Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/387

 

 

 

 

 

 

  2025       11        13                                          2025/ШЦТ/387

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д*******гийн М********ад холбогдох эрүүгийн 2438003070418 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ 5 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан сумын баяр наадмын үеэр сур харвааны төрөлд бүртгүүлээгүй байж бусдын нумаар сум тавьж улмаар бага насны Б.Э**********ын эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ 5 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан сумын баяр наадмын үеэр сур харвааны төрөлд бүртгүүлээгүй байж бусдын нумаар сум тавьж улмаар бага насны Б.Э**********ын эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 15-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-25-р хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 26-27-р хуудас), насанд хүрээгүй хохирогч Б.Э**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас), гэрч Б.Б***************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас), гэрч Л.Б**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-40, 86-р хуудас), гэрч А.А**************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас), гэрч Д.Б*************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас), гэрч Ш.Т********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас), гэрч Э.Н**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-52-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Өлзийнарангийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас), сур харвааны бүртгэлийн хуудас (хх-ийн 65-67-р хуудас), гэрч А.А**************нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 88-89-р хуудас), гэрч П.Э**************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т***************ийн нэхэмжлэл (хх-ийн 95-р хуудас), 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 105-106-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч *************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э**********ын эрүүл мэндэд хүнд хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 2,367,886 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 2,367,886 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000  төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэх  нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн 2438003070418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******** овогт Д*******гийн М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******гийн М********ыг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ад оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн 2438003070418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

               

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР