2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2572

 

 

 

 

 

 

 

 

2025        11         13                                    2025/ШЦТ/2572

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Ш.Цэрэнханд,

шүүгдэгч Б.Э, Б.З, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.З, Б.Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2509 00892 0725 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- Монгол Улсын иргэн, Б.Э

 

- Монгол Улсын иргэн, Б.З

 

- Монгол Улсын иргэн, Б.Т

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 12 нэр төрлийн багаж хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 2,339,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З, Б.Т нар нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Эын ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг тавилга болон вакум цонхны үйлдвэрт хууль бусаар цонхоор нэвтэрч эд зүйлсийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан эд хөрөнгө болохыг мэдсээр байж 2,339,000 үнэ бүхий тухайн багаж хэрэгслүүдийг ломбардад 720,000 төгрөгөөр тавьж тус бүр 240,000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаа нар ломбард дээр очоод хурааж авсан гэсэн. ” гэв.

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн ломбардад тавьсан эд зүйлсийг хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан гэдгийг мэдэж байсан. Манай эхнэр тэр үед жирэмсэн байсан учраас эмнэлгийн хяналтад оруулах гээд хамт эмнэлэг дээр байх үед манай эхнэр хадам аавыг дуудсан ба хадам аавтай хамт Б.Э ирсэн. Цалин өгөхгүй байсан учраас ажлаасаа гарчихсан байсан. Автобус таксины мөнгө байгаагүй учраас хадам аавыг дуудсан. Тэгээд Б.Э бид хоёр хамт ломбард ороод тухайн багажуудыг ломбардад тавьсны дараа Д ахын өгөх ёстой байсан цалин шүү гэж хэлээд өгсөн ба Б.Э эхнэр бид хоёроос салаад явсан учраас эхнэр бид хоёр гэртээ харихад цагдаа ирсэн. Багажыг ломбардад 720,000 төгрөгөөр тавиад бид гурав тус бүр 240,000 төгрөг авсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээж байна. Эхлээд би хулгайн багаж гэж мэдээгүй байсан ба ломбард ороод мөнгө өгөхөөр нь л мэдсэн” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид нарын ломбардад тавьсан багажуудыг цагдаа нар авсан байх. Х.О гэх нэртэй ломбардаас хөрөө хураасан, бас нэг барилгын материал зардаг газрын доор байдаг ломбардаас бусад багажыг нь хураасан. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл /хх- ийн 26 дугаар хуудас/,

- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-33 дугаар хуудас/,

- Хохирогч У.Бгийн "... Тавилга болон вакум цонх хийдэг цехийн үйл ажиллагаа явуулдаг газар байгаа ажлын багаж хэрэгсэл тоног төхөөрөмж зэрэг бүх зүйл байсан. Ажиллахаа болиод 1 жил гаран болж байгаад саяхан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс танил найз 3.Д гэдэг залуу хариуцаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн би тэнд байсан бүх тоног төхөөрөмж багаж хэрэгслийг хүлээлгэж өгсөн жагсаалт үйлдэж хараахан өгөөгүй хамтран ажиллах гэрээ болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх жагсаалтыг үйлдэж байсан юм. Амаар хоорондоо тохиролцож үйл ажиллагаа эхэлсэн байсан. Алга болсон гэх багаж нарыг манай зуслангийн байшингаас 3.Д авч ирсэн багажууд байгаа шиг байна. Одоо эдгээр багаж нарыг 3.Д хариуцна. Би яг ямар ямар багаж алга болсон эсэхийг мэдэхгүй байна Цаашид 3.Д энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож явах байх би ямар багаж алсан хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Гэрч 3.Д-ын "... Өнөөдөр 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг тавилга болон вакум цонхны цехэд хулгайч орж эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад хандсан юм. Жижиг градустай хөрөө 1 ширхэг /кен/ 500000 төгрөг, 2 том градустай хөрөө 1 ширхэг /кен /1200000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг загварыг мартсан байна 1200000 төгрөг, суурийн тасдагч 1 ширхэг /кен/ 250000 төгрөг, том гар тасдагч 1 ширхэг /кен/ 250000 төгрөг, Цахилгаан дрилл 2 ширхэг /кен/ 1 ширхэг нь 70000 төгрөг, баттериа дрилл 1 ширхэг /кен/ 150000 төгрөг, комьросер 1 ширхэг загварыг мэдэхгүй байна 450000 төгрөг..." гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

- Гэрч Д.М-ийн "...Манай хүргэн Б.З-ын найз Э гэх нүүрэн дээрээ шивээстэй залуу "миний багажууд байгаа юм, та ломбардад тавиад өгөөч" гэж хэлсэн тэгээд би тухайн багажуудыг *********** байх ломбардад 600.000 орчим мянгаар тавьж өгөөд мөнгийг нь Б.З-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн ямар данс байсныг санахгүй байна. Нэлээн олон жижиг багаж байсан би нэг бүрчлэн санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

- "Дамно Үнэлгээ" ХХК-ийн "... алдагдсан эд зүйлсийг 2,339,000 төгрөгөөр үнэлсэн..." шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-92 дугаар хуудас/,

- Эд зүйл хураан авах тухай 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн прокурорын зөвшөөрөл /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

- А.Х.О барьцаалан зээлдүүлэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Д.М /РД/ нь 2025 оны 1 сарын 29-нд хий. хураагч, гагнуурын аппарат, суурин тасдагч, дрилл 2 ш, хийн буу 2 ш, уран хөрөө, чихтэй призр, дундын тасдагч гээд нийт 10 багажийг 670.000 төгрөгөнд тавьсан. Манайхаар 2024 онд 1 удаа, 2025 онд 1 удаа үйлчлүүлсэн. Тус багажнуудын хүлээлгийн хугацаа хэтэрсэн тул хураагдсан байна. 2025 оны 02 сарын 28 болон 2025 оны 03 сарын 20-нд холбоо барьж чадаагүй гул багажуудыг гаргаж зарсан” гэх албан бичиг /хх-ийн 46 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр Н овогтой О-ыг тогтоосон тухай тогтоол /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг хохирогч У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 12 нэр төрлийн багаж хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 2,339,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.З, Б.Т нар нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б.Эын ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг тавилга болон вакум цонхны үйлдвэрт хууль бусаар цонхоор нэвтэрч эд зүйлсийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан эд хөрөнгө болохыг мэдсээр байж 2,339,000 үнэ бүхий тухайн багаж хэрэгслүүдийг ломбардад 720,000 төгрөгөөр тавьж тус бүр 240,000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд нийт 2,339,000 төгрөгийн хохирол учирсан ба Х.О ХХК-ны захирал Н.О-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын ломбардад тавьсан 498,300 төгрөгийн хоёр ширхэг хөрөөг хураан авсан. Шүүгдэгч нараас хохирогч У.Бд учирсан 1,840,700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгуулж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнэлгээ хийсэн гэх 150,000 төгрөгийг мөн хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Б.З, Б.Э нар нь шүүхийн шатанд тус бүр 7 хоног цагдан хоригдсон” гэв.

Шүүгдэгч Б.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.З гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах боломж байсан боловч эхнэр маань жирэмсэн байсан учраас барагдуулж чадсангүй. 7 хоногийн дотор төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч Б.Т гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулах боломж байсан боловч аав маань группт байдаг болохоор ээж маань ганцаараа ажил хийдэг байсан. Шүүхээс хохирол төлөх хугацаа тогтоож өгвөл тогтоосон хугацаанд төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч Кен брендийн градустай 2 ширхэг хөрөөг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор дахин хууль бусаар нэвтэрч хий хураагч, гагнуурын аппарат, суурин тасдагч, дрилл 2 ширхэг, хийн буу 2 ширхэг, уран хөрөө, чихтэй призр, дундын тасдагч зэрэг нийт 10 нэр төрлийн багаж хэрэгслийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч У.Бд нийт 2,339,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь хууль бусаар олж авсан хий хураагч, гагнуурын аппарат, суурин тасдагч, дрилл 2 ширхэг, хийн буу 2 ширхэг, уран хөрөө, чихтэй призр, дундын тасдагч зэрэг нийт 10 нэр төрлийн багаж хэрэгслийг шүүгдэгч Б.Зын хадам аав гэх Д.М-ээр дамжуулан А.Х.О барьцаалан зээлдүүлэх газарт 670,000 төгрөгөөр ломбардад тавиулж, шүүгдэгч Б.З, Б.Т нарт тус бүр 150,000 төгрөг өгч, өөртөө 370,000 төгрөгийг авсан,

Мөн шүүгдэгч Б.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хулгайлан авсан Кен брендийн градустай 2 ширхэг хөрөөг шүүгдэгч Б.Зоор дамжуулж Х.О ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 120,000 төгрөгөөр барьцаалж, шүүгдэгч Б.З, Б.Т нарт Д ахын өгөх ёстой байсан цалин шүү гэж тус бүр 40,000 төгрөг өгсөн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг, түүнд хийсэн тэмдэглэл. хохирогч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Тавилга болон вакум цонх хийдэг цехийн үйл ажиллагаа явуулдаг газар байгаа ажлын багаж хэрэгсэл тоног төхөөрөмж зэрэг бүх зүйл байсан. Ажиллахаа болиод 1 жил гаран болж байгаад саяхан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс танил найз 3.Д гэдэг залуу хариуцаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн би тэнд байсан бүх тоног төхөөрөмж багаж хэрэгслийг хүлээлгэж өгсөн жагсаалт үйлдэж хараахан өгөөгүй хамтран ажиллах гэрээ болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх жагсаалтыг үйлдэж байсан юм. Амаар хоорондоо тохиролцож үйл ажиллагаа эхэлсэн байсан. Алга болсон гэх багаж нарыг манай зуслангийн байшингаас 3.Д авч ирсэн багажууд байгаа шиг байна. Одоо эдгээр багаж нарыг 3.Д хариуцна. Би яг ямар ямар багаж алга болсон эсэхийг мэдэхгүй байна Цаашид 3.Д энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож явах байх би ямар багаж алсан хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг. гэрч 3.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Өнөөдөр 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг тавилга болон вакум цонхны цехэд хулгайч орж эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад хандсан юм. Жижиг градустай хөрөө 1 ширхэг /кен/ 500000 төгрөг, 2 том градустай хөрөө 1 ширхэг /кен /1200000 төгрөг, гагнуурын аппарат 1 ширхэг загварыг мартсан байна 1200000 төгрөг, суурийн тасдагч 1 ширхэг /кен/ 250000 төгрөг, том гар тасдагч 1 ширхэг /кен/ 250000 төгрөг, Цахилгаан дрилл 2 ширхэг /кен/ 1 ширхэг нь 70000 төгрөг, баттериа дрилл 1 ширхэг /кен/ 150000 төгрөг, комьросер 1 ширхэг загварыг мэдэхгүй байна 450000 төгрөг..." гэх мэдүүлэг, гэрч Д.М-ийн "...Манай хүргэн Б.З-ын найз Э гэх нүүрэн дээрээ шивээстэй залуу "миний багажууд байгаа юм, та ломбардад тавиад өгөөч" гэж хэлсэн тэгээд би тухайн багажуудыг Баянхошуунд байх ломбардад 600.000 орчим мянгаар тавьж өгөөд мөнгийг нь Б.З-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн ямар данс байсныг санахгүй байна. Нэлээн олон жижиг багаж байсан би нэг бүрчлэн санахгүй байна..." гэх мэдүүлэг, "Дамно Үнэлгээ" ХХК-ийн "... алдагдсан эд зүйлсийг 2,339,000 төгрөгөөр үнэлсэн..." шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн тохиолдолд хохирлыг хэмжээ шаардахгүй ба тусгай хамгаалсан байр гэх ойлголт нь эзэмшигч, өмчлөгчөөс өөр этгээд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд халдагч этгээд хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Э нь 2 удаагийн үйлдлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ********* дүүргийн *** дугаар хороо ******* тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч Кен брендийн градустай 2 ширхэг хөрөө авсан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин хохирогч У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн цонхоор нэвтэрч хий хураагч, гагнуурын аппарат, суурин тасдагч, дрилл 2 ширхэг, хийн буу 2 ширхэг, уран хөрөө, чихтэй призр, дундын тасдагч зэрэг нийт 12 төрлийн багаж хэрэгслийг хулгайлан авч хохирогч У.Бд 2,339,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч У.Бгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч Б.Эыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Б.З, Б.Т нар нь шүүгдэгч Б.Эыг хохирогч У.Бгийн эзэмшлийн буюу тавилга болон вакум цонхны ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн байрнаас 2 удаагийн үйлдлээр нийт 12 төрлийн 2,339,000 төгрөгийн багаж хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас олж авсан Кен загварын 2 ширхэг хөрөөг 120,000 төгрөгөөр ломбарданд тавьж тус бүр 40,000 төгрөг авсан, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэргийн улмаас олж авсан хий хураагч, гагнуурын аппарат, суурин тасдагч, дрилл 2 ширхэг, хийн буу 2 ширхэг, уран хөрөө, чихтэй призр, дундын тасдагч зэргийг гэрч Д.М-ээр 670,000 төгрөгөөр ломбардад тавиулж шүүгдэгч Б.З, Б.Т нар нь тус бүр 150,000 төгрөгийг авч хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.З, Б.Т нар нь гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймээс шүүгдэгч Б.З, Б.Т нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.З, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Эын хувьд холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай хэрэг байгаа. Шүүгдэгч Б.Эын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцаас гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.З, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялын хүрээг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах санал гаргаж байна. Шүүгдэгч Б.З, Б.Э нар нь шүүхийн шатанд тус бүр 7 хоног цагдан хоригдсныг тэдгээрийн эдлэх ялаас хасуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

 Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э, Б.З, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.З, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, Б.З, Б.Т нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Уг гэмт хэргийн улмаас хохирогч У.Бд 2,339,000 төгрөгийн хохирол учирснаас 198,000 төгрөгийн үнэлгээ бүхий градустай Кен брендийн жижиг хөрөө, 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий градустай, улбар шар өнгийн сунадаг хөрөө зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр Халиун Охин ХХК-аас хураан авч хохирогч У.Бд хүлээлгэн өгсөн байна. Иймд шүүгдэгч нараас 1,991,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч У.Бд 1,841,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.О-т ломбардад тавьсан эд зүйлсийн үнэлгээний мөнгө болох 150,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.З, Б.Э нар нь шүүхийн шатанд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тус бүр 7 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Б.З, Б.Т нар нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж, шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Зыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Э-ийг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б.З, Б.Т нарыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Т нарыг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ын цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасаж, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Т нарт оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Т нарыг байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хориглосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.З, Б.Т нараас хохиролд 1,991,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 1,841,000 төгрөгийг хохирогч У.Б /РД:/-д, 150,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.О /РД:/-д тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн , түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Зыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            10.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ