Б овогт Бгийн Э /РД:**0000000/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Нүхтийн 00 дүгээр гудамж 000 тоот хашааны гадна Б.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 9 дүгээр сарын 00-ний өдрийн 614 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Нүхтийн 00 дүгээр гудамж 000 тоот хашааны гадна Б.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “зодоон болоод байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-3/,
Хохирогч Б.Бийн “Би 2025 оны 7 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 00-000 тоот гэртээ гэр бүлийн гишүүдийн хамтаар байж байсан. Би ээж, охин дүү нарын хамтаар хашаан дотроо юм яриад зогсож байтал, манай онгорхой хашааны хаалгаар 2 согтуу залуу хараад байхаар нь би “юугаа хараад байгаа юм бэ, яасан хүний мууд дуртай хүмүүс вэ” гэж хэлтэл нэг залуу нь “юу гэнээ пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээр яваад өгөөч” гэж хэлсэн чинь ээж очоод хашааны хаалга хаасан. Тэгсэн нөгөө 2 залуу цаашаа явахдаа биднийг хараагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би ээжийн хамтаар нөгөө залуус дээр очсон чинь тэр хоёр залуугийн цагаан футболктой залуу нь футболкоо тайлж шидчихээд над руу гүйж ирээд миний нүүр рүү гараараа цохиод авсан. Энэ үед би нүдний шилтэй байж таараад шил минь хагарч, хагархай нь миний баруун хацар болон дээд зовхины хэсэгт тусаж зүсэж гэмтээсэн. Тухайн зүсэгдсэн 2 газраас маш их хэмжээний цус гарсан. Намайг нөгөө залуу цохиод авах үед ээж маань түүнийг тэвэрч аваад болиулсан. Тэгээд зодоон болоод байна гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун хацар болон баруун нүдний дээд зовхинд нүдний шил хагарч хагарсан шил нь зоогдсоны улмаас үүссэн зүсэгдсэн шархнууд байна. Уг шархыг цагаан футболктой залуу цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-7/,
Насанд хүрээгүй гэрч У.Мийн “2025 оны 7 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед найз Эын хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн 00 дүгээр гудамжинд дэлгүүр орж ундаа авах зорилгоор явж байхад үл таних хүмүүс дотроо мууталдаад чанга дуугаар орилоод байхаар нь бид хоёр очиж тухайн хүмүүсийн нэг нь “юугаа харсан юм, пизда минь” гэж хэлэхээр нь би “чамайг харсан юм уу лалар минь” гэж хэлэхэд тухайн хашаанд байсан эгч хашааны хаалгаа хаачихсан юм. Тэгээд бид хоёр юм яриад явж байхад хашааны хаалга хаасан эгч бид хоёр руу гүйж ирээд манай найзын толгой хэсэгт нь нэг удаа цохисон юм. Манай найз уурласандаа цамцаа тайлж шидээд байж байхад тухайн хашаанаас нүдний шилтэй хүүхэд гарч ирсэн ба манай найз уг нүдний шилтэй хүүхдийн нүд хэсэгт нь нэг удаа гараараа цохисон юм” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Гэрч Ц.Агийн “2025 оны 7 дугаар сарын 11-ний орой цагийг нь сайн мэдэхгүй байна би гэртээ буюу Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 00-000 тоот хашаандаа 2 хүүхдийн хамт зогсож байхад манай хашааны урдуур 2 залуу муухай орилоод байхаар нь би хашааны хаалга онгойлгоод “одоо та нар явчих аа” гэж хэлэхэд миний өөдөөс чанга дуугаар орилоод байсан ба би яг юу гэж байгааг нь ойлгоогүй юм. Манай хүүхэд Б нь уг 2 залуу дээр очиход цайвар өнгийн хувцастай залуу санагдаж байна тухайн залуу манай хүүхдийг барьж аваад зодсон юм. Яг хэн нь хаашаа нь хэдэн удаа цохисныг нь харж амжаагүй юм. Тэгэхэд манай охин аавыгаа дуудсан ба нөхөр уг залуусыг салгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Гэрч Х.Гын “2025 оны 7 дугаар сарын 11-ний орой би Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн 00-000 тоот гэртээ зурагт үзээд хэвтэж байтал манай бага охин Г.Намуун гүйж орж ирээд “аав ахыг хүмүүс зодоод байна” гээд гар нь цус болчихсон орж ирэхээр нь би Г.Намууныг зодсон байна гэж айгаад гүйж гартал манай хүү болох Г.Б хоёр үл таних залуутай ноцолдоод байж байхаар нь би салгах гэхэд дийлэхгүй байхаар нь тухайн хоёр залууг тус тус хоёр удаа цохиж байж салгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ЕГО0725/9259 дугаартай "...Г.Бийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт зүсэгдсэн шарх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэжээ. /хх-29-30/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа цохих үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 245,500 төгрөг, нүдний шилний эвдсэн хохиролд 641,399 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зөв байна. Иймд шүүгдэгч *******аас нийт 895,839 төгрөг гаргуулж хохирогч Б.Бөд олгуулах нь зүйтэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Хохирогч Б.Б нь даатгалын сангаас 359,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тиймээс шүүгдэгч *******аас 359,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээрээ маргаагүй, миний үйлчлүүлэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон болон гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд холбогдсон хэргийн хувьд ял шийтгэлийн хувьд сонгох санкцитай байгаа, мөн миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсныг харгалзан үзээд 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
9. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэжээ. Шүүгдэгч хэрэг болох цаг хугацаанд 17 нас 11 сартай /хх64/ байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8-р бүлэгт зааснаар ял оногдуулах нь зөв байна.
11. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 895,839 төгрөг гаргуулж хохирогч Б.Бөд олгуулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас 359,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР