Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Иргэдийн төлөөлөгч А.Сундуйжав,

Хохирогч С.Болдбаатар,

Гэрч Ч.Батдорж,

Шүүгдэгч Я.Лувсан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

  

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчуудын овгийн Ядмаагийн Лувсанд холбогдох эрүүгийн 201626021849 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн удирдаач мэргэжилтэй, Хөх шигтгээ СӨХ-ны дарга ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 55а байр 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ66071531 регистрийн дугаартай, Цагаагчуудын овгийн Ядмаагийн Лувсан.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Лувсан нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч С.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, чулуугаар нурууг нь цохиж, гарын шуу хэсгийг сэрээгээр хатгаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан чулуу, сэрээг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Лувсан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед харуулын байр руу орсон. Тэгэхэд манай харуул архи уусан байсан. Яагаад архи уусан юм бэ гэхэд ах дүү нартайгаа салхинд гараад бага зэрэг уусан гэсэн. Тэгээд би нэмж битгий уугаарай гэж хэлээд цонхоор харахад Болдбаатар дэлгүүрийн хажууд явж байсан. Болдбаатар 3 жилийн СӨХ-ны мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд би Болдбаатар дээр очоод СӨХ-ны мөнгө төл гэсэн шаардлага тавиад хэрвээ төлөхгүй бол чамайг шүүхэд өгнө гэхэд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдсан. Гэтэл Болдбаатар миний уруул руу мөргөсөн. Би зүүн тал руу нь хавираад бид хоёр газар унасан. Тэгээд Болдбаатар босохгүй болохоор нь заамдсан гараараа татахад Болдбаатар миний гарын шуун дээрээс хазсан бөгөөд тавихгүй байсан. Тэгж байхад надаас сул гарааж байна уу гээд өмнө нь асууж байсан нэг залуу ирээд, чи хүний гар хазаад байхдаа яадаг юм бэ гэхэд Болдбаатар нэг гараараа тэр залууг заамдаад авсан. Гэтэл тэр залуу Болдбаатарын гарыг хазаад хөл дээр нь дэвсээд хэд цохьсон. Дараа нь тэр залуу Болдбаатарын мөөмнөөс базахад Болдбаатар орилоод эхэлсэн. Тэр үед Болдбаатар хажуугаар явж байсан хэдэн охидуудыг гэрч болно шүү гэхэд тэр охидууд яг л гэрч болно шүү дээ гэж байсан гэв.

 

Хохирогч С.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ гараад явж байхад манай СӨХ-ны дарга Лувсан гарч ирээд нөгөө мөнгө төгрөг чинь юу болж байгаа вэ гэхэд надаас архины мөнгө нэхэж байна гэж ойлгосон. Тэгээд дараа болъё, одоо завгүй байна гэсэн. Гэтэл чи дандаа худлаа хэлээд яваад байх юм гээд миний араас тэврээд бид хоёр түрэлцсээр байгаад манаачийн байрны хажууд ирсэн. Хоёулаа болъё гэхэд намайг заамдаж аваад миний нүд рүү цохисон. Тэгээд намайг хавсарахад нь бид хоёр давхаралдаад унасан. Тэр үед хажуунаас хоёр хүн ирсэн бөгөөд нэг нь Эрэндоо байсан. Эрэндоотой хамт ирсэн хүн гартаа хоолны сэрээ барьсан байсан. Тэгээд чи ахмад хүнтэй яаж байгаа юм бэ гээд намайг сэрээгээрээ хатгасан. Би та нар энэ хэрэгт хамаагүй гэхэд сэрээгээрээ миний гарыг гэмтээсэн. Тэгэхэд нь та наад сэрээгээ өг, таны үйлдэл гэмт хэргийн шинжтэй шүү гээд сэрээг нь мушгиад дарахад араас нэг хүн өшиглөх шиг болсон. Эргээд харахад Лувсан гартаа юм барьчихсан зогсож байсан. Тэгээд би дийлэхгүй юм байна гэж ойлгоод амь авраарай гээд орилсон. Гэр рүүгээ ороод харахад миний цамц цус болсон байсан. Манайд хүүхэд харж байсан Пүрэвдорж гэдэг хүнээр цагдаа дуудуулаад цагдаа ирээд юу болсон гэхэд Эрэндоо гуай энд байсан хоёр залуу зугтаагаад явсан гэсэн. Тэгээд цагдаа Эрэндоог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж үзээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. Эрүүлжүүлэх дээр очсоны дараа Эрэндоо ах нь манаач хийж байгаа. Ажил руугаа явахгүй бол болохгүй гэхэд нь би цагдаагаас гуйж байгаад аваад эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Сэрээ хаана байна гэхэд гаргаж өгсөн. Тэр үед цементийн хагархай нь хорооны цагдаа дээр үлдсэн байсан. Лувсан гуай намайг чулуугаар цохисон. Эрэндоо гуайн хувьд хатгагч гэж үзэж байна. Намайг сэрээг нь булааж авах гэж байхад араас цохих шиг болсон. Эргээд харахад Лувсан цементийн хагархайг барьсан чи бууж өг гээд зогсож байсан. Манай гэрт СӨХ-ны мөнгөний талаар яригдаж байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Ч.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан. Манаачийн байр манай цонхны доор байдаг юм. Тэр үед Лувсан манаачийн байрны үүдэнд зогсож байсан. Гэтэл Болдбаатартай маргалдаад эхэлсэн. Энэ хоёр чанга, чанга яриад зууралдаж байгаад Болдбаатар яваад өгсөн. 10 гаруй минут зууралдсан байх. Юунаас болж маргасаныг нь мэдэхгүй. Чи яагаад СӨХ-ны мөнгө төлөхгүй байгаа юм бэ гэж байсан. Маргаан яг юунаас болж маргасныг би мэдэхгүй. Тэгээд Болдбаатар чанга орилоод эхэлсэн. Болдбаатарын биед халдсан зүйл байхгүй. Барилцаад байсан. Би болсон асуудлыг эхнээс нь дуустал харсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс :  

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Оюунцэцэгийн өгсөн:

“... СӨХ-ны дарга Лувсанг согтуу залуу 2 гараараа энгэрээс нь заамдчихсан байсан. ... Тэгээд манаачийн путикнээс нэг залуу гарч ирээд салгах гэсэн чинь тэр согтуу залуу салж өгөхгүй зууралдаад байсан ... Тэр хоёр хэн хэн нь цохиж зодсон асуудал байхгүй, зууралдаж байгаад л салсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Эрэндоо мэдүүлэхдээ:

“... 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд би ажлынхаа байран дээр буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах 55А байрны урд талын авто зогсоолын манаачийн пүткэнд сууж байтал гаднаас манай СӨХ-ны дарга Лувсан гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд надтай уулзаад байж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд, СӨХ-ны даргаас сул зогсоол байна уу гээд асуугаад ярилцаж байсан. Тэгсэн чинь манай зогсоолын цаад захад байгууллагын зогсоолын гадны машин орж ирээд зогсчихсон байхыг нь би пүткэн доторх камераараа хараад, очиж зохицуулах гээд би ганцаараа пүткээс гараад явсан. Тэгээд машинуудын араар гараад явж байхад тэр Лувсантай муудалцсан хүн надтай зөрөөд явж байсан. Би цаана очоод тэр машины жолоочтой уулзаад өөр зогсоол руу тавиулах гээд холдуулчихаад ойролцоогоор 10 орчим минутын дараа буцаад пүтэкний тийшээ очтол тэнд түрүүн надтай зөрсөн залуу орилж хашгичаад, Лувсантай муудалцсан бололтой байсан. Тэгэхдээ тэр 2 салчихсан, тэр залуу нь наашаа ирж байсан. Ийм л асуудап болсон. Тэрний дараах нь нөгөө хашгираад байсан залуу нэг танихгүй залуутай ирээд, надаас “Лувсан хаана байна” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу явснаа дараа нь цагдаа дагуулчихсан ирээд, манай үүдний хаалга түшүүлж тавьдаг байсан чулууг “энэ чулуугаар намайг цохисон” гээд цагдаад хэлээд байсан. Бас тэр хүн манай манаачийн пүткэн дотор орж ирснээ миний идэж байсан шилтэй огурцины шилэн дотор байсан ногоон иштэй сэрээг аваад явчихсан ... Би тэр хүнийг огт танихгүй, намхандуу нуруутай 40 орчим насны туранхайдуу шар залуу байсан ... Тэр залуу халамцуу явж байсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтайваны өгсөн:

“... дуудлаганд очиход С.Болдбаатар нь ирсэн ба намайг Лувсан гэх хүн зодлоо гэж хэлсэн ... Болдбаатар эрүүл байсан. Сэрээгээр хатгуулж, чулуугаар цохиулсан зүйл хэлж байсан ... Тухайн байрны гадна байсан чулуу мөн манаачийн өрөөнд байсан ногоон өнгийн иштэй чулууг хураан авч хэсгийн байцаагчийн өрөөнд үлдээсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн:

“... Зүүн шуунд үүссэн гэмтэл нь сэрээнээс үүсэх боломжтой. Тархи хөдлөлт бол доргилтоос л үүснэ. Тийм болохоор тархи болон хүзүү, нурууны дээд хэсэгт чулуугаар цохиход уг гэмтэл үүсэх боломжтой. Нүүр, хүзүү, уруулын зөөлөн эдийн няцрал, дотор талын язрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/  

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7766 дугаартай:

            1. Болдбаатарын биед нүүр, хүзүү, баруун тавхайд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, тархи доргилт, зүүн шуунд шарх үүсчээ.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8049 дугаартай:

            1. Я.Лувсангийн биед баруун бугалганд шалбаралттай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

 

            - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/

            - Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 125-р хуудас/

            - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 38, 126, 130-р хуудас/

            - Я.Лувсангийн зодуулсан гэх үеийн фото зураг /хавтаст хэргийн 38-р хуудас/

            - Хохирогч С.Болдбаатарын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зодуулсан үеийн фото зураг /хавтаст хэргийн 128-р хуудас/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 129-р хуудас/

- Хөх шигтгээ СӨХ-ны өр төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 47-57-р хуудас/  болон,

шүүгдэгч Я.Лувсангийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42-р хуудас/,

            - Хөх шигтгээ СӨХ-ны саналын хуудас /хх-ийн 45-46-р хуудас/,

  - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/

  - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

         

             Баянгол дүүргийн прокурорын газраас Я.Лувсанг 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч С.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, чулуугаар нурууг нь цохиж, гарын шуу хэсгийг сэрээгээр хатгаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан чулуу, сэрээг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

            Яллах дүгнэлтэд бичигдсэн буюу зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна. 

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх, прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй тул яллах, цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь харьцуулан үнэлэх ёстой ба зохих үндэслэл заахгүйгээр тухайн баримтыг хууль ёсны бус, нотолгооны чадваргүй гэх мэтээр үнэлэхгүй орхигдуулах боломжгүй.      

           

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Я.Лувсан, хохирогч С.Болдбаатар нар нь нэг байранд амьдардаг, Я.Лувсан нь тухайн байрны СӨХ-ны дарга бөгөөд хохирогч С.Болдбаатартай СӨХ-ны тооцооноос болж хувийн таарамжгүй харилцаатай байдаг ба тухайн үед шүүгдэгч нь хохирогчийг “СӨХ-ны мөнгөө төл” гэсний улмаас маргалдаж улмаар хохирогч С.Болдбаатарт хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Я.Лувсангийн биед баруун бугалганд зулгаралт үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн тэднийг харилцан заамдалцсан байсан талаар  гэрч М.Оюунцэцэг, Ч.Батдорж нар мэдүүлсэн байна. 

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь бусдын амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс сэдэлт, зорилгоороо ялгагдах бөгөөд шүүгдэгч Я.Лувсангийн гэмт үйлдэлд танхайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, олон нийтийг болон бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан шинжгүй, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас уг хэрэг үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Я.Лувсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Я.Лувсанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Мөн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Тус хэрэг маргаан 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болсон байхад яллах дүгнэлтэд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэж буруу бичсэн боловч улсын яллагчийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.     

 

Хохирогч С.Болдбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сэрээ 1 ширхэг, чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Лувсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  2. Шүүгдэгч Цагаагчуудын овгийн Ядмаагийн Лувсанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Лувсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Лувсан нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сэрээ 1 ширхэг, чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Лувсанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я.Лувсанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

        ШҮҮГЧИД                                                                Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

Г.ЕСӨН-ЭРДЭНЭ