Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1213

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01194 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “В” ХХК-д холбогдох,

 

Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 129 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хохиролд 409 916 537 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, Т.Энхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “В” ХХК-тай онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу, Зайсан Гхотхоны ...... 4 дүгээр давхрын 8 тоот хаягт байрлах 168,28 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг худалдан авсан.

Гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны нийт үнэ нь 504 840 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийг баталсан ба 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 129 000 000 төгрөгийг “В” ХХК-д бэлнээр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 375 000 000 төгрөг гэж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй бол төлбөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Гэтэл хариуцагч нийт 97 785 000 төгрөгийн алданги тооцож, төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийг эргэн төлөлт хийснээс хойш хэд хэд өөрчилсөн боловч тодорхой тайлбарлаж, талуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй. Иймд өөрчилсөн төлбөрийн хуваарийг харилцан зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Гэрээнд талууд гарын үсэг бүрэн зурж, Иргэний хуульд зааснаар нотариатаар гэрчлэгдэж, бүртгэлийн зохих байгууллагад бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэдэгт хамаарч байна.

Гэрээний 3.8-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрт 2 000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрт суутган авч, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэж, 5.1-т төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувиар алданги тооцож төлүүлэх, 5.4-т талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцлах санал гаргавал гэрээг цуцалж, гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг гэрээг цуцлах санал гаргасан талаас гаргуулж, нөгөө талд төлнө гэж тус тус заасан.

Мөн гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжилт хийж үзэхэд гэрээнд заасан талбай хэмжээндээ хүрээгүй дутсан. 1 м.кв талбайн нэгж үнэ 3 000 000 төгрөг гэж тохиролцсон. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээнд түрээсийн гэрээний үндсэн нөхцөлийг оруулсан нь хууль зөрчсөн гэрээ байгуулсан ба талууд дүр үзүүлсэн хэлцэл хийсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 409 916 537 төгрөг шаардаж байгаа боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэдгээ нотлоогүй.

Амьдарсан хугацааны төлбөр 86 228 100 төгрөг, ирээдүйд гарах орон сууцны засварын зардалд 17 268 437 төгрөг гэх зэрэг нийт 409 916 537 төгрөг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл байрныхаа үнийн дүнгээс их мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шаардах эрхийг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, түүнчлэн уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байгаа нөхцөлд сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцны төлбөрт төлсөн нийт 129 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В” ХХК болон Б.Э нар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр онцгой нөхцөлтэй зээлээр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан.

Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг цаашид төлж чадахгүй байдалд хүрч элдэв арга сэдэж, хүсэлт тавьж хугацааг хойшлуулж, төлбөр төлөхөөс зайлсхийж байсан. Б.Э нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд графикт төлбөрөө зөрчиж 129 000 000 төгрөгийг төлж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн.

Б.Э нь 202/8 тоот гэрээний хуваарьт төлбөрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нийт 252 420 000 төгрөг, гэрээний 3.8-д заасны дагуу амьдарсан хугацааны төлбөрийг 2 000 ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцон 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш буюу 21 сарын төлбөр болох 86 228 100 төгрөг, орон сууцны иж бүрэн засварын зардал 17 268 437 төгрөг нийт 355 916 537 төгрөг, түрээсийн төлбөрт нийт 54 000 000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу хариуцагч “В” ХХК-аас 129 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эаас 12 262 745 төгрөг гаргуулж хариуцагч “В” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 635 792 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 880 000 төгрөгийг, хариуцагч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 524 440 төгрөгөөс 2 207 537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 880 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 200 191 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 316 907 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Б.Эын гаргасан саналыг хүлээн авч, гэрээг цуцлах, үүргийг өөр үүргээр солих буюу түрээсийн төлбөрт тооцох, түрээсийн хэлцэл хийх талаар хариуцагч “В” ХХК нь зөвшөөрөөгүй байна” гэж дүгнэсэн байдал нь ихэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний тооцоо нийлсэн акт, Б.Эаас “В” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 22, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт, түлхүүр хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр гэрээг цуцлахыг талууд харилцан зөвшөөрөн цуцалсан болох нь нотлогдож байна” гэх дүгнэлтүүд нь зөрчилдөж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл байхгүй, гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд 1 сарын 2 000 ам.доллартай тэнцэх түрээсийн төлбөр, гэрээний алдангийн талаарх заалтууд нь хуульд харшлаагүй хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа гэрээнээс учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн шийдээгүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч талын тавьсан нөхцөл шаардлагууд тодорхой харагдах ба худалдан авагч буюу Б.Э нь өөрийн саналаар төлсөн төлбөрөө түрээсийн төлбөрт суутгуулан 2018 оны 04 сарын 30 өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх хүсэлтийн дагуу бодит үйлдлээр нотлон өөрийн хүсэлтийг баталгаажуулсан түүнийг “В” ХХК уулзалтын үед хүлээн зөвшөөрч бодит үйлдлээр хариу өгсөн байдлыг шүүх дүгнээгүй.

 “В” ХХК-н зүгээс тухайн орон сууцны маргааныг шүүхээр шийдвэрлэх хугацаанд бусдад түрээсэлсэн тохиолдолд 1 сарын 4.500.000 дундаж ханшаар тооцож нийт 54 000 000 төгрөгийн орлого олох байсан.

Анхан шатны шүүх хохирол нотлогдохгүй, Б.Эын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хэрэв Б.Э нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тохиолдолд 504 840 000 төгрөгийн орлого “В” ХХК-д орох байсан.

Иймд нэхэмжлэгч Б.Эаас нийт 116 737 252 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 129 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд нийт 409 916 537 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 202/8 тоот онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, худалдагч “В” ХХК нь худалдан авагч Б.Эд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Гхотхоны ...... 4 дүгээр давхрын 8 тоот хаягт байрлах, 168,28 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид 504 840 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-10/

 

Дээрх гэрээний 3.8 дугаар зүйлд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрт 1 сарын 2 000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр суутган авч, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэж заасан.

 

Талууд гэрээг ямар агуулгаар байгуулах нь гэрээний чөлөөт байдлын зарчим боловч гагцхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн байх ёстой бөгөөд талуудын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ мөн эсэх түрээсийн төлбөрийг 1 сарын 2 000 ам.доллараар тооцохоор тохиролцсон нь гэрээний нөхцөлийг хүлээн авч буй талын ашиг сонирхолд хэр нийцсэн талаар талуудыг мэтгэлцүүлэн тодруулах нь зүйтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлдэнэ хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                         

                               ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА