2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2573

 

 

 

 

 

 

 

 2025        11         13                                    2025/ШЦТ/2573

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч М.Ариунцэцэг,

насанд хүрээгүй хохирогч П.Гэ, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттайгаар явуулсан шүүх хуралдаанаар: 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-д холбогдох эрүүгийн 2506 06061 3148 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч П.Г нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд ********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Гэ-гийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан нэвт шарх, баруун дээд 4 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад П.Г-г биедээд түлхсэн ба араас юм хэлээд байхаар нь би цохисон. Цагдаа дуудах үед намайг зугтаасан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би тэр өдөр хүүхдээ эмээгийндээ үлдээсэн байсан учраас хүүхдээ авахаар эмээгийнх рүүгээ явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа ба энэ сардаа багтааж төлж барагдуулна. Одоогийн байдлаар би *************** Их Сургуульд ************ мэргэжлээр суралцаж байгаа. Амралтын өдрөөрөө цагийн ажил хийж мөнгө олдог. Хэрэг гарснаас хойш П.Гэ-гийн гэрт нь очиход өөрөө байгаагүй. Дараа нь өөртэй нь уулзаад яг учирсан бодит хохирлыг төлж барагдуулъя гэхэд надад баримт байхгүй, би алга болгосон байна гэж хэлж байсан. Тэгээд яллах дүгнэлтээ гардаж авснаас хойш надад мөнгө олдоогүй учраас хохирол төлж чадсангүй. Миний буруу” гэв.

Насанд хүрээгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гарах үед бид нар сагсны талбай дээр сагс тоглож байсан ба П.Г хожигдоод байгаадаа уурлаад нүүр рүү хэд хэдэн удаа тохойлдсон. Тэгээд би цагдаад дуудлага өгч өөрийнхөө ээжийг дуудсан. П.Г чи өөрөө цагдаагаа дууд гэж хэлээд зугтаагаад явсан. Хэрэг гарах үед би 15 настай байсан. Одоо Политехник коллежийн 3 дугаар курст суралцаж байгаа. Мөн тэр үед өдрийн 120,000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан ба байгууллагын албан бичиг тодорхойлолт байхгүй. Одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ сайн мэдэхгүй байна. Би хэрэг гарсны дараа 150,000 төгрөгөөр толгойгоо компьютер томографт харуулсан. Мөн гэрээр эм тариа хэрэглэсэн ба баримтаа хэрэггүй байх гэж бодоод цуглуулаагүй. П.Г намайг байхгүй үед гэрт ирээд явсан байсан. Би зодуулснаас болоод хийж байсан ажлаа 3 хоног хийж чадаагүй. Гомдолтой байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8
дугаар хуудас /,

- Насанд хүрээгүй хохирогч П.Гэ-гийн "... Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад 3х3 сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад манай хуучин сургуульд сурдаг байсан ах сагс тоглож байх даа самбар доор бөмбөг авах гэж байхдаа миний нүүр рүү хэд хэдэн удаа тохойлдсон болохоор та одоо болиоч гээд цээж рүү нь бага зэрэг түлэхсэн тэгээд би эргэж хараад явж байхад хойноос Г ах миний баруун шанаанд гараа атгаж байгаад нэг удаа цохисон би газар унаж ухаан алдсан. Ухаан орж сэрсэн талбай хаашааны гадна манай найз Э, А хоёр намайг сугдсан байдалтай салфиткаар цусаа дарсан байсан. Г ахын эхнэр нь цагдаа дууд эцэг эхийн дууд нэг мөр эндээ учирыг олно гэж орилоод байсан. Ээж ирээд цагдаа дуудаж удаагүй цагдаа ирсэн. Цагдаа дуудсан чинь Ганбат ах эхнэртэйгээ зугтаасан. Миний санаанд өөрчлөлт ороогүй. Хэвийн байгаа. Сэтгэл санаанд учирсан хохирол хор уршиг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны едрийн 8614 дугаартай "П.Гэ-гийн биед уруулд няцарсан нэвт шарх, баруун дээд 4 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хенген зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Г нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд *********** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Гэгийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан нэвт шарх, баруун дээд 4 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 150,000 төгрөг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 264,000 төгрөгийн тус тус шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Г нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд ************* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Гэ-гийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан нэвт шарх, баруун дээд 4 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч П.Гэ-гийн "... Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад 3х3 сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад манай хуучин сургуульд сурдаг байсан ах сагс тоглож байх даа самбар доор бөмбөг авах гэж байхдаа миний нүүр рүү хэд хэдэн удаа тохойлдсон болохоор та одоо болиоч гээд цээж рүү нь бага зэрэг түлэхсэн тэгээд би эргэж хараад явж байхад хойноос Г ах миний баруун шанаанд гараа атгаж байгаад нэг удаа цохисон би газар унаж ухаан алдсан. Ухаан орж сэрсэн талбай хаашааны гадна манай найз Э, А хоёр намайг сугдсан байдалтай салфиткаар цусаа дарсан байсан. Г ахын эхнэр нь цагдаа дууд эцэг эхийн дууд нэг мөр эндээ учирыг олно гэж орилоод байсан. Ээж ирээд цагдаа дуудаж удаагүй цагдаа ирсэн. Цагдаа дуудсан чинь Г ах эхнэртэйгээ зугтаасан. Миний санаанд өөрчлөлт ороогүй. Хэвийн байгаа. Сэтгэл санаанд учирсан хохирол хор уршиг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны едрийн 8614 дугаартай "П.Гэ-гийн биед уруулд няцарсан нэвт шарх, баруун дээд 4 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хенген зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч П.Г нь насанд хүрээгүй хохирогч П.Гэгийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Н П.Г нь насанд хүрээгүй хохирогч П.Гэ-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, насанд хүрээгүй хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч П.Г-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч П.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж заасан

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч П.Г нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба насанд хүрээгүй хохирогч П.Гэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 150,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол гэх 264,000 төгрөгийг нэхэмжилж буй талаар улсын яллагч яллах дүгнэлтдээ дурдсан боловч хэрэгт иргэний нэхэмжлэгчийг тогтоож, иргэний нэхэмжлэлийг хэрэгт хавсаргаагүй байх тул уг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.Г нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч П.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 150,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч П.Гэ /РД:/, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгосугай.

6. Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            8Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ