Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

         Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

         Шүүгдэгч П.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Г-т холбогдох эрүүгийн 2538000000468 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Г-,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г- нь 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн үүрээр Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ... нийтийн цэнгээний газрын орчимд Н.О-тай маргалдаж цохиж, зодон хэлэнд шарх, уруул, уруулын дотор салт, хэлэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

              Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч П.Г- нь 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн үүрээр Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр ... нийтийн цэнгээний газрын орчимд Н.О-тай маргалдаж цохиж, зодон “хэлэнд шарх, уруул, уруулын дотор салт, хэлэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.О-ы мэдүүлэг (хх-ийн 8-9, 75 тал), гэрч Б.Б-н  мэдүүлэг (хх-ийн 12-13 тал), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 449 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-23 тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (хх-ийн 3 тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Шүүгдэгч П.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирогч Н.О- мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Бид хоёр уулзаж харилцан тохиролцоод эвлэрлэсэн, мөн надаас уучлалт гуйсан. Цаашид миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/ өгсөн,

Шүүгдэгч П.Г- нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 56,460 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

          Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч П.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:   

       1. Шүүгдэгч П.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.   

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийг 1,350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн 2538000000468 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР