| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0373/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/395 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Ц.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ч-ад холбогдох эрүүгийн 2538000000496 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Ч-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч- нь Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг ... гэх газарт 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 1 нас 8 сартай А.Т-гийн нүүрэн тус газраас хазаж, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанаанд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч- нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг ... гэх газарт орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 1 нас 8 сартай А.Т-гийн нүүрэн тус газраас хазаж, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанаанд шарх бүхий гэмтэл учруулж, “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-н мэдүүлэг (хх-ийн 11-13, 58 тал), гэрч О.Б-н мэдүүлэг (хх-ийн 20-21 тал), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-н 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-27 тал), иргэний нэхэмжлэгч Ж.Т-н нэхэмжлэл (хх-ийн 55 тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Ч- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А- мөрдөн шалгах ажиллагааны үед “...Тухайн үйл явдал болсон өдөр манайд ирж уучлалт гуйгаад манай хүүхдийн эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн. Өнөөдөр би Ц.Ч- ахтай уулзаж харилцан тохиролцоод эмчилгээний зардал 1,500,000 төгрөг өгсөн. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ өгсөн байх тул шүүгдэгч Ц.Ч-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-аас 2,737,928 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-аас 2,737,928 (хоёр сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хорин найм) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
5. Эрүүгийн 2538000000496 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР