Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШТ/41

 

Л.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бд холбогдох эрүүгийн 2114000000040 дугаар хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Л.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 03 тоот хашаанд Д.Гийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Быг найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар мод 1 ширхгийг хураасан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэг, карт 1 хавтас 10 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Бы эзэмшлийн авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Бд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо:

Гомдол гаргаж байгаа учир нь гэвэл шүүхээс Быг надад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж түүнд 800.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Ингэхдээ надад зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн сарвуунд шарх, цээж, зүүн өгзөг, гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон гэж үзсэн.

Гэвч Л.Б намайг модоор цээж рүү цохиж зодсоноос үүдэлтэйгээр надад хавирганы хугарал гэмтэл учирсан байсан. Үүнийгээ би рентген зургаар баталгаажуулж авсан бөгөөд амбулториор эмчлүүлэгчийн картандаа эмчээр нь бичүүлж авсан. Тус шийтгэх тогтоолд миний хавирганы хугарал гэмтэл бичигдээгүй.

Мөн түүнчлэн миний бие гэмтлийн гаралтай шагай ба тавхайрагдах өвчний улмаас 69 хувиар хөдөлмөрийн чадвар алдагдсан. Байнгын группт байдаг бөгөөд Б намайг ийм өвчтэй өөрийнх нь эсрэг хөдлөх чавдаргүйг маш сайн мэддэг тул намайг ингэж дээрэлхэж зодсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл намайг биеэ хамгаалах чадваргүй өөрөөс нь сул дорой гэдгийг мэдсээр байж зодсон гэж бодож байна.

Л.Б нь шүүхээр хэрэг маргаан шийдэгдснээс хойш байнгын намайг дарамталж хөөж тууж сэтгэл санааны дарамтанд байлгаж байна. Бы ял шийтгэл хөнгөн байна гэж үзэж байна. Иймд миний гомдлыг шүүхээс хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлтэд хавирганы хугарал гэмтлийн талаар дурьдаагүй тул хохирол нэхэмжлэх эрхгүй болчихоод байна. Мөн Д.Г нь группэд байдаг, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчлэгдэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Л.Б нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 03 тоот хашаанд Д.Гийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2114000000040 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан “... намайг заамдаж авч газар унагааж өшиглөсөн энэ үед би биеэ хамгаалж хөлөөрөө жийсэн. Б приус мод авч намайг цохисон, нуруу орчимд 3 удаа, зүүн талын шилбэнд 3 удаа мөн толгойгоо хамгаалж гараараа хаахад гарт нилээн олон удаа цохиуулсан тэр хэсэгт өвдөж байна...” гэх хохирогч Д.Гийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 27-29 дүгээр талд авагдсан “... Д.Г доор нь орчихсон дүү дээр нь гарчихсан нэг модоор цохиж байгаа харагдсан. ... Д.Гийг нарийн урт приус модоор нуруу орчим цохиж байгаа харагдсан... “ гэх гэрч Л.Туяагийн өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 38-39 дүгээр талд авагдсан “... Д.Гийн биед зүүн шилбэний танилзуур далд хугарал, зүүн сарвуунд шарх, цээж, зүүн өгзөг, гуя, шилыэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амв насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжилгээний дүгнэлтийг хохирогч Д.Гийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 тоот дүгнэлт болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт бусад хэрэгт хавсаргагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хохирогч Д.Г нь “... намайг модоор цээж рүү цохиж зодсоноос үүдэлтэйгээр надад хавирганы хугарал гэмтэл учирсан байсан. Үүнийгээ би рентген зургаар баталгаажуулж авсан бөгөөд амбулториор эмчлүүлэгчийн картандаа эмчээр нь бичүүлж авсан. Тус шийтгэх тогтоолд миний хавирганы хугарал гэмтэл бичигдээгүй ...” гэх давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн цээжний эгц, хажуугийн рентген зурагт: цээжний хэнхэрцэг эмгэг өөрчлөлтгүй, хавиргануудад хугарал үгүй, 2 талын уушгинд эмгэг өөрчлөлтгүй, агааржилт үгүй...” гэж хохирогч Д.Гийн авахуулсан рентген зургуудыг уншиж дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан, уг шинжээчийн дүгнэлттэй хохирогч Д.Г, шүүгдэгч Л.Б нарт танилцуулсан байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулинд заасан ялын төрөл хэмжээний хүрээнд байх тул хохирогч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

Б.БОЛОР-ЭРДЭНЭ