Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

0371 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Хохирогч Б.С-,

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-од холбогдох эрүүгийн 2438003170135 дугаартай хэргийг хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Н-,

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Н- нь шунахайн сэдэлтээр 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас хохирогч Б.С-гийн 23 тооны үхрийг хулгайлж, 25,000,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003170135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

     Шүүгдэгч Д.Н- нь шунахайн сэдэлтээр 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас хохирогч Б.С-гийн 23 тооны үхрийг хулгайлж, 25,000,000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-ын: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй. Би буруу зүйл хийсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С-гийн өгсөн: “...Би тухайн үед 23 тооны үхрээ алдсан. 10 гаруй үхрээ Ц.Б- гэдэг айлын үхрээс очиж авсан. Тэгэхдээ дан том, шар үхрүүдийг нь махалсан байсан. Шүүгдэгч өөрөө гуйгаад байхаар нь адилхан эр хүмүүс хүний муу үзээд яах вэ гээд тохиролцсон. Анх үнэлгээний газар 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тэр үнэлгээг багасгаж би 17,000,000 төгрөг авахаар болсон ч сүүлдээ бүр 10,000,000 төгрөг л өгчих гэж гуйж байх шиг байна. Бүр сүүлдээ 10,000,000 төгрөгтөө эмээл өгсөн. Одоо машин өгнө гэж байна. Тэгээд гомдолгүй гэж хэлье дээ. Харин дахиж битгий хулгай хийгээрэй, тэрнээс л айж байна...” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 78-82 дугаар хуудас/, Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83- 88 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-93 дугаар хуудас/,

Хохирогч Б.С-гийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн ... сумын ... аар манай үхрүүд бэлчдэг юм. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үхрүүдээ бүртгээд бүрэн байхаар ... сум руу явсан. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа очиж үхрээ бүртгэхэд 23 тооны сарлагийн үхэр байхгүй байхаар нь тэр хавиар 10 гаруй хоног хайгаад олдохгүй байхаар нь модоор байгаа бол уу гэж бодоод хайгаагүй. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... рашаанд найзтайгаа замд явж байтал ... сумын ... гэх газарт манай үхэртэй адилхан 10 гаруй үхэр захлаад явж байхаар нь очоод хартал манай алдсан үхрийн тал нь байсан. Тэгээд үхрийнхээ хажууд байж байтал зүс танихгүй эхнэр нөхөр хоёр мотоциклтой ирэхээр нь би энэ хэний үхэр юм бол гэж асуухад нөгөө танихгүй залуу манай үхэр байгаа юм яасан юм бол гэхээр нь би нөгөө залуугийн урдаас энэ оны 06 дугаар сарын эхээр ... сумаас 23 тооны үхэр алдсан, 10 тооны үхэр нь энд явж байна чи хаанаас ямар хүнээс авсан юм гэж асуухад нөгөө танихгүй залуу би цэнхэр портер Д.Н- гэх хүнд зараад өртөг энэ 10 тооны сарлагийн үхрийг авсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө зүс танихгүй залуу авчирч өгсөн хүнтэйгээ утсаар яриад наад үхрийнхээ хүнийг над руу явуулчих би өөрөө уулзъя гээд миний дугаарыг нөгөө Д.Н- гэх хүнд өгөөд утсаа тасалсан юм. Тэгээд буцаж ... сум руу ороод байж байтал нөгөө Д.Н- гэх хүн “дүү хүрээд ирээч уулзъя” гэсэн мессеж миний дугаар луу явуулаад ярьсан. Тэгэхээр нь би маргааш нь найзтайгаа ... сум руу явж уулзсан. Тэгтэл нөгөө Д.Н- гэх хүн “ах нь чиний 23 тооны үхрийг авсан төлж өгье, амьд байгааг авчирч өгье, үлдсэн 13 үхрийн мөнгө буюу 17.000.000 сая төгрөг өгье” гэж цаасан дээр бичиж гарын үсэг зурсан. Харин цагдаад битгий өгөөрэй тохиръё гэж хэлсэн. ...Миний хулгайд алдсан 23 тооны үхрээс содон шинж тэмдэг гэвэл сарлагийн бор бух, эвэртэй бор шар, буруу талын чихийг тас хяргасан зөв талын чих нь хойноосоо догол имтэй үхэр байсан. Миний хулгайд алдсан сарлагийн 23 тооны үхрүүд бүгд нас бие гүйцсэн эр, сувай үнээнүүд байсан. ...Эвэртэй сарлагийн нас бие гүйцсэн эр үхэр 2.000.000, эвэртэй сарлагийн нас бие гүйцсэн алаг сувай үхэр 1.500.000, сарлагийн бор бух 1.500.000, сарлагийн бор соёолон үхэр 1.500.000, бор алаг сарлагийн сувай үхэр 1.300.000, бор алаг сарлагийн сувай үхэр 1.300.000, шарга сарлагийн сувай үхэр 1.300.000, хар сарлагийн сувай үхэр 1.300.000, хар сарлагийн сувай үхэр 1.300.000, хар сарлагийн сувай үхэр 1.300.000, хар сарлагийн сувай үхэр 1.300.000, шарга сарлагийн сувай үхэр 1.300.000, хөх сарлагийн сувай үхэр үнэ 1.300.000, хар сарлагийн соёолон эр үхэр 1.300.000, хар сарлагийн соёолон эр үхэр 1.300.000, бор цоохор сарлагийн сувай үхэр 1.300.000, хөх сарлагийн сувай үхэр 1.300.000, хар сарлагийн хязаалан үхэр 1.000.000, хар сарлагийн хязаалан үхэр 1.300.000, шарга сарлагийн хязаалан үхэр 1.000.000, хөх сарлагийн хязаалан үхэр 1.000.000, бор хязаалан сарлагийн үхэр 1.000.000, эвэртэй хар үхэр 1.300.000 нийт би 23 тооны үхрээ 30 сая төгрөгөөр үнэлж байна. ...Надад нэмж ярих зүйл байна. Цагдаагийн байгууллагад миний 23 тооны үхэр хулгайд алдагдсан талаар бүртгэгдээд шалгагдаж байх явцад миний үхрийг авсан гэх хүн 2025 оны 01 дүгээр сарын үеэр 7 дугаар хороонд уулзаж таны үлдсэн 13 тооны үхрийг хохирлыг барагдуулж өгнө 5 саяар хуваагаад төлнө. Мөн эгчийнхээ тэтгэврийн зээлийн аваад хохиролгүй болгоод өгье та гомдлоо буцаагаад авчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь миний хохирлыг барагдуулбал гомдол санал байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн дараа долоо хоногоос 5 сая төгрөг өгнө гээд салсан юм. ...Миний хэрэг шалгагдаад 1 жил болох гэж байна. Миний хэргийг хурдан яаралтай шийдэж өгнө үү, миний үхрийг авсан нөхөр нь цааш дамжуулаад 10 тооны үхрийг зарсан байхад яагаад одоо болтол шийдэж өгөхгүй удаад байгаа юм бэ, би сайн ойлгохгүй байна. Тэр хүн өмнө хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан гэж сонссон. Бусад 13 тооны үхрийг яасан ч байж болно ...яаралтай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103, 105 дугаар хуудас,

Гэрч Н.Б-ын өгсөн: “... Манай хадам ах Ц.Б- 2023 онд тухайн тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж аваад үнэмлэхгүй болохоор нь миний нэр дээр шилжүүлж аваад буцаагаад өөрийнхөө нэр шилжүүлэхээ мартсан байсан юм ...Миний машин биш манай хадам ах Ц.Б- гэх хүний машин байгаа юм. Харин ах анх худалдаж авахдаа үнэмлэхгүй байсан болохоор миний нэр дээр шилжүүлж авсан юм... 2023 онд манай хадам Ц.Б- 10 дугаар хорооноос хүнээс худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн ... сумын ...-р хороонд далангийн тэр хавьд 2024 оны 05 дугаар сарын 10-ны үеэр өөрийн хөх портертой зогсож байтал танихгүй 50 орчим насны эрэгтэй хүн ирээд надтай ярьж сууж байгаад машины наймаа хийх болсон. Тэгээд бид хоёр тэндээ ярьж хөөрч байгаад нөгөө танихгүй ах надад амаараа нэг хөөрөг санал болгоод байхаар би тийм хөөрөг сонирхохгүй гэж бэлэн мөнгө юмуу малаар өгчихмөөр байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн танихгүй ах нь тэгвэл чамд мал өгье гэхээр нь би нөгөө ахтай үнэ ханшаа тохироод тэр өдрөө машинаа өгөөд явуулсан юм. Тэгээд бид хоёр утасныхаа дугаарыг хоорондоо солилцоод хоёр тийшээ салсан юм. Тэрнээс хойш бид хоёр утсаар холбоотой байж байгаад 2024 оны 06 дугаар сарын 20-ны үеэр надтай утсаар холбогдоод би чамд машины мөнгөний оронд 10 тооны үхэр аваад очъё чи намайг замаас тосоорой гэж хэлсэн. Би тэгээд ... сумын ... гэх газраас нөгөө танихгүй хүнийг урдаас тосоод автал ганцаараа мотоцикльтой 10 тооны содноос 2-3 бор 1 шарга сарлагийн үхрүүд байсан. Тэгээд тэр хүн надад үхрээ өгөөд буцаад явсан юм. Тэгтэл нэлээн хэд хоногийн дараа машинтай 2 хүн ирээд энэ хэний үхэр вэ гэж асуухаар нь манай үхэр гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр танихгүй хүн энэ манай хулгайд алдсан үхрүүд байна гэсэн юм. Би тэгэхээр нэг хүнээс машины оронд худалдаж авсан юм. Тэр хүний дугаар надад байгаа би дугаарыг нь өгөөд хооронд нь яриулсан юм. Дараа нь нөгөө үхэр авсан ахтайгаа утсаар холбогдоод тэр танихгүй ах би хүний үхэр чамд аваачаад өгсөн ёстой баларлаа чи тэр үхрийн өгөөд явуулчих дараа нь чиний машины тэрэгний мөнгийг өгье гэж хэлсэн. ...Би тухайн үед ... сумаас нэг хүнээс худалдаж аваад өөрөө жолооны үнэмлэхгүй болохоороо хүргэн Н.Б-ын нэр дээр шилжүүлсэн байсан. ...Би өөрийн машинаа 6 сая төгрөгөөр бодоод нөгөө танихгүй хүнээс 10 тооны сарлаг авсан юм. ...Тухайн үед над дээр ирэхдээ ганцаараа мотоцикльтой явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

Гэрч Д.А-гийн өгсөн: “... Танина хүнд өргүүлснээс биш манай төрсөн дүү байгаа юм /Д.Н-/ ... Хөвсгөл ... суманд Д- гэх хүний 11 дэх хүүхэд болж төрсөн. Багаасаа хөдөө мал маллан амьдарч байсан эхнэр хүүхэд байхгүй одоо ганцаараа айлаар хонож явдаг тогтсон гэр оронгүй архи дарс уудаггүй төлөв даруу зантай, өмнө хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан... Манай аавд тийм хөөрөг байсан юм гэхдээ одоо ямар хүнд өгсөн талаар нь мэдэхгүй байна... Тэрийг бол сайн мэдэхгүй байна манай ах дүү нарын хэнд нь өгснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,

Гэрч Г.М-ийн өгсөн: “...Би эхлээд эхнэрийн хамт мотоцикльтой ... аманд үхэр шүүх гээд очтол танихгүй 2 хүн, зүс таних Д.Н- буюу /О-/ ах тэр гурав архи ууж байсан. Тэгсэн надад Д.Н- буюу О- ах хөөрөгний наймаа хийгээд хүнээс үхэр авч байгаа юм гээд надад хөөрөг өгч тамхилж байсан. Би яг ямар үнэтэй хөөргийг мэдэхгүй үнэтэй хөөрөг гэж л хэлсэн. Би тэгээд эхнэрийн хамт явсан. Д.Н- буюу О- ах нөгөө хоёртойгоо архи уугаад үлдсэн юм. Ийм зүйл болсон. ...Тухайн үед мал туугаад явж байсан ойролцоогоор 100 гаруй сарлагийн үхэр тууж явсан өөр ямар нэгэн нарийн мал байгаагүй. ...Надад бол өөрсдийгөө танилцуулаагүй Завханаас гаралтай хүмүүс байх шиг байсан. Яагаад гэвэл ... даваагаар Завханы отор их явдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Гэрч Т.Э-ын өгсөн: “... Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Хөвсгөл аймгийн .... сумын ... багийн ... хажууд 20 гаруй хоног байж байгаад 12 сарын 10-ны үеэр ... гэх газар малтайгаа өвөлжсөн юм. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ... аймгийн ... сум руугаа буцсан юм. Би тухайн үед эхнэр хагалгаанд орох гээд түрүүлээд явсан. Манай малыг төрсөн дүү Э-, ахын 2 хүүхэд болох О-, О-, И- гэх хүмүүс манай малыг тууж явсан. Ийм зүйл болсон. ...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны орой Д- гэх айлд очиж хоноод маргааш өглөө нь машинаар нь хүргүүлж ... төв орж ирээд ... сумын хүний тээвэрт суугаад ... сумын төв ороод тэндээс цаашаа ... сумын төв рүү ороод тэр шөнө буюу 2024 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ..аймгийн төв орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-ы 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн №ТХҮ-024/10563 дугаартай: “ Нас зүсээр нь тодорхойлсон 23 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 сарын байдлаар нийт 23 тооны үхэрний үнэлгээг 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 135-137 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Портер маркийн автомашины өнгө, үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2025-01-16-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 142- 143 дугаар хуудас/,

2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минутад Д.Н-оос гаргаж өгсөн нийт 11 тооны сарлагийн үхрийг Б.С-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Үүрэн холбооны салбаруудын лавлагаа /хх-ийн 35-42 дугаар хуудас/,

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар /хх-ийн 173 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Н-ын оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний цахим үнэмлэхийн зурагтай лавлагаа, төрөл садан гэрлэлтийн лавлагаа

... аймгийн ... сумаас 2022, 2023 онуудад Хөвсгөл аймагт отроор явсан иргэдийн дэлгэрэнгүй судалгаа,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэн Б.С-гээс бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н- нь бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь  хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.С-,  гэрч Н.Б-, Ц.Б-, Д.А-, Г.М-, Т.Э- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж-ы 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн №ТХҮ-024/10563 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, үүрэн холбооны салбаруудын лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар, ... аймгийн ... сумаас 2022, 2023 онуудад Хөвсгөл аймагт отроор явсан иргэдийн дэлгэрэнгүй судалгаа, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэн Б.С-гээс бичгээр гаргасан өргөдөл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.Н- нь шунахайн сэдэлтээр 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... гэх газраас хохирогч Б.С-гийн 23 тооны үхрийг хулгайлж, 25,000,000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Д.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н-ыг шунахайн сэдэлтээр хохирогчийн 23 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлан авч “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-гийн 23 тооны үхэр алдагдаж, 25,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон ба хохирогч Б.С- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...нийт 23 тооны үхэр алдсанаас 11 тооны үхрийг амьдаар нь буцааж авсан, үлдсэн 12 тооны үхрээ 10,000,000 төгрөгөөр тооцож, 2,500,000 төгрөгт нь эмээлийн мод авсан, үлдэх 7,500,000 төгрөгт “Соната-6” маркийн автомашин авахаар шүүгдэгчтэй тохиролцсон гэх мэдүүлгийг өгсөн,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн: “...автомашинаа буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Н-ыг бусдын олон тооны малыг хулгайлж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хавтаст хэргийн 180-193 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Н-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Н-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Н-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу дээр маргахгүй байгаа, хохирол төлбөрийг төлөх талаар санаачилга гаргаж хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын: “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, гэмт хэргийг илрүүлэхэд саад учруулаагүй зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-од оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР